2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16 191/ШШ2025/03206

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогт Д.Б /... тоот хаягт оршин суух, РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АД ХК /... тоот хаягт оршин байх, регистрийн дугаар .../-д холбогдох,

 

  Амь насны даатгалын гэрээний үүрэгт, нөхөн төлбөр 74,377,425.685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч АД ХК-д холбогдуулан Амь насны даатгалын гэрээний үүрэгт, нөхөн төлбөр 74,377,425.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б миний бие 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 179,000,000.00 төгрөгийн зээлийг  улсын бүртгэлийн дугаартай ипотекийн орон сууцыг амь даатгалын болон барьцаа хөрөнгийн баталгаа гаргаж авсан.

Хамтран зээлдэгчээр нөхөр Энэбиш овогтой Галбадрах оролцсон бөгөөд бид "АД" ХК-аар зээлийн барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн амь насны даатгалын ... дугаартай гэрээ байгуулсан.

Нөхөр маань архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт нас барсан.

Даатгалын тохиолдол бий болсныг тухайн цаг үед гэрээнд зааснаар даатгагч байгууллага болон банканд мэдэгдэж улмаар даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар "АД" ХК-нд хандсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт явуулаад шинжээчийн дүгнэлтээр даатгуулагч өвчин эмгэгийн улмаас нас бараагүй болох нь нотлогдож байна. Мөн даатгуулагч нь даатгалын гэрээнд зүрх зогсох, цус харвах нэмэлт эрсдэлийг сонгон даатгуулсан байх ба энэ тохиолдолд даатгуулагч нь гэрээнд заасан нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзсэн боловч "АД" ХК-аас асуудлыг шийдвэрлээгүй.

Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж гэрээ байгуулсан. Даатгуулагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд даатгалын хураамжийг 100 хувь төлөөд явж байсан байдаг. Д.Б болоод талийгч Э.Г нар амь даатгалын гэрээ байгуулахдаа үндсэн эрсдэлээс гадна нэмэлт эрсдэлээр сонгож даатгуулсан. Үүнд зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нэмэлт эрсдэл байгаа. Гэрээнд зааснаар нэмэлт эрсдэл зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэл аль аль нь бүрдсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр даатгуулагч өвчин эмгэгийн улмаас нас бараагүй болох нь тогтоогдсон. Тархинд нь цус харвалт үүссэн байна гэж дүгнэлтийн 2 дугаар хэсэгт тодорхой заасан байдаг. Мөн гэнэтийн шинж чанартай буюу олон эрхтний дутагдлын улмаас нас барсан гэж дүгнэлтээр тогтоогдсон байдаг юм.

Амь даатгалын гэрээний баталгааны 8 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Тэр тохиолдлуудаас харахад, даатгалын компаниас нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бий болоогүй байна гэж үзэж байна. Амь даатгалын баталгааны 4.2.1-т даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлөх төлбөрийг олгох үүрэгтэй байгаа. Даатгуулагчийн зүгээс тус баталгаа гэрээний 4.3.2-т зааснаар нөхөн төлбөрийг олгохыг шаардах эрхтэй байгаа.

Зээлийн үлдэгдэл 2023 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар 148,754,851.37 төгрөг байсан. Зээлдэгч, хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, нөхөртэйгөө нийлэн зээл авсан бөгөөд зээлийн төлбөрийг 50,50 хувиар хариуцахаар даатгалын гэрээнд гарын үсэг зурсан. Иймд "АД" ХК-аас ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр болох 74,377,425.685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч АД ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбар гаргасан. Үүнд: Даатгуулагч Д.Б, Э.Г нар 2020 оны 06 сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн гэрээ хийсэн. Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр АД ХК-тай байгуулсан. Даатгалын үнэлгээ 255,936,000 төгрөгт бодож 255,936 төгрөгөөр даатгуулсан.

Даатгалын эрсдэлийн төрлийг гэрээний 3.1.1-д: галын эрсдэл, сантехникийн эрсдэл, цэх эрсдэл, байгалийн эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх гэж заасан бол, Мөн гэрээний: 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, 3.1.2-т даатгуулагч нэмэлт хураамж төлөн хамрагдах нэмэлт эрсдэл: Үүнд: 3.1.2.1: зүрх гэнэт зогсох, 3.1.2.2: цус харвах гэж заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.09-ний өдрийн 2475 тоот шинжээчийн дүгнэлтийн 6-д: "Амь хохирогч Э.Г нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орсон тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй", 4-д: Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 9-д: Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой цусанд 0,6%, ходоодонд 0,5%, цөсөнд 0,6% байжээ. Дотор эрхтний цусны эргэлтийн алдагдал, дагзны хуйхны цус хуралт аалзан хальсан доорх цус харвалт" гэжээ.

Даатгуулагчийн дээрх өвчний улмаас нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт "заасан гэнэтийн осол" гэж тодорхойлсон нөхцөлд хамаарахгүй, мөн даатгалын гэрээний үндсэн эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэл биш байна.

Манай компани зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нөхцөлийг шинэчлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн. Тэрхүү гэрээний нөхцөлд даатгалын үндсэн эрсдэл нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, даатгалын нэмэлт эрсдэл нь зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхцөлийг бүртгэж, frc.mn цахим сайтад байршуулсан байгаа.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөр ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан нь тус журамд нийцсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4.2 "даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүл" гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх гэж дүгнэсэн. Иймд даатгалын гэрээний 3.1.2.2-т заагдсан "өвчний улмаас цус харвах" гэдэг заалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах, эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо Даатгуулагч гэнэтийн тохиолдол буюу гэнэтийн ослын улмаас нас бараагүй болох нь нас барсны гэрчилгээнд бичигдсэн өвчлөлийн код, бусад эмнэлгийн баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, ердийн өвчлөлийн улмаас нас барсан, гэнэтийн шинжтэй тохиолдол үүсээгүй. цус харвах эрсдэлийг нэмэлтээр даатгуулсан боловч түүний улмаас нас бараагүй, тархинд цус хуралт байсан боловч үхэлд хүргээгүй гэж дүгнэсэн тул энэ эрсдэлээс үүдэж нас барсан гэж үзэх боломжгүй нөгөө талаасаа энэхүү зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь зээлдэгч гэрээнд заасан эрсдэлийн улмаас нас барснаар зээлийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл үүсэхээс сэргийлж зээлийн гэрээний эрсдэлээ даатгуулж байгаа, энэ утгаар нь аваад үзвэл хамтран зээлдэгч нас барсан ч нөгөө зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээд зэлээ хугацаанд нь төлөөд явах боломжтой бөгөөд зээлийн төлөлт тасалдах эрсдэл одоогоор бий болоогүй гэж үзэж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч АД ХК-нд холбогдуулан Амь насны даатгалын гэрээний үүрэг, нөхөн төлбөр 74,377,425.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч АД ХК нь Даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Худалдаа хөгжлийн банк ХК нь нэхэмжлэгч Д.Б, талийгаач Э.Г нартай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 179,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгож, мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

7.2 Зээлдэгч нар нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр АД ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч гэрээнд заасан эрсдэлийн улмаас нас барсан ...тохиолдолд Даатгагч нөхөн төлбөрийг тухайн даатгуулагчийн зээлийн төлбөр хариуцах хувиар тооцож олгохоор тохиролцжээ.

 

7.3 Даатгуулагч, хамтран зээлдэгч Э.Г нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдсон./хх-ийн 13-18-р тал/

 

7.4 Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Э.Гыг нас барсан талаар даатгалын тохиолдол бий болсон үед Даатгагчид мэдэгдсэн талаар зохигч маргаангүй.

 

7.5 Д.Б нь хариуцагч АД ХК-нд холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан болох нь зохигчийн тайлбар, албан бичгээр нотлогдсон.

 

7.6 Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдлыг гаргасан, Санхүүгийн зохицуулах хороо гомдлын хариуг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан албан тоотоор нотлогдож байна.

Уг албан бичигт ...спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барснаар даатгалын тохиолдол үүссэн ба уг тохиолдлыг гэрээний 8.1.6-д зааснаар өвчин эмгэгийн улмаас нас барсан гэж үзээд нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй...өвчин эмгэгийн улмаас нас бараагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна ... гэжээ./хх-ийн 19-р тал/

 

7.7 Хариуцагч АД ХК нь нэхэмжлэгч даатгалын гэрээний үүргийн дагуу хураамж төлсөнд маргаагүй.

 

8. Зохигч даатгалын гэрээнд заасан, гэрээгээр хамгаалагдсан эрсдэл бий болсон эсэхэд маргасан.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, 431.2 дахь хэсэгт Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

9.1 Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасны дагуу даатгуулагч нь хураамж төлөх үүргээ биелүүлсэн байна.

 

9.2 Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны 2.1.1-д даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэлүүдийг даатгалын зүйлээр тодорхойлжээ.

 

Улмаар 3.1-т даатгагч нь даатгалын зүйлд дараах тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр төлнө. Үүнд: Даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэл. Үүнд: 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдах, 3.1.2-т даатгуулагч дараах эрсдэлүүдээс нэмэлт хураамж төлөн хамрагдаж болно. Үүнд: 3.1.2.1: зүрх гэнэт зогсох, 3.1.2.2-т цус харвах гэж тус тус заасан байна.

 

9.3 Нэхэмжлэгч ...гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүссэн...гэж тайлбарлаж, хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн түүнчлэн даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт "гэнэтийн осол" гэж тодорхойлсон нөхцөлд хамаарахгүй гэж мэтгэлцсэн.

 

9.4 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2475 дугаар Шинжээчийн дүгнэлт-д дараах дүгнэлт хийгджээ. Үүнд:

1. Амь хохирогч Э.Гын цогцост дагзны хэсгийн хуйхны цус хуралт, тархины баруун зулай дэлбэн дэх голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, тархины орой болон суурийн хэсгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа/30 мл/, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх... цус хуралт, ...цус харвалт ...цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хоёр өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргээгүй байна.

4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орсон тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

9. Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

11. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /хх-ийн 14-18-р тал/

 

9.5 Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, нас барсаны гэрчилгээгээр зүрх гэнэт зогссон талаар дүгнээгүй. Түүнчлэн цус харвасан гэмтэл тогтоогдсон талаар дүгнэлтэд дурдсан боловч энэ гэмтэл нь үхэлд хүргээгүй болохыг мөн шинжээч дүгнэсэн байна.

 

9.6 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар Шинжээчийн дүгнэлт-ийн 11-т талийгаачийн нас барсан шалтгааныг спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Нэхэмжлэгч талын гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүссэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АД ХК-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 74,377,425.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА