| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03625/И |
| Дугаар | 191/ШШ2025/02209 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02209
2025 03 18 191/ШШ2025/02209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч 1: ... тоот хаягт оршин суух, Ц овогт Д.М/РД:.../,
Нэхэмжлэгч 2: .... тоот хаягт оршин суух, Ц овогт Д.Г /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... байрлах, МД ХХК /РД:.../-д холбогдох,
Даатгалын гэрээний нөхөн төлбөр 3,497,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.М миний бие 2023.11.04-ний өдөр (10 цаг 30 минутын орчимд) төрсөн дүү Д.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай Landcruiser 300 маркийн автомашинаар Архангай аймгийн Цэнхэрийн рашаан орох замд Булган сумын Баянбулаг багийн Улаан хад гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км/-т даваа өгсөх үед автомашин замын хажуу руу гулгаж замын ангал руу орж, эрэг мөргөж осол гарсан. Цасан шуургатай, хүйтэн, автомашины урд 2 дугуй нүх рүү орж, тэнхлэг тулж, гарах боломжгүй байсан тул 1130-1300 цагийн үед Архангай аймгийн Онцгой байдлын газарт ослын дуудлага хүргүүлж, 5-6 цагийн дараа буюу 17 цагийн орчимд эрэн хайх, аврах багийн 3 алба хаагч, Зил 130 маркийн автомашинтай ирж автомашиныг татаж аврах ажиллагаа зохион байгуулж, автомашины хамт Архангай аймгийн төвд хүргэсэн. Ослын дараа Архангай аймагт 3 хонож цаг агаарын нөхцөл байдал сайжирсны дараа Улаанбаатар хот орсон бөгөөд тухай үед өөрийн нүдээр ажиглахад урд бамферын зүүн урд (эрэг мөргөсөн хэсэгт) автомашины хуулга сэвтсэн харагдаж байсан. Ингээд автомашин бүрэн даатгалтай хэдий ч хуулга даатгалгүй байсан тул өөрөө автомашины урд бамферын хуулгаа солиулахаар (өөрийн зардлаар) төлөвлөж 2023.12.22-ны өдөр М ХХК дээр хуулга солих цаг захиалж автомашинаа оруулсан. Гэтэл хуулга хуулж, шинэ хуулга наах гэтэл автомашины хуулга сэвтэхээс гадна цаад бамферын будаг арилаагүй хэдий ч чулуу, шорооны мөрөөр жижиг хонхойсон сэв байгааг М ХХК-иас утасдаж өөрийн биеэр үзэх, тээврийн хэрэгслийн даатгалтай бол дуудлага өгөх зөвлөгөө өгсөн. Ингээд тухайн өдөр МДын ... утсанд дуудлага өгсөн, дуудлагын дагуу ирж зураг авч, ослын мэдээлэл аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрээ, автомашинаа үнэлгээнд оруулаад МД хүргэж өгөхийг хэлсэн. Дээрх материалуудыг бүрдүүлж МДын байранд мэргэжилтэн О.М мэргэжилтэнд (... материалыг хүлээлгэж өгсөн. Ингээд 2-3 хоногийн дараа утсаар залгаж асуухад О.М мэргэжилтэн осол болсныг нотлох зураг хангалтгүй байна таны материал Н.У гэдэг хүн рүү шилжсэн талаар хэлсэн. Ингээд миний бие Архангай аймгийн ОБГ-аас миний ослын дуудлага, төлбөр төлсөн баримт бүх юм байгааг хэлэхэд Онцгой байдлын газраас заавал албан тоот аваад ир тэгвэл болно гэсэн тайлбар өгсөн. Ингээд Архангай аймгийн Онцгой байдлын газраас ..., мэргэжилтэн ..., албаны дарга ... гэх мэт 4-5 хүнтэй холбогдож 4 хоног хөөцөлдөж албан тоот, хавсралт зураг и-мэйл хаягаар ирүүлснийг МДын мэргэжилтэн Н.У болон О.М-д 2023.12.26-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хойш надад ямар ч хариу өгөөгүй бөгөөд дээрх хугацаанд Н.Утай уулзахаар 3-4 удаа очиход ажил дээрээ байгаагүй, залгахаар утсаа авахгүй, viber-aap чат бичихээр хариу өгөхгүй байсаар 2024.01.17-ны өдөр болсон. Миний бие 2024.01.17-ны орчимд МДын байранд дахин О.М, Н.У хоёртой уулзах гэтэл хоёулаа байхгүй шилжсэн гэсэн тайлбар өгсөн бөгөөд миний материал тухайн өдөр олдоогүй. Ингээд миний бие уурлаж шаардлага тавихад хуулийн зөвлөх гэх залуу өөрийн санаачлагчаар би таны материалыг олоод асуудлыг шийдэж өгнө, төлбөрийг олгоно гэж хэлээд автомашинд дахин үзлэг хийж намайг явуулсан. Ингээд 2023.01.18-ны өдөр МД ХХК албан бичгээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2-т "Даатгалын төрөл гэж заасан гэрээний эрсдэл үүсээгүй, мөн дээрх гэрээний 5.10а-д "Даатгагчид нэн даруй мэдэгдэх", Даатгалын тухай хуулийн 8.5.2-т "Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон", мөн хуулийн 10.1.5-т даатгагчид нэн даруй мэдэгдэх гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн агуулга бүхий албан тоот ирүүлсэн. Миний бие дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэхээс гадна харилцагчийг үл тоож, хариуцлагагүй хандаж, ажлаа бусдад хуваарилах, уламжлах асуудлыг орхигдуулж шилжсэн мэргэжилтэн Н.Утай холбоотой асуудлаар албаны даргатай нь уулзаж асуудлыг танилцуулсан боловч 2024.02.06-ны өдөр өмнөх албан бичигтэй агуулга ижил албан бичиг дахин илгээж асуудлыг шийдвэрлэсэнгүй. МД ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3-ийн 1. Байгалын эрсдэл (Хүчит салхи, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үерийн аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт галт уулын дэлбэрэлт, ой хээрийн түймэр, аянга цахилгаа), 3. Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл (Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэн, мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, онхолдох, биет зүйлд мөргүүлэх, өртөх), 8. Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл (Даатгуулагчаас бусад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох үеийн зам тээврийн осол) гэх мэт гэрээний заалтыг зөрчиж байна. Хариу албан тоотод гэрээний 5.10.а-д даатгагчид нэн даруй мэдэгдээгүй (байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Архангай аймагт 3 хоносон, өөрийн нүдээр харж автомашинд учирсан гэмтлийн оношлох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй), 8.5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж бидний нэр төрд үндэслэлгүй халдаж даатгалын гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлэх татгалзсан. Архангай аймагт болсон тус осол нь Архангай аймгийн эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан албан тоот, хавсралт зураг, автомашины гэмтэл гэх мэт олон баримтаар нотлогдож байна. Иймд хариуцагч МД ХХК-иас автомашинд учирсан хохирол болох 3,497,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч МД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр ГБ ХК-ийн өмчлөлийн Toyota land cruiser J300 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан байна. Нэхэмжлэгч нь дээрх үйл баримттай холбогдуулан даатгалын зүйлд хийсэн даатгагчийн шуурхай албаны менежерийн нөхөн үзлэгийн тэмдэглэлд, тээврийн хэрэгслийн урд буферын хуванцар тор хугарсан, урд буфер болон гишгүүр зурагдсан тухайн эвдрэлүүд хуулганы цаана биш, ил харагдахуйц байсан ба даатгалын тохиолдлын талаар 48 хоногийн дараа мэдэгдсэн тул тухайн ослын улмаас болсон нь нотлогдохгүй байна. Мөн даатгагчийн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны ... дугаар тодорхойлолтод эвдрэлийн талаар дурдаагүй юм. 2023 оны 11 дүгээр сарын 04-нд болсон гэх тохиолдлыг даатгагчид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн нь даатгалын гэрээний гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн осол болсны дараа даатгуулагч нь даатгагчаас зөвлөгөө авсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй, даатгагчид /ярианы жагсаалт зэрэг/ холбогдох баримт гаргаж өгөөгүй болно. Дараа нь нэхэмжлэгч нэмэлтээр гаргасан аман тайлбартаа тухайн үед МД биш Монре даатгалаас андуурч зөвлөгөө авсан гэх боловч мөн адил энэ талаарх баримтыг ирүүлээгүй байдаг. Мөн нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр даатгагчийн өгсөн ослын дуудлагатаа "... уулнаас гулгаж ороод хамраараа жалга руу орсон" гэж дурддаг бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч зориулалтын замаар зорчоогүй, уулан дээгүүр явж байгаад гулсан орсон үйлдэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4.17-д зам тээврийн осол гэж тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд орохыг ойлгоно. Батлагдаагүй, зориулалтын буюу баталгаат бус замаар явснаас үүдсэн болон автомашиныхаа хүч, туулах чадварыг үзэх, гол ус гатлах зэргээр автомашиндаа учруулсан хохирол хамаарахгүй" гэж заасны дагуу гэрээний эрсдэлд хамаарахгүй юм.
Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2-т "Даатгалын эрсдэлийн төрөл" гэж заасан гэрээний эрсдэл үүсээгүй, мөн дээрх гэрээний 5.10.а-д "Даатгагчид нэн даруй мэдэгдэх", мөн хуулийн 10.1.5-т ... даатгагчид нэн даруй мэдэгдэх" гэж, гэрээний 3-т "Даатгуулагч эсхүл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол" гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч "МД" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 70,902 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээ, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Архангай аймгийн Онцгой байдлын газрын албан тоотын хуулбар, гэрэл зураг, Мэжик инженеринг авто ХХК-ийн тодорхойлолт, М ХХК-ийн үнийн санал, МД ХХК-ийн нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай 2024.01.18-ны болон 2024.02.06-ны өдрүүдийн албан тоот, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.05.30-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
3.2 Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд: МД ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, гэрэл зураг,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: ХҮТ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар Хохирол үнэлсэн тухай дүгнэлт, тайлан, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар автомашины зах зээлийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Д.М, Д.Г нар нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,497,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь гэрээнд заасан нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, даатгалын эрсдэл үүсээгүй, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж, эс зөвшөөрсөн.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч МД ХХК нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... улсын дугаартай Toyota Land Cruiser-300 маркийн тээврийн хэрэгслийг, 1 жилийн хугацаагаар даатгуулах Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээгээр нотлогдож байна.
6.2 Уг даатгалын гэрээнд хураамжийн дүнг 2,833,000 төгрөг гэж заасан ба зохигч даатгалын гэрээ байгуулсан харилцаанд болон, хураамжийн талаар маргаангүй.
6.3 Даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйл, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.М нь жолоодон явж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Улаан хад гэх газар Цэнхэрийн рашаан явах замд даваа өгсөх үед автомашин замын хажуу руу гулсаж замын ангал руу орж, тэнхлэг тулж зам тээврийн осол гаргасан үйл баримт болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зохигчийн маргаангүй гэрэл зургаар нотлогдсон.
7. Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох Даатгалын гэрээний ...нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх, даатгалын эрсдэл үүссэн эсэх, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг нэхэмжлэгч бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
7.1 Зохигчийн хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр зохицуулсан байх ба тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.
7.2 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7.3 Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон.
7.4 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт даатгалын гэрээнд тусгах нөхцөлийг тусгасан ба мөн зүйлийн 431.4.2-т даатгалын эрсдэлийн нөхцөл-ийг тусгах шаардлагыг зохицуулсан.
Талуудын хоорондын байгуулагдсан Даатгалын гэрээний 1.3-т даатгалын эрсдэлд 13 эрсдэлийг даатгасан байх ба түүний 3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцох үеийн даатгалын эрсдэл /хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, онхолдох, биет зүйлд мөргүүлэх, өртөх/ зэргийг даатгасан байна.
Талууд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд даатгалын эрсдэлийг тохиролцсон байх тул 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Улаан хад гэх газарт болсон автомашин хөдөлгөөнд оролцож байх үед замын хажуу руу орж гэмтэл учирсан үйл баримтыг даатгалын эрсдэлийн төрөлд хамаарахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
7.5 Хариуцагч МД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д Даатгуулагч дараах нөхцөлүүдийг хангаагүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол: 5.10.а-д даатгалын тохиолдол бий болсон тухай Даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ даатгуулагч биелүүлээгүй үндэслэлээр мэтгэлцсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр осол болсон, тухайн үед Монре даатгалд утсаар мэдэгдсэн, 3 хоног цасан шуургатай байсны улмаас Архангай аймгаас 3 хоногийн дараа Улаанбаатар хотод ирж М ХХК-нд хуулга солиулах үйлчилгээ авахаар цаг захиалахад 2023.12.18-ны өдрийн үеийн цаг байсан, тухайн үйлчилгээ хийлгэх үзлэгээр тээврийн хэрэгслийн хуулганы цаана гэмтэл учирсан болох нь мэдэгдсэн тул тэр даруй МД ХХК-нд мэдэгдэж, даатгагч талаас ажилтан ирж үзлэг хийсэн гэж тайлбарласан.
МД ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл баримт, гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн, тус тэмдэглэлийн шуурхай албаны мэргэжилтний дүгнэлт хэсэгт: Уулнаас гулсаад цас мөргөсөн гэх дуудлагаар нөхөн үзлэг М дээр үзэв. Үзлэгээр ......урд буфер хэсэг болон нүүр сетка хугарч гэмтсэн байв...эвдрэл шинэ гэжээ./хх-ийн 59-63-р тал/
Дээрх баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нар нь ослын талаарх дуудлагыг Даатгалын гэрээнд зааснаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэдий ч нэхэмжлэгчийг тээврийн хэрэгсэл, даатгалын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйд Даатгагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. "ХҮТ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн... дугаартай үнэлгээний тайланд хохирлын хэмжээг 3,497,000 төгрөг гэж үнэлсэн байна./хх-ийн 81-90-р тал/
9. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нөхөн төлбөр 3,497,000 төгрөгийг хариуцагч МД ХХК-иас гаргуулж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 3,497,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М, Д.Г нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА