| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0202/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал ,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Хохирогч Э.Гансувд
Шүүгдэгч О.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Очирпүрэвийн Энхтөрд холбогдох эрүүгийн 1809012360070 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оч” лицей дунд сургуульд жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 3-14 насны 6 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамж, 257 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Очирпүрэвийн Энхтөр, /РД: ХЙ76051510/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Энхтөр нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 29-257 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Э.Гансувдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Хохирогч Э.Гансувд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө миний нүүр рүү цохисон. Тухайн үед зодуулсандаа бухимдаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо гомдол саналгүй…” гэв.
Эрүүгийн 1809012360070 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Энхтөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би тухайн үед шөнө сэрээд гэрээс гарах гэтэл Эхнэр гаргахгүй байхаар нь би эхнэртэйгээ маргалдсан. Яг юунаас болж маргалдсан байсан талаар санахгүй байсан. Намайг Эхнэр мөнгөтэй картаа аваад гарах гэтэл гаргахгүй гээд маргалдаж байсан. Би эхнэрээ гараараа савж нэг удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Гансувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ унтаж байтал үүрийн 04 цагийн үед нөхөр маань гэнэт сэрээд намайг хэл амаар доромжилоод намайг янхан гичий гээд л доромжилж байснаа шууд нүүр рүү гараараа цохиж аваад, үснээс зулгаагаад авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Г.Чойбалсан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Э.Гансувдад дунд зэргийн эрсдлийн түвшинтэй гэж тогтоогдсон. Ингэж дунд зэргийн эрсдлийн түвшин тогтоогдсон тохиолдолд өөрийнх нь хүсэлтийг харгалзан хамгаалах байранд хүргэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг юм. Тухайн үед иргэн Э.Гансувд нь би ажил төрөл хийдэг тул хамгаалах байр руу явахгүй гэж хэлсэн тул өргөдлийг нь авч аюулын зэргийн үнэлгээ хийгээд явуулсан. Тухайн үед иргэн Э.Гансувд нь айж сандарсан байдалтай ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 11790 дугаартай шинжээчийн дүгнэлт:
О.Энхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/, О.Энхтөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 65-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Энхтөр нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 29-257 тоотод эхнэр Э.Гансувдтай шалтгаангүйгээр маргаан үүсгэн, улмаар нүүр, толгой тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Гансувдын мэдүүлэг, гэрч Г.Чойбалсангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 11790 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь өөрийн эхнэр Э.Гансувдын нүүр, толгой хэсэгт цохиж биед нь хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О.Энхтөрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Э.Гансувд шүүгдэгч О.Энхтөр нар гэр бүл болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, тэдгээрийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдох ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Э.Гансувд нь хамаарах болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүх шүүгдэгч О.Энхтөрд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд хохирогч Э.Гансувдаас гаргасан хүсэлтэд “..нөхөр О.Энхтөртэй ойлголцож эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.