| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0253/Э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Ширэндэв,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Х.Наранзул нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чад холбогдох 1702002420023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Гадаад хэлний институтын 1 дүгээр курсын оюутан, ам бүл-2, нагац ахын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90г байрны 166 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Тугтан овогт Н.Ч, /регистрийн дугаар /,
Үйлдсэн хэргийн талаар:
Н.Ч нь 2017 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенцийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй уутны хамт 4.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн бодисоо 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны 166 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,
Мөн 2017 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны 166 тоот гэртээ НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенци”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “methyl ester of benzoylecgoninу”-ийн агууламж бүхий цэнхэр өнгийн капсуланд савласан Кока навчны кокайн гэх нэршилтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Намайг хар тамхитай тэмцэх газраас дуудаад ирж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ өгдөг өдрийн 7 хоногийн 4 дэх өдөр нь би найз залуу Ариун-Эрдэнэтэй уулзаад МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн гадаа 17-18 цагийн хооронд явж байхад зүс таних Чинбат гэх залуутай таарсан. Манай найз залуу Ариун-Эрдэнэ болохоор Чинбатыг таньдаг. Яаж танилцаж бие биенээ таньдаг болсныг нь мэдэхгүй байна. Ариун-Эрдэнэ Чинбатаас тамхи асуутал Чинбат цүнхээ ухаж байгаад цагаан өнгөтэй энгийн тамхи гаргаж ирээд Ариун-Эрдэнэд өгсөн. Ариун-Эрдэнэ уг тамхийг аваад асааж сорчихоод ямар сонин амттай тамхи бэ гэсэн. Би тэрнээс нь “би сорж үзье” гэхэд Ариун-Эрдэнэ өгөхөөр нь би сонирхоод сортол муухай амттай болохоор нь шууд газар хаясан. Гэтэл Чинбат буцааж газраас аваад яаж байгаа юм бэ, энэ чинь хэрэгтэй юм гэж хэлээд буцааж аваад далд хийсэн... Уг тамхинаас болж л миний шээснээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэж бодож байна. Манай найз Эгшиглэнд Чинбат нь хар тамхи, мансууруулах бодис өгч хэрэглүүлдэг байсан. Эгшиглэн өөрөө Чинбат хар тамхи өгөөд, хэрэглээд гэж ярьдаг байсан юм…” гэх мэдүүлэг. /хх-ийн 73-75/,
Гэрч Я.Ариун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... Би найз охин Ариунзаяатай явж байгаад танил Чинбаттай Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр байрны орчим 17-18 цагийн үед тааралдсан. Чинбат нэг залуутай явж байсан бөгөөд би Чинбаттай мэндлээд янжуур тамхи асуусан чинь эхлээд байхгүй гэснээ хэсэг хугацааны дараа “арай өөр тамхи” байгаа гэхээр нь өгчих хөгшөөн үзье гэхэд ороодог тамхи өгсөн. Тэрийг нь асаагаад сортол их гашуун хоолой хорсоод байхаар нь “энэ чинь юу юм бэ” гээд ярвайгаад сонин царайлтал Чинбат намайг шоолсон маягтай инээгээд харсан. Тэгтэл найз охин хажуу талаас наадах чинь юу юм бэ сорж үзье гэхээр нь би зүгээр л дүнсэн тамхи юм болов уу гэж бодоод найз охиндоо өгтөл Ариунзаяа аваад нэг сорсоноо бас пүү паа гээд хаясан... Уг тамхийг татсанаас болж илэрсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны 409 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Нарангийн Чинбат 2017 оны 12 сарын 18-ны өдөр” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannaabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт, тус дүгнэлтэд хавсаргасан шинжилгээний фото зургууд /хх-ийн 88-89/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай “...1-1 гэсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс /delta-9 tetrahydrocannabinol дельта-9 тетрагидроканнабинол / илэрч байна. Тугалган цааснаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Хуйлсан AK0207436 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртээс /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “3” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 цорго бүхий шилэн савнаас /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.
2 гэсэн хаягтай улаан өнгийн хуванцар гуурснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “6” гэсэн хаягтай хагархай тарианы шилнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “5” гэсэн хаягтай хар өнгийн даавуун уутанд хийсэн цэнхэр өнгийн гуурснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх дүгнэлт, шинжилгээний зураг /хх-ийн 91-97/
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02-03-243/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/
Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 102/,
Шинжээч Э. Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн шинжээч томилох тогтоолын дагуу 6 ширхэг эм мэт зүйлийг хүлээн авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторын Эмийн итгэмжэгдсэн лабораторт шинжлүүлсэн. 2018-162 дугаартай шинжилгээний хариугаар Кокайны гидро-хлоридын таних урвал өгсөн гэсэн тул үүний дагуу би шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг 6 ширхэг эм мэт зүйл нь бүгд шинжилгээнд ашиглагдсан. Би уг дүгнэлтийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үүднээс бас өөрийн эм зүйч мэргэжил, мэдлэг чадварын хүрээнд гаргасан гэж үзнэ... Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг эм мэт зүйл бол зөвхөн таних урвал хийж дүгнэлтийг гаргасан бөгөөд доторх агууламжийн хэмжээг тодорхойлох боломжгүй, дээж хүрэлцэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-107/
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дугаартай
“1.Н.Ч нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Н.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.Н.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Н.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 08 дугаар сард хэрэг хариуцах чадвартай байсан байна. 5.Н.Ч нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.Н.Ч нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7.Н.Чад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8.Н.Ч нь сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж үгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 109-110/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Я.Ариун-Эрдэнийн УЗ99072729 хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Ариунзаяа УШ00260122, 2017.12.17 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-121/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
-Ганхуягийн Номуундарийн Фейсбүүк цахим хуудсаар өсвөр насны хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг, хадгалдаг, худалдаалдаг талаар бичлэг хийсэн яриа /хх-ийн 03-08/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-25/
-мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32/
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 33-36/
-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38/
-Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц, түүнд нэгдэн орох тухай монгол улсын хуулийн хуулбар /хх-ийн 39-47/
-Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгааны материалын хуулбар /хх-ийн 50-61/
-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 62-67/
-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68-69/
-Н.Чын төрсний бүртгэлийн лавлагаа, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, гэрлэлт бүтгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 129-131/
-Н.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-133/
-ШУТИС-ийн Гадаад хэлний институтын Н.Чын талаарх тодорхойлолт /хх-ийн 137/
-ЕБС-ийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 138-141/
Шүүгдэгч Н.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би 2017 оны 08 дугаар сард ээжийн хамаатан болох Батбаяр гэх ахынд очиж амарсан. Би тэнд ойролцоогоор 20 гаруй хоносон санагдаж байна. Тэгээд хотруу гэрлүүгээ буцах замд Урьхан гэх газар бие засахаар зогссон... Би машинаас буугаад замаас холдоод бие засах гээд зогстол урд Каннабис гэх өвс ургачихсан байхаар нь 2 ишийг үндснээр нь сугалж аваад үүрч явсан цүнхэндээ хийсэн. Гэртээ ирээд цг өвсийг цонхны тавцан дээр тавиад мартсан байсан... 4-5 хоногийн дараа нөгөө өвсөө хартал хатаж шарлаад үйрчихсэн байсан... Тэгээд энгийн тамхины доторх тамхийг асгаад оронд нь уг өвсийг нунтаглаж хийгээд тамхи шиг сорж хэрэглэсэн. Тухайн үед миний сэтгэл санаа, бие организмд янз бүрийн мэдрэмж төрөөгүй. Тэгээд өвснөөсөө цагдаад баригдах хүртэлээ ганц 2 удаа сорж хэрэглэсэн. Цагдаад хураалгасан өвс бол миний түүж ирсэн өвсний үлдэгдэл байгаа юм. Хуйлсан мөнгө, тугалган цаас бас гэрт байх ширээн дээрээс хураагдсан. Уг 2 зүйлийг ашиглаад би тэр өвсийг нэг удаа сорж хэрэглэсэн бөгөөд энэ аргыг интернетэд байршуулсан байсан бичлэгээс үзсэн... Харин 6 ширхэг эм мэт зүйлийг юу болохыг мэдэхгүй байна. 2017.12.17-ны орой гэртээ орох замдаа олсон юм. Газар байхаар нь аваад сэгсэрээд үзтэл дотор нь гаа шиг цэнхэр юм харагдахаар нь авч халаасандаа хийгээд гэртээ оруулаад зурагтныхаа өмнө тавьсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Ч нь 2017 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенцийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй уутны хамт 4.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн бодисоо 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны 166 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2017 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны 166 тоот гэртээ НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенци”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “methyl ester of benzoylecgoninу”-ийн агууламж бүхий цэнхэр өнгийн капсуланд савласан Кока навчны кокайн гэх нэршилтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтууд, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Н.Ч нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Н.Ч нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, суралцаж байгаа байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Чад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Н.Ч нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенцийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенци”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “methyl ester of benzoylecgoninу”-ийн агууламж бүхий цэнхэр өнгийн капсуланд савласан Кока навчны кокайн гэх нэршилтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үлдсэнд тус тусад нь эрүүгийн хариуцалга оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг” гэж тодорхойлсон байхад хуулийн нэг зүйлийн нэг хэсэгт заасныг хоёр салгаж эрүүгийн хариуцалга оногдуулах боломжгүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Чад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлж, мөнгөлөг өнгийн цаас, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.6 гр жинтэй хар ногоон өнгийн ургамал, 10 см урттай улаан өнгийн соруул, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 4.3 гр жинтэй хар ногоон өнгийн ургамал, хар өнгийн даавуун уут, цэнхэр өнгийн соруул, орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, бонго мэт шилэн сав, OSB гэсэн бичиглэл бүхий тамхи ороох зориулалт бүхий цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Тугтан овогт Н.Чыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгч Н.Чад хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тус тус Монгол банкинд шилжүүлж, мөнгөлөг өнгийн цаас, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.6 гр жинтэй хар ногоон өнгийн ургамал, 10 см урттай улаан өнгийн соруул, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 4.3 гр жинтэй хар ногоон өнгийн ургамал, хар өнгийн даавуун уут, цэнхэр өнгийн соруул, орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, бонго мэт шилэн сав, OSB гэсэн бичиглэл бүхий тамхи ороох зориулалт бүхий цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ