2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 191/ШШ2025/02273

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...  тоот хаягт оршин суух, Ш овогт С.С /РД:..../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .... тоот хаягт байрлах, МК ХХК /РД:.../-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээ цуцалсны төлбөр 109,674,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчС.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.О, Б.М нар нь хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. НэхэмжлэгчС.С нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 109,674,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: НэхэмжлэгчС.С миний бие "МК ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... дугаартай, "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ...кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, гэрээний нийт үнэ 109,674,000 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасны дагуу "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч миний хаан банкны ... дугаарын данснаас, "МК ХХК-ийн Голомт банкны ...дугаарын дансанд, гүйлгээний утга нь ... утгатайгаар, 10,000,000 төгрөгөөр, мөн өдрөө 20,000,000 төгрөгөөр, дахин мөн өдрөө 20,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөн өөрийн дээрх хаан банкны дансаар, мөн "МК ХХК-ийн дээрх Голомт банкны данс руу 14,918,500 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14,918,500 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14,918,500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14,918,500 төгрөг, нийт 109,674,000 төгрөг шилжүүлэн төлсөн. Бүр тодруулбал гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч би бүрэн биелүүлсэн.

Гэвч хариуцагч "МК ХХК нь гэрээнд зааснаар, 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж заасан боловч, ашиглалтад орох байтугай, барилгын ажил нь нь эхлээгүй, анх л суурь харагдаж байсан, одоо ч яг суурь харагдаж байгаа. Ийм байдалтай, яг хэвээрээ өнөөг хүрсэн. Иймээс талуудын хооронд байгуулсан, "Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хугацаа дууссанаас хойш буюу нэхэмжлэгч миний зүгээс, тэвчээртэй хүлээж, хариуцагч "МК ХХК-иас мөнгөө буцаан авья гэдэг хүсэлтийг амаар хэлэхэд, хариуцагч "МК ХХК нь тэгвэл гэрээгээ цуцал, гэрээ цуцалсан тохиолдолд өгсөн мөнгийг чинь 6 сарын дотор багтаан буцаагаад, нэхэмжлэгчС.С миний дансанд шилжүүлнэ гэсэн болохоор нь би мөнгөө авахын тулд, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч "МК ХХК-тай "Гэрээ цуцалсан Акт" хийсэн. Дээрх гэрээ цуцалсан актанд заасан хугацаа дууссан боловч, мөн л өнөөдрийг хүртэл хариуцагч нь мөнгийг минь буцаан шилжүүлээгүй, Ийм л бодит нөхцөл байдалтай, иргэн буюу нэхэмжлэгч намайг хохироож байна.

Иймд хариуцагч "МК" ХХК-иас 109,674,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчС.С надад даруй гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч МК ХХК нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 706,320 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээ цуцалсан акт,

3.2 Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

5. НэхэмжлэгчС.С нь МК ХХК-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт 109,674,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсны дагуу, тухайн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардсан.

 

6. Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Од шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан, хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

6.1 Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М төлөөлөгчөөр оролцох тухай итгэмжлэл ирүүлж, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэнд үндэслэн, түүний хүсэлтийг хангаж хойшлуулж, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шийдвэрлэсэн.

 

Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, гар утас руу нь мессежээр мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ.

 

6.2 Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 НэхэмжлэгчС.С, хариуцагч МК ХХК нар харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээ цуцалсан акт баримтыг үйлджээ. /хх-ийн 12-р тал/

 

7.2 Талууд Гэрээ цуцалсан актад Гэрээний нэр: Орон сууц захиалан бариулах гэрээ, захиалсан орон сууцны мэдээлэл: Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ... өрөө орон сууц, Гэрээний нийт үнэ: 109,674,000 төгрөг, Төлбөр төлсөн байдал: Гэрээ байгуулснаар гэрээний төлбөр 109,674,000 төгрөг төлсөн, гэрээ цуцлах үндэслэл: Захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн, мөн гэрээний 6.2.4 дахь хэсэгт... зааснаар суутгахгүйгээр, 6.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 180 хоногийн дотор 109,674,000 төгрөгийг Хаан банкны ...тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв гэжээ.

 

8. Дээрх баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд ...заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй...гэснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч МК ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчлөөс үүдэн талууд гэрээнээс татгалзаж, харилцан тохиролцон гэрээ цуцалсан акт үйлдсэн байх тул гэрээнээс татгалзсан гэж үзэв.

 

9. Хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын байгуулсан гэрээ цуцалсан акт зэргээр нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үүрэгт 109,674,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК нь орон сууц захиалах гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 109,674,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 706,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 706,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК-иас 109,674,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчС.Сод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 706,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 706,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчС.Сод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА