2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16 191/ШШ2025/03205

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: УБТЗМОХНН /... газарт байрлах РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК / тоот хаягт оршин байрлах, РД:.../-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 217,050,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, "Өр төлбөр барагдуулах" ... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.А

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 217,050,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: " М" ХХК нь "УБТЗ ХНН-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн талбайд 3 ширхэг чингэлэг бүхий ачааны хадгалалтын төлбөр болон тээврийн зардал холбогдох бусад зардлыг төлөхөөр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоот "Өр төлбөр барагдуулах" гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр 2022 оны 09 дүгээр сарн 06-нд болон 24-ний өдөр орж ирсэн ... дугаартай 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардлыг тохирсон хугацаанд нийт 228,003,300 төгрөгийг хуваарь гарган төлөхөөр тохирсон ба үүнээс 40,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 37,600,660 төлсөн. Зуучлагч байгууллага болох ЭСД ХХК нь Тээврийн хөлс бусад зардал 5,721,400 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлбөр 144,700,440 төгрөгийг хуваарьт хугацаанд төлөөгүй ба гэрээний 3.1-т заасны дагуу хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар алданги 72,350,300 төгрөг болсон.

М ХХК-ийн 2022 оны 09 сарын 10, 24-ний өдрүүдэд орж ирсэн 3 чингэлгийг өөрийнхөө задгай талбайд хадгалаад, үүний төлбөр мөнгийг төлж барагдуулаагүйтэй холбогдуулаад хариуцагч манай нийгэмлэгт хандсан юм. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн ачаа хадгаламжийн төлбөр буюу 3 чингэлгээ танайд хадгалуулсны төлбөрийг тодорхой графикаар гаргаад төлье, ачаагаа авья гэх хүсэлтийн дагуу гэрээ байгуулагдсан юм. Тус төлбөр барагдуулах гэрээний хавсралтаар төлбөр нийт 228,003,300 төгрөг байгаа болохыг нь тооцоолоод гаргасан.

Тухайн 2023 онд гэрээ байгуулж байх үед 2007 онд батлагдсан Төмөр замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр байсан. Тус Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлд төмөр замын тээврийн байгууллага нь өөрийн ажил үйлчилгээнийхээ хөлс, хураамж, тарифыг тогтоох эрхийг олгочихсон байдаг. Тэр эрхийнхээ хүрээнд УБТЗ нь 2022 оны 03 сарын 23-ны өдөр А/233 дугаартай тарифын өөрчлөлтийн талаарх тушаал гаргаад, тус тушаалын 10.1.4б-д зааснаар ачаа хадгаламж буюу чингэлэг хадгалахад УБТЗ нь тухайн чингэлгийнхээ хэмжээнээс шалтгаалаад ямар хэмжээний тарифаар тухайн чингэлгийг хадгалсныхаа төлбөрийг авах талаар баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хадгалалтын гэрээ гэж хийгээгүй байж араас нь өр барагдуулах гэрээ гэдэг гэрээг дүр үзүүлж хийсэн юм. Энэ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийнхээ тайлбарыг гаргаж байна. Иргэний хуульд хадгалалтын гэрээг заавал бичгээр хийх талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч тал хадгалалтын гэрээг өөрийн эзэмшлийн талбайд орж ирж байгаа аливаа ачаа чингэлгийг хадгалах тохиолдолд тухайн компанидаа юм уу хуулийн этгээд хувь хүнтэй хадгалалтын гэрээг бичгээр хийдэггүй юм.

Алданги гэдэг зүйлийг гэрээнд сүүлд нөхөж ороод бид нарыг төөрөгдүүлэх замаар өр барагдуулах гэрээ хийчихсэн юм. Бидний хооронд 2023 оны 10 сарын 16-ны өдөр ... дугаар өр барагдуулах гэрээ байгуулагдахад гэрээний 3.1 дэх заалтад та энэ өр барагдуулах гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол 0.5 хувьтай тэнцэх алдангийг УБТЗд төлнө гэж талууд тохиролцчихсон байдаг. Иймд хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн тал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МОХНН "УБТЗын даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн "Тарифын өөрчлөлтийн тухай ... дугаар тушаал, хавсралтын хамт МОХНН "УБТЗын даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн "Ачилт буулгалтын ажлын хөлсийг шинэчлэх тухай А\230 дугаар тушаал, МОХНН "УБТЗын даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн "Ачилт буулгалтын ажлын хөлсийг шинэчлэх тухай ... дугаар тушаал, МОХНН "УБТЗын даргын 2019 оны 12 сарын 31-ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан Тарифын алиныг нь баримталсан нь тодорхойгүй, хариуцагч талын итгэлийг далимдуулан төөрөгдүүлсэн гэрээ хийж төлбөрийн алдангийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байх тул гомдолтой байна.

Манай компани Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй бөгөөд хуульд зааснаар аливаа хүү алдангаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Бид нар 82,000,000 төгрөг төлчихсөн. Өнөөдөр анхны 143,598,000 төгрөгөөс 82,000,000 төгрөгийг хасаад 62,277,000 төгрөгийг хувиар гаргаад төлье гэсэн хүсэлт тавьж байна. Нэхэмжлэгч талаас 146,300,000 төгрөг гэж тооцоод байгаа. Бид өөрсдийн тооцооллоор бодсон.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь талууд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хадгалалтын тариф тогтоосон байдаг. Тогтоосон тарифаараа 8 дахь хоногоосоо эхлээд 10 дахин үржүүлнэ гэж заасан. Тэр нь Иргэний хуульд заасан торгууль байгаа юм. Өр барагдуулах гэрээ байгуулаад үүнд дахиад 0.5 хувийн алданги тооцсон. Алдангиас алданги торгуулиас алданги бодохоор зохицуулчихсан байгаа тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.1 Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: М ХХКомпани нь гантиг чулууны уурхай эрхэлдэг байсан бөгөөд дэлхий нийтээр тархсан Ковид" цар тахлын улмаас уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадваргүй болсон. Ийм учраас гаргасан гантиган блокоо (2000 орчим тонн буюу 100 блок) зүсч өнгөлөх үйлдвэрийн тоног төхөөрөмж БНХАУлсаас импортоор оруулж ирсэн.

Манай төхөөрөмж захиалгын дагуу ирэлгүй байсаар (ковидын улмаас) 2022 оны 9 болон 10 р сард АБТЭМА д бууж хадгалуулсан 3 чингэлэг ачааг хугацаа хожимдож хүлээн авсан. Манай компани хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд байсан боловч бусдаас өндөр хүүтэй зээл авч хадгалалтын хөлсний 228003300 төгрөгийн тодорхой хэсгийг буюу 2023.10.25-ны өдөр 40,0000,00 төгрөг, 2023.11.17-ны өдөр 37,600,660 төгрөг, 2023 оны 11 сард тээвэр зуучынЭСД ХХК 5,721,400 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Одоо 144,681,240 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Бидний зүгээс Монгол улсын хууль тогтоомжийг сүүлийн 9 жилийн хугацаанд мөрдөж ирсэн ба АБТЭМА дахь талбайн 2022-10-28ны төмөр замын даргын "Тарифын өөрчлөлтийн тухай А/815 тоот тушаалыг (үндсэн тариф 10 дахин) нэмэгдсэн хүлээн зөвшөөрч төлбөрийн график байгуулсан. Бидний зүгээс АБТЭМАллбаны шаардлагын дагуу талбайг чөлөөлөх ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж өгсөн болно.

Гэтэл нэхэмжлэгч тал хадгалалтын хөлсийг төлж барагдуулах гэрээ хийхдээ тухайн үед нь тохиролцоогүй алдангийг гэрээнд сүүлд нөхөж, биднийг төөрөгдүүлэх замаар оруулсан тул нэхэмжлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал нь манай компанитай хадгалалтын гэрээ хийгээгүй бөгөөд батлагдсан тарифын дагуу төлбөрөө авах ёстой. Харин тухайн үед хадгалалтын гэрээ хийгээгүй. Маргаж буй төлбөр барагдуулах гэрээ нь нөхөж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, Хадгалалтын гэрээ хийгээгүй байж хадгалалтын төлбөрийг өндөр алдангитай авахаар хийсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцлийн шинж чанарыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3-д заасан хэлцлийн шинжийг агуулж байна.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэхээр байна. Учир нь хадгалалтын гэрээний харилцаа дууссанаас хойш энэ хэлцэл хийгдсэн байх ба тэрээр хуулийн 58.3.2-т заасан хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, үндэслэлгүйгээр алданги нөхөж төлөхөөр төөрөгдсөн гэж үзэхээр байна.

Иймд "УБТЗ" ХНН, " М" ХХК-ний хооронд байгуулагдсан "Өр төлбөр барагдуулах" ... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

....хавсралт зэрэг баримт авагдсан байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч МОХНН УБТЗ нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 217,050,740 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч "Өр төлбөр барагдуулах" ... тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

6. Нэхэмжлэгч нь таалуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр, Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу төлөх 228,003,300 төгрөгөөс нийт 3 удаагийн гүйлгээгээр 83,322,060 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэгдэл 144,681,240 төгрөгийг, түүний алданги 72,350,300 төгрөгийн хамт нийт 217,050,740 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

6.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 62,277,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг алдангиас давхар алданги тооцсон, төлбөр барагдуулах гэрээг нөхөж хийж, тохиролцоогүй алдангийг төөрөгдүүлэх замаар оруулсан, хадгалалтын гэрээ байгуулаагүй үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 "УБТЗ ХНН-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн талбайд хариуцагч " М" ХХК-ийн 3 ширхэг чингэлэг бүхий ачаа 2022 оны 09 дүгээр сарн 06, 24-ний өдрүүдэд орж ирсэн/... дугаар/ талаар зохигч маргаагүй.

7.2 Дээрх 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардалтай холбоотой талууд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг хэлцэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-11-р тал/

7.3 Өр төлбөр барагдуулах гэрээ-г талууд байгуулж, түүнд гарын үсэг зурсанд болон тухайн цаг үед 3 чингэлэг ачааг хариуцагч хүлээн авсан үйл баримтад маргахгүй байна.

7.4 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-г нэг талаас УБТЗ ХНН-ийг төлөөлж Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр, нөгөө талаас М ХХК-ийн ерөнхий захирал Н.Болдхүү нар байгуулж, гарын үсэг зуржээ.

МОХНН УБТЗ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичгээр Б.Гт итгэмжлэлээр гэрээ байгуулах эрхийг олгосон нь хэрэгт авагдсан албан тоот, тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 72-р тал/

7.5 Өр төлбөр барагдуулах гэрээ-гээр талууд дараах зүйлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:

М ХХК-ийн 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардлыг тохирсон хугацаанд нийт 188,003,300 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор гэрээний 2.1-т хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар 2023.10.09-ний өдрөөр тасалбар болгон тооцож нийт 228,003,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

2.2-т төлбөр төлөх хуваарь болон төлбөрийн задаргааг тусгасан байна. Хавсралтын 1-т 228,003,300 төгрөгийг 2023.11.16-ны өдөр 37,600,660 төгрөг, 2023.12.15-ны өдөр 37,600,660 төгрөг, 2024.01.16-ны өдөр 37,600,660 төгрөг, 2024.02.16-ны өдөр 37,600,660 төгрөг, 2024.03.15-2024.04.15-ныг хүртэл хугацаанд 37,600,660 төгрөгөөр төлөхөөр, Нийт төлбөрийн задаргааг 13 төрлөөр задлан жагсаасан байна.

Хавсралтад дурдсан 13 төрлийн зардал, төлбөрөөс хариуцагч нь Чингэлэг хадгалалтын 146,300,000 төгрөг, алданги 76,001,100 төгрөгийн хэмжээнд татгаалзсан тайлбарыг гаргадаг.

7.6 Хариуцагч нь дээрх 228,003,300 төгрөгөөс 2023.10.25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023.11.17-ны өдөр 37,600,660 төгрөг, 2023 оны 11 сард тээвэр зуучын ЭСД ХХК-ийн төлсөн 5,721,400 төгрөг, нийт 83,322,060 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримтад зохигч маргаангүй бөгөөд хэрэгт авагдсан мемориалын ордер, шилжүүлгийн мэдээлэл, дансны хуулга баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 61-63-р тал/

8. Нэхэмжлэгч Өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу төлөх 228,003,300 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 83,322,060 төгрөгийг хасч, үлдэгдэл 144,681,240 төгрөгийг, түүний алданги 72,350,300 төгрөгийн хамт нийт 217,050,740 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч Өр төлбөр барагдуулах гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн үндэслэлээр тус тус маргаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

8.1 Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Өр төлбөр барагдуулах гэрээ-нд 2023.10.09-ний өдрийн байдлаар тооцож алданги 76,001,100 төгрөг тусгасан атал дахин нэхэмжлэл гаргахдаа уг хэлцлийн 3.1-т зааснаар алдангиас алданги тооцож алданги 72,350,300 төгрөгийг шаардсан нь хуульд нийцэхгүй гэж эс зөвшөөрсөн.

 

Өр төлбөр барагдуулах гэрээ-ний 3.1-д Компани нь энэхүү гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож УБТЗ ХНН-д төлнө гэж тусгажээ.

 

8.2 Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 422 дугааар зүйлийн 422.1 дэх хэсэгт Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гэж тус тус зааасан гэрээний шинжийг агуулсан харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагаас батлан мөрдөж буй тарифын хэмжээгээр хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

Хариуцагч хадгалалтын хөлсний тохирсон хэмжээ/ачаа хадгалуулсаан хугацаанд тарифын хэмжээ 10 дахин нэмэгдсэн гэх боловч тохирсон хэмжээнд маргаагүй/-нд маргаагүй, тохирсон Чингэлэг хадгалалтын 146,300,000 төгрөгийн төлбөрөөс төлсөн төлбөрийг хасч үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн.

 

Таалууд амаар баайгуулагдсан хадгалалтын гэрээнд үндэслэн гэрээний үүргийг дүгнэн өр төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан гэх үндэслэлтэй. Өр төлбөр барагдуулах хэлцэлд шинээр хүсэл зориг илэрхийлсэн, өөр эрх зүйн харилцааны талаар тохиролцоогүй.

 

М ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ нэртэй хэлцлийн нөхцөлийг зөвшөөрч, үр дагаврыг уншиж танилцан байгуулсан байх тул уг тохиролцооны дагуу үүргээ биелүүлэх нь гэрээний чөлөөт байдалд нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч нь Хадгалалтын гэрээний үүргийг дүгнэсэн, алданги тооцож авсан дээрх хэлцэлд үндэслэн дахин алданги нэхэмжлэх нь Иргэний хуульд нийцэхгүй гэж шүүх үзэв.

 

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж зааснаар талууд хадгалалтын гэрээг амаар байгуулсан тул гэрээнд зааснаар алданги нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ. Гэрээний үүргээ тооцож өр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн тул уг хэлцлийн 3.1-т зааснаар хариуцагч алданги төлөх үүрэггүй гэж үзсэн.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 144,681,240 төгрөгийг хаариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх алданги 72,369,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.3 Хариуцагч М ХХК нь Өр төлбөр барагдуулах гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 дахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, татгалзал гаргаагүй гэж үзнэ.

Дээрх хэлцэл нь хуулиар хориглосон, талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй шинж үгүйсгэгдсэн, өөрөөр хэлбэл ачаа хадгалуулсан бодит үйл баримттай холбоотой байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд цуглуулж гарах үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,204 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,297,967 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 881,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 422 дугаар зүйлийн 422.1, 422.2 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 144,681,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,369,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул Өр төлбөр барагдуулах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,204 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,297,967 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 881,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА