| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08978/N |
| Дугаар | 191/ШШ2025/03709 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... овогт Б...-ийн С.../РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, “ГИ” ХХК /РД:..../-д холбогдох,
Орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би “ГИ”” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, ... тоот, 3 өрөө байрыг 367,342,500 төгрөг байхаар тохиролцож, эхний ээлжинд 100,000,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2021 оны туршид үлдэх мөнгийг төлж барагдуулахаар болсон. Иргэн би худалдан авсан байрныхаа ашиглалтын зардлыг тогтмол төлж, зөрчилгүй, 07-15 насны 4 хүүхэд, нөхөр, хэвтрийн дэглэмд байдаг өндөр настай хадам эцгийн хамт амьдардаг бөгөөд ковид-19 цар тахлын үеийн олон хүчин зүйлийн улмаас орон нутагт туслан гүйцэтгэгчээр ажилладаг миний ажил амжилтгүй болж, ашиг орлого муудаж, зөвхөн амьжиргаагаа залгуулах болж, үнэхээр төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Тэгэхдээ би төлөхгүй гэх бодолгүй, яаж төлбөрөө төлж дуусгах вэ гэж ямагт хичээж байсан болно. Тэгтэл “ГИ” ХХК надтай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээ цуцалж, орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордууллаа. Надад ямарч хувилбар байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа тоочиж, орон сууцнаасаа гарахгүй гэсэн тайлбар шүүхэд гаргасан байтал гэрээг цуцлахгүйгээр үлдсэн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэх байх гэж найдаж байтал талаар болж, одоо бүр албадан гаргуулах ажиллагаа явагдаж байгаад гомдож байна. Шүүх “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ иргэн миний гэрээний дагуу төлсөн 100 сая төгрөгийг тус компаниас буцаан гаргуулж, нэг мөр шийдэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.,9.3.-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг иргэн надад хэрэгжүүлсэнгүй. Иймд шударга ёсны зарчмыг баримталж, иргэн Б.С... миний 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.С... нь “ГИ” ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Талууд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг шилжүүлж, байрыг хүлээн авч амьдарч байсан. Үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй болсны улмаас “ГИ” ХХК нь байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ГИ” ХХК нь өөрийн өмчлөлийн байрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлэн авч, өөрийнхөө өмчлөлд бүртгүүлсэн. Шүүхээс тухайн үед маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг тус компаниас буцаан гаргуулж нэг мөр шийдвэрлээгүйгээс бидний зүгээс дахин нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон. Иймд гэрээний үүрэгт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хариуцагч “ГИ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.С... нь манай компанитай анх орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Ингээд урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, энэ үүргийнхээ дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байвал 14 хоногийн дараа үг дуугуй гарна гэж өргөдөл дээрээ бичсэн байдаг. Манай зүгээс Б.С...-г гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг төлсөн гэдэг дээр маргадаггүй. Харин 2023 онд гэрээ цуцлах тухай шүүхийн шийдвэр гарсан. Б.С... нь “...үлдэгдэл мөнгөө төлнө” гэж байсан. Манай зүгээс “та тэгвэл байраа зах зээлийн үнээр зарчих, та бид нарын үнэ 4,000,000 төгрөг байгаа, зах зээлийн ханш нь 6,000,000 төгрөг давсан байна” гэдэг боломж олгож байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас байр чөлөөлөх шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сард байраа хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хугацаанд Б.С... тус орон байранд амьдарч байсантай маргадаггүй, мөн баримтаар нотлогдоно. Б.С... нь “...манай зүгээс эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа түрээсийн төлбөр” төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу алданги, торгууль байгаа тухайн үед Ковид цар тахлын үе байсан тул алданги, торгуулиасаа татгалзсан нь үнэн. Мөн Б.С...-ийн буруутай үйлдлээс болж гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан. Нэхэмжлэгч тал орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байж байранд олон жил амьдарсан. Үүнээс болж манай тал засвар үйлчилгээ орон сууцанд хийсэн. Зах зээлийн үнээс бага үнээр бусдад зарж борлуулсан зэрэг олон хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020/07/01-252 дугаартай болон 2020/07/01-252-НГ-01 гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн болох 267,342,500 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцвол хоногт 1,336,713 төгрөг бөгөөд Иргэний хуульд заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу 133,671,250 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Мөн орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацаанд тухайн орон сууц дах түрээсийн төлбөрийг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож, 52 сард нийт 130,000,000 төгрөгийг олох байсан орлого гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу гэрээ цуцалсны төлбөрийг гэрээнд 5 хувь гэж заасан бөгөөд энэ 5 хувиар тооцож, 18,367,125 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардлыг гэрээнд заасан 15 хувиар тооцож, 55,101,375 төгрөг, нийт 337,101,375 төгрөгийг иргэн Б.С...-аас нэхэмжилж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:
Хариуцагч талтай гэрээ байгуулж байр захиалсан нь үнэн, ковидын үеэр дэлхийн нийтээрээ үйл ажиллагаа нь зогссон. Ингээд төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж хариуцагчаас гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “ГИ” ХХК нь байрыг буцааж авсан. Тухайн үед өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги, бусад бүх төлбөрөө тооцох ёстой байсан. Иргэний хууль нэг чиг баримтлалтай. Гэрээ дүгнэгдэж бүрэн дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.С... нь байраа чөлөөлж өгсөн. Байраа чөлөөлж өгөхдөө тог, ус, цахилгаан, халаалт зэргийн төлбөрийг төлж байсан. СӨХ-ны төлбөрт 1,1660,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бүрэн төлж барагдуулсан. Гэрээг дуусгавар болгож дүгнэсэн учраас ямар гэрээг үндэслэж мөнгөн дүн нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед хариуцагч тал байраа буцааж авсан. Б.С...-г байрыг бусдад худалдах гэхэд хариуцагч тал зөвшөөрөөгүй. Учир нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан тул зарах боломжгүй байсан. Гэрээг дүгнэсэн тул гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах тухай” 2020/07/01-252 тоот гэрээ, “Орон сууц худалдах, худалдан авах тухай” 2020/07/01-252-НГ-01 тоот гэрээний нэмэлт гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаартай шийдвэр, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 07752 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ГХ2023/00494 дугаартай гүйцэтгэх хуудас, Хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ, Төрийн банкны төлбөрийн баримт, “Юү Би централ” СӨХ-ны тодорхойлолт,
Хариуцагчаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б.С...-аас “ГИ” ХХК-д гаргасан хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 152/4 дугаартай Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл, “Юү би централ” СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02059 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыш шүүхэд тус тус гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.С... нь хариуцагч “ГИ” ХХК-д холбогдуулан, Орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан.
Дараах үндэслэлээр шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн тул орон сууцны үнэд төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” 2020/07/01-252 тоот гэрээ,”Орон сууц худалдах, худалдан авах” 2020/07/01/-252-НГ-01 тоот нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, нэг талаас 79.8 м.кв талбай бүхий ,15 давхрын 252 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх, нөгөө талаас тухайн орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны үнийг төлөөгүй үүргийн зөрчлийн улмаас дээрх худалдах худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаартай шийдвэрээр Б.С...-ийн эзэмшлээс нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн өмчлөлийн, ... тоот хаягт байрлах, 79.8 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГИ” ХХК нь гэрээний үүрэгт хүлээн авсан 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “ГИ” ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С...-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний дагуу алдангид 133,671,250 төгрөг, орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан хугацааны сарын түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тооцож, 52 сарын түрээсийн төлбөр 130,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсаны төлбөр 5 хувь буюу 18,367,125 төгрөг, орон сууцны засварт зарцуулсан зардлыг гэрээнд заасан 15 хувиар тооцож, 55,101,375 төгрөг, нийт 337,139,750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 133,671,250 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.
Талуудын байгуулсан нэмэлт гэрээний 2.5-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан байна.
Хэдийгээр талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх хэдий ч алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, үүрэг дуусгавар болсон тул хариуцлагын үүрэг буюу алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд алдангид 133,671,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.
5.Хариуцагчаас олох байсан орлого буюу хохиролд 130,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
Хохирлын хэмжээг нэг сарын түрээсийн төлбөрөөр тооцож байх бөгөөд сард 2,500,000 төгрөгөөр тооцож, 52 сарын хугацаанд олох байсан орлогыг 130,000,000 төгрөг гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Хариуцагчийн тайлбараар сард 2,500,000 төгрөг буюу 52 сарын хугацаанд 130,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Мөн хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд хариуцагчийн олох байсан орлого буюу хохиролд 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6.Хариуцагчаас орон сууцны засварын зардалд гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний нийт үнийн дүн болох 367,342,500 төгрөгийн 15 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож, 55,101,375 төгрөг, гэрээ цуцласны төлбөр 18,367,125 төгрөг, нийт 73,468,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 2.6.-д “Захиалгын гэрээ цуцлагдвал тухайн орон сууцыг анхны байдалд оруулахаар шинчлэн засварлах засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагчийн төлбөрөөс суутгана. Гэрээ цуцалсан торгуулиас тусдаа суутгал болно” гэж заасан байна.
Хэдийгээр талууд гэрээгээр засварын зардал, гэрээ цуцласны төлбөрийн хэмжээг тохиролцсон байх хэдий ч иргэний эрх зүйн харилцаанд нэг талаас тодорхой хэмжээний нөхөн төлбөр, зардал нэхэмжилж байгаа бол түүнийг нотлох, холбогдох баримыг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь хэсэгт зааснаар зардал гарсан эсэх, гарсан бол хичнээн төгрөгийн зардал гарсан талаарх холбогдох баримт, нотолгоог хариуцагч гаргаж өгөх, нотлох үүрэгтэй бөгөөд гэрээгээр зардлын хэмжээг тохиролцсон нь тухайн хэмжээний зардлыг бодитой гарсан гэж үзэхгүй юм
Иймд 73,468,500 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 115.2.3. дахь хэсэгт 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ГИ” ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С...-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,834,649 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГИ” ХХК-иас 670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С...-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА