| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01563/И |
| Дугаар | 191/ШШ2025/02897 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02897
2025 04 07 191/ШШ2025/02897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух, Их монгол овогт Нарантуяагийн Долгион /РД:ТЕ04260134/,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ИМ овогт Н.Д /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.... байрлах, "ЭСК" ХХК/РД:.../-д холбогдох,
Зуучлалын хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Д,
Нэхэмжлэгч Н.Дий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц,
Хариуцагчийн хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Д, Н.Д нар нь "ЭСК" ХХК-нд холбогдуулан Зуучлалын хөлс 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Н.Д, Н.Д бид 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЭСК" ХХК-тай БНСУ-д суралцах зорилгоор нэг жилийн хэлний бэлтгэлд суралцах тус бүр 1,000,000, Солонгос улсын их дээд сургуульд зуучлах зуучлалын хөлс тус бүр 5,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгний С хөтөлбөрт суралцах гэрээ байгуулан 2022.05.27-ны өдөр гэрээний төлбөрт тус бүр 3,000,000 нийт 6,000,000 төгрөг, 2022.08.26-ны өдөр үлдэгдэл төлбөр болох тус бүр 3,000,000 нийт 6,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ цаг хугацаа алдалгүй бүрэн биелүүлсэн.
"ЭСК" ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн Солонгос улсын сургуульд зуучлах үүргээ огт биелүүлээгүй, бидний материалыг Солонгос улс руу явуулаагүй тул хэлний бэлтгэлд суралцах сургалтын төлбөрийн 2,000,000 төгрөгийг хасч тооцон зуучлалын хөлс 10,000,000 төгрөгийг шаардаж байна.
Зуучийн тал дээр хоёр хүүхэд тус бүрд нь 4, 4 сургуульд зуучилна гэж бичиг баримт материалаа бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Дараа нь ямар нэгэн байдлаар мэйл явуулаад хариу ирсэн гэдгээ хэлээгүй. Нэгэнт зуучлуулаагүй, материал яваагүй гэсэн учир зуучийн хөлсийг буцаан гаргуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан.
Гэрээнд 12,000,000 төгрөгийн задаргаа нь тусгагдаагүй боловч хамгийн анх хариуцагч байгууллагыг зориод очиход бид нарыг хүлээн авч уулзсан Анударь гэдэг зохион байгуулагч бидэнд судалж байгаа зуучлалын үйл ажиллагааг тайлбарлаж өгөөд 5,000,000 төгрөг дотор хүүхдүүдийн тухайн сургуульд орох суралцуулах, хүүхдүүдээс хамаарах бүх бичиг баримтын баталгаат орчуулга бүх зардал багтсан байдаг гэж зуучлалын төлбөрийг дурдсан. 1,000,000 төгрөг нь хоёр хүүхэд хэлний бэлтгэлээр явж болно, эсвэл хэлний бэлтгэлээ манай академид дүргээд топикийн шалгалтаа өгөөд бакалавраар явж болно, тэр бол та нарын сонголт гэж хэлсэн. Бид танай дээр хэлний бэлтгэлээр сургая гэж тохирсон. Н.М багштай холбогдоод бүх материалыг өгч байсан. Хамгийн сүүлд танай хоёрын эссэ дутуу байна гэж хэлсэн. Тэгээд эсээгээ шаардсан өдөр нь мэйл рүү нь бичээд явуулсан, Хүлээж авлаа баярлалаа гэсэн мэйлээр хариу нь ирсэн байгаа. Бичиг баримтын хувьд хугацаа алдсан гэж үзэхгүй байна.
Талуудын хооронд С хөтөлбөрт суралцах гэрээ гэх нэртэй суралцах зорилготой юм шиг гэрээ байгуулагдсан боловч доторх агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан юм. Нэхэмжлэгч нарын хувьд хамгийн гол зорилго нь хэлний хэлний сургалтад суух биш, гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах зорилготой хариуцагч компанитай анх холбогдсон байдаг. Үүнийхээ хүрээнд ч харилцан тохиролцоод гэрээг байгуулаад төлбөрөө төлөөд явсан байгаа.
Зуучлалын гэрээний гол онцлог нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тус гэрээ нь хуульд зааснаар нэхэмжлэгч нарыг гадаадын их дээд сургуультай холбож өгөх, аль эсвэл нэхэмжлэгч нарыг төлөөлөөд тухайн сургуультай холбогдоод боломжтой, боломжгүй гэдэг хариуг авах, ингэснээрээ гэрээний үүргийг биелүүлээгүй, биелүүлсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалттай байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарыг гадаадын их дээд сургуулиудтайгаа суралцуулъя гэдэг байдлаар нэг ч удаа холбогдсон удаа байхгүй. Холбогдоод боломжтой, боломжгүй гэдэг хариу ирсэн баримт байхгүй байгаа. Иймээс зуучлалын гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225.3-д зааснаар нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгсөн, авсан зүйлээ буцаан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч байгууллага нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд биш 100 хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. үйл ажиллагаагаа хоорондоо шилжүүлж ашиглуулах боломжгүй. 2022 оны 05 сард гэрээ байгуулсан, 2022 оны 08 сард үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ зөрчиж хуурч мэхэлж гэрээ байгуулж байсан байна гэв.
2. Хариуцагч "ЭСК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Суралцах гэрээ болон мэдээлэл дээр тухайн мэдээлэл байхгүй бөгөөд гэрээний 2 дугаар зүйл буюу төлбөрийн нөхцөлийн 7 заалт дээр тодорхой тусгасан. 2022 оны 05 дугаар сард Н.Д, Н.Д манай академийн 1 жилийн солонгос хэлний сургалт, Бүгд найрамдах Солонгос улс руу зуучлуулах 1 жилийн бэлтгэх хөтөлбөртэй танилцан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулах үед тус хөтөлбөрийн 50% төлбөр төлөлтийг хийсэн бөгөөд тухайн урьдчилгаа төлбөрт солонгос хэлний сургалт, хичээлээс гадуур хөгжүүлэх сургалтууд багтсан. Манай академи 1 сарын солонгос хэлний сургалт сарын 300,000 төгрөг бөгөөд суралцагчид оноо автлаа суралцах боломжтой. Тус 2 суралцагч 2022 оны 5 дугаар сарын 21-нээс эхлэн 2023 оны 3 дугаар сарыг дуустал сургалтад идэвхтэй хамрагдсан бөгөөд сургалтад хамрагдсан нь ирц бүртгэлээр нотлогдоно. Үүнээс хойш буюу 2023 оны 4 дүгээр сараас хойш сургалтад ирэхгүй байсан учир манайхаас удаа дараа сурагчид болон асран хамгаалагч болох ээж /Нарантуяа/ нарт мэдэгдсэн боловч 2023 оны 9 дүгээр сард Монгол улсын их дээд сургуулиудад суралцахаар болсон талаар хариу мэдэгдсэнээр гэрээг дуусгавар болгосон.
Нэхэмжлэгч нар нь өөрсдийн буруутай буюу материалаа хугацаандаа илгээгээгүйгээс хамааран эхний ээлжийн материал илгээгдээгүйгээс гадна хичээл таслалт ихтэй байсан зэрэг асуудлаас үүдэн зуучлах үйл ажиллагааны процесст хүндрэл учруулж байсан тул уг нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэрээгээр суралцах хугацаа болон тодорхой нарийвчилсан зохицуулалтыг гэрээгээр тохиролцоогүй. Урьдчилан тэр тухай ярилцаж хэлэлцсэн үйл баримт яг 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гэдэг агуулга гэрээнд байдаггүй. Хоёрдугаарт, Солонгос улсын их сургуульд зуучлах үүргээ огт биелүүлээгүй, бид нарын материалыг явуулаагүй гэдэг тайлбар хэлж байна. Гэтэл тэр тухай хавтаст хэрэгт нэг ч хуудас баримт байдаггүй. Харин ч үүргээ биелүүлж зохих ёсоор материалаа бүрдүүлж явуулахыг шаардаж, хугацаандаа материалаа ирүүлэхийг удаа дараа сануулж байсан мэдээллүүд нь групп чатад нь авагдчихсан байдаг. Байгууллагын зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Бичиг баримтуудаа хугацаандаа бүрдүүлж өгөөгүй.
Талуудын хооронд дан ганц зуучлалын гэрээ биш, сургалтын үйл ажиллагаанд хамруулж, гадаадын их дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө баримт бичгийг бүрдүүлэх зааварчилгаа, хэлний бэлтгэлд хамруулах төрлийн гэрээ юм. Нэг талаараа ажил гүйцэтгэх, нөгөө талаараа хуульд заасан олон талт гэрээний харилцаа юм гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн С хөтөлбөрт суралцах гэрээ, ЭСКйн нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл баримтууд, 2024.06.13, 2025.04.07-ны өдрүүдэд Н.Дөөс Ц.Нд олгосон итгэмжлэл, Ц.Нгийн депизит дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтын тухайд: Итгэмжлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, Юнион бюлдинг-ийн Түрээсийн гэрээ, ТГД:..., 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Юнион бюлдингийн Түрээсийн гэрээ, ТГД: ..., В ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан тоот, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/18 тоот албан бичгийн хуулбар, Тэтгэлэгт сурагч ирээдүй сургалт үйлчилгээний төв хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЭСКйн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан дугаар ... Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ... Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ... Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийн хуулбар, 2025.02.20-ны өдрийн О.Мөнхзулд олгосон итгэмжлэл, 2022.08.23-ны өдрийн ЭСК болон тэтгэлэгт сурагч ирээдүй сургалт үйлчилгээний төв хооронд хамтран ажиллах гэрээ, Монголоос оюутан элсүүлэх тухай гэрээ монгол, солонгос хэл дээр, Сургалт хэрэгжүүлэх хамтын гэрээ, хамтран ажиллах гэрээний оюутан элсүүлэх тухай монгол, солонгос хэл дээрх баримт, гэрэл зураг гарган өгсөн.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Боловсролын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Н.Д, Н.Д нар нь "ЭСК" ХХК-нд холбогдуулан Зуучлалын хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
5.1 Н.Д, Н.Д нар нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн Бүгд найрамдах Солонгос улсад суралцуулах, зуучлах/ гадаадын их дээд сургуультай холбож өгөх, хариуг авах/ үүргээ биелүүлээгүй, Материалыг илгээгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, зуучлалын хөлс 10,000,000 төгрөгийг буцаан шаардсан. Харин тус академид нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэл, сургалтад хамрагдахаар төлсөн 2,000,000 төгрөгийг шаардахгүй гэжээ.
5.2 Хариуцагч "ЭСК" ХХК нь гэрээнд хөлсийг задалж нарийвчлан заагаагүй, нэхэмжлэгч нар материалыг цаг тухайд нь бүрэн бүрдүүлж өгөөгүй учир гадаадын их дээд сургууль руу материал явуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
6. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 "ЭСК" ХХК, Н.Д болон Н.Д нарын хооронд Scholarship хөтөлбөрт суралцах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх-ийн 6-9, 12-15-р тал/
6.2 Scholarship хөтөлбөрт суралцах гэрээ-нд гэрээ байгуулсан суралцагч талд: Суралцагч: Нарантуяа овогтой Н.Д, С.Н овогтой Н.Д гэж, харин гарын үсэг хэсэгт: Н.У гэсэн байх ба хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт ...төрсөн эгч Н.У нь төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.
6.3 Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу хариуцагчид нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал 2022.05.27-ны өдөр тус бүр 3,000,000 төгрөгөөр 2 удаа, нийт 6,000,000 төгрөг, 2022.08.26-ны өдөр дахин 3,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Ц.Нгийн шилжүүлгийн мэдээлэл баримт, хариуцагчаас гаргасан дансны дэлгэрэнгүй хуулга баримт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна./1хх-ийн 10-11, 16-17, 156-р тал/
Төлбөрт нийт 12,000,000 төгрөг шилжүүлсэнд зохигч маргаангүй.
6.4 Харин гэрээний төлбөрийн 6,000,000 төгрөгийг хариуцагч "ЭСК" ХХК-ийн дансаар, 6,000,000 төгрөгийг ТСИА ТББ-ын дансаар тус тус шилжүүлэн авсан, тухайн шилжүүлэх дансыг хариуцагчийн тодорхойлж хэлсэн данс руу нэхэмжлэгч шилжүүлсэн гэж тайлбарладаг.
6.5 Н.Д, Н.Д нар нь ...хариуцагчийн эрхлэн явуулж буй хэлний бэлтгэл сургалтад хамрагдаж суралцаж байсан нь үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбарууд, хэрэг авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон.
Уг суралцсан үйл баримтад зохигч маргаагүй. Уг сургалтын төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөг нь маргаанд хамааралгүй. Нэхэмжлэгч нар буцаан шаардаагүй байна.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зуучлалын гэрээ байгуулагджээ.
7.1 Гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зуучлалын хөлсийг буцаан шаардсан.
7.2 Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан талаар хариуцагчид мэдэгдэж сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаагүй, хариуцагч тал энэ талаар маргаж, гэрээнээс татгалзах саналыг хүлээн авахаас татгалзсан илэрхийлэл хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно гэж заасныг дурдах нь зүйтэй.
7.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т Суралцуулагч тал болон суралцагч талыг Солонгос суралцуулах, гэрээгээр тохиролцсон хөлсийг суралцагч тал талах зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулна, 2.1-т Тэтгэлэгт бэлдэх хөтөлбөрт суралцах гэрээний нийт төлбөр 6,000,000 байна, 2.2-т Суралцагч тал гэрээний үйлчилгээний төлбөр болох 5/27 3,000,000, 8/25 3,000,000 гэрээ байгуулсан өдөр бэлнээр эсвэл дансаар төлнө, 2.3-т Суралцагч тал сургалтын хөтөлбөрөө сонгосон тохиолдолд үйлчилгээний хураамж болох 6,000,000 төгрөгийг буцаан олгохгүй болохыг гэрээний талууд харилцан тохиролцсон болно, 2.4-т Суралцуулагч тал нь суралцагч талыг хэлний бэлтгэлд хамруулж, мөн зуучлал, баримт бичгийн бүрдүүлбэрийг хийн өгөх бөгөөд тус үйлчилгээг өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хийгээгүй тохиолдолд төлбөр болох 6,000,000 төгрөгийг буцаан олгоно гэж,
Гэрээний 2.6-д Суралцуулагч талын үйлчилгээний хураамжид тухайн сургуулийн талаарх мэдээлэл өгөх, мэргэжил сонголт болон тэнхимийн судалгаа, суралцагч талын өмнөөс сургуультай /удирдагч багштай/ холбоо тогтоох, бичиг баримт бүрдүүлэх, зөвлөгөө өгөх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, суралцагчийн бичиг баримтыг сургууль руу шуудангаар илгээх, сургуулийн баталгаат урилга хүлээн авах, хариу авах, гадаад гуйвуулга хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд багтана гэж,
2.7-д Суралцагч тал апостель гэрчилгээ авахад гарах зардал, нотариат гэх мэт бичиг баримт бүрдүүлэхэд шаардагдах зардлыг дангаараа хариуцахаар тус тус тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын хүлээх үүрэг, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргээс дүгнэн үзэхэд хариуцагч тал гэрээний 2.6-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэв.
Зуучлуулах, гадаадын их дээд сургуультай холбож өгөх, баримт бичгийг илгээх, хариу авах зэрэг үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний зорилго болох Солонгос улсад суралцуулах үйлчилгээгээ авч чадаагүй учир нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаж өгсөн зүйлээ буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан, түүнчлэн гэрээг цуцалж болохгүй мөн зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хөлсийг буцаан шаардах эрхтэй.
7.4 Харин хариуцагч тал зуучлах гэрээ болох сураалцуулах сургалтын хүрээнд тодорхой хэмжээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Тухайлбал: Тус үзлэгийн тэмдэглэлд Scholarship academy Солонгос хэл анхан дунд гэх фэйсбүүк хаяг руу нэвтрэн ороход 2022.05.10-ны өдөр БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт ерөнхий заавал бүртгүүлэх шаардлагатай материалуудын жагсаалт орууллаа2022.06.06-ны өдөр гадаад паспорт, цээж зураг, багштайгаа холбогдож файл хэсэгт байгаа recommendation letter file татаж аваад явуулаарай...2022.06.12-ны өдөр материал бүрдүүлэх хуваарийг бэлдэж гаргана...2022.08.10-ны өдөр ...топикоо өгөөгүй хүүхэд байвал эрт цаг аваад онлайнаар уулзаарай... 2022.08.10-ны өдөр ...Солонгосын шилдэг 3 сургуулийн 1 Korea university 2023.03 сарын гадаад оюутны материалыг 08.10-09.01 хүртэл авна гэсэн байгаа....2022.09.24-ний өдөр ...эсээнүүдээ явуулаарай хүлээж авах сүүлийн хугацаа маргааш дуусна...зэргээр суралцагч нарт мэдээлэл хүргүүлж байсан болох нь харагдаж байна. /2хх-ийн 20-36-р тал/
7.5 Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/2071 дугаар албан бичигт ...Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.7.6 дахь заалтад Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилсан. Дээрх хууль 2001 онд батлагдсанаас хойш энэ төрлийн тусгай зөвшөөрлийг Боловсролын яамнаас аливаа аж ахуйн нэгж байгууллагад олгож ажиллаагүй байна.
Харин Боловсролын хууль /хүчингүй болсон/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх хэсэгт гадаадын сургууль, дээд сургууль, коллеж эрдэм шинжилгээний байгууллага, сургалтын төвд хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах, хяналт тавих холбогдох журмыг баталж мөрдүүлэх-ээр зохицуулсан ч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулиар дээрх үйл ажиллагааг зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил үйлчилгээнээс хассан тул уг журам батлагдаагүй байна гэжээ. /1хх-ийн 239-р тал/
"ЭСК" ХХК, Н.Д болон Н.Д нарын хооронд Scholarship хөтөлбөрт суралцах гэрээ нэртэй гэрээ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ба тухайн цаг хугацаанд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулиар дээрх үйл ажиллагааг зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил үйлчилгээнээс хассан үндэслэлээр Боловсролын яамнаас уг үйл ажиллагаатай холбоотой журам батлагдаагүй болох нь дээрх албан тоотоор харагдаж байна.
7.6 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЭСК ХХК-иас Зуучлалын гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д, Н.Д нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА