2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04334

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... овогт О....ийн О.... /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... байрлах, “ГБ” ХХК /РД:.../-д холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг, болон орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүр гардуулж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 20,509,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

15,880,350 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс /цахимаар/, О.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэмандал, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “ГБ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-г байгуулж, ... тоот хаягт байршилтай, 46,03 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг захиалан бариулахаар болсон. Хариуцагчтай орон сууцны нэг м.кв талбайн үнийг 2,090,000 төгрөгөөр тохиролцож, нийт 96,202,700 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн.

Захиалагч нь гэрээний 4.1. дэх заалтын дагуу орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөрт багтаан ашиглалтад оруулж, надад хүлээлгэн өгөх байсан боловч өнөөдрийн байдлаар надад хүлээлгэн өгөөгүй байна. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр захиалсан орон сууцтай танилцаж үзэхэд хариуцагч компанийн менежер гэрээний 4.2. дахь заалтын дагуу нэг м.кв талбайн үнийг 345,000 төгрөгөөр нэмсэн гэж мэдэгдэж, нэмж мөнгө төлөхийг шаардсан. Хэрэв энэ үнийг төлөхгүй бол орон сууцыг надад хүлээлгэн өгөхгүй гэж мэдэгдсэн. Үүний дараа мөн энэ талаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цахим шуудангаар энэ тухай дахин, албан ёсоор мэдэгдсэн. Гэрээний 4.2.-т “Орон сууцны барилгыг барьж эхлэх үеийн эрчим хүч, түлш шатахуун, барилгын материалын үнэ, валютын ханш 10-аас дээш хувиар огцом өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд гэрээгээр тохирсон үнэнд өөрчлөлт оруулахгүй. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол Захиалагчтай тохиролцож нэмэлт гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Энэхүү заалтын агуулга нь гүйцэтгэгч захиалагчтай харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулахгүйгээр, дангаараа орон сууцны үнийг нэмэх эрхгүй юм. Гэтэл хариуцагч гэрээний энэ заалтыг зөрчиж илүү төлбөр шаардаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.-д “Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ”, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу миний бие орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас шаардах, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах эрхтэй юм. Гэрээний 4.11. дэх заалтаар гүйцэтгэгч нь гэрээний 4.1.-д заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн 0,02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Энэхүү заалтын дагуу тооцож, алданги нийт  20,509,840 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. дэх заалтыг үндэслэн хариуцагчаас шаардаж байна.

... тоот хаягт байршилтай, 43,06 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчийн нэр дээр бүрдүүлэн өгөхийг, орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүр гардуулж өгөхийг хариуцагчид тус тус даалгаж, алданги нийт 20,509,840   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч “ГБ” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг шаардлагад:

“ГБ” ХХК нь орон сууц захиалагч О.О...тэй 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1 м.кв талбайн үнэ 2,090,000 төгрөгөөр, нийт 46,03 м.кв талбайтай “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.-т "орон сууцны барилгыг барьж эхлэх үеийн эрчим хүч, түлш шатахуун, барилгын материалын үнэ, валютын ханш 10-аас дээш хувиар өорчлөгдөхөөс бусад тохиолдолд үнэд өөрчлөлт оруулахгүй, хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол захиалагчтай тохиролцож нэмэлт гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

Гэрээ байгуулах үеийн барилгын магериалын үнэ, өртөг, зардал, валютын ханш гэрээ байгуулснаас хойш барилга баригдах хугацаанд 1 хувиас дээш хувиар огцом нэмэгдсэн бөгөөд материалын үнэ, өртөг, зардал 30 хувиар нэмэгдсэн, валютын ханш 20 очим хувиар нэмэгдэж, барилгын өртөг нийт 30 гаруй хувиар нэмэгдсэн.

“ГБ” ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсон заалт болох гэрээний 4.2. дахь заалтын дагуу захиалагчид 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээний үнийг өөрчлөх үндэслэлийг тайлбарлан, гэрээний дагуу үнийг өөрчилж. гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналыг захиалагч О.О ...д цахим шуудан болон бичгээр хүргүүлсэн боловч, харилцан тохиролцсон гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул 15,880,350 төгрөгийг захиалагчаас гаргуулан манай компанид олгож өгнө үү.” гэжээ.

3.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: 

“Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн алданги 20,509,840 төгрөг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч нь 15,880,350 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь ... тоот хаягт байршилтай, 43,06 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулан өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О.... нь хариуцагч “ГБ” ХХК-д холбогдуулан, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг, болон орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүр гардуулж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 20,509,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 15,880,350 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн алданги 20,509,840 төгрөг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч нь 15,880,350 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь ... тоот хаягт байршилтай, 43,06 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулан өгөхөөр харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн нь талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 726,515 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,352 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 319,481.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О.О...-ийн нэхэмжлэлтэй, “ГБ” ХХК-д холбогдох, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг, болон орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүр гардуулж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 20,509,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 15,880,350 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн алданги 20,509,840 төгрөг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч нь 15,880,350 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч “ГБ” ХХК нь ... тоот хаягт байршилтай, 43,06 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн түлхүүрийг нэхэмжлэгч О.О..-д гардуулан өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 726,515 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,352 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 319,481.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О...-д олгосугай.

 

4.Зохигчид захирамжид давж заалдах болон, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.БАЯРМАА