| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03394/И |
| Дугаар | 191/ШШ2025/03133 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/03133
2025 04 14 191/ШШ2025/03133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...хонгилд байрлах, Ш СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б овогт О.А /РД:/-т холбогдох,
....орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 3,024,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тус орцны хонгилын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох" тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,
Хариуцагч О.А,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц, Б.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Манай "Ш" СӨХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ...дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг.
Хариуцагч О.А нь манай СӨХ-ны эрхлэн хариуцах 24 дүгээр байрны 5 дугаар орцны хонгилыг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан, ашиг олсоор өнөөдрийг хүрсэн. Түүний хувьд манай СӨХ-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ны зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоодог.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусдад төлбөртэйгөөр ашиглуулан ашиг олж, бусад өмчлөгч, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож буйд туйлын ихээр гомдолтой байна.
Тодруулбал, түүний түрээслүүлдэг дээрх 24 дүгээр байрны 5 дугаар орцны хонгилд нийт 9 өрөө, тасалгаа бүхий хүн/айл өрх оршин сууж байна. Угтаа тус хонгил нь хүн амьдрах, оршин суух зориулалтгүй бөгөөд СӨХ-ны зүгээс тус орон сууцны хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэлтэй байдаг. Энэ нь тус орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтад хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж, улмаар нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Мөн түүнчлэн хүн амьдрах зориулалтгүй газарт хүн амьдруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчхөөс гадна тус хонгилд амьдардаг иргэдийн дунд гэмт хэрэг, зөрчил маш ихээр гардаг ба иргэний алтан амь гэмт хэргийн улмаас эрсэдсэн тохиолдол гараад байна.
Үүнээс гадна хариуцагч нь тухайн хонгил дахь өрөө, тасалгааг сар бүр зар тавьж, бусдад түрээслүүлдэг ба гэрээг бичгээр байгуулдаггүй, мөн сар бүр дахин сунгах эсэхийг түрээслэгчтэй хэлэлцэж өөрөө дангаар шийддэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хонгил дахь өрөө, тасалгаанд олон сараар гэрээ, хэлцэл хийж хүн оруулдаггүй тул 1 cap хүртэл хугацаагаар оршин сууж байгаа түрээслэгч, хөлслөгч нарыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй байгаа юм. Мөн одоогоор тухайн хонгил дахь өрөө, тасалгаанд хариуцагч бус өөр бусад хүмүүс оршин сууж байгаа хэдий ч тэдгээрийг оршин суулгах эсэх асуудлыг болон цаашид хүн оруулах, хэнийг оруулах, оруулахгүй байх эсэхийг хариуцагч О.А дангаар шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд маргаан бүхий хонгилыг хууль бусаар эзэмшигчийг О.А гэж үзэх бөгөөд одоо оршин сууж байгаа хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 220 мянгат 24-р байрны 5 дугаар орцны хонгилыг О. Атарцэцэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь 2024.11.04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Хариуцагч О.А нь 24 дүгээр байрны 5 дугаар орцны дундын өмчлөлийн эд болох 60 м.кв талбайтай хонгилын СӨХ-д төлбөл зохих төлбөр 432,000 төгрөг буюу 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 72,000 төгрөгийг төлөөгүй. Дээрх нь хариуцагчийн хариу тайлбар, Ш" СӨХ-тэй байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, мөн хариуцагчаас гаргаж өгсөн /хавтас хэргийн 28-51 дэх талд/ Төрийн банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу Ш СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 432,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.3 Нэхэмжлэгч нь 2024.11.27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хариуцагч О.А нь 24 дүгээр байрны 5 дугаар орцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 60 м.кв талбайтай хонгилын 2018 оны 11 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл (сар бүр 72,000 төгрөг) СӨХ-д төлбөл зохих 73 сарын төлбөр 5,251,700 төгрөгийг төлөөгүй байна. "Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 432,000 төгрөгийг гаргуулах шаардлагын хэмжээг 2,592,000 төгрөгөөр ихэсгэж, "дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.4 Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч О.Аийн "Ш" СӨХ-нд холбогдуулан гаргасан Нийслэлийн ... дугаар орцны хонгилын өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Үүнд:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна", 15.1.1 дэх заалтад "орон сууцны байшингийн ... доод хонгил ...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө ... орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд... зэрэг эд хөрөнгө" гэж заасны дагуу уг маргаан бүхий хонгил нь нэхэмжлэгч "Ш" СӨХ-ны эзэмшилд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө тул хэн нэг иргэнийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Ш" СӨХ-оос иргэн надад холбогдуулж гаргасан "Нийслэлийн ... дугаар орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хариуцагч миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.
Миний бие Нийслэлийн... тоот хаягт байршилтай орон сууцад тус байрыг анх ашиглалтад орсон 1966 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд өмч хувьчлалаар уг орон сууцаа бид өмчилсөн.
Ингээд манай гэр бүл орцныхоо хонгилын өрөөг зээл авч, 2007 оноос 2008 он хүртэл цэвэрлэж, засварлан тухайн эд хөрөнгийг шударга аргаар эзэмдэн авч, эрхлэн удирдсаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд хонгилын өрөөнд СӨХ болон конторын хүмүүс чөлөөтэй нэвтрэн орж, ус, дулаан, цахилгааны узель зэргийг чөлөөтэй шалгаж, ажлаа хийцгээдэг. Нэхэмжлэгчийн бичсэн шиг барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, орон сууцны барилга болон орчны даацыг хэтрүүлсэн, тухайн хонгилын өрөөнд хүн нас барсан, бусдынхаа эрх ашиг сонирхлыг ноцтой хохироосон зэрэг үйлдэл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Хонгилын өрөөг эзэмшиж, ашиглаж байхдаа СӨХ-той гэрээ байгуулж, төлбөр төлж ирсэн бөгөөд төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж байна. Маргаан бүхий хонгилын өрөөний өмчлөгч нь "Ш СӨХ биш ба харин би маргаан бүхий хонгилын өрөөг эзэнгүй байхад нь шударга аргаар олж авсан, засан сайжруулсан, өнөөдрийг хүртэлх хугацаанд шударгаар эзэмшиж, арчлан хамгаалж, эрхлэн удирдаж байгаа болно.
Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу "Ш" СӨХ-оос иргэн надад холбогдуулж гаргасан "... дугаар орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2 Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өмч хувьчлалаар ... дугаар орцны хонгил өмчлөгчгүй, эзэнгүй үлдэж, хог новшиндоо дарагдсан, согтуу, тэнэмэл хүмүүс хонож өнждөг, золбин ноход үүрлэсэн гэх мэт хүндхэн байдалтай байсан. Энэ үед манай орцны иргэд, оршин суугч, өмчлөгчид ярилцаад орцны айлууд бүгд хонгилыг авахгүй, эзэмшиж өмчлөхгүй гээд харин манайхыг авч, засаж засварлан эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байдаг юм.
Ингээд манай гэр бүл орцныхоо хонгилын өрөөг 2007 оноос 2008 он хүртэл цэвэрлэж, засварлан тухайн эд хөрөнгийг шударга арraap эзэмдэн авч, эрхлэн удирдсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Хонгилын өрөөг эзэмшиж, ашигласан цагаас одоог хүртэл би СӨХ-той гэрээ байгуулж, СӨХ-ны төлбөрөө цаг тухай бүрд нь төлж ирсэн. Цаашлаад хонгилын өрөөний шугамд гэмтэл гарахад би л түүнийг хариуцан засварлуулж, гарсан зардлыг төлдөг. Маргаан бүхий хонгилын өрөөг би эзэнгүй байхад нь бусад оршин суугчдын зөвшөөрлөөр, шударга аргаар олж авсан, засан сайжруулсан, өнөөдрийг хүртэлх хугацаанд шударгаар эзэмшиж, арчлан хамгаалж, эрхлэн удирдаж байгаа тул тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч миний бие юм.
Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн иргэн О.А намайг Нийслэлийн ... дугаар орцны Хонгилын өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2.3 Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие уг шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан СӨХ-ны төлбөрийг тухайн нэхэмжлэлийг гаргахаас өмнө бүрэн төлсөн байсан ба нэхэмжлэгч талаас төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Иймд Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,024,000 төгрөгийг хариуцагч О.Аээс гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 13,610 төгрөг, 48,524 төгрөг тус тус төлсөн баримт, итгэмжлэл, Ш СӨХ-ны гэрчилгээний хуулбар, СӨХ-ны дүрмийн хуулбар, гэрэл зураг, 2024 оны 07 сарын 25-ны итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтын тухайд: Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 43 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар .... Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний хуулбар, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 01 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар ... Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний хуулбар, орлогын мэдүүлгийн баримтуудын хуулбар, орлогын ордерын тасалбаруудын хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбар, ус, цахилгааны төлбөр төлсөн талаарх төлбөрийн баримтууд, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Төрийн банк ХК-ийн 2024 оны 06 сарын 20, 2024 оны 08 сарын 27, 2024 оны 11 сарын 15, 2024 оны 09 сарын 18, 2024 оны 08 сарын 27-ны өдрүүдийн орлогын мэдүүлгийн баримт, тэтгэврийн дэвтрийн хуулбар, гар бичмэл, 2016 оны 3 дугаар сарын 29-ний дугаар 15 Ш СӨХ-ны УБЦТСүлжээний СБД хэрэглэгчдэд үйлчлэх төвд явуулсан баримтын хуулбар, Цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар,Бэлэн мөнгөний орлогын баримтууд, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ... албан тоот, Мэдэгдэх хуудас, 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны орцны хонгил хөлслөх гэрээ, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай албан бичиг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Ш СӨХ нь хариуцагч О.Ат холбогдуулан ... дугаар орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь тус орцны хонгилын өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох" тухай сөрөг шаардлагыг гаргасан.
5.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "Ш" СӨХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан, хариуцагч нь манай СӨХ-ны эрхлэн хариуцах 24 дүгээр байрны 5 дугаар орцны хонгилыг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан, ашиг олдог, СӨХ-той эзэмшиж, ашиглах талаар байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ны зардлыг төлдөггүй, хонгилд гэмт хэрэг, зөрчил их гардаг, түрээслэгч нартай 1 сар хүртэл хугацаагаар амаар гэрээ байгуулдаг тул хөлслөн суугч нарыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй гэжээ.
5.2 Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... тоот хаягт байршилтай орон сууцад тус байрыг анх ашиглалтад орсон 1966 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд өмч хувьчлалаар уг орон сууцаа өмчилсөн...байрны орцны хонгил өмчлөгчгүй, эзэнгүй үлдсэн байсан тул орцны иргэд, оршин суугч, өмчлөгчид ярилцаад манайд засаж засварлан эзэмшүүлэхийг зөвшөөрсөн, тухайн эд хөрөнгийг шударга аргаар эзэмдэн авч, эрхлэн удирдсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны төлбөрийг бүрэн төлж ирсэн үндэслэлээр хонгилын өмчлөгч мөн гэж маргажээ.
6. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Нэхэмжлэгч Ш СӨХ нь ... дугаар байрны оршин суугчдын байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо мөн болох нь гэрчилгээ, дүрмээр нотлогдож байна. /1хх-ийн 5, 245-248-р тал/
6.2 Хариуцагч О.А нь тус сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан 24 дүгээр байрны 62 тоотод оршин суудаг болох нь хариуцагчийн тайлбар болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон бөгөөд тус байрны зоорийн давхар /хонгил/-ын өрөөнүүдийг хариуцагч бусдад хөлслүүлдэг үйл баримтад зохигч маргаангүй. /хх-ийн 6, 14, 183-204-р тал/
6.3 Хариуцагч нь тус байрны 5 дугаар орцны хонгил-ыг 2007-2008 онд засан сайжруулж, нийт 6 өрөө тасалгаа бий болгосон, бусдад өрөө тус бүрийг, сарын 150,000-250,000 төгрөгөөр, амаар тохиролцон хөлслүүлдэг гэж тайлбарласан, уг үйл баримтад зохигч маргаангүй.
7. Зохигч ... дугаар орцны хонгил-ын өмчлөлд маргаж, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг төлсөн эсэхэд маргасан.
7.1 Нэхэмжлэгч нь хуульд зааснаар орон сууцны хонгил нь сууц өмчлөгчдийн холбооны өмч гэж, хариуцагч нь өмчлөгч, эзэмшигчгүй хонгилыг цэвэрлэж, засварлан тухайн эд хөрөнгийг шударга аргаар эзэмдэн авч, эрхлэн удирдсаар өнөөдрийг хүрсэн учир түүний өмчлөгчөөр тогтоолгоно гэж маргасан.
7.2 Хариуцагч О.А нь байрны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан өмнөх сууц өмчлөгчдийн холбооны даргатай гэрээ байгуулан, түүнд зааснаар 1 сард 60,000 төгрөгөөр, хожим 72,000 төгрөгийг СӨХ-нд зардал төлдөг талаар тайлбарлаж, холбогдох төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргасан.
Хэрэгт 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 43 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 2010/62 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 01 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 07 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-нүүд авагдсан ба тус гэрээг нэг талаас Сууц өмчлөгчдийн холбоо /Ахмадын өв, Ш/ нөгөө талаас Л.Б нар байгуулж, гарын үсэг зуржээ./1хх-ийн 18-25-р тал/
О.А нь гэрээ байгуулсан Л.Быг өөрийн нөхөр учир гэрээг байгуулсан, бусдад хөлслүүлэх үйл ажиллагааг өөрөө хариуцдаг гэж тайлбарлаж байна.
Дээрх гэрээнүүдэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг харилцан тохиролцож, хөлс, хураамжийг тохирсон, харин өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.
7.3 Иргэний хуулийн 142 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууц өмчлөх харилцааг зохицуулсан.
Мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно, 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна, 142.3 даахь хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно, 142.4 дэх хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж тус тус заажээ.
Түүнчлэн дээрх харилцааг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн . доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахыг хуульчилж өгсөн.
Хариуцагч О.А нь маргаан бүхий орцны хонгил-ын өрөөнүүдийн өмчлөгч болох талаар хэрэгт авагдсан баримтгүй. Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн албан бичигт тус хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу маргаан бүхий хөрөнгө нь нэхэмжлэгч орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч, нөгөө талаас дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 даахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор байгуулагддаг.
Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөл үндэслэлээр хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.Аийн хууль бус эзэмшлээс Нийслэлийн ... дугаар орцны хонгил-ыг чөлөөлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.4 Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд төлвөл зохих, сар бүр төлөх 72,000 төгрөгөөр тооцож, нийт 3,024,000 төгрөг хариуцагчаас шаардсан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан үндэслэлд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл хамаарахгүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлдэг.
Ш СӨХ нь тус хонгилын өрөөний ашиглалтын зардлыг хариуцагч О.Аээс шаардах үндэслэлийг нотлох баримтгүй. Хэрэгт авагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г Л.Бтай байгуулсан байх тул уг гэрээний үүргийг О.Аээс шаардсан нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөрт 72,000 төгрөгийг сар бүр авах талаар тогтоож шийдвэрлэсэн шийдвэр баримт хэрэгт авагдаагүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,334 /70,200+13,610+48,524/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 142 дугаар зүйлийн 142.2, 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Аийн хууль бус эзэмшлээс Нийслэлийн ... дугаар орцны хонгил-ыг чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх маргаан бүхий эд хөрөнгийн дундын ашиглалт засвар үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч О.Аийн тус хонгилын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА