| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04703/И |
| Дугаар | 192/ШШ2025/01665 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/01665
| 2025 02 26 | 192/ШШ2025/01665 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **** тоотод оршин суух, **** ургийн овогтой ****ийн **** ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** хаягт байрлах,******* газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****
Гэрч: ****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төлбөр төлөгч*******, ******* бид нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2219 дүгээр шийдвэрээр******* ББСБ ХХК-д 96,094,706 төгрөг төлөхөөр болсон билээ. Энэ мөнгийг хамтран зээлдэгч******* нь авсан бөгөөд Шийдвэр гүйцэтгэл дээрх асуудлыг өөрөө төлж, зохицуулж дуусгана, намайг оролцоод хэрэггүй гэсэн боловч төлөөгүйгээр барахгүй миний хөрөнгө Дуудлага худалдаанд орох гэж байгааг өчигдөр олж мэдлээ. 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэттэгч И. **** утсаар дуудсаны дагуу НШШГГ-ийн 318 тоот өрөөнд очиход шийдвэр гүйцэтгэгч **** амарсан, түүнийг орлож байгаа И. **** гэх гүйцэтгэгч миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг 373,634,921 төгрөгөөр үнэлж 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4- 144/15572 тоот мэдэгдэл, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/20 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тоггоолыг танилцуулсан. Би шийдвэр гүйцэтгэгч И. **** д яагаад миний хөрөнгийг ийм бага үнээр үнэлсэн, яагаад надад мэдэгдээгүй талаар асуухад би мэдэхгүй, тэр Б. **** аасаа асуу, **** гэдэг хүнд 2024.5.29-нд үнэлгээний мэдэгдэл өгсөн байна гэсэн учир шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс 2024 оны 5 дугаар сарын 22-ны 4-144/12806 тоот үнэлгээний мэдэгдэл, тэмдэглэлийг хуулбарлаж авлаа. Үнэлгээний мэдэгдэл хүлээн авсан гэх **** гэх хүнийг би танихгүй бөгөөд миний хөрөнгийг 373,634,921 төгрөгөөр үнэлсэн талаар дөнгөж өчигдөр мэдсэнээр барахгүй 3 хоногийн дараа буюу 2024.7.05-ны өдөр Албадан дуудлага худалдаанд орох болсон байна. Баянгол дүүргийн ****** тоотод байрлах 117.99 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө маань ганц хүний өмч боловч гэр бүлийн гишүүдийн маань амьжиргааны эх үүсвэр болдог, үйл ажиллагаа жигдэрсэн, олон хүн үйлчлүүлдэг үнэ цэнтэй объект бөгөөд зах зээлийн ханшаас илтэд доогуур буюу тэр хавийн орон сууцны үнээр үнэлсэнд маш их гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг 373.634.921 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож бодит зах зээлийн бодит үнэлгээ тогтоох боломжоор хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2219 дүгээр шийдвэрээр *******,******* нараас 96.094.706 төгрөгийг гаргуулж МТ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр үүсгэж, тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******,******* нарын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан **** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ****** тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23370992/04 тоот -огтоолоор битүүмжлэн, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 24370992/06 тоот тогтоолоор хурааж, үнийн санал өгөхийг талуудад мэдэгдэхэд талууд үнийн санал ирүүлээгүй тул 2024 оны 5 дугаар оарын 15-ны өдрийн 5/169 дүгээр тогтоолоор шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэхэд 373.634.921 төгрөгөөр үнэлсэн. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4-144/12806 дугаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 заасны дагуу нэхэмжпэгчийн ****** дугаарт 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хүртэл дуудан ирүүлэхээр холбогдоход утсаа аваагүй тул мессеж бичиж мэдэгдсэн болов ч нэхэмжпэгч мэдэгдлийг ирж аваагүй тул 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжпэгч Д.****ийн оршин суух Хан-Уул дүүргийн ****** тоот хаягт очиход хүнгүй байсан хаалган дээр зарлан дуудах мэдэгдэл нааж үлдээж тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 14 дүгээр зүйлийн 14.6- д заасны дагуу 19 дүгээр хорооны зохион байгуулагч Б. **** д тус мэдэгдлийн нэг хувийг гардуулж *******т дамжуулан өгөхийг мэдэгдэж гарын үсэг зуруулж тэмдэглэл, зургаар Заталгаажуулсан. Нэхэмжпэгч Д.**** 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 45 минутад Сайн байна уу, Дашдэмбэрэл төлөлтийг ирэх долоо хоногт төлж дуусгана гэсэн гэх мессеж ирүүлсэн нь өөрийн өмчлөлийн хөрөнгө үнэлэгдэж байгааг мэдэж байсан гэх үндэслэлтэй байна. Мөн төлбөр төлөгч *******,******* нар шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, утсаа салгаад авдаггүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх-ийн 6/, дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 7/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 8/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 9/, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /хх-ийн 20-85/, шүүхээс*******ы гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Миний үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар шийдвэр гүйцэтгэгч н. **** гэх хүн дуудаж уулзаад хэлсэн. Миний өмчлөлийн Баянгол дүүрэг, ****** тоотод байрлах 117.99м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 373,634,921 төгрөгөөр үнэлсэн байна. Дуудлага худалдаанд оруулах үнэлгээг өмнө нь мэдэгдээгүй бөгөөд мэдэгдлийг хорооны нийгмийн ажилтан н. **** гэх хүнд өгсөн байна. Хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнээс илт бага үнээр үнэлсэн байх бөгөөд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны үнээр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2024 оны 05 сарын 21-ний өдөр авсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 заасны дагуу 3 хоногийн дотор танилцуулж, санал хүсэлт авах заалтыг зөрчсөн. Шинжээгч хөрөнгийг газар дээр очоод дотор талд орж үзээгүй зэрэг нь үнэлгээ хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ... Баянгол дүүрэг, ****** тоотод байрлах 117.99м.кв талбайтай, тоот худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан үнийн санал авахад шинжээч томилуулах санал гаргасан. үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлж, хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч нарт танилцуулахаар холбогдоход хөдөө орон нутагт явж байна гээд ирж аваагүй. Үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг 31 хоног хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02219 дугаар шийдвэрээр хариуцагч*******, ******* нараас 95,389,607.69 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгож, *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
5.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 14-ний өдрийн 102/ШЗ2023/13920 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2023/01512 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн******* газрын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 23370992 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулжээ.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 233770992/04 дугаар тогтоолоор битүүмжилж, үнийн санал авахад төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2024 оны 05 сарын 15-ны өдөр 5/169 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор******* ХХК-ийг шинжээчээр томилон, шинжилгээ хийхээс татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна.
7.Шинжээч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 373,634,932 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ.
8.Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл Шинжээч хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлага, өртгийн хадлагын аргаар үнэлгээ хийж, Зах зээлийн харьцуулсан жиших аргаар үнэлгээг гаргасан байна. Үнэлгээний тайланд Нэмэлт тайлбарт: ...Үнэлгээчин******* ...хөрөнгийн байдалтай газар дээр нь үзэж танилцсан гэж тусгасан. Мөн шүүхэд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ ...Хөрөнгийг үзэхээр очиход өмчлөгч ирээгүй учир орох боломжгүй байсан. Дотор нь орж үзээгүй, шилэн хаалгатай байсан тул тодорхой харагдаж байсан гэж мэдүүлсэн.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна:, 8.2.1-т хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх;, 8.2.2.-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх;, 8.2.3.-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.
9.Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг холбогдох дүрэм, журам, тооцоололд үндэслэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна. Иймээс хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн эсхүл нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно, 14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.
11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин суугаа хорооны ажилтан Б. **** д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Ийнхүү мэдэгдсэн нь хуульд зааснаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
12.Харин хариуцагч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн бөгөөд төлбөрөө 7 хоногийн дотор төлж барагдуулах талаар хариу өгсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж, энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй.
13.Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан.
14.Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар очоогүй, нөгөө талаар үнэлгээний тайлан, мэдэгдэлтэй танилцах талаар мэдэгдсэн байхад танилцаагүй нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
15.Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргаагүй байна.
16.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч шүүхэд шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
17.Иймд эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 373,634,921 төгрөгөөр үнэлсэн******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
18.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч******* газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 373,634,921 төгрөгөөр үнэлсэн******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР