2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... хаягт оршин суух, Ш овогт С.Н /РД: ./-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, Б овогт Ж.О /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие С.О нь хамаатны дүү болох Ж.Отай 2016 оны үед Хаан банканд теллер хийх үеэс холбоотой байж гэр орноор орж гардаг байсан юм. Удаа дараа манай гэрт ирж надтай уулзаад дансанд байгаа мөнгийг чинь хүүтэй өсгөж өгье мөнгө зээлээч гэж гуйх болсон. Энэ гуйлтын дагуу 2016.04.22-ны өдөр 40,000,000 төгрөгийг Ж.Од өгөхийг зөвшөөрсөн.

Ингээд сумынхаа банкнаас 40,000,000 төгрөгийг авч хамтдаа Улаанбаатар хотод ирж, Худалдаа хөгжлийн банканд очиж данс нээн Ж.Оын шилжүүл гэсэн дансруу 2016.04.22-ны өдөр 3000 доллар, 2016.05.22-ны өдөр 10,000 доллар тус тус шилжүүлсэн.

Үүнээс хойш зээлсэн мөнгө болон хүүгээ нэхэхээр удахгүй өгнө гээд байдаг байсан ба 2016.12.19-нд уулзаж нотариат орж зээлсэн 30,000,000 төгрөг болон 13,000 доллар /тэр үеийн ханшаар 20,000,000 төгрөг/ буюу нийт 50,000,000 төгрөгийг зээлсэн талаар гэрээ байгуулж авсан юм. Тус гэрээ дээр 2016.12.19-c 2017 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүүтэйгээр буцаан төлөх нөхцөлтэй хийсэн. Зээлийн хугацаа дуусахад Зээлсэн мөнгө болон хүүгээ төлөөгүй тул дахин 2017.07.25-ны өдөр уулзаж гэрээгээ сунгаж хугацааг 2018.05.01-ний өдрийг хүртэл хийсэн. Гэрээний хугацаа дуусч зээлсэн мөнгө болон хүүгээ авъя гэхээр удахгүй өгнө түр хүлээж бай гээд өгөхгүй байгаад байсан.

Нийт зээлсэн мөнгө 50 сая төгрөг, 2016.12.19-2018.05.01-ний өдрийг хүртэл зээлийн хүү 16,000,000 төгрөг болсон буюу нийт 66,000,000 төгрөг болж байна. Үүнээс 2020 онд 10,000,000 төгрөг, 2022.12.29-нд 5,000,000 төгрөг, 2023.09.25-нд 5,000,000 буюу нийт 20,000,000 төлж 46,000,000 төгрөг үлдээд байгаа юм.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр болох нийт 46,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хариуцагч Ж.О нь 2016 онд нэхэмжлэгчээс хорин сая төгрөг зээлэн, форексийн арилжаа хийлгүүлэхээр Т.Д гэх хүнд түүний арилжаа хийхдээ ашигладаг "Avatrade" гэх Ирланд улсын Дублин хотод байрлах компанийн дансанд шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь надтай адил нөхцөлөөр Т.Д гэх хүнд Форексийн арилжаа хийлгүүлэхээр өөрийн нэрээр 13,000 америк долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар мөн тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, Т.Д гэх хүнд нэхэмжлэгч нь 13,000 америк долларыг, хариуцагч нь 20 сая төгрөгийг тус тус Форексийн арилжаа хийлгүүлэхээр шилжүүлсэн болно. Гэтэл дээрх этгээд нь арилжааны явцад алдагдал хүлээж, бидний шилжүүлсэн мөнгийг алдсан гэх ба уг этгээд нь мөн оны 10 сар орчимд нас барсан тул дээрх мөнгийг бидэнд буцаан өгөх боломжгүй болсон байдаг.

Дээрх Форексийн арилжаа хийлгүүлэх хэлцэлд талууд өөр өөрсдийн талыг төлөөлөн оролцож, тус тусын шийдвэрийг гаргаж, Т.Д гэх хүнд мөнгө шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч болон Т.Д нарын хооронд зээлсэн гэх 13,000 америк долларын хэлцэлд миний бие оролцоогүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул түүнийг буцаан төлөх үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгчээс зээлсэн 20 сая төгрөгийг хариуцагч нь бүрэн буцаан төлсөн болохыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нотлох баримтаар ирүүлсэн түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ төрлийн форексийн бизнес нь өөрөө ихээхэн эрсдэлийг дагуулдаг тул өөрийн хийсэн хөрөнгө оруулалтын шийдвэр, үүссэн алдагдалд хэн нэгнийг буруутган, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282.4-т заасныг зөрчиж буй үйлдэл юм. Иргэний хуульд зааснаар зээлийг бодитой шилжүүлэн өгөөгүй учир хариуцагч хариуцах үндэслэлгүй юм.

Иймд дээрх хуулийн заалтыг зөрчсөн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 387,950 төгрөг төлсөн баримт, Б.Бд олгосон итгэмжлэл, С.О, Ж.О нарын үйлдсэн гар бичмэл, Ж.Оын гар бичмэл, дансны дэлгэрэнгүй хуулга, 2016.04.22, 2016.05.22-ны өдрийн гадаад шилжүүлгийн даалгавар, С.Оы орлогын ордер баримт, 2016.12.19-ний огноо бүхий гар бичмэл

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримтын тухайд: хариуцагчийн Б.Мд олгосон итгэмжлэл,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Р.Д, Ж.О нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ж.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1 С.О нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон: ... Ж.Оын гуйлтын дагуу 2016.04.22-ны өдөр 40,000,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрсөн...сумынхаа банкнаас 40,000,000 төгрөгийг авч хамтдаа Улаанбаатар хотод ирж, Худалдаа хөгжлийн банканд очиж данс нээн Ж.Оын шилжүүл гэсэн дансруу 2016.04.22-ны өдөр 3000 доллар, 2016.05.22-ны өдөр 10,000 доллар тус тус шилжүүлсэн...мөнгөө өгөөгүй тул нотариат орж гэрээ байгуулж авсан...нийт 40,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөг болгон өсгөж өгөх, зээлсэн мөнгө 50,000,000 төгрөгийн 2016.12.19-2018.05.01-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 16,000,000 төгрөг нийт 66,000,000 төгрөг болж байна. Үүнээс 2020 онд 10,000,000 төгрөг, 2022.12.29-нд 5,000,000 төгрөг, 2023.09.25-нд 5,000,000 нийт 20,000,000 төлсөн тул үлдэх 46,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

5.2 Хариуцагч Ж.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан: 2016 онд С.О, Ж.О/нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг зээлдэн авч/ нар нь тус бүр 20,000,000 төгрөгийг форексийн арилжаа хийлгүүлэхээр Т.Д гэх хүнд түүний арилжаа хийхдээ ашигладаг "Avatrade" гэх Ирланд улсын Дублин хотод байрлах компанийн дансанд шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч нь адил нөхцөлөөр Т.Д гэх хүнд Форексийн арилжаа хийлгүүлэхээр өөрийн нэрээр 13,000 америк долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, өөрийн зээлэн авсан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, түүний хүү, алдангийг тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан, харин үлдэх 20,000,000 төгрөг нь Р.Д, С.О нарын хоорондын зээлийн гэрээний харилцаа тул хариуцах үндэслэлгүй, бодитоор тухайн мөнгийг хүлээн аваагүй үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

6. Зохигч 2016 онд нэхэмжлэгч С.Оаас хариуцагч Ж.Оын зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримтад маргаангүй./хх-ийн 7-8-р тал/

 

7. Харин С.О нь Ж.Од зээлийн гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, хүү, алданги тохиролцсон эсэх, хариуцагч зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн үүрэг хүлээх эсэхэд маргаантай.

 

7.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч татгалзлаа шүүхэд нотлох баримтаар нотлох үүргийг өөрсдөө хүлээх зохицуулалттай.

 

Шүүх хэрэгт цугларсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг баримтлан нотлох баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэдэг.

 

7.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 онд нийт 40,000,000 төгрөгийг зээлдүүлж 50,000,000 төгрөг болгон өсгөж буцаан авахаар тохиролцсон гэж тайлбарлан хэрэгт зохигчийн хооронд үйлдсэн гар бичмэлүүдийг гарган өгсөн байна. /хх-ийн 4-6, 41-42-р тал/

 

Нэхэмжлэгчээс шүүхэд баримтаар гарган өгсөн гар бичмэлүүдийг он цагийн дарааллаар дурдвал:

 

1.2016.12.19-ний өдрийн огноотой гар бичмэлд: С.О нь Ж.Од 50,000,000 төгрөгийн зээлийг 2016.12.19-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүүтэй 2017.05.01-ний өдөр буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээл олгов. Зээлийг хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 0,1 хувийн алданги тооцно. Зээлдүүлэгч С.О, зээлдэгч Ж.О гэжээ. /хх-ийн 5, 41-р тал/

 

2. 2017.07.25-ны өдрийн гар бичмэлд: С.О нь Ж.Од 50,000,000 төгрөгийн зээлийг 2017.05.01-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүүтэй 2018.05.01-ний өдөр төлөх нөхцөлтэйгөөр зээл олгов. Энэхүү зээлийг 2016.12.19-ний өдөр хийсэн гэрээгээр төлөх нөхцөлтэй байсан боловч төлж чадаагүй учир хугацааг сунгав. Зээлдүүлэгч С.О, зээлдэгч Ж.О гэжээ. /хх-ийн 4, 42-р тал/

 

3. 2019.03.03-ны өдөр: С.О эгчээс Ж.О миний бие 2016 онд форекс арилжаа хийдэг хүнд хөрөнгө оруулалт хийхээр 40 сая төгрөгийг зээлэн авч иргэн Р.Дд өгсөн. Тэр хүн нь 2016 оны 10 сард нас барсан тул Ж.О миний бие төлөхөөр болсон юм. Үүн дээр банкны хүүг нэмж төлнө. 2016 оноос тогтсон ажилгүй явсан тул төлж барагдуулж чадаагүй. Одоо 2019 оноос ажилтай болсон тул хувааж төлөхөөр тохиролцов. Банкны хүү 18 сая төгрөгний хүү нэмж төлнө. Ж.О гэжээ. /хх-ийн 6-р тал/

 

7.3 Нэхэмжлэгч мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ Хэнтий аймгийн Батширээт сумын банкнаас 40,000,000 төгрөгөө авч, хариуцагчийн хамт Улаанбаатар хотод ирэн, найман шарга зах орж төгрөгөө вальют болгон худалдаа хөгжлийн банканд гадаад данс нээлгэж Ж.Оын шилжүүл гэсэн дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 13,000 доллар шилжүүлсэн миний мөнгийг өсгөж өгнө, эрсдэлийг өөрөө хариуцна гэж хэлсэн ...эхний удаа мөнгөө өгсний дараа банк орж шалгахад мөнгө өсч байгаа харагдсан. Сүүлд очиж шалгах гэтэл кодыг нь өөрчилсөн байсан...Р.Д гэх хүнийг танихгүй...Ж.Отай хамт гурвуулаа нотариат орж гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргадаг.

 

7.4 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг он цагийн дарааллаар үнэлэв. С.О, Ж.О нарын хооронд 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг үүргийг хариуцагч буцаан төлсөнд маргаагүй.

 

7.5 Иргэний хуулийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оыг мөнгө буюу маргаантай 20,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Од шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байна. Уг үйл баримтад зохигч маргаж, хариуцагч эс зөвшөөрч байх тул нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн үйл баримтаа нотлох баримтаар шүүхэд нотлох үүргийг хүлээнэ.

 

7.6 Харин хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн С.О, Р.Д нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 2016.07.25-2016.12.25-ны өдрийг хүртэл, 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй нөхцөлөөр, 20,000,000 төгрөгийг Р.Дд шилжүүлэн өгөхөөр тохирсон болох нь нотлогдож байна. /хх-ийн 43-р тал/

 

7.7 Түүнчлэн 2016.04.22-ны өдөр 3000 доллар, 2016.05.22-ны өдөр 10,000 долларыг тус тус С.Оы нэрээр/гарын үсэг зурсанд маргаагүй/ Barclays банкны тоот дансанд шилжүүлсэн гадаад шилжүүлгийн даалгаврын баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч уг 13,000 долларыг тухайн үеийн ханшаар тооцож 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. /хх-ийн 9-10-р тал/

 

Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нийт 40,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөг болгон өсгөж өгөхөөр тохирсон, зээлдүүлсэн 50,000,000 төгрөгийн 2016.12.19-2018.05.01-ний өдрийг хүртэлх зээлийн хүү/хадгаламжийн хүүгээр тооцсон/ 16,000,000 төгрөг нийт 66,000,000 төгрөг гэж, үүнээс төслөн 20,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 46,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг хариуцагчид нийт 40,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.8 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба 2016.04.22, 2016.05.22-ны өдрүүдэд нэхэмжлэгч гадаад шилжүүлгийн гүйлгээ хийгдсэнээс хойш хожим хүү, алданги тохирсон баримтууд үйлдсэн, шүүх маргааны эхлэл болох харилцааг /маргаантай 20,000,000 төгрөгийн хувьд/ зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн тул хүү, алдангийг тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Оы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА