| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03636/И |
| Дугаар | 191/ШШ2025/03027 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03027
2025 04 10 191/ШШ2025/03027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, ТЗ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ /...байрлах/-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Голомт банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "ТЗ" ХХК, Н.Б нарт холбогдох, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 769,904,142.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан "...төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө" гэж заасан ажиллагааг явуулаагүй.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцож тогтоосон гэх боловч төлбөр төлөгч "ТЗ" ХХК-ийг төлөөлж захирал Н.Баас үнийн санал авсан хэдий ч, Н.Бы өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 270 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, ... тоот ипотекийн гэрээгээр ... тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ... тоот ипотекийн гэрээгээр ... тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, ... улсын дугаартай "Lonking" маркын... онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай механизм, ... улсын дугаартай ... арлын дугаартай, caterpillar 320dl, экскаваторын Зориулалттай механизм үэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч иргэн Н.Баас үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу мэргэжлийн байгууллага үнэлнэ гэж заасан. Мэргэжлийн байгууллага гэдэг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээг тогтоодог байгууллага, мэргэшсэн байгууллага юм. Өнөөдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханш ямар байна гэдгийг судалгаатай, тооцоотой үнэлээд судалдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн хөрөнгө үнэлэх гэдэг нь тухайн үеийн зах зээлийн ханшийг тогтооно гэсэн агуулга байгаа. Гэтэл ТЗ ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад зах зээлийн үнэ тогтоогдоогүй.
Төлбөр төлөгч ТЗ ХХК-ийн захирал Н.Б тухайн үед зах зээлийн үнэ гэдгийг ойлгоогүй тухайн үед шууд бичээд өгсөн. Хавтаст хэргийн 118-119 дүгээр талд байгаа үнэ бол тухайн үед бичиж өгсөн үнэ. Н.Б буюу ТЗ ХХК-ийн захирал би үүнийг тухайн үед зах зээлийн үнийг бичиж өгөөгүй, тухайн өдөр шууд бичсэн гэдэг. Тухайн зах зээлийн үнэлгээг тэр өдөр ямар ханштай байгаа юм, тухайн үл хөдлөх хөрөнгүүд зах зээл дээр ямар ханштай байгааг судлах боломж байгаагүй, мэдэхгүй.
Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Гэхдээ зөвхөн ... 270 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгчихсөн учраас энэ байран дээр тогтоосон үнэлгээнд маргаангүй. Одоогийн байдлаар төлбөр авагчдад шилжүүлээд авчихсан байгаа. Зөвхөн ... 30 метр квадрат 1 өрөө орон сууц байгаа. Нөгөө нь ... тоот хаягт байрлах 33,8 метр квадрат 1 өрөө 2 орон сууцын харилцан тохиролцсон гэх үнэлгээ болох 81 тоотын 119,000,000 төгрөг 87/байна. 15 тоотын 120,000,000 төгрөг харилцан тохиролцсон гэх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар "ТЗ ХХК, Н.Б нараас 732.873.813 төгрөгийг гаргуулж "Голомт банк" ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Н.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байршилтай 270 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ...33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, ... улсын дугаартай ... арлын дугаартай Lonking маркийн ... ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, ... улсын дугаартай ... арлын дугаартай caterpillar ... эсковаторын зориулалттай шар өнгийн механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байршилтай 270 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцуудыг битүүмжилж, хураан авч ИХ 177 дүгээр зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэлгээг талуудад мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Өнөөдрийн байдлаар төлбөр авагч "Голомт банк" ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ... улсын дугаартай ... арлын дугаартай Lonking маркийн ... ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, ... улсын дугаартай ... арлын дугаартай caterpillar ... эсковаторын зориулалттай шар өнгийн механизм зэрэг хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаа явагдаагүй, хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хуульд нийцэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаa хуулийн дагуу явагдсан мөн хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7, 55.3-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй байх тул нэхэмжлэгч "ТЗ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.21-ний өдрийн 01243 дугаар захирамжийн хуулбар, албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, мэдэгдэх хуудас, ТЗ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнийн тухай албан бичиг, Голомт банк ХК-ийн үнийн санал илгээх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн албан тоотууд, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.06-ны өдрийн нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, 2024.06.27-ны өдрийн нэхэмжлэл, хүсэлт, мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Итгэмжлэл олгосон албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар ... шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.21-ний өдрийн ... дугаар захирамжийн хуулбар, мөн шүүхийн 2021.08.13-ны өдрийн дугаар албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, Голомт банк ХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Голомт банк ХК-ийн гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, хүсэлт, итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар ... дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, байгууллага, иргэн болон эд хөрөнгийн лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, техникийн тодорхойлолтууд, 2021.10.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.10.15-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021.11.03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тэмдэглэл, тодорхойлолт, зарлан дуудах мэдэгдэл, тэмдэглэл, 2022.04.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.04-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,тэмдэглэл, 2022.04.05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мэдэгдэл, тэмдэглэл, 2022.08.26-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, итгэмжлэл, тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдэл, 2023.01.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах туха тогтоолууд, мэдэгдэх хуудас, тэмдэглэл, үнийн тухай албан бичиг, Н.Бы үл хөдлөх хөрөнгийн үнийн тухай хүсэлт, тэмдэглэл, Голомт банк ХК-ийн үнийн санал илгээх тухай албан бичиг, тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, тэмдэглэлүүд, 2023.02.28-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ТЗ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээг хүчингүй болгуулах тухай гэж тодруулж байна.
5.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөр төлөгч үнийн саналыг бичгээр гаргахдаа зах зээлийн үнэлгээ гэж ойлгоогүй бичгээр гаргасан, шийдвэр гүйцэтгэгч зах зээлийн үнэлгээг харилцан тохиролцсон үндэслэлээр үнэлж ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн гэж, хариуцагч эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн өөрийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн үндэслэлээр эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Т.Мтай 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж шүүхэд гэрээг бичгээр гарган өгсөн. Шүүх 2025.01.29-ний өдрийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хэргийн материал танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, дахин өмгөөлөгч өвчтэй үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэнд үндэслэн шүүх хуралдааны товыг өөрчилсөн, 2025.02.26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр өмгөөлөгч дахин хүсэлт ирүүлсэн, 2025.03.27-ны өдөр нэхэмжлэгч тал үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээр өмгөөлөгч Т.Мгаас татгалзаж, өөр өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Харин 2025.04.10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
7.1 Гомдол гаргагч, нэхэмжлэгч ТЗ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, зах зээлийн үнэлгээ тогтоогдоогүй үндэслэлээр маргасан.
7.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гаргана гэж тус тус заасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01243 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ТЗ ХХК, Н.Б нараас 730,834,978.19 төгрөгийг Голомт банк ХХК-д төлж барагдуулах, хэрэв тохирсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол ... тоот улсын бүртгэлийн дугаартай Н.Бы өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 270 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, ... тоот ипотекийн гэрээгээр ... тоот улсын бүртгэлийн дугаартай Н.Бы өмчлөлийн Нийслэлийн ... тоот хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, ... тоот ипотекийн гэрээгээр ... тоот улсын бүртгэлийн дугаартай Н.Бы өмчлөлийн Нийслэлийн ...тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, ... тоот барьцааны гэрээгээр ... улсын дугаартай ... арлын дугаартай. Lonking маркийн ..., 2016 онд үйлдвэрлэгдэж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр импортоор орж ирсэн авто ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, ... тоот барьцааны гэрээгээр ... улсын дугаартай ... арлын дугаартай, caterpillar 320dl, 2012 онд үйлдвэрлэгдэж 2018 оны 03 дугаар сарын 19- ний өдөр импортоор орж ирсэн экскаваторын зориулалттай шар өнгийн механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан захирамж, зохигчийн тайлбараар нотлогдож байна.
7.3 Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрийг биелүүлж төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
7.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолуудаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолуудаар эд хөрөнгийг хураасан талаар хариуцагч тайлбар гаргаж, энэ ажиллагааны талаар зохигч маргаагүй.
7.5 ТЗ ХХК нь барьцаа хөрөнгө ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 650,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн үйл баримтад талууд гомдол гаргаагүй.
Харин ...тоот, 2 өрөө, мөн байрны 81 тоот 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээнд гомдол гаргасан./шүүх хуралдааны тэмдэглэл/
7.6 Төлбөр төлөгч ТЗ ХХК, Н.Б нар нь ... тоот, 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр, мөн байрны 81 тоот 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 110,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн хуулийн этгээд болон хувь этгээдээр тус бүр үнийн саналыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2023.02.14-ний өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан үнийн саналын тухай албан бичиг, хүсэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 150-151-р тал/
7.7 Дээрх төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагчид мэдэгдсэн байх ба төлбөр авагч уг саналыг хүлээн зөвшөөрч, үнэлгээнд маргаагүй санал нэгтэй тохиролцсон болох нь Голомт банк ХК-ийн 2023.02.16-ны өдрийн үнийн санал илгээх тухай албан бичгээр нотлогдсон. /хх-ийн 155-р тал/
7.8 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.
НШШГГ дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч үнийн саналаа гаргаж төлбөр авагч уг саналд маргаагүй тул, харилцан тохиролцсон гэж үзэх үзнэ.
Нэхэмжлэгч үнийн саналаа бичгээр гаргахдаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэж ойлгоогүй, төлбөр авагчаас үнийн санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт: Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ: 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан.
Дээрх тохиолдолд талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй, үнийн саналын талаар маргаангүй байхад шийдвэр гүйцэтгэгч хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээчнээр үнэлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.
7.9 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ТЗ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА