| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0025/з |
| Дугаар | 124/ШШ2025/0029 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 124/ШШ2025/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: …………………………………………………… тоотод оршин суух, Т овогт Б-ын Г,
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н /цахим/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Авлигатай тэмцэх газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05/5073 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “...Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Б.Г 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Эрдэнэхайрхан багийн Засаг даргын үүрийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Г, Рашаант багийн Засаг даргын албан тушаалд Ц.Б нарыг томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд Б.Г-д дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг чанд баримтлан, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тус газарт 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор хариуг ирүүлнэ үү” гэх шаардлагыг Увс аймгийн Засаг даргад хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 25 дугаар хуудас)
2.2. Дээрх шаардлагын дагуу Увс аймгийн Засаг дарга С.Б Түргэн сумын Засаг дарга Б.Г-д сонсох ажиллагааг явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг хоёр сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. (Хавтаст хэргийн 38 дугаар хуудас)
2.3. Нэхэмжлэгч Б.Г Увс аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Засаг даргын захирамжаар Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал болгосноор сумын Засаг даргаар томилогдсон. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амралтын өдрүүд байсан. Тухайн үед намайг сумын Засаг даргаар томилоход Ц.Б нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар хамт томилогдсон ба Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ шалгуулах явцад өмнөх сумын Засаг дарга Л.Б нь Ц.Б-ыг Рашаант багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх захирамж гаргасан байсан ч ажлыг нь хүлээлцээгүй байсан. Багийн Засаг даргын болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүргийг давхар гүйцэтгэж байгаад 14 хоногийн дараа дахин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж Ц.Б бид хоёр “...эгч, дүүгийн хүүхдүүд” гэх асуудлыг хэлэлцэж, улмаар Ц.Б өөрийн хүсэлтээр сумын хурлын даргын албан тушаалаас татгалзаж, сумын төвийн багийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон. Тухайн үед 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүн амын тооллого, мал тооллого гэх зайлшгүй төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлага байсан учраас Ц.Б-ыг чөлөөлсөн өмнөх Засаг дарга Л.Б-ын захирамжийг хүчингүй болгосон. Учир нь Ц.Б өмнө нь багийн Засаг даргаар томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ шалгуулж, багийн иргэдээс сонгогдоод, ажиллаж байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд анхдугаар хуралдаанаас даргаар сонгогдоод 10 хоног ажиллаад буцаад өөрийн хүсэлтээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлөгдсөн. Түүнчлэн, сумын төвийн багийн Засаг дарга ажилтай байсан Б.Бт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон ба цаг үеийн байдлын улмаас 1-2 хоног хүлээхгүйгээр Ц.Г-ыг түүний оронд Эрдэнэхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь Ц.Г нь багийн иргэдээс сонгогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч тул Авлигатай тэмцэх газар зохих ёсны бичиг баримтаа шалгуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллахад татгалзах зүйлгүй талаар зөвлөгөө өгсөн. Мөн сумын багийн иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдсон учраас төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд дараагийн багийн Засаг даргын сонгууль явагдах хүртэл хугацаанд томилсон. Уг байдлыг Авлигатай тэмцэх газарт хэн нэгэн иргэн гомдол гаргасан. Ц.Гын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Авлигатай тэмцэх газар шалгуулсан бичиг баримтыг нь хүргүүлээгүй болохоос бусад бичиг баримтуудыг хүргүүлсэн. Увс аймгийн Засаг даргаас төрийн ажлыг түргэн шуурхай, менежмент хийснийх нь төлөө цалингийн 30 хувиар 2 сарын хугацаатай шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш. Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...та Засаг дарга хийж өгөөч, манай сумд танаас өөр хийх хүн байхгүй. Сумын 100 жилийн ойтой” гэж удаа дараа санал тавьсан учраас би өмнө хэд хэдэн удаа татгалзаж байсан ч сүүлийн удаад зөвшөөрч ажилласан. Ажлаа хүлээж аваад 10 хоногийн дотор төрийн ажлыг хурдан шуурхай тухайн цаг үеийн нөхцөл байдалд зохион байгуулалтыг хийснээр өөрийн авах ёстой цалин хөлсөөрөө хохирохыг хүсэхгүй байна” гэж тайлбарласан.
3.2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Г гэж нэхэмжлэл гаргасан байна. Иргэн Б.Г бус Түргэн сумын Засаг дарга хууль зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газраас тогтоож шалгасны дагуу хариуцлага тооцох албан бичиг ирүүлсэн. Иймд сумын Засаг даргын хувиар гомдол гаргах байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.3.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгаж, “хариуцлага тооцох тухай” албан бичиг аймгийн Засаг даргад ирүүлсэн ба тухайн албан бичиг нь заавал биелэгдэх ёстой учир Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулан, санал тайлбарыг нь авч, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэж үзэж, хариуцлага тооцсон. Маргаан бүхий захирамж нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Б.Г нь Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/83 дугаартай захирамжаар Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаар томилогджээ.
3. Харин Ц.Б нь Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар тус сумын Рашаант багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллах болсонтой холбоотойгоор сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Рашаант сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. (Хавтаст хэргийн 30, 33 дугаар хуудас)
4. Ц.Б нь Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар Эрдэнэхайрхан багийн Засаг дарга Б.Б Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдох болсонтой холбогдуулан нэхэмжлэгч Түргэн сумын Засаг дарга Б.Г 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Ц.Б-ыг Рашаант багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож, мөн Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Г-ыг Эрдэнэхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх үйл баримт тогтоогдож байгаа ба дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй. (Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)
5. Иргэнээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар нь хяналт шалгалт явуулж, Увс аймгийн Засаг даргад 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05/5073 дугаартай албан бичгээр “...нэхэмжлэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Эрдэнэхайрхан багийн Засаг даргын үүрийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Г, Рашаант багийн Засаг даргын албан тушаалд Ц.Б нарыг томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүйг Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар тогтоосон тул хариуцлага тооцох” талаар мэдэгдсэн байна.
6. Ийнхүү дээрх албан бичгийн дагуу Увс аймгийн Засаг дарга С.Б 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Түргэн сумын Засаг дарга Б.Г-д сонсох ажиллагааны явуулан, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг хоёр сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. (Хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас)
7. Нэхэмжлэгчийн зүгээс “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Ц.Б даргаар сонгогдон 10 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тухайн үед хүн амын тооллого, мал тооллого гэх зайлшгүй төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлага байсан учраас Ц.Быг чөлөөлсөн өмнөх Засаг дарга Л.Бын захирамжийг хүчингүй болгосон. Ц.Б өмнө нь багийн Засаг даргаар томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ шалгуулж, багийн иргэдээс сонгогдоод, ажиллаж байсан учир урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагагүй. ...харин Эрдэнэхайрхан багийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон тул цаг үеийн байдлын улмаас Ц.Г-ыг түүний оронд багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь Ц.Г нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан учир төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд багийн Засаг даргын сонгууль явагдах хүртэл хугацаанд түүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. ...Увс аймгийн Засаг даргаас төрийн ажлыг түргэн шуурхай, менежмент хийснийх нь төлөө цалингийн 30 хувиар хоёр сарын хугацаатай шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
8. Хариуцагч талаас “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тухайн албан тушаалд томилгоо хийхдээ заавал урьдчилсан мэдүүлгийн дүгнэлтийг үндэслэх ёстой. Авлигатай тэмцэх газраас иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгаж, “хариуцлага тооцох тухай” албан бичиг аймгийн Засаг даргад ирүүлсэн ба тус албан бичиг нь заавал биелэгдэх шинжтэй сонсох ажиллагаа явуулан, хариуцлага тооцсон. ...Маргаан бүхий захирамж нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. ...сумын Засаг даргын хувиар гомдол гаргах байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэж тайлбарлаж байна.
9. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталсан. Уг журмын 1.2-т “Төрийн улс төрийн албан тушаалтан...” гэж заасан.
9.1. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “бүх шатны Засаг дарга...” гэж зааснаар багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаарч буй учир томилогдох этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хянуулах зохицуулалтад хамаарч байна.
10. Мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг баталсан ба энэхүү журмаар “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнаас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээл, хувийн ашиг сонирхлын байдлыг болон нийтийн албанд томилогдоход хувийн ашиг сонирхол үүсэх эсэхийг хянуулахаар гаргасан ...хөрөнгө орлого, зээлийн талаарх мэдээллийг бүртгэх, хянан шалгах, хадгалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гээд 1.2.2-т “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” (цаашид “ХАСУМ” гэх) гэж нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдүүлж байгаа тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянуулахаар гаргасан мэдээллийг”, 4.3.1-т “Мэдүүлэг гаргах нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд (шинээр болон туршилтын хугацаанд, сэлгэн, шилжин, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэх тухай бүр) нь ийнхүү нэр дэвших бүрд ХАСУМ гаргана” гэж тус тус заажээ.
11. Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “...23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, ...бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж тус тус зохицуулсан.
11.1. Учир нь, энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад чиглэгддэг байна.
11.2. Энэ утгаараа тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчийн гаргасан мэдүүлэгт тулгуурлан тухайн албан тушаалыг хашихад нөлөөлж болохуйц хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газар хянаж дүгнэлт гаргана. Үүний дараа томилох эрх бүхий этгээд Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг харгалзан үзэж тухайн нэр дэвшигчийг албан тушаалд томилон ажиллуулахаар хуульчилсан.
12 Хуулийн дээрх зохицуулалт маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хянуулахгүйгээр шууд томилсноор уг зөрчлийг үйлдсэнд тооцох агуулгын илэрхийлж байна.
13. Гэтэл нэхэмжлэгч “...Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Б-ыг чөлөөлсөн өмнөх Засаг дарга Л.Б-ын захирамжийг хүчингүй болгосноор Ц.Б-ын өмнөх 2021 оны Засаг даргаар томилогдсон сумын Засаг даргын захирамжийн үйлчлэл сэргэсэн...” гэж тайлбарлаж байх боловч үүнээс гадна томилох эрх бүхий албан тушаалтан буюу нэхэмжлэгч Түргэн сумын Засаг дарга Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Эрдэнэхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Г-ыг шууд томилсноороо нийтийн албанд томилогдох этгээдийн хувийн ашиг сонирхлыг мэдүүлгийг урьдчилан хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн.
13.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “...Б.Г нь сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшигчийн хувьд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, цаг үеийн байдлын улмаас зайлшгүй шуурхай томилох шаардлага үүссэн” гэх тайлбар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөвтгөн үндэслэл болохгүй.
14. Мөн хуулиар олгосон эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос баталсан “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 4.3.1-т “нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд (шинээр болон туршилтын хугацаанд, сэлгэн, шилжин, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэх тухай бүр) нь ийнхүү нэр дэвших бүрд ХАСУМ гаргана” гэж нарийвчлан зохицуулсан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...түр орлон гүйцэтгэгчээр бус үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул заавал хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газар хянуулахыг шаардахгүй” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
14.1. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгчээр томилох нь нийтийн албан тушаалд томилогдохтой ижил ойлголтыг илэрхийлэх ба нэгэн адил эрх зүйн үр дагаврыг үүсгэх бөгөөд түүнчлэн тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчийн гаргасан мэдүүлэгт тулгуурлан тухайн албан тушаалыг хашихад нөлөөлж болохуйц хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг урьдчилан хянах хуулийн зорилготой нийцэхгүй.
15. Нөгөө талаар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар энэхүү хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар хянахаар заасан байх бөгөөд энэ хүрээндээ нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох арга хэмжээг авахыг томилох эрх бүхий этгээдэд буюу хариуцагчид мэдэгдсэн.
16. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж тусгайлан иператив байдлаар заасан байх тул эрх бүхий этгээдийн зүгээс зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох нь зайлшгүй.
17. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-т “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хянах үүрэгтэй.
18.1. Энэ тохиолдолд захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд цалинг 30 хувиар 3 хүртэл сараар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай тул нэгээс гурван сар хүртэлх хугацааг хэрхэн сонгож авах талаар захиргааны сонгох боломжийг хянан дүгнэх боломжгүй.
19. Иймд нэхэмжлэгч Б.Г нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагч сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
20. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн /талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох/”- оор тус тус заасан.
20.1. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэл гаргаж буй захиргааны байгууллагын хувьд өөр захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хууль тогтоомжид заасан нийтийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Г өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах буюу “субъектив эрхийн маргаан” байх тул хариуцагчаас гаргасан “...сумын Засаг даргын хувиар гомдол гаргах байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дурдъя.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ