| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2303005150442 |
| Дугаар | 2024/ДШМ/97 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/97
Н.Хт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Н.Х,
хохирогч О.Н,
иргэний нэхэмжлэгч Э.Ш,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2303005150442 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Х
урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/274 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнийн 02 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын зам “Сонголт” караокены урд “Nissan Tiida” маркийн 000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч бетонон хана мөргөж, зорчигч Э.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Т, О.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Б-аас 972,020 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс)-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 7,150,000 төгрөгийг гаргуулан О.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Хаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Х нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг бөгөөд эх Д.Э ажилгүй, дүү Н.Х эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ байдаг бөгөөд манай ээж байнга асарч, би дүүгийнхээ эмчилгээ, эм тариа болон гэр орныхоо хоол хүнс, бусад хэрэглээг ажил хийж зохицуулдаг юм.
2. Миний ажлын газар одоогоор Хан-Уул дүүргийн Бага тэнгэрийн аманд байгаа, ахын ажлын газар нь А дүүргийн 00 дүгээр хороо, 1-000 тоотод байдаг тул би гэрийн хаяг, ажлын газрын хаяг, ахын ажлын газар очиход Сүхбаатар дүүргийн нутгаар дамжин өнгөрдөг, мөн ажлын багаж, хэрэгсэл авдаг газар Сүхбаатар дүүрэгт байдаг. Түүнчлэн эхнэр 4 сартай жирэмсэн, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хяналтанд ордог, би байнга хамт явдаг юм. Надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргээр тогтоосон нь миний амьдралд маш хүнд тусч байгаа тул нутаг дэвсгэрийн хэмжээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. Эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.
3. ...би өвчтэй дүүгээ эмнэлэгт үзүүлж, эм тариаг нь авч өгөн дүүгээ асардаг юм.
4. Тухайн үед Н арын суудлын голд суугаад намайг “чи ингэж яв, тэгж яв” гээд үг хэлээр дайраад миний мөр хэсэгт цохиж, гарнаас татсанаас болж машины хүрд зүүн тал руу буюу түүний татсан тал руу дарагдаж машин зам дээр эргэлдэж, замын боржур мөргөн осолдсон. Би болсон асуудлаа мөрдөн байцаалтад үнэн мэдүүлсэн. Шүүх хуралдаанд гэрчээр Ш, Т нар оролцохоор ирсэн боловч оролцуулаагүй тул болсон асуудлыг шүүх нягталж үзээгүй.
“Nissan Tiida” маркийн 000 УАА дугаартай автомашин нь манай ахын машин тул машиныг журмын хашаанаас гаргаж өгнө үү.
Хохирлын асуудлыг үнэн зөвөөр шийдэж, осол гарахад нөлөөлсөн шалтгааныг нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Н нь миний гарнаас татаагүй бол осол гарахгүй байх байсан гэдгийг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Хохирогч О.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Хын гараас татаагүй. Осол болсноос 3, 4 хоногийн дараа Н.Хтай ярьсан бичлэгийг цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Н.Х миний буруу гээд бичлэгийг үзүүлээгүй. Одоо бичлэг нь байна. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон үеийг сайн санахгүй байна. О.Н, Н.Х нар хоорондоо маргалдаад байсан. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шууд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хэрэг болох үед хамт байсан Т, Ш, О.Н нарын мэдүүлгээр хохирогч О.Н нь шүүгдэгч Н.Хын гараас татсан үйл баримт тогтоогдоогүй. Хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Н.Х нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай. Ажлын байр нь аль дүүрэгт байрладаг талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Хт холбогдох 2303005150442 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Х нь 2023 оны 8 дугаар сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “Nissan Tiida” маркийн 000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар шөнийн 02 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын зам, “Сонголт” караокены урд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч бетонон хана мөргөж, зорчигч Э.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Т, О.Н нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Н.Хыг драйгер багаж ашиглан шалгахад 1,01% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/,
хохирогч О.Ны: “...машинд суухад Х жолоочийн суудал дээр, хажуу талд нь Ш, хойд суудал дээр Т сууж байсан. ...Тэгээд Х машин жолоодож хөдлөөд Зурагтын эцсийн тэнд байдаг CU-ын урд зогсоод Х-тай хамт CU орчихоод гарч ирсэн. Би юу авч гарч ирснийг нь хараагүй. Тэгээд машиндаа суугаад зам руу ороод хүчтэй хаазлаад дээшээ Буурал ээж дэлгүүр рүү хурдан давхисан. Тэгээд бид нар “болиоч ээ, удаан яваач ээ” гэж хэлсэн. Тэгээд нэг эргэлт таарах үед машин замаас гараад бүтэн эргээд зогссон. Тэгээд би нэг ухаан ороход зам дээр хэвтчихсэн, намайг Х- сэрээх гэж оролдож байсан. ...осол болоход Х жолоо барьж явсан. Х, Ш, Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Х- болохоор эхлээд тэр гуравтай уулзсан байж байгаад над дээр ирсэн юм. Би гэмтлийн тэнд найзынхаа гэрт нь нэг аяга пиво уусан байсан. Х, Т, Ш нарыг хэр их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг бол би мэдэхгүй байна. ...” /хх-ийн 19/,
хохирогч Г.Тын: “...Х ахынхаа машинтай явж байсан. Тэгээд Хын машинд сууж хуучин Буурал ээж дэлгүүрийн тэнд хүний хоёр лааз пиво уусан. Тэгээд байж байхад Х- нэг найзтайгаа ирсэн. Тэр найзтай нь танилцахад Н гэж байсан. Тэгээд 00 цагийн үед Зурагтын эцсийн тэнд байдаг CU дэлгүүр рүү Ш бид хоёр ороод хоёр том пиво аваад гарч ирсэн. CU дэлгүүрээс гарч ирээд Хын жолоодож явсан машины хойд суудал дээр Н-гийн хоёр талд Ш бид хоёр суусан, урд суудал дээр Х- суугаад Х машинаа жолоодоод хөдөлсөн юм. Тэгээд буцаад Буурал ээж дэлгүүрийн зогсоол орох гээд явж байхад нэг тойрог хэсэг дээр ирэх үед Х хурдан яваад байсан. Гэхдээ би хурдыг нь бол хараагүй, ямар ч байсан нэлээн хурдтай яваад байсан. Тэгэхэд Н Хыг зөөлөн яваач гээд хойноос нь татсан, нэг мэдэхэд Х машинтайгаа замын хажуу талыг мөргөөд онхолдох шиг болсон. Машин эргээд зогссон байсан. Тэгээд би ухаан балартсан бөгөөд сэргээд харахад Н, Ш хоёр машинаас шидэгдээд машины зам дээр хэвтэж байсан. ...” /хх-ийн 23/,
гэрч Б.Х-гийн: “...Х, Ш, Т нартай уулзах гэж хуучнаар Буурал ээж дэлгүүрийн тэнд очсон. Очиход Х ахынхаа машинтай байж байсан. Тэгээд тэнд хэсэг сууж байгаад Зурагтын эцсийн тэнд CU дэлгүүр орсон юм. Тэгээд би Хын хамтаар орж хоёр том пиво аваад буцаад машинд суугаад Х машинаа жолоодоод ...Буурал ээж орох гээд өгсөх замд нэг тойрог хэсэг дээр ирэх үед нэг мэдэхэд онхолдсон байсан. Би тухайн үед доошоо хараад утсаа оролдоод явж байсан юм. Тэгээд нэг ухаан ороход осол болсон байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Тэгээд харахад Н гадаа газарт зам дээр хэвтэж байсан. Тухайн үед хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Н Хыг жаахан удаан яваач гэж хэлж байхыг бол би сонссон, араас нь татаж чангаасан эсэхийг бол би мэдэхгүй, хараагүй. Тухайн үед Х яг тэр тойрог хэсэг дээр ирэх үед хаазаа нэмээд хурдаа ихэсгэсэн. Гадаа бороо орсон халтиргаатай байсан болохоор эргэлт хэсэг дээр гулгаад онхолдсон байх. ...” /хх-ийн 33/,
иргэний нэхэмжлэгч Э.Шын: “...Тухайн үед Х ахынхаа машиныг унаад явж байсан юм. Тэгээд зурагтын хуучин эцсийн тэнд байдаг CU дэлгүүр орж 2 том пиво авчихаад буцаад анх уулзсан газар руугаа явж байсан юм. Тухайн үед Х машин бариад явж байсан, тэгээд дээшээ өгсөх тойрог хэсэг дээр ирэх үед гэнэт машин бөгсөө хаяад эргэлдээд яваад өгсөн, цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа юм. Тухайн үед Х осол болохоос өмнөхөн хальт хаазаа гишгээд машин хурдан явж мэдрэгдсэн. Тэгээд яг эргэлт хэсэг дээр л нэг мэдэхэд осол болсон байсан. Нэг сэрэхэд түргэний машин ирчихсэн байсан. ...” /хх-ийн 17/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Бы: “...Тухайн машин нь миний машин байгаа юм. ...Х бид хоёр үеэлүүд байгаа юм. Тухайн үед би хөдөө ажлаар явсан байсан. Тэгээд ойр зуур явахдаа унаж байгаарай гээд машиныхаа түлхүүрийг үлдээсэн байсан юм. ...” /хх-ийн 26, 38/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...гэмт хэргийн улмаас хохирогч О.Н /781,020 төгрөг/, Г.Т /369,000 төгрөг/ нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх-ийн 31/ гэх мэдүүлгүүд,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 9836 дугаартай: “...Э.Шын биед нуруунд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 41-42/,
9838 дугаартай: “...Н.Хын биед баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 45-46/,
9806 дугаартай: “...О.Ны биед өвчүү ясны хугарал, баруун гуя, шилбийг хамарсан хууларсан шарх, баруун чихний ард язарсан шарх, зүүн дал, сарвуу, өвдөг, баруун алга, өвдөгт зулгаралт, баруун гуянд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 49-50/,
9834 дугаартай: “...Г.Тын биед зүүн гарын дунд хурууны алга ясны хугарал, дух, баруун чамархай, шанаа, хүзүү, хоёр чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 54-55/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны 1005 дугаартай: “...Жолооч Н.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 62-64/,
Г.Т, О.Н нарын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 80, 81/,
тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 89/,
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 23-1/1998 дугаартай “...Н.Хын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй (тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй) байна” гэсэн албан бичиг /хх-ийн 98/,
хохирогч О.Ны хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 85-86/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Н.Хын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч бетонон хана мөргөж, зорчигч Э.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Т, О.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Н.Хын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас Н.Хын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хоёр жилийн хугацаагаар оногдуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Н.Хын гаргасан ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Н.Хын гаргасан гомдлын “...“Nissan Tiida” маркийн 000 УАА дугаартай машиныг журмын хашаанаас гаргаж өгнө үү...” гэх хэсэг нь энэхүү хэрэгт хамааралтай биш, зохих журмын дагуу шийдвэрлэгддэг асуудал байна.
Хохирогч Г.Т нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч О.Ны эмчилгээний төлбөрийг шүүгдэгч Н.Х нь төлж барагдуулжээ.
Харин, Шүүхийн шинжилгээний байгууллага[1] нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч О.Ны сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийн зэргээр сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүх “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно., “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно...” гэж тайлбарлажээ.
Хохирогч О.Н нь сэтгэл санаанд учирсан хор уршгаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Иймд О.Ныг сэтгэцийн эмгэгтэй болсон гэж дүгнэж, сэтгэцэд учирсан хор уршигт 7,150,000 төгрөгийг гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Н.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
[1] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журам” тушаалын 2.1 дэх хэсэг
[2] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.1 дэх хэсэг.
[3] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.2 дахь хэсэг.