| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00155/И |
| Дугаар | 192/ШШ2025/02206 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/02206
| 2025 03 26 | 192/ШШ2025/02206 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****** тоотод байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** тоотод оршин суух ****** ургийн овогтой ******ын******* /РД:******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,328,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******
Хариуцагчийн өмгөөлөгч ******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч*******д холбогдуулан 18,328,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******ын******* нь 2022 оны 11 сараас эхлэн шинээр ашиглалтад орсон БГД, ******Дилавхутагт Жамсранжавын гудамжинд баярлалтай ****** байранд СӨХ-ны үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа удаа дараалан илэрхийлж, оршин суугчид болон тус барилгыг барьсан ****** ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж 2023.10.01 хүртэл тус байранд СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллан, үйл ажиллагаа эрхлэн явуулсан. 2022 оны 12 сараас эхлэн оршин суугчдаас СӨХ-ны төлбөр болох 35,000 төгрөгийг өөрийн хувийн хаан банкны тоот дансанд хурааж эхэлсэн. 2023 оны 03 сард СӨХ-г ******* нэртэйгээр албан ёсоор байгуулан, 2023.03.23-аас эхлэн тус байгууллагын нэр дээрх Төрийн банкны******* тоот дансыг нээлгэн, 2023.04.07-нд улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Дээрх дурдсан хугацаанд тус байранд үйл ажиллагаа явуулахдаа оршин суугчдад анхан шатны санхүүгийн баримттай тайлан тайлагнаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй, хог ачилт болон УБЦТС-д өртэй болсон байсан учраас 2023.09.29-нд тус байрны оршин суугчид болон удирдах зөвлөлийн гишүүд хуралдан*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үйл ажиллагаа явуулсан нийт хугацааны дансны хуулганд мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэхээр шийдвэрлэж, БГД-н ЗДТГ-т хүсэлт гаргасан. 2023.11.07-нд аудитын дүгнэлт гарч анхан шатны баримтгүй 18,328,900 төгрөг зарцуулагдсан байгааг илрүүлэн тус хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байсан гүйцэтгэх захирал*******-г хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Иймд дээрх аудитын дүгнэлтийг үндэслэн анхан шатны баримтгүй зарцуулагдсан 18,328,900 төгрөгийн баримт нотолгоог ил болгуулж, нотолж чадаагүй тохиолдолд оршин суугчдын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч******* нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:******* намайг 2022 оны 12-р сарын дундуур Баянгол дүүргийн ******, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд ******байрыг,******* ХХК" нь барьж ашиглалтад оруулаад СӨХолбоо байгуулах хэрэгтэй болсон тул намайг ажиллах санал гаргасан. Уг байранд СӨХ-ийг шинээр байгуулаад СӨХ-ийн даргаар ажиллана уу гэсний дагуу 2022 оны 12 сарын 25 болон 2023 оны 1-р сарын 17-нд байрны оршин суугчдын хурал болж тус СӨХ-ийг шинээр байгуулсан. Тухайн үед СӨХ-ны удирдах зөвлөлөөр ****** нарыг сонгож, СӨХ-ийн даргаар******* намайг томилж тушаал гаргасан. Тушаал гармагц СӨХ-ийн даргаар ажиллаж, гэрээт ня-бо-чоор ****** овогтой*******г авч ажиллуулсан. Манай СӨХ нь зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр 2023 оны 4-р сарын 7-нд ******* нэртэй СӨХ-ийн үйл ажиллагаа жигдэрч би оршин суугчидтайгаа харилцан тохиролцож сарын хураамжийг 35 мянган төгрөгөөр авч эхэлсэн. Гэтэл тус байранд сүүлд шилжиж ирсэн******* нарын хүмүүс нь СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй маргаан үүссэн, улмаар******* гэгч нь би СӨХ-ийн дарга хийнэ гэж санал тавьсны дагуу миний бие 2023 оны 10-р сарын 01-нд түүнд СӨХ-ийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн.******* миний бие СӨХ-ийн захирлаар ажиллах хугацаандаа гэрээт нягтлан бодогчоор Цэндээ овогтой*******д орлого, зарлага шилжүүлгийг цаг тухай бүрд өгч, сарын тайлан гаргуулдаг байсан. Мөн улирлын тайланг нягтлан бодогч******* нь гаргаж байсан, 2023 оны 1-3 улирлын байдлаар, нийт 18,328,9 мянган төгрөгийг зарцуулсан. Үүнээс 48,9 хувь буюу 8,964,3 төгрөгийн цалинг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 13,8 хувь буюу 2,520,7 төгрөгийг цахилгааны зардалд, 01 хувь буюу 10.0 төгрөгийг интернэтийн зардалд, 1,2 хувь буюу 215,6 мянган төгрөгийг бичгийн зардалд 1 хувь буюу 185,8 мянган төгрөгийг цэвэрлэгээний материал, үйлчилгээний зардалд 8,4 хувь буюу 1,534,6 мянган төгрөгийг хангамжийн материал, 16,7 хувь буюу 3,076,0 мянган төгрөгийг засвар үйлчилгээний зардалд 03 хувь буюу 55,7 мянган төгрөгийг банкны шимтгэлд, 9,6 хувь буюу 1,700,2 мянган төгрөгийг бусад зардалд тус тус зарцуулсан. Санхүүгийн СӨХ-ийн бүх тайлан тооцоог гэрээт нягтлан бодогч******* нь зохих журмын дагуу гаргаж байсан болно. СӨХ-ийн даргаар******* би ажиллахдаа маш их хичээл зүтгэл гаргаж СӨХ-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, ажиллахын зэрэгцээ, нягтлан бодогч*******д сарын тайлан, орлого зарлагыг тогтмол үнэн зөв тодорхой гаргаж байх шаардлагыг байнга тавьж ажиллаж ирсэн. Иймд миний зүгээс 2023 оны 9-р сарыг дуустал хүртэлх хугацаанд ажиллахдаа СӨХ-ийн орлого зарлагын зарцуулалтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйл, нягтлан бодох бүртгэлийн зарчим 5.1.14-д заасны дагуу гэрээт нягтлан бодогч*******гээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэн тайланг үнэн зөв гаргуулж байсан болно. Гэтэл шинээр ажиллаж байгаа СӨХ-ийн даргаар******* нь хийсэн ажиллагааг маань үгүйсгэж ямар ч үндэслэлгүйгээр 18,328,900 төгрөг нэхэмжилж байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.
2. Хэрэгт нэхэмжлэгчээс СӨХ-ны гэрчилгээ /1хх-ийн 4/,*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 5/, СӨХ-ны 12а байрны оршин суугчид СӨХ-ны гүйцэтгэх захирал*******тэй хийсэн ээлжит бус хурлын тэмдэглэл /1хх-ийн 6,7/, Баянгол дүүргийн дотоод аудитын албаны хяналт шалгалтын тэмдэглэл /1хх-ийн 8-12/, 12а байрны оршин суугчид болон СӨХ-ны ээлжит бус хурлын тогтоол /1хх-ийн 13-15/, оршин суугчдын гарын үсэгтэй жагсаалт /1хх-ийн 225-227/, дансны хуулга /1хх-ийн 236-244/, фото зураг /1хх-ийн 247-2хх-ийн 2/, хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 23-27, 29-32/, орлогын дэлгэрэнгүй тайлан /1хх-ийн 52/, мөнгөн гүйлгээний тайлан /1хх-ийн 53-55/, цалингийн задаргаа /1хх-ийн 56,57/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 61,62,64,65/, орлогын мэдүүлэг /1хх-ийн 67/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 68-70/, дансны хуулга /1хх-ийн 71/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 72-76/, дансны хуулга /1хх-ийн 77, 78/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 79-94/, дансны хуулга /1хх-ийн 95/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 97-100/, дансны хуулга /1хх-ийн 103-106/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 109-116/, дансны хуулга /1хх-ийн 117-119/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 122-126/, дансны хуулга /1хх-ийн 127-130/, төлбөрийн баримтууд /1хх-ийн 133-143/, төлбөрийн баримт /2хх-ийн 15-17/, нийт үнэд үндэслэсэн гэрээ /2хх-ийн 18/, зарлагын баримт /2хх-ийн 19,20/, зарлагын баримт /2хх-ийн 31-34/, шүүхээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 07/1260 тоот албан бичиг /1хх-ийн 180-212/, Ц.Гүнжийн гэрчийн мэдүүлэг /2хх-ийн 13-17/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч Б.Биш нь ******* СӨХ-ны захирлаар ажиллаж байх хугацаандаа оршин суугчдаас СӨХ-ны мөнгийг хувийн дансаар авч байсан бөгөөд үйл ажиллагааны тайланг анхан шатны баримттай оршин суугчдад тайлагнаагүй. Үйл ажиллагаа нь хяналтгүй, хог ачилт болон УБЦТС-д өртэй болсон байсан учир 2023 оны 09 сарын 29-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэсэн. 2023 оны 11 сарын 07-ны өдөр аудитын дүгнэлт гарч дүгнэлтээр******* нь 2023 оны 2-3 дугаар улиралд анхан шатны баримтгүй 18,328,900 төгрөг зарцуулсан нь тогтоогдсон. Иймд юунд зарцуулсан нь тодорхойгүй 18,328,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би ******* СӨХ захирлаар ажиллах хугацаандаа Удирдах зөвлөлөөс тогтоосны дагуу сард 800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. СӨХ-ны үйл ажиллагааг бүгдийг хариуцан ажилласан. Ажлаа хариуцлагатай хийсэн. СӨХ-ны мөнгө өөртөө зарцуулаагүй. ...Одоогийн захирал надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тус СӨХ 2023 оны 03 дугаар сард албан ёсоор байгуулагдсан. Би 2023 оны 03 сараас 2023 оны 09 дүгээр сард нийт 7,200,000 төгрөгийн цалин авах байтал 2,704,170 төгрөгийн цалин авсан байна. Үлдэх 4,495,830 төгрөгийн цалин авч чадаагүй. Хэрэгт баримт байхгүй ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинг олгож болохгүй. Цэвэрлэгч, цахилгаанчны цалингийн зардалд 10,077,900 төгрөгийн цалинг олгосон. Нийт 20,974,577 төгрөгийн зарлага гарсан. Өөрөөсөө зардал гаргасан. Олон нийтийн зүгээс шахалт ирж байсан учир өөрөөсөө мөнгө гаргасан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Баянгол дүүргийн ****** байрны оршин суугчдын хурлын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргад 2023 оны 01 сарын 17-ны өдөр сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар*******ийн гаргасан хүсэлт, хүсэлтийн хавсралт, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 12а байрны оршин суугчдын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн 01/23, 02/23 тоот тогтоол, ******* СӨХ-ны гэрчилгээгээр 2023 оны 01 сарын 17-ны өдөр ******* СӨХ байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар*******ийг томилж, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас гүйцэтгэх захирал Б.Бишийг чөлөөлж,*******ыг гүйцэтгэх захирлаар томилсон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 4, 7, 13-14, 181-191/
4.2.Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба ТБАГУТҮГ ******* СӨХ-ны 2023 оны 1-3 дугаар улирлын үйл ажиллагаанд аудит хийж дүгнэлт гаргасан байна. Аудитын дүгнэлтийн 3.Хяналт шалгалтын үр дүн хэсгийн 3.1-т Санхүүгийн тайлангийн талаар: СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан******* нь ажиллаж байх хугацаандаа Ц.Гүнж рүү сар бүр нягтлангийн цалин хэмээн гүйлгээ гаргаж айсан боловч санхүүгийн тайлан, анхан шатны баримт материалыг*******д өгөөгүй байна. Хоёр дахь хэсгийн 2.1-т Үйл ажиллагааны орлогын талаар: Гүйцэтгэх захирал******* 2023 оны дүгээр улиралд Хаан банкны ****** тоот хувь дансаар 2,656.5 мянган төгрөг СӨХ-ны төлбөр гэсэн утгатай орлого, Төрийн банкны ****** тоот дансаар 150.0 мянган төгрөг, 2 дугаар улиралд Төрийн банкны ****** тоот дансаар 5,433.0 төгрөг, 3 дугаар улиралд 12,865.0 мянган төгрөгийн орлого тус тус төвлөрүүлсэн, нийт 21,104.5 мянган төгрөгийг цахим гүйлгээ хийж, хөрөнгө мөнгө захиран зарцуулжээ гэж, 2.2-т Үйл ажиллагааны талаар: 2023 оны 1-3 дугаар улирлын байдлаар нийт 18,328.9 мянган төгрөгийг зарцуулсан. Үүнээс 48.9 хувь буюу 8,964.3 мянган төгрөгийг цалин, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс, 13.8 хувь буюу 2,520.7 мянган төгрөгийг цахилгааны зардалд, 0.1 хувь буюу 10.0 төгрөгийг интернэтийн зардалд, 1.2 хувь буюу 215.6 мянган төгрөгийг бичиг хэргийн зардалд, 1 хувь буюу 185.8 мянган төгрөгийг цэвэрлэгээний материалын зардалд, 8.4 хувь буюу 1,534.6 мянган төгрөгийг хангамжийн материалд, 16.7 хувь буюу 3,076.0 мянган төгрөгийг засвар үйлчилгээний зардалд, 0.3 хувь буюу 55.7 мянган төгрөгийг банкны шимтгэлд, 9.6 хувь буюу 1,766.2 мянган төгрөгийг бусад зардалд тус тус зарцуулсан байна. Түүнчлэн 1 дүгээр улирлын зарцуулалт тодорхой бус байсан тул хүснэгтэд оруулаагүй болно. 4.Илэрсэн асуудлууд 1-т Тус СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа, эд хөрөнгийн захиран зарцуулалт, ашиглалтад тухай бүр хяналт тавьж, ажиллаагүй, 2-т Ажилтан ажилд авах, чөлөөлөх тушаал шийдвэргүй, хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажилтан албан хаагчдын авч буй цалин тодорхойгүй, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар харилцах дансны хуулгаар 23 хүнд 41 удаагийн гүйлгээгээр 8,964.3 мянган төгрөгийн цалингийн зардал гарсан боловч цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг НДШ, ХХОАТ тайлагнаагүй. 3-т Дансны хуулгаар 2,520.7 мянган төгрөгийг цахилгааны зардалд, 10.0 төгрөгийг интернэтийн зардал, 215.6 мянган төгрөгийг бичиг хэргийн зардалд, 185.8 мянган төгрөгийг цэвэрлэгээний материалын зардал, 1,534.6 мянган төгрөгийг хангамжийн материал, 3,076.0 мянган төгрөгийг засвар үйлчилгээний зардалд, 55.7 мянган төгрөгийг банкны шимтгэл, 1,766.2 мянган төгрөгийг бусад зардал гарсан боловч анхан шатны баримтын бүрдэлгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 14.5-д заасан заалтад нийцээгүй. 5.Дүгнэлт ...Тус СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, ...анхан шатны баримтгүй, санхүүгийн тайлан гаргахгүй байгаа нь хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл байдалд хүргэсэн. ... гэж дүгнэсэн байна.
5.Хариуцагч нь ******* СӨХ-оог ****** төлөөлөх эрхгүй, тус СӨХ нь хууль бус гэж маргасан. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* СӨХ нь 2023 оны 01 сарын 17-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хийж, СӨХ байгуулахаар шийдвэрлэснээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу байгуулагдсан байна. Улмаар 2023 оны 10 сарын 01-ний өдөр ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал*******ийг бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу чөлөөлж,*******ыг гүйцэтгэх захирлаар томилсон байх тул ******* СӨХ, СӨХ-г төлөөлж******* нь хуулийн дагуу учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.
7.Хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлдээ төрийн аудит нь СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэж тайлбарласан ч Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно гэж зааснаар тус СӨХ-ны үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалт хууль зөрчөөгүй.
8.Нэхэмжлэгч нь аудитын дүгнэлтийг үндэслэн ******* СӨХ-ны Төрийн банкны дансаар 2023 оны 04 сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд орсон нийт 18,238,900 төгрөгийг хариуцагч хувьдаа зарцуулсан гэх агуулгаар буцаан гаргуулахаар шаардсан.
9.******* СӨХ-ны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтэд ...2023 оны 2-3 дугаар улиралд холбооны дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зарцуулсан зориулалтыг тодорхойлсон байх хэдий ч анхан шатын баримтгүй нь холбогдох хууль журамд нийцээгүй гэж дүгнэсэн. Энэ нь холбооны хөрөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулаагүй гэж үзэх шууд нотлох баримт болохгүй. Тухайлбал гүйцэтгэх захирал болон үйлчлэгч, цахилгаанчин зэрэг ажилтны цалин хөлс, цэвэрлэгээний материалын зардал зэрэг нь бодитоор гарсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
10.Хариуцагч*******тэй ******* СӨХ гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ бичгээр байгуулаагүй байх боловч*******ийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар шийдвэрлэсэн зэргээс дүгнэвэл зохигч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.******* захирлаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан, сард 800,000 төгрөгийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрч маргаагүй. Мөн аудитын дүгнэлтээр ******* СӨХ нь Төрийн банкин дахь тоот дансаар 2023 оны 2-3 дугаар улиралд нийт 18,238,900 төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэх дүгнэлтэд хариуцагч маргаагүй.
11.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ, 12.4-т Гүйцэтгэх захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 12.4.1-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах, 12.6-д Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна гэж тус тус заасан байдаг.
12.******* СӨХ нь байгуулагдсан дарай бүх гишүүдийн хурлын шийдвэрээр холбооны мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах, үйл ажиллагааны чиглэл, хэмжээ зэргийг тогтоож, гүйцэтгэх захирлын эрх үүргийг тодорхойлоогүй байна. Гэсэн хэдий ч******* холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж, холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулсан. Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх явцдаа холбоонд хохирол учруулсан буюу хувьдаа холбооны хөрөнгө ашигласан бол уг хохирлыг хуулийн дээрх зохицуулалтын дагуу өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулах үүрэг хүлээнэ.
13.******* СӨХ-ны үйл ажиллагааны зардалтай холбоотой анхан шатын баримт хэрэгт авагдсан байна. Мөн шүүхэд гэрч ****** ... тус СӨХ-нд 4-5 сарын хугацаанд ажилласан, дарга 500,000-600,000 төгрөг, үйлчлэгч 1,000,000-1,200,000 төгрөгийн цалин авч байсан. хэд хэдэн үйлчлэгч солигдсон, засварын ажилд 50,000-100,000 төгрөг, лифт засуулж байсан. Би 200,000 төгрөгийн цалин авч байсан. Цалингаа дансаар шилжүүлж авч байсан. Бэлэн мөнгөөр өгч байсан удаа байхгүй гэж мэдүүлсэн байна.
14.******* СӨХ-ны Төрийн банкин дахь дансанд 2023 оны 2-3 дугаар улиралд орсон 18,328,900 төгрөгөөс хэрэгт авагдсан анхан шатны баримт, гэрчийн мэдүүлэг, аудитын дүгнэлтээр цахилгааны зардал 2,520.700 төгрөг, интернэтийн зардал 10,000 төгрөг, бичиг хэргийн зардал 215,600 төгрөг, цэвэрлэгээний материалын зардал 185,800 төгрөг, хангамжийн материал 1,534,600 төгрөг, засвар үйлчилгээний зардал 3,076,000 төгрөг, банкны шимтгэл 55,700 төгрөгийн зардал гарч СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулагдсан үйл баримт тогтоогдож байна.
15.Харин аудитын дүгнэлт, дансны хуулга, анхан шатын баримтад тусгагдаагүй зориулалт тодорхойгүй 1,766,200 төгрөг зарцуулалт тодорхойгүй байх тул ******* СӨХ-ны үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
16.Мөн анхан шатны баримтад СӨХ-ны дансаар гарсан гүйлгээний үнийн дүнтэй тохирохгүй, гүйлгээний зориулалт тодорхойгүй баримт хэрэгт авагдсан. Тухайлбал хэргийн 112 дугаар талд авагдсан зарлагын баримтад үсний тос, нүүрний маск, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл гэх мэт зарцуулалтыг СӨХ-ны үйл ажиллагаанд хамааралтай гарсан зардал гэж үзэж боломжгүй байна.
17.Хариуцагч СӨХ-ны дансны хуулгаар бусад зардал байдлаар гарсан 1,766,200 төгрөгийг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан болохоо баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан анхан шатын баримтыг хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарласан боловч тухайн баримтыг шалгуулах хүсэлт, үгүйсгэх баримт гаргаагүй тул хуурамч баримт гэж үзэхгүй.
18.Иймд хариуцагч*******ээс 1,766,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 16,562,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
19.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,594 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 43,209 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасны дагуу хариуцагч*******ээс 1,766,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,562,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,594 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*******ээс 43,209 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР