2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, “С” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б.Б. /РД:.../-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 19,400,520 төгрөг, алдангид 9,700,260 төгрөг, нийт 29,100,780  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э., хариуцагч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

“С" ХХК нь иргэн Б.Б-эй 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл, 6 сарын хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Түрээсийн төлбөр тооцооны талаар Түрээсийн тооцоо болох "Авлага өглөгийн товчоо" тооцоогоор 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх тооцоогоор 1323 ширхэг бараа материалыг 5-127 хоногийн хугацаанд, 1 хоногийн 160-550 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 27,289,520 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Үүн дээр акталсан 20 ширхэг барааны үнэ болох 45,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 27,334,520 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас нийт төлсөн 5,434,000 төгрөг, барьцаа 2,500,000 төгрөгийг тус тус хасаж 19,400,520 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Түрээсийн алданги тооцоог 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 328 хоногийг хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 31,816,853 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 19,400,520 төгрөгийн 50 хувиар тооцож 9,700,260 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.  

Хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулах хэлэхэд, компаниар гэрээ байгуулах хуулийн шаардлага байхгүй. Тухай үед ажиллаж байсан хүмүүс нь өөрсдөө гуйгаад гэрээгээ байгуулаад барилгын материалыг хүлээж аваад явдаг, цаашаа компани нь авдаг уу, өөрсдөө барилгын ажилд хэрэглэдэг үү гэдгийг манай зүгээс тодорхойлох боломжгүй. Тийм ч учраас ирсэн иргэнтэй нь гэрээгээ байгуулдаг.  

Алдангийн хувьд хамгийн сүүлд мөнгө өгсөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алдангийг тооцож байгаа. Хариуцагчийн зүгээс 2023 оны 11 сарын 01-ний өдөр 186,000 төгрөгийг төлсөн тул энэ өдрөөс эхлэн алдангийг тооцож байгаа юм.            Иймд хариуцагч Б.Б-ээс түрээсийн үлдэгдэл төлбөр 19,400,520 төгрөг, алданги 9,700,260 төгрөг нийт 29,100,780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие найз О.Б...-ийн хамт “ХМ” ХХК-д ажиллаж байсан. Манай компани ажил аваад миний бие хэв хавшмалыг түрээслэн авч явсан нь үнэн. Би тухайн үед хотод байж таараад нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, эдгээр эд зүйлийг хүлээн авсан. Авч явсан эд зүйлээ цаг тухайд нь буцаан хүлээлгэж өгсөн. Ингээд хамт ажиллаж байсан найз О.Б  маань “түрээсийн төлбөртөө ажлын хөлсөнд авсан гаражаа өгье” гэсэн боловч нэхэмжлэгчээс хариу хэлээгүй байж байгаад гэнэт гурван сарын дараа шүүхэд хандсан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна.

            Харин үндсэн түрээсийн төлбөр болох 19,400,520 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  Би өөрөө ч энэ компаниас цалин хөлсөө аваагүй хохироод л явж байгаа,   тухайн үед “ХМ” гэдэг компани нь бид хоёрыг ажиллуулсан бөгөөд энэ  компанийн ажлын хийхдээ эдгээр материалуудыг хэрэглэсэн. Би хувьдаа аваад хэрэглэсэн зүйл байхгүй. Барьцаа мөнгө болон төлбөрийг ажил хамт авсан найз О.Б  гэж хүн төлсөн. Иймд үндсэн төлбөр 19,400,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3..Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “С” ХХК болон Б.Б..-ийн хооронд 2023 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”, Эд хөрөнгийн үнэ болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалт, Эвдрэл гэмтлийн үнэлгээ, Бараа материалын тооцоо, Авлага  өглөгийн товчоо, Алданги болон нийт түрээсийн төлбөрийн тооцоо, төлөөлөгчид  олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэгл болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “С.” ХХК нь хариуцагч Б.Б..-т холбогдуулан, Түрээсийн гэрээний үүрэгт 19,400,520 төгрөг, алдангид 9,700,260 төгрөг, нийт 29,100,780  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 19,400,520 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, “...хариуцагчтай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №t703 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл төлбөр 19,400,520 төгрөг, алданги 9,700,260 төгрөг нийт 29,100,780 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

Зохигчын хооронд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, жагсаалтад дурдсан хашмал, гадна дотно булан сапуд труба гэх мэт эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгөх, түрээслэгч нь төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан эд хөрөнгө түрээслүүлэх болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийн жагсаалт, эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн үнэлгээ авлага, өглөгийн товчоо зэрэг баримтаар тогтоогдож  байна.

3.Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ”-ний агуулгад нийцсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Талуудын хэн аль нь түрээсийн гэрээний хугацааг 2023 оны 10 сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 6 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн 2023 оны 10 сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүртлэх тооцоогоор 1323 ширхэг бараа материалыг 5-127 хоногийн хугацаанд, 1 хоногийн 160-550 төгрөгөөр түрээслүүлж, түрээсийн төлбөр 27,289,520 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр актлагдсан 20 ширхэг барааны үнэ болох 45,000 төгрөгийг нэмж 27,334,520 төгрөгийн төлбөртэй болсноос хариуцагч талын төлсөн 5,434,000 төгрөг, барьцаа 2,500,000 төгрөгийг тус тус хасаж тооцон 19,400,520 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон гэх тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй.   

4.Хариуцагчаас гэрээний нэг тал биш гэж маргаж байх бөгөөд өөрийн ажиллаж байсан “ХМ” гэх нэртэй компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Бичгээр байгуулсан “Түрээсийн гэрээ” болон холбогдох тооцоо нийлсэн баримтуудад хариуцагч Б.Б нь гарын үсэг зурсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “...иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Б.Батбилэг нь өөрийн нэрээр гэрээний харилцааг хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б.Б...-ээс түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 19,400,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс алдангид 9,700,260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон анзыг алданги гэнэ” гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.-т “түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийг 0,5 хувиар алданги тооцож авна” гэж тохиролцсон байна.

Талууд гэрээгээр түрээсийн төлбөрийг төлөх хугацаа тодорхой тохиролцоогүй байх бөгөөд “мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан авах” гэх агуулгаар түрээсийн төлбөрийг төлөх хугацааг тодорхойлж, алдангийг тооцох нь үндэслэлгүй байна.  

Тодруулбал, алданги тооцох хугацаа буюу гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээнд тодорхой тусгаагүй тул алданги тооцох хугацааг тодорхойлох боломжгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчээс алдангид 9,700,260 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэв.

6.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б...-ээс 19,400,520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 9,700,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б...-ээс 19,400,520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ст” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,700,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,454 төгрөгийг улсын төсьийн орлогод үлдээж, хариуцагч Б.Б...-ээс улсын тэмдэгтийн хураамжид 254,953 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С.” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.БАЯРМАА