| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 101/2024/07459/И |
| Дугаар | 191/ШШ2025/02899 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02899
2025 04 07 191/ШШ2025/02899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Н /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоот хаягт оршин суух, С.Н /РД:.../-д холбогдох,
Зээлээр өгсөн барааны үнэ 2,314,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Н,
Хариуцагч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь зээлээр өгсөн барааны үнэ 2,314,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч.Н би S СП ХХК-д хувцас барааны лангуу худалдаа эрхэлж байсан. 2014-2015 онуудад хариуцагч С.Н нь лангуунаас бэлэн болон ашиг гарган зарж борлуулахаар зээлээр авсан хохирол 2018 онд Солонгос улсад байхад лангуу бараагүй болсон гэж захиалж авчруулсан 2019 онд бэлэн болон зээлийн хохирлоо төлж барагдуулаагүй 2,314,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна.
Хариуцагч С.Н нь S СП ХХК-д ажиллаж байхдаа 2014-2015 онуудад лангуунаас бэлэн авсан барааны 116,000 төгрөг лангуугаа чөлөөлж болиход зарахаар зээлээр авсан зарагдсан барааныхаа төлбөр 498,000 төгрөг, 2018оны 10-р сарын 17нд Солонгосоос захиж авчруулсан хувцас бараагаа Баянзүрх дүүрэг, 15-р хороо 72-р байр 91 тоот өөрийн гэртээ хүлээн аваад зарагдсан барааныхаа төлөөгүй 1,200,000 төгрөгний хохирол, С.Н нь 2019 оны 5-р сарын 24-ний өдөр утсаар холбогдон гуйж охин Б.Номуударь дансаар зээлж авсан 250,000 төгрөг. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөр 500,000 төгрөг. Нийт 2,564,000 төгрөгнөөс 250,000 төгрөгийг өгсөн тул үлдэх 2,314,000 төгрөгийн хохиролыг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хариуцагч С.Н нь Солонгос Улсаас захиж авсан зээлээр борлуулж буцааж төлөх барааныхаа хүлээн авсан баримтыг хайгаад олохгүй байгаа гэсээр нэг ч барааг буцааж өгч, тооцоо нийлээгүй орхигдуулсан байдаг. Гэтэл бараа авсан баримтаа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хайж олсон гээд эх хувиар нь авчирсан тул 477,000 төгрөгөөр нэхэмжлэлээ ихэсгэж байна гэжээ.
2. Хариуцагч С.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Н нь 2014 оны 01 сараас СП ХХК-д цахилгааны инжежерээр 2015 оны 2 сар хүртэл, 2016 оны 1 сараас 2019 оны 01 сарын 18 хүртэл ажиллаж байсан. Нэхэмжлэгч Ч.Н нь 2018 онд өмнө нь лангуу түрээсэлж байсан тоолуураа авхуулах гэсэн юм гэсэн хүсэлтийн дагуу анх танилцаж байсан.
Би иргэн Ч.Нын нэхэмжлэлтэй танилцахад зарим бичсэн зүйл нь огт үндэслэлгүй байна. Үүнд: Миний бие С.Н нь СП ХХК-д ажиллаж байхдаа 2014-2015 онуудад лангуунаас бэлэн авсан барааны үнэ 116,000 төгрөг авсан гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2014-2015 оны хооронд Ч.Ныг танихгүй, бөгөөд энэ хүнээс ийм бараа авч байгаагүй. Ч.Нын нотлох баримт болгож байгаа баримтыг харахад он сар байхгүй, миний нэрийг засварласан, утасны дугаарыг нэмж бичээд давхарласан бичсэн байгаа учир энэ баримтыг хуурамч гэж үзэж байна.
Лангуугаа чөлөөлж буулгахад зарахаар зээлээр авсан зарагдсан барааныхаа төлбөр 498,000 төгрөг гэсэн байна. Би энэ бичсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь СП ХХК-тай хийсэн түрээсийн гэрээгээр бол Ч.Нын лангуугаа буулгах үед би СП ХХК-аас гарсан байсан. /Нотлох баримт нь нийгмийн даатгалын хуулбар/ Ч.Н хэдэн оны хэдэн сард лангуугаа буулгасан нь тодорхойгүй бөгөөд бараа материалын жагсаалтанд он сар өдөр байхгүй миний нэр байхгүй байна. Охин О.Нийн дансаар 250,000 мянган төгрөг шилжүүлж зээлсэн нь үнэн бөгөөд 100,000 болон 150,000 мянгаар нь 2 хувааж төлсөн нь үнэн.
2018 оны 10 сарын 17-нд Солонгосоос захиж авчруулсан хувцас бараагаа ...тоот өөрийн гэртээ хүлээн аваад зарагдсан барааныхаа төлөөгүй 1,200,000 төгрөг гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Н өөрөө надад хүсэлт тавьж, та хэдэн бараа аваад Сандэй худалдааны төвд танил талаараа дамжуулан зараад дүүдээ тус болооч гэсэн юм. Би хүнд тусалъя гэж бодоод хүсэлтийг нь хүлээж авсан. Манайх 2018 оны 10 сарын 17-нд ...тоотод амьдарч байгаагүй. (Баримтыг хавсаргав.)
Харин ...тоотод амьдардаг байсан. 2018 оны 10 сарын 2-5 ны хооронд (Нэхэмжлэгчийн баримтанд байсан чатуудыг хавсаргав) надаар дамжуулан заруулахаар ярилцаж байсан бараагаа авахаар тохирч Ч.Н нь манай гэрт ирээд бид хоёр Ч.Нын гэрт нь 2018 оны 10 сарын 7 нд очиж барааг авсан бөгөөд тухайн үедээ би ноорог цаасан дээр /бараа зарж байгаагүй учир /хэдэн воний үнэтэй ямар үнээр зарах талаар бичиж авсан он сар өдөртэй нь баримт байгаа. (Баримтыг хавсаргав). Үүнээс хойш сарын дараагаар СП ХХК-ний удирдлага солигдоод би ажил дээрээ үргэлжлүүлэн ажиллах үгүй нь тодорхойгүй байсан ба энэ үеэр 2018 оны 11 сарын 29-нд хүү маань нас барж би сэтгэл санааны гүн цочролд орсон. (Баримтыг хавсаргав). 14 хоногийн дараагаар БЗД 4-р хороо цэргийн хотхон суврага гудамж 4-46 тоотоос нүүх шаардлагатай болж айлд гэрийн тавилга болон бусад зүйл, Ч.Наас авсан бараагаа мөн айлд хурааж миний бие өөрөө айлаар амьдарч байсан. Тухайн үед ажлын байр тодорхойгүйгээс гадна, сэтгэл санааны асар хүнд хямралтай байсан учраас Ч.Наас авсан барааг зарах ямар ч боломжгүй байсан төдийгүй анх хүлээлцэж авсан баримтаа хаана хийснээ мэдэхгүй байсан.
Манайх 2019 оны 2 сард битүүний өдөр ...тоотод ирж амьдрах болсон. Ч.Н энэ хаяг дээр байх үед 2019 оны 9 сард ирж бараагаа аваад явсан бөгөөд бид хоёр тооцоо нийлж хүлээлцээгүй. (Тухайн үед ирж бараа авахад би хүү охины хамт гэртээ байсан) Гэтэл бараагаа авч явсны 3 сарын дараагаар надаас 500,000 мянган төгрөг шууд нэхэж эхэлсэн.
Анх надаас энэ мөнгө нэхсэн байхаар нь айлд хураалттай байх үед дундаас нь алга болсон байх магадлалтай гэж үзэн баримтаа олж тооцоо нийлсний дараа хэрвээ алдагдсан тохиолдолд л буцааж төлнө гэж бодоод нэхсэн мөнгийг нь өгөөгүй. Түүнээс хойш тэр надруу яриад олон удаагийн давтамжтайгаар мөнгө нэхсэн. Би хариу өгөөгүй учир нь баримт нь олдохгүй байсан бөгөөд би тус авсан бараанаас огт зараагүй. (Тооцоо хийж авсан баримтыг алга болгосон талаар чатыг хавсаргав) 2024 оны 7 сарын 5-ны өдөр би бараа хүлээж авсан нотлох баримтаа олсон. Би Ч.Наас бараа авсан нотлох баримтаас харахад 2018 оны 10 сарын 07-ний өдөр төгрөгний бараа авсан байна. Гэтэл Ч.Н 2018 оны 10 сарын 17-нд 1,200,000 төгрөгний барааг миний амьдарч байгаагүй хаяг дээр надад хүлээлгэж өгсөн мэтээр гүтгэж байгаад харамсаж байна.
Нэхэмжлэгч Ч.Н бараа зарж өгөөч гэж гуйж, бараагаа өгсөн бөгөөд бараагаа буцаагаад авсан. Харин нэхэмжлэгч Ч.Н нь тооцоо нийлээгүй байж, үндэслэлгүй мөнгөн дүн нэхэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн шаардлага 477,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 51,974 төгрөг, 14,960 төгрөг тус тус төлсөн баримт, цахим захидлын хуулбар хвиар гаргасан баримтууд, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 2 Ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтын хуулбар, дансны хуулга, 2024.08.26-ны өдрийн Ч.Наас О.Эд олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох тухай хүсэлт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтын тухайд: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, барааны уагсаалт эх хувь, өргөлөд, өргөдлийн хариу, цахим захидлын хуулбар, Түрээсийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч С.Нд холбогдуулан зээлээр өгсөн барааны үнэ 2,314,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.
5.1 Хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэсэн шардлагын дүн буюу 477,000 төгрөгийг өөрт байгаа баримтын хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг ...бараа өгсөн, авсан талаар тооцоо нийлсэн баримтгүй, нэхэмжлэгчээс гаргасан баримтууд нь шаардлага хангахгүй засвартай, үйл баримтууд худал...үндэслэлээр эс зөвшөөрсөн.
5.2 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1.2014.09.14-ний өдөр лангуунаас зээлээр авсан барааны үнэ 116,000 төгрөг, 2. 2018.10.07-ны өдөр лангуугаа чөлөөлж, үлдсэн бараанаас зээлээр авч, зарагдсан бараагаа буцааж өгсөн. Түүний зарагдсан барааны үнэ 498,000 төгрөг /хятад бараа гэх, хх-ийн 24/, 3. Мөн 2018.10.17-ны өдрийн солонгос барааны үнэ 1,200,000 төгрөг/хх-ийн 46/, 4. Хууль зүйн туслалцаа үзүүлсний хохирол 500,000 төгрөг, 5. 2019.05.24-ний өдөр охин Б.Нийн дансаар дамжуулан зээлдүүлсэн 250,000 төгрөг,/хариуцагч 250,000 төгрөгийг төлсөн гэжээ/ 5. Хэрэг хянан шийдвэрлэх жиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлээр өгсөн барааны үнэ 477,000 төгрөгөөр ихэсгэсэн.
Нийт 2,791,000 төгрөгийг нэхэмжилжээ. /шүүхэд анх гаргасан 2,314,000 төгрөг+нэмэгдүүлсэн 477,000 төгрөг/
5.3 Хариуцагч нэхэмжлэгчтэй 2018 онд танилцсан...түүнээс өмнө таньдаггүй байсан нь тус газар ажилд орсон хугацааг илэрхийлэх нийгмийн даатгалын тодорхойлолтоор нотлогдоно...СП ХХК-д 2018.10.07-ны өдөр үлдэгдэл барааг зараад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн 2018 оны 11 сард хүүгээ гэнэт алдсаны улмаас эд хогшилоо амбаарт хурааж, айлд амьдарч байж байгаад 2019 оны 01 сард Баянзүрх дүүрэгт 72-91 тоотод нүүж ирсэн. 2019 оны 07 сард нэхэмжлэгч өөрөө цүнхтэй бараагаа ирээд аваад явсан. 3 сарын дараа надаас бараа дутуу байна гэж 500,000 төгрөг нэхсэн. Би тухайн үед норог цаасны ард тооцоо хийж тэмдэглэсэн баримтыг сүүлд олж шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтдаа үндэслэж нэмэгдүүлсэн 477,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх шаардлаыг зөвшөөрөхгүй гэв.
6. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг бөгөөд мөн зүйлийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж тус тус зааснаар зохигчийн хооронд хэлцэл байгуулагдсан байна.
Хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх талаар Иргэний хуульд дараах байдлаар зохицуулсан байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.8 дахь хэсэгт Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Нын бараагаа зээлээр өгч, хариуцагч С.Н нь худалдан борлуулсаны дараа барааны үнийг буцаан төлөх санал-ыг хариуцагч хүлээн зөвшөөрч 2018.10.07-ны өдөр бараа шилжүүлсэн өгсөнд зохигч маргаагүй тул тухайн цаг хугацаанд хамаарах үйлдлийн тухайд зохигчийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн байна.
7. Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн Иргэний хуулийн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний шинжийг илүү агуулсан харилцаа үүссэн гэж үзэв.
7.1 Нэхэмжлэгч 2018.10.07-ны өдөр үлдэгдэл бараагаа хариуцагчид шилжүүлэн өгсөн, хожим бараагаа буцаан авч, зөрүү барааны үнэд нийт 477,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн./хх-ийн 46-р тал баримтын эх хувь/
7.2 Нэхэмжлэгч нь охин Б.Нийн дансаар 2019.05.24-ний өдөр 250,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгч зээлдүүлсэн гэх шаардлагыг нэхэмжлэлдээ багтаасан боловч нийт нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 250,000 төгрөг төлсөн гэж хасч тооцсон, харин хариуцагч уг зээлийн дүн болон мөнгө зээлсэн, буцаан төлсөнд маргаангүй байна. Иймд шүүх уг маргаагүй үйл баримт болох 250,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэнд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
7.3 Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсан, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Ч.Наас О.Эд олгосон итгэмжлэл аавагдсан.
Хэрэгт авагдсан баримтар нэхэмжлэгч Ч.Ныг өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэж үзэх, О.Эг өмгөөлөгч гэх, түүнчлэн хөлс төлсөн гэж үзэх баримтгүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2 дахь хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй, 227.3 дхь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар уг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
7.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар хариуцагчийн маргаж буй үйл баримт, маргаантай шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргийг өөрөө хүлээх тул энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзнэ.
Шүүх хэрэгт цугларсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг баримтлан нотлох баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар өөрийн тэмдэглэлийн дэвтэр дэх гар бичмэл, хуулбаруудыг гарган өгсөн нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь хариуцагч тал маргаантай байгаа учир шүүх талуудын хэн алины гарын үсэг зурагдсан, тооцоо нийлсэн, бараа хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт, огноо дугаар ач холбогдолтой байх юм.
7.5 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрч буй дүнг болох 477,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,974+14,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,960 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нгаас 477,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,314,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,974+14,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА