Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

 

 

                                       Д.*******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Мягмардорж

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг  даргалж, шийдвэрлэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох эрүүгийн дугаартай 175/2023/0183/Э/208/2023/0070 индекстэй 2 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн ******* *******, Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 014 тоотод оршин суух хаягтай, /РД *******/ Урьд:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Нарсан сүүл” нэртэй газарт ******* СБА улсын дугаартай “Тоёото приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч ******* амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын /дөрвөн жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д *******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 15.810.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гаргасан 214 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорьж, 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгэсэн. Миний үйлчлүүлэгч Д.******* нь өөрийн холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтыг үнэн зөвөөр хэлж мэдүүлж ирсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй юм.

Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар өөрийн зүгээс боломжит бүхий арга хэмжээ авахыг эрмэлзсэн ба шүүхээс тогтоосон хохирлоос 2.350.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөн нөхцөл байдлын талаар танилцуулж, санаагаа илэрхийлж байсан.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөн давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Энэ гэмт хэрэг гарахад дан ганц миний үйлчлүүлэгч буруутай биш юм. гэх хүн түүнтэй тухайн өдөр өдөржин хамт архи ууж, мэдсээр байж Д.*******аар жолоо бариулж явсан, машиндаа даац хэтрүүлэн олон хүн суусан, Д.*******ыг согтуу байхад мэдсээр байж зорчигч нар машинд олуулаа чихээд суусан байдаг. Иймд хэргийн нөхцөл байдал, миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн хэрэг учрал болох үед өөрийн үйлдлийн улмаас учрах боломжтой хохирол, хор уршгийг урьдчилан тооцоолж чадаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боломжоороо хохирлоо төлсөн. Байшингаа зараад барагдуулах гэтэл зарагдахгүй байгаа гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээсэн боловч оршуулга дээр нь очоогүй төлбөрөө төлөх боломжгүй. ...Оршуулгын зардлаа л нэхэмжилсэн. 3 хүүхэд өнчирч үлдсэн. Сар бүр тэжээн тэтгэх асуудлаар мөнгө нэхэмжлээгүй. Отгонбаяр аав нь согтуу үедээ жолоогоо шилжүүлсэн. Хүүхдүүд нь ч гэсэн аавтайгаа уулзахгүй байдалтай байгаа гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирлоо төлөх байр сууриа илэрхийлдэг. Гэмт хэрэг гарах үед ... нөлөөлсөн гэж хэдэг. Насанд хүрсэн шүүгдэгч аливаа зүйлийг ухамсарлах чадвартай. Отгонбаяр машин бариад өгөөч гэж хэлээд машин барьсан гэдгийг зөвтгөх боломжгүй. Бусдын амь нас эрсэдсэн. Өмнө нь бусдын машиныг барьж яваад осол гаргасан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.*******т холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

 2.Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Нарсан сүүл” нэртэй газарт ******* СБА улсын дугаартай “Тоёото приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч ******* амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: Би энэ өдөр талийгаач гийн охин Ялгуун, , мөн манай дунд охины гээд 7 настай эрэгтэй хүүхэд, мөн найзынх нь хүүхэд гээд 4 настай нэг хүүхэдтэй бүгд Улаанбаатар хотоос Сэлэнгийн чиглэлд өглөөний суудлаар ирсэн. Бид нар 19 цагийн үед Шаамар дээр ирж буусан бөгөөд биднийг буух үед хүргэн Отгонбаатар, манай сумын мөн нэг залуугийн хамт өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн тосож байсан. Бид нар бүгд хүргэний тээврийн хэрэгсэлд бүгд чихээд суусан бөгөөд тээврийн хэрэгслийг танихгүй залуу барьсан бөгөөд урд зүүн суудалд суугаад хойд талд бид нар суугаад хөдөлсөн. Шаамар сумаас гараад явах үед тэр машин барьж байсан залуу их хурдтай яваад байхаар нь би “зөөлөн яв” гэсэн чинь хүний үг авахгүй улам хурдлаад байх шиг байсан. Ер нь согтуу болоод хүний үг авахгүй байсан байх. Гэтэл машин гэнэт унасан бөгөөд оч гялалзаад явсан. Би яг хаана яаж унасан гэдгийг мэдээгүй. Талийгаач миний хажууд ард сууж явсан бөгөөд нэг ухаан ороод харах үед охин маань их цус болсон байсан бөгөөд нас барсан байсан. Надад гэмтэл зовуурь гэх зүйл гайгүй байна. Нуруу, толгой жаахан өвчтэй байгаа. Бусдаар бол өөр янз бүрийн юм алга. Манай хүргэн Отгонбаатар согтуу унтаж байсан бөгөөд нөгөө хоёр нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай охин ******* суманд хөдөө өөрийн малыг маллаж амьдардаг байсан. Манай талийгаач охин нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Том хүүхэд нь 21 настай, бага нь 8 настай хүүхдүүд байгаа. Миний хувьд охиноо алдсан учир маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас өгсөн: :Миний талийгаач ээж нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Бэлчир 2 дугаар баг хөдөө хээр нөхөр Отгонбаатар 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг байсан. Үе үе даралт ихэсдэг бусдаар биеийн байдал зүгээр байсан. Би ээжийгээ нас барсанд үнэхээр их харамсаж байна. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батдэлгэрийн өгсөн: Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд найз төрсөн ах болох Болдбаатарын гэрт *******, Отгоноо, Болдбаатар бид 4 байсан ба бид хэд 0,75 литрийн “Экс” нэртэй архи 1 шилийг хувааж ууцгаасан. ******* бид хэдийн уусан архинаас огт амсаагүй. Тэгээд эхнэр нь Улаанбаатар хотоос ******* сум руу галт тэргээр ирж байгаа гээд Отгоноо өөрийн эзэмшлийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслээ *******аар жолоодуулаад эхнэрийгээ тосохоор *******, Отгоноо бид гурав Шаамар сум руу явсан. Тэгээд 19:00 цагийн үед Шаамар суманд очтол галт тэрэгнээс талийгаач, өөрийн ээж, төрсөн охин болон 3 жаахан хүүхдийн хамт 5-лаа бууж ирцгээсэн. Тэгээд бид хэд машиндаа 8-уулаа суугаад Шаамар сумаас ******* сум руу хөдөлсөн. Тухайн үед ******* жолоо барьж байсан. Бид нар Шаамар сумын шороон зам дуусаад шинэ баригдаж байгаа асфальтан зам руу ороод явж байтал машин онхолдоод уначихсан. Тэгтэл хүмүүс ирээд машины урд цонхыг хагалаад машин дотор байсан хүмүүсийг гаргасан. Шаамар сумын шороон замаас салаад шинэ баригдаж байгаа асфальтан зам руу ороод явж байтал онхолдчихсон.... /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Отгонбаатарын өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз Дашийн хамт өвөлжөөний хөрзөн авсан. Хөрзөнгөө авч дуусаад манай гэрт ирээд нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргааш нь буюу 06-ны өглөө 07 цагийн үед бид хоёр босоод дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд би гэрээсээ 09 цагийн үед дүү гэрт очиход манай дүү *******ын хамт гэрт нь байж байсан. Бид хоёр дүүгийн гэрт очих үедээ замаараа нэг шил архи авсан бөгөөд дүүгийн гэрт орж бүгд хувааж уусан. Тэгээд дүүгийн гэрт байж байгаад тэндээс шууд эхнэр хүүхдийг тосохоор явсан. Би их согтуу байсан бөгөөд *******ыг “чи машин барьж явж чадах уу” гэж асуусан чинь “чадна” гэхээр нь би бариулаад төв орж явтал манай найз таараад замаасаа аваад явсан. Тэгээд бид гурав Шаамар орсон бөгөөд би яг эхнэр ирэх үед жаахан унтсан байсан. Тэгээд машин унах үед сэрсэн. Тухайн машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би *******ыг арай гайгүй байх  шиг болохоор нь машинаа бариулсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 онд 10 сая төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал гэх зүйл алга...” гэх /хх-ийн 42-43 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У. өгсөн: Би энэ өдөр Д.*******тай уулзсан. Би энэ өдөр өглөө босоод гэртээ байж байхад Д.******* манай гэрт ганцаараа ирсэн бөгөөд ирэх үедээ 2 том “Боргио” нэртэй 2,5 литрийн пивотой орж ирсэн. Тэгээд бид хоёр задлаад уугаад сууж байтал манай төрсөн У.Отгонбаатар, Даш ахтай орж ирсэн бөгөөд бүгд хамт сууж байгаад нөгөө хоёр пиво уусан. Бид хоёр эхний задалсан пиво талд нь оруулсан байсан. Тэгээд нөгөө хоёр пиво дуусаад дахин төвөөс 2 шил “Хараа” нэртэй архи авахуулсан бөгөөд тэрийг мөн манай гэрт ууж дуусаад бүгд гараад явсан. Би мөн өөрийн мал руугаа явсан. Гэтэл оройн нь ийм зүйл болсон байсан. Би ах болон Д.******* нарыг Шаамар явсан гэдгийг хүртэл мэдээгүй. Ер нь бол бүгд уусан бөгөөд согтсон хүн бол байгаагүй. Манай гэрээс гараад явах үедээ Д.******* зүгээр байсан. Бид хоёрын хувьд бүр багаасаа нэг газар өссөн болохоор мэднэ. Д.*******ын хувьд хааяа машинтай явж харагддаг юм. Өөрөө портер машинтай байх гэж бодож байна. Ахын хувьд нэг их согтуу харагдаагүй. Ер нь бол согтоод янз бүр болсон хүн байгаагүй...” гэх /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Алтандашийн өгсөн: “....Ажлаа дуусгаад бид хоёр гэрт нь орж 0.5 граммын “Хараа” гэх нэртэй архийг хувааж уугаад амарцгаасан. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед босоод тугалыг нь эхэд нь тавьж өгөөд бид хоёр сумын төв рүү явж Отгонбаатар намайг хүрзэн гишгэж өгсөн гээд 2 шил архи авч өгсөн. Би ямар архи байсныг нь сайн санахгүй байна. Бид 2 архиа аваад жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна ах нь Ганаа гэж дууддаг дүүгийнх нь гэрт очиж 2 шил архиа Отгонбаатар, Ганаа болон Ганаагийн найз гэх нэг залуу бид 4 архиа хувааж уусан. Архи хувааж ууж байхад амь хохирогчийн нөхөр Отгонбаатар “эхнэрээ орой тосмоор байна, миний машиныг барих хүн хэрэгтэй байна” гэж хүнтэй утсаар ярихыг сонссон. Тэрнээс удалгүй би унтаад өгсөн гэнэт сэрэхэд би гэрт ганцаараа сэрсэн. Тэгээд би шууд гэртээ харьсан...” /хх-ийн 50-51 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.Отгонбаатарын өгсөн: Би урьд өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз Дашийн хамт өвөлжөөний хөрзөнгөө авсан. Хөрзөнгөө авч дуусаад манай гэрт ирээд нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргаан нь буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 07 цагийн үед бид хоёр босоод дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд би 09 цагийн үед дүү гэрт очиход манай дүү *******ын хамт гэрт нь байж байсан. Бид хоёр дүүгийн гэрт очих үедээ замаараа нэг шил архи авсан бөгөөд дүүгийн гэрт орж бид хувааж уусан. Тэгээд дүүгийн гэрт байж байгаад тэндээс шууд эхнэр хүүхдийн тосохоор явсан. Би их согтуу байсан. Тэгтэл ******* “би таны машиныг жолоодоод явья гэж хэлэхээр нь би өөрөө нилээн согтуу байсан учраас *******т өөрийн машины түлхүүрээ өгөөд унуулаад хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад найз тэй таралдаад түүнийг замаасаа аваад явсан. Тэгээд бид гурав Шаамар орсон ба би машинд явж байгаад хэсэг унтаад. Машин осолдох үед сэрсэн юм. *******т бол гомдолтой байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн би миний машин зүгээр байсан, одоо эвдэрчихлээ төлж өг гэсэн зүйл хэлэхгүй ээ. Харин зам тээврийн осол гаргаж эхнэр минь нас барсан явдалд гомдолтой байгаа...” гэх /хх-ийн 54 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн: Миний толгой байнга өвдөж байгаа. Бусдаар биеийн байдал дээрдсэн. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулснаа мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөөрэй. Миний биед учирсан гэмтлээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  /хх-ийн 57 дугаар тал/ мэдүүлгүүд,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай “... Ө.Отгонбаатар гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. Ө.Отгонбаатарын цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамраана ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай “... Д.******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. Д.*******ын цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байна ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай “...Талийгаачид гавал тархины хүнд гэмтэл, хүзүүний ил зүсэгдэж няцарсан шарх, цагаан мөгөөрсөн хоолой төвөнхийн дээд хэсгээр тасарсан, цагираган бүтцийн гэмтэл, тархины суурин хэсэгт хальсан доорх цус харвалт, няцрал, дарагдал, бага тархины суурин хэсгийн няцрал, хүзүүний 1-р үений гавлын нүх рүү шаантагласан хугарал, эрүү, нурууны няцарсан шарх, цус хуралт, нүүр, хацрын зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас хүзүү, хоолойны ил гэмтэл, хүзүүний хугарал, тархины хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаартай “...ы биед бугалганд зулгаралт, гуяанд цус хуралтын цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаартай “....Оюунцэцэгийн биед тархи доргилт, нүүр хацар, бугалга, бүсэлхий нуруу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 110 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаартай “....Д.*******ын биед баруун шуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 116 дугаар тал/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

3.Шүүгдэгч Д.******* нь амь хохирогч ******* нөхөр Ө.Отгонбаатар, Ө.Гантөгс нартай архидан согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Нарсан сүүл” нэртэй газарт Ө.Отгонбаатарын эзэмшлийн ******* СБА улсын дугаартай “Тоёото приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, хохирогч ******* амь насыг хохироосон үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасч, 04  жил 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

4.Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч амь хохирогчийн оршуулгын зардал 18.195.610 төгрөгийг нэхэмжилснээс анхан шатны шүүх илүү нэхэмжилсэн 35.610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасч тооцон 18.160.000 төгрөг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож үүнээс анхан шатны шүүх хуралдаанаас завсарлага авч 2.350.000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх үед 4.300.000 төгрөг нийт 6.650.000 төгрөг төлсөн одоо 11.510.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.  

Анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ