| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/02042/И |
| Дугаар | 191/ШШ2025/03005 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/03005
2025 04 09 191/ШШ2025/03005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эмэгтэй, А овогт Г.З /РД .../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байрлах, Э.М ХХК /РД:.../-д холбогдох,
Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, О.Ц нар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Г.З нь Э.М ХХК-нд анх 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг байгуулж, "Хүний нөөцийн хэлтсийн дарга" гэх ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй.
Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байтал 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1, 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон "Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Згийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Г.Згийн ажиллаж байсан Хүний нөөцийн хэлтсийн дарга ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно.
Мөн "Э.М" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нөгөө талаар компанийн үйл ажиллагааны гол цөм нь хүний нөөц бүрдүүлэлт, боловсон хүчний суудал байдаг тул миний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй юм. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо миний ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг надад танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан уу, өөр ажлын байртай нэгтгэгдсэн үү зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон миний хөдөлмөрлөх үндсэн эрхийг тус тус ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэн "Э.М" ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2023 оны 03 сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцсэн...Комиссын бүрэлдэхүүн ажлаа хийж байсан ажилтнуудаа бүтцийн өөрчлөлт нэрээр халж, сонгон шалгаруулалт хийсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг дахин харах шаардлагатай, мөн талууд харилцан тохиролцож, эвлэрэх боломжгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн агуулга бүхий 30 дугаар хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан.
Хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хууль бус шийдвэрийг гаргасан. Тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэн батлагдсантай холбогдуулаад хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Згийн ажлын байр хасагдсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэдэг нь өөрөө тухайн ажлын байр үгүй болж, чиг үүрэг нь байхгүй болсон гэж ойлгоно. Гэтэл Г.Згийн ажиллаж байсан хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзэж байгаа юм.
Э.М ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлсон бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх үүрэгтэй. Э.М ХХК нь тус хамтын гэрээ хэлэлцээр биелүүлж үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээр хийнэ гэсэн зохицуулалтыг биелүүлээгүй нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна.
Мөн нөгөө талаар нэгэнт бөөнөөр халах үйл явдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81.5-д заасны дагуу тухайн ажил олгогч бөөнөөр халснаас хойш 1 жилийн дотор шинээр бий болсон эсвэл нэмэгдсэн ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тусгагдсан тухайн хүн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүслээр эхний ээлжид авч ажиллуулах үүрэгтэй байгаа. Гэтэл Г.Згийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох шийдвэр Б41.. тоот шийдвэр дуусгавар болох шийдвэр гарахаас өмнө буюу 14 хоногийн өмнө 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд шууд сонгон шалгаруулалтыг зарлаад, дараагийнх нь авчихсан байдаг.
Э.М ХХК-ийн хувьд стандартын дагуу хэлтсийн дарга нарыг менежер гэдэг нэршил рүү оруулсан. Стандартад зааснаар хүний нөөцийн менежер нь аж ахуйн нэгж байгууллагын боловсон хүчнийг хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлогыг төлөвлөх, удирдах, зохицуулах үйл ажиллагаа явуулна. Гүйцэтгэх ажлуудын хувьд аж ахуйн нэгж байгууллагууд боловсон хүчний хөдөлмөрийн харилцааны бодлого үйл ажиллагаа хэрэгжилтийг төлөвлөх, удирдах, зохицуулах чиг үүрэгтэй.
Иймд Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 08-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлын 2021 оны ... дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.4 дэх хэсэгт заасан "Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах" зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн ... дугаар тогтоолоор "Э.М" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "Э.М" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.
Дээрх тогтоолуудад үндэслэн "Э.М" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тушаалаар "компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба Хүний нөөцийн хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар Хүний нөөцийн хэлтсийн дарга"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан.
Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Г.Зд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот албан бичгээр, 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд Э.М" ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.
Г.З нь тус компаниас нээлттэй зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт "хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах"-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тушаалаар Г.Згийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Г.Згийн ажиллаж байсан Хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Г.Згийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 08-ний өдрийн ... тоот тушаалын хуулбар, итгэмжлэл, Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтын хуулбар хувь, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 30 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Э.М ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дипломын хуулбар, Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн дипломын хуулбар, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хуулбар, төрийн албан хаагчийн анкет,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: итгэмжлэл, Э.М ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 08-ний өдрийн ... тоот тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 06 Хэлцэл, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ... Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, хавсралт, Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар .. Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 426 Э.М ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Э.М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 56 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар ... Э.М ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, Албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл, Э.М ХХК-ийн болон Э.М ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Э.М ХХК-ийн ажилтнуудын тэтгэмжийн жагсаалт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 62 Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Э.М ХХК-ийн гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлэх тухай, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар ... Э.М ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, О.Тд олгосон итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар .. нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Э.М ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар .. Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Э.М ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам батлах тухай тушаалын хуулбар, Э.М ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Э.М ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, Э.М ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын дүн/ахлах менежер, ахлах мэргэжилтэн/, ярилцлагын шалгалтын дүн, тайлан, гэрч Д.Нийн мэдүүлэг,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Э.М ХХК-нд холбогдуулан Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг урьд ажиллаж байсан Хүний нөөцийн хэлтсийн дарга-ын ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, хуульд заасан журмаар мэдэгдээгүй, бөөнөөр халах үеийн журмыг хэрэгжүүлээгүй, бөөнөөр халах үеийн зохицуулалт явагдаж байгаа тохиолдолд ижил төстэй ажлын байрыг санал болгох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж тодорхойлжээ.
6. Хариуцагч Э.М ХХК нь компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан, улмаар холбогдох тогтоол, тушаалуудад үндэслэн " Хүний нөөцийн хэлтсийн дарга"-ын ажлын байрны орон тоо хасагдсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Г.З нь "Э.М" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай Г.Згийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар "Хүний нөөцийн хэлтсийн дарга"-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь тушаал, тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 35-р тал/
7.2 Нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, тайлбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 1-2, 17-21-р тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасантай нийцжээ.
7.3 Хариуцагч Э.М ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичгээр ажилтан Г.Зд мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг, 80.4 дэх хэсэг, Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хүний нөөцийн хэлтсийн дарга Г.З танд энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
...Хүний нөөцийн хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан та Э.М ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам-ын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (ЭМГЛ-14/ХГ дугаар)-г 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 95-р тал/
7.5 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор "Э.М" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, тогтоолын 3 дахь заалтаар дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд тус тус даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 50-59-р тал/
7.6 Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоолоор хариуцагч компанийн орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоожээ. /хх-ийн 60-р тал/
7.7 "Э.М" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба Хүний нөөцийн хэлтсийн дарга-ын ажлын байр хасагдсан, харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгосон болох нь тушаалууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 35-36, 37-41-р тал/
7.8 "Э.М" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Г.Згийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ... тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, Компанийн тухай хуулийн 83.1, Э.М ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай" 144 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг тус тус үндэслэжээ. /хх-ийн 35-р тал/
7.9 Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н нэхэмжлэгч Г.З нар нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 06 дугаартай хэлцэл байгуулж, талууд мэдэгдэл өгсөн асуудлаар хэлэлцэж, ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцласны тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж нийт 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хэлцэл нэртэй баримтаар нотлогдсон. /хх-ийн 36-р тал/
7.10 Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гүйцэтгэх захирлын шийдвэрээр ... ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг хүргүүлснийг дурдаад, жагсаалтыг хүргүүлсэн, жагсаалтын 24 дэх мөрөнд нэхэмжлэгчийн нэр багтсан байна.
8. Хариуцагч Э.М ХХК нь нэхэмжлэгч Г.Зтай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэлцэл хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна.
8.1 Хэрэгт авагдсан баримт, тушаал шийдвэрээр Хүний нөөцийн хэлтэс нь хэлтсийн дарга-1, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн-1, сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтэн-1, хүний нөөцийн мэргэжилтэн-1 нийт 4 орон тоогоор ажиллаж байсныг, Хүний нөөцийн удирдлагын хэлтэс болж өөрчлөн хүний нөөцийн хэлтсийн менежер-1, хүний нөөцийн судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтэн-1, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1, хүний нөөцийн хөгжил, бүртгэл мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтэн-1 нийт 4 орон тоогоор баталсан болох нь нотлогдож байна. Хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан байна.
8.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч Г.Зд ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэлд хүний нөөцийн хэлтэс нь өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан, өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох, хэрэв оролцоогүй, тэнцээгүй тохиолдолд түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах-ыг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй байна.
Дээрх мэдэгдэлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа үндэслэлийг ажилтанд ойлгомжтой тусгаагүй, өөрөөр хэлбэл ажлын байр хасагдсан үндэслэлийг дурдаагүй, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэж тусгасан нь хуульд зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн гэх үндэслэлгүй байна.
8.3 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаарх мэдэгдлийг 47 ажилтанд хүргүүлсэн байх ба тус үйл явц хөдөлмөрийн хуульд заасан бөөнөөр халах харилцаа явагдсанд зохигч хэн аль нь маргаагүй.
Харин ажил олгогч хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн гэж, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан асуудлыг хэлэлцээгүй гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж заасан.
Ажилтнуудаас гаргасан шаардлагын дагуу, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл уулзалт хийж зарим асуудлуудыг хэлэлцсэн болох нь Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн тэмдэглэлүүд, шаардлага хүргүүлэх тухай бичиг, тайлбаруудаар нотлогдсон./1хх-ийн 147-154, 188-р тал/
Ажил олгогчийн зүгээс дээрх хэлэлцээрээр шинээр бий болсон ажлын байрны шаардлагыг хангаж байгаа ажилтнуудад ажлын байр санал болгоогүй, нэмэгдсэн орон тоонд бөөнөөр халагдаж байгаа ажилтнуудаас эхний ээлжид авч ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох шаардлага тавьсныг хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
8.4 Нэхэмжлэгч тал ажлын байрны зөвхөн нэршил л өөрчлөгдсөн гэж тайлбарлаж өөрийн урьд ажиллаж байсан "Хүний нөөцийн хэлтсийн дарга-ын ажлын байрны чиг үүрэг нь хүний нөөцийн хэлтсийн менежер-ийн ажлын байрны зарим чиг үүрэгтэй адил гэж тайлбарлаж, хариуцагч тал хүний нөөцийн хэлтсийн дарга-ын чиг үүрэг байхгүй болсон гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан "Хүний нөөцийн хэлтсийн дарга-ын болон хүний нөөцийн хэлтсийн менежер-ийн ажлын байрнуудын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд: /1хх-ийн 74, 104-р тал /
Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалын зорилго нь нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн бодлого боловсруулж, нэгдсэн удирдлагаар хангах, тайлагнах, чадварлаг ажилтнуудыг татах, тогтоон барих, нэгдлийн хэмжээний хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх, оновчтой систем боловсруулж хэрэгжүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангах, удирдлагыг хүний нөөцийн зөвлөгөө, мэдээллээр хангах гүйцэтгэлийн үр дүнг газрын захирлын өмнө хариуцах, харин хүний нөөцийн хэлтсийн менежер албан тушаалын зорилго нь Нэгдэл болон компанийн уурхайчдын ажлын хүнд хортой нөхцөлийг тодорхойлох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бодлого боловсруулах, албан хаагчдын нийгмийн байдалд судалгаа хийх, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх гэж тус тус заасан байна.
Дээрх 2 албан тушаалын зорилт, чиг үүргийн хувьд хүний нөөцийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжилтийг нь хангах, судалгаа хийх, зөвлөгөө өгөх, чадварлаг ажилтнуудыг татах, тогтоон барих зэрэг зарим чиг үүргүүд давхацсан гэж үзэх үндэстэй.
Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байр үгүй болж хасагдсан боловч түүний оронд шаардлага хангаж буй бусад ажлын байранд орж ажиллах боломжийг ажилтанд олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт заасан ажилтны эрхийг зөрчсөн байна.
9. Иймд Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан хүний нөөцийн хэлтсийн дарга албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд ажил олгогч эгүүлэн авах үүрэгтэй талаар зохицуулж, мөн зүйлийн 61.2 дахь хэсэгт Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж тус тус заасанд нийцүүлэн ажилтны зөрчигдсөн эрхийг ажил олгогч сэргээх нь зүйтэй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг ажлаас чөлөөлөгдөх хугацааны өмнөх 3 сарын дунджаар тооцох нь зүйтэй. /хх-ийн 209-р тал/
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас 143,618,277 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /2023.01-5,100,727, 2022.12-8,199,146, 2022.11-3,241,875 төгрөг, нийт 16,541,748:3=сарын дундаж цалин 5,513,916:21.5=өдрийн дундаж цалин 256,461 төгрөг, хугацаа: 26 сар 1 хоног, 143,361,816+256,461/
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 876,041 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Зг Э.М ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 143,618,277 төгрөгийг гаргуулсугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Згийн 2023.02.08-ны өдрөөс 2025.04.09-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э.М ХХК-нд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 876,041 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА