Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

                                            Г.*******т  холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай       

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Хохирогч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2023/0114/Э/208/2023/0071 индекстэй, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ******* уурхайн ******* мэргэжилтэй, “******* ” хөдөлгөөнт тоног төхөөрөмж операторч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг тоот гэх газарт оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: /

Г.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч *******тэй маргалдаж түүний нүүр хэсэгт хувин шидэж цохисны улмаас хохирогчид биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхиноос дух хүрсэн оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.*******ийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд, мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдан,

Хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардпаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хохирогч ******* миний бие Мандал сум дахь сум дундын Шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолыг гардан аваад уг тогтоолыг үл зөвшөөрч хуулийн хугацаанд нь гомдлоо гаргаж байна.

Шүүхээс Г.*******т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдлөө гэж үзэж байна. 2023 оны 09 сарын 17-ны өдөр би Г.*******т зодуулснаас хойш миний бие өнөөг хүртэл дээрдэхгүй үргэлж өвчин намдаах эм хэрэглэж зовж шаналж байна. Би бодохдоо миний биед хүнд гэмтэл учирсан гэж боддог. Манайх айл аймаг улс. Г.******* болон түүний ар гэрийн хүмүүс гомдолгүй гэж хэлээд өгөөч, нүүрний чинь гоо сайханд учирсан шарх соривыг болон өвдөж байгаа бүхнийг чинь бүрэн эдгээж арилгаж өгнө, шүүх эмнэлэгт битгий үзүүл гэж гуйгаад байхаар нь би шүүх эмчид өвчин зовлонгоо хэлэхгүй нуусан.

Миний шарх бол үзүүр ирмэгтэй зүйлээр цохиулсан шарх юм. Одоо би насан туршдаа нүүрэн дээрээ ил том сорвитой, дээр нь тархи толгойны өвчтэй болж хохирч үлдэж байна. Гэтэл Г.******* өөрийн амласан миний нүүрний сорвийг арилгаж өгөх цаашид эмчилгээний зардалд анхаарах талаар юу ч өгөхгүй, хохь чинь гэх юм ярьж үл тоомсорлож харилцах болсон.

Гэтэл надад шарх соривоо арилгах, өөрийгөө эмчлүүлэх мөнгө төгрөг юу ч байхгүй, энэ хүний үгэнд хууртаж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч үлдэх болоод байгаа учраас Г.*******т маш их гомдолтой байна. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Ийм учраас Г.*******ийн үйлдсэн хэрэгт шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдлөө гэж үзэж гомдол гаргаж байна.

...Г.******* гомдолгүй гэж хэлсний дараа надтай харьцахгүй, эмчилгээний зардал өгөхгүй байгаа. Өдөр бүр миний толгой өвдөөд, ажилдаа гарч чадахгүй. Цалингаа бүтэн авч чадахгүй байна. Хохирлоо гаргуулж авмаар байна. 10.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2023.09.27-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Хялбараар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд, шүүхэд шилжүүлсэн. 2023.10.19-ний өдрийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжээр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүх эмнэлгийн 172 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй. Шүүгдэгч 5.000.000 төгрөгийг нэхэмжлэхэд нь өгсөн. Хохирогч эмчилгээний баримт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2017 оны 05 дугаар сарын 18 ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01 ний өдрөөс даган мөрдөж байнаа Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д

4.Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:

4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;

4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх гэж шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон байна.

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №50 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолоор Г.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан боловч шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж улмаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

            Гэвч анхан шатны шүүх “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлалыг батлах тухай”  Улсын дээд Шүүхийн Нийт Шүүгчдийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтад  заасан “Хохирогчид шүүх хуралдааны дэг болон эрх, үүрэг танилцуулсан баримт”-ыг хохирогчид танилцуулаагүй, түүнчлэн хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэцүү байна. Толгой оройн цагаар их өвдөнө. Өвчин намдаагч толгойны эм уугаад байгаа..., манайх цалингийн зээлтэй. Өвчлөх хугацаанд төлбөрийн чадваргүй болсон тул тэр 5,000,000 /таван сая/ төгрөгийг нь лизинг зээлээ өгөөд тиймэрхүү байдалтай байна. ...Би насан туршдаа ийм сорвитой болчихлоо...” гэх хоёрдмол утга бүхий мэдүүлгүүдийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            

 

 

                                                        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ  

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ