Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2025/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ын

Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга

Гуравдагч этгээд: гийн нарын хооронд үүссэн багийн Засаг дарга сонгохтой холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц. цахимаар, гуравдагч этгээд Б. түүний өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Айраг нуур багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.ыг Айраг нуур багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргахыг даалгах.

2. Хэргийн нөхцөл байдал: Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж багийн Засаг даргад Н., Б., А., Ч.******* нарын 4 иргэн өрсөлдсөнөөс Б. 42 иргэний буюу 34.4 хувь, Н. 41 иргэний буюу 33.6 хувийн санал авсан гэж үзэж тооллогын комиссын тогтоол гарснаар Б.******* Айраг нуур багийн Засаг даргад томилуулахаар уламжилсан байна.

3. Нэхэмжлэгч нь: Айраг нуур багийн Засаг даргыг сонгох санал хураалтад хамгийн олон буюу 41 иргэний 33.6 хувийн саналаар ялсан боловч нэр дэвшигч Б.******* 42 иргэний буюу 34.4 хувийн санал авсан гэж үзэж Айраг нуур багийн Засаг даргад томилуулахаар уламжилсан нь хууль бус гэж, хариуцагч нь тооллогын комиссын тогтоолыг үндэслэж томилуулах саналыг уламжилсан гэж, гуравдагч этгээд нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж багийн Засаг дарга болсон. Тооллогын комиссын тогтоол үнэн зөв гэж тус тус маргаж байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур 2-р багийн ИНХ нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж багийн Засаг даргын сонгуулийг явуулсан. Тус хуралдаанаас иргэн Н. миний бие, Б., А., Ч.******* бид 4 багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн. Багийн ИНХ-ын хуралдаанд оролцсон иргэдээс миний бие 41 санал, иргэн Б. 40 санал, иргэн А. 32 санал, иргэн Ч.******* 8 хүний санал авснаар миний бие хамгийн олон санал авч багийн Засаг даргаар сонгогдсон болно. Гэтэл тухайн хуралдааны тооллогын комиссын гишүүд болох иргэн Ш.*******, О.*******, Д.*******, Ш.*******, н.******* нар нь тооллогын комиссын тогтоолыг уншихдаа иргэн Б.******* авсан 40 санал дээр хүчингүй саналын хуудас 1, иргэн А.ын саналын хуудаснаас 1, нийт 2 саналыг хууль зөрчин нэмж уншсан болно. Ингэснээр А.******* саналын хуудас 42 болж тухайн иргэнийг багийн Засаг даргаар сонгогдсон тухай ИНХ-ын хурлын шийдвэр гарсан. Иймд дээрх сонгуультай холбоотой хууль зөрчсөн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж иргэн Н. миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Н. нь Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар иргэн А.******* багийн Засаг даргаар тооцсон тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн Н. миний биеийг багийн Засаг даргаар олон санал авч сонгогдсонд тооцох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: … Сонгино сумын Айраг нуур багийн Засаг даргад иргэн Н., иргэн Б., иргэн А., иргэн Ч.******* нар нэр дэвшин өрсөлдсөн. Айраг нуур багийн хуралдаанаас тооллогын комиссын даргаар Ш.******* гишүүдэд О.*******, Д.*******, Ш.*******, Н.******* нар сонгогдон ажилласан. Тооллогын комиссын дарга Ш.******* тооллогын дүнгээр иргэн Б. 42 санал, Н. 41 санал, А. 31 санал, Ч.******* 8 санал авсан гэж багийн хурал дээр саналын хуудасны дүнг иргэдэд танилцуулсан. Энэхүү тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн Б.******* багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №03 тоот тогтоолыг үйлдэн багийн хуралд танилцуулан багийн иргэдээр санал нэгтэйгээр батлуулсан. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №03 тогтоолыг ИНХ-ын дарга миний бие нь дур мэдэн хүчингүй болгох боломжгүй. ИНХ-ын дарга Ц. миний бие багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн Н.ыг багийн Засаг даргаар томилсон тогтоол үйлдэх боломжгүй гэжээ.

7. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн хурал 2025.03.20-ны өдөр болж, багийн хурлаар багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга сонгохоор хуралдсан. Айраг нуур багийн Засаг даргад Н., Б., А., Ч.******* нар нэр дэвшин өрсөлдсөн. Айраг нуур багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комиссын даргаар Ш.*******, гишүүд О.*******, Д.*******, Ш.*******, Л.******* нарын 5 иргэнийг томилон ажиллуулсан. Нийт 122 иргэн сонгуульд саналаа өгснөөс тооллогын дүнгээр Б. 42 санал, Н. 41 санал, А. 31 санал, Ч.******* 8 санал тус тус авсныг тооллогын комиссын дарга Ш.******* танилцуулж, багийн ИНХ-ын дарга Ц. тогтоол үйлдэн багийн хуралд танилцуулсан. Багийн Засаг даргаар миний бие сонгогдсоныг багийн иргэд санал нэгтэйгээр гар өргөн баталсан. Тооллогын комиссын бүх гишүүд саналын хуудсыг дамжуулан хэд хэдэн удаа давтан тоолж тоог баталгаажуулан гарын үсгээ зурсан. Ийнхүү багийн хурал 16 цаг 30 минут орчимд тарсан. Орой 21 цагийн үед иргэн Н. маргаан гарган охин Б.*******гийн (Сумын ИТХ-ын туслах ажилтан) албан тушаал, ажлын байрны давуу байдлыг ашиглан саналын хуудсыг тооллогын комиссын гишүүд болон харгалзах албан тушаалтангүйгээр дахин задлан тоолж будилуулсан. Энэ үедээ саналын хуудсанд өөрчлөлт оруулсан, хуудас сольсон, дур мэдэн засварласан байх магадлалтай. Миний бие Айраг нуур багийн даргад нэр дэвшин шударга өрсөлдөн багийн Засаг даргаар сонгогдсон тул багийн иргэд Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж бодож байна. Мөн иргэн Н.ыг багийн Засаг даргад томилох үндэслэлгүй гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох Н.ыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс энэ шаардлагатай холбоотой баримтуудыг бүрэн гаргаагүй. Ямар үндэслэлээр олонхын санал авсан гэж үзэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Тайлбарласан үндэслэлийг харахаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.2 дугаар зүйлийн 56.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглээд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан “иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны “Айраг нуур багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.ыг Айраг нуур багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1 Нэхэмжлэгч Н. нь Айраг нуур багийн Засаг даргын сонгуульд 41 иргэний санал, гуравдагч этгээд Б. 40 санал, А. 32 санал, Ч.******* 8 иргэний санал авсан ба нэхэмжлэгч нь миний бие хамгийн олон санал авснаар багийн Засаг даргаар сонгогдох байтал тооллогын комиссын тогтоолыг уншихдаа иргэн Б.******* авсан 40 санал дээр хүчингүй буюу нэрийн ард зөвлөсөн 1 саналын хуудас, иргэн А.ыг дугуйлсан саналын хуудаснаас 1, нийт 2 саналыг нэмж Б.******* саналын хуудас 42 болж багийн Засаг даргаар сонгогдсон тухай иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарсан нь хууль бус гэж маргаж байна.

3.2 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “…, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, … олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заажээ.

3.3 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Айраг нуур багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 122 иргэн бүртгүүлж 122 саналын хуудас бөглөгдсөн ба 41 иргэн Н.ыг дэмжиж саналаа өгсөн байна. Гуравдагч этгээд Б.******* дэмжсэн 41 саналын хуудас байна. Үүнээс 1 саналын хуудсыг нэрийн өмнөх тоог дугуйлаагүй хойно нь зөвлөж тэмдэглэгээ хийсэн байна. Мөн тооллогын комиссын тогтоолд 31 санал авсан гэж тэмдэглэсэн иргэн А.ыг дугуйлсан 32 саналын хуудас, иргэн Ч.*******ыг дугуйлсан 8 саналын хуудас, нийт 122 саналын хуудас байна.

3.4 Дээрх саналын хуудасны дугаарлалтыг тооллогын комиссын гишүүн Ш.******* гараар үйлдсэн ба тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ саналын хуудасны дугаарлалтыг би бичсэн. Саналын хуудасны дугаарлалтууд бүгд миний бичиг мөн байна гэж тайлбарлаж байх тул гуравдагч этгээдийн маргаж буй хяналтын тооллогын явцад саналын хуудсанд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

3.5 Айраг нуур багийн Засаг даргыг сонгох саналын хуудасны санамжид нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлахаар заасан ба шүүхийн үзлэгийн явцад гуравдагч этгээд Б.******* нэрийн ард зөвлөсөн тэмдэглэгээ хийсэн 1 саналын хуудас байх ба тооллогын комиссоос уг саналын хуудсыг хүчинтэйд тооцсон тул уг саналын хуудас ороод Б.******* дэмжсэн саналын тоо 41 байх ба тооллогын комиссын тогтоолд Э. 42 иргэний санал авч 34.4%, Н. 41 иргэний санал авч 33.6%, А. 31 иргэний санал авч 25.4%, Ч.******* 8 иргэний санал авч 6.6% гэж тус тус тэмдэглэсэн байна.

3.6 Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.ыг 41, Б.******* нэрийн ард зөвлөсөн саналын хуудсыг оруулаад 41, А.ыг 32, Ч.*******ыг 8 иргэн дэмжиж нийт 122 иргэн Айраг нуур багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь ч хуульд заасан олонхын буюу 50+1 хувийн санал аваагүй байхад уг хэргийн гуравдагч этгээд Б.******* хамгийн олон буюу 42 иргэний санал авч 34.4 хувиар ялалт байгуулсан гэж үзэж Айраг нуур багийн Засаг даргад томилуулахаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч Н.ыг Айраг нуур багийн Засаг даргад сонгогдсонд тооцсон шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1 Нэхэмжлэгч нь Айраг нуур багийн Засаг даргад өрсөлдөж иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон 122 иргэний 41 буюу 33.6%-ийн санал авснаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т  заасан “… Хуралд оролцсон иргэдийн, … олонхын /50+1/ санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” шаардлагыг хангаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

4.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан ба нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь заалтад заасан дахин санал хураалт явуулах зохицуулалтын талаар маргаагүй тул энэ асуудалд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтад заасныг баримтлан Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны “Айраг нуур багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.ыг Айраг нуур багийн Засаг даргаар сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Сонгино сумын Айраг нуур багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР