Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01004

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Б, Ж.Днарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00743 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Б, Ж.Днарын хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, Ж.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Б, Ж.Днар нь улсын бүртгэлийн Ү-2205003313 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байрны 242 тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийхээр нотариатч Д.Болдбаатарт хандаж байгаагүй бөгөөд энэхүү хэлцлийг гэрчилсэн гэх нотариатын тамга, гарын үсэг нь хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0502 дугаар шийдвэрээр энэхүү хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хүчингүйд тооцсон бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг хүчингүйд тооцсоноор өмнөх бүртгэл буюу орон сууцны өмчлөгчөөр Я.Б, Ж.Д, Б.Очирдарь нарыг бүртгэсэн бүртгэл сэргэж, тус орон сууцны хамтран өмчлөгч нь Я.Б, Ж.Днар байсан болох нь тогтоогдож байна. Нотариатч Б.Оы гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал болох Б.Очирдарь нь хамтран өмчлөгч Я.Б, Ж.Днарын зөвшөөрлийг зохих ёсоор авалгүйгээр иргэн Б.Цовообаясгалантай худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар хамтран өмчлөгч нарынхаа өмчлөх эрхийг зөрчсөн гэрээг хариуцагч нотариатчаар гэрчлүүлсэн улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болно. Иймд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Д.Очирдарь, Б.Цовоотбаясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг нотариатч гэрчлэх үед улсын бүртгэлийн Ү-2205003313 дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол, 29 байрны 242 тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Я.Б, Ж.Днар байсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасны дагуу хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Д.Очирдарь, Б.Цовоотбаясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү худалдах-худалдан авах гэрээг байгуулсан иргэн Д.Онас барсан, Б.Цнь Монгол Улсын хилээр гарч яваад эргэн орж ирээгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан энэхүү гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Б, Ж.Днар нь Д.Очирдарь, Б.Цнарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.2, 46.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 2.13-т тус тус заасныг зөрчөөгүй байсан тул нотариатын үйлдлийг хийсэн. Хэрвээ ямар нэгэн зөрчил илэрсэн бол хуульд заасны дагуу татгалзах байсан болно. Иймд нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй болно гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Од холбогдох 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Д.Оболон Б.Цнарын хооронд байгуулагдсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул бие даасан шаардлага гэж үзээгүй нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг бүрэн дүүрэн шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрсөн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч уг шаардлагыг бие даасан үндсэн шаардлага болгож нэхэмжилсэн. Уг шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан зайлшгүй тогтоох шаардлагатай ач холбогдол бүхий үйл явдал юм. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй нь буруу. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, Иргэний хуулийн 110 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлд тус тус зааснаар улсын бүртгэл гэдэг нь хуулийн дагуу хийгдэж байгаа захиргааны байгууллагын цогц үйл ажиллагаа болохоос зөвхөн гэрчилгээ биш юм. Гэрчилгээ бол бүртгэл хийгдсэний дараа түүнийг үндэслэж иргэнд олгож байгаа баримт бичиг юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагчийн бүртгэл гэрчилгээгээр нотлогдож байна гэх дүгнэлтийг шүүхээс хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсгийг зөрсөн. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д зааснаас үзэхэд орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй байх үндэслэл нь хууль ёсны өмчлөгч өөрийн эрхээ шилжүүлсэн байх шаардлага байна. Гэтэл нотариатын үйлдэл хийх үед орон сууцны хууль ёсны өмчлөгч нь зөвхөн Б.Очирдарь бус нэхэмжлэгч нар хамт байсан тул нотариатын үйлдэл хуульд нийцээгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Я.Б, Ж.Днар нь Б.Од холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нотариатын үйлдэл хуульд нийцсэн гэж маргажээ. /хэргийн 5 дугаар тал/

 

2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Оболон Б.Цнарын хооронд Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/00502 дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч нарыг хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 147-149 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтран өмчлөгчөөс Ж.Д, Я.Б нарыг хасагдах хэлцлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Д.О болон Б.Ц нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн гэж тайлбарлаж, гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дах хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно гэж заасан.

 

Д.О болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг гэрчлэх үед буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Обүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон байна. /хэргийн 107 дугаар тал/ Энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэл үнэн зөв байх шаардлагад нийцэж байх тул хариуцагч Б.Оы гэрчилсэн нотариатын үйлдэл Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх хэлцэл хийгдсэний дараа буюу хожим нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0502 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөс хасагдах хэлцлийг хүчингүй болгосон нь Д.Оболон Б.Цнарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь нэхэмжлэгч талаас орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

 

                                                     ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                                                                     С.ЭНХТӨР