Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/98

 

    

 

Л.Д, Ш.Э, Ш.А

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Д, Ш.Э, Ш.А нарт холбогдох 2307001150180 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1., ял шийтгэлгүй;

2. оршин сууж байсан, ял шийтгэлгүй;

3. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭН” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11 квт лебётокын мотор, афт автомат, пвир-1 пускатель, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ш.Э, Ш.А, Л.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар аүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ш.Эд 1 жил 2 сар, Ш.Ад 1  жил 2 сар 20 хоног, Л.Дд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Ан цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан NISSAN NV-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,727,852 төгрөгөөс тус бүр 3,242,617 төгрөгийг гаргуулан улсын төсвийн санд олгож, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие автомашинд сууж байсан бөгөөд Ш.Э, Ш.А нар хэрхэн яаж тэр амбаарт орсныг мэдээгүй учир хуулийн зүйл, заалт тохироогүй гэж бодож байна.

2. Шүүх “...Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлд зааснаар агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж  Э.У, М.Д нарын талаар дүгнэсэн мэт ойлгогдож байна. Э.У, М.Д гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамааралгүй болно.

3. Миний бие энэ хэрэгт шалгагдаж байхдаа Налайх дүүргийн Цагдаагийн газар 48 цаг саатуулагдсан бөгөөд уг хугацаанд мөрдөгч М нь надтай зүй бусаар харьцаж, намайг зогсоож байгаад хувцас тайлуулж, нүцгэн хөл дээр гишгэж “чи энэ хэргийг хийсэн биздээ, хэргээ хүлээ, гарын үсэг зур, ээж чинь дор ирчихсэн байна. Би ээжийг чинь нааш цааш гүйлгэж байгаад үхүүлчихэж чадна” гэх зэргээр дарамталж, 48 цагийн турш ус унд өгөлгүй хорьсоноос болж би хүчээр гарын үсэг зурсан. Мөн нэг лоом гаргаж ирээд “чи энэ лоомыг харсан уу” гээд лоомоор миний цээж, гуя, шанаа хэсэгт цохиод байсан. Би машинд байсан болохоор энэ талаар үнэхээр мэдэхгүй байна. Цагдаагийн энэ үйлдэл нь хууль бус, дарамталж байцаалт авсан гэж үзэж байгаа тул би гомдолтой байна.

4. Миний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан дээрх үндэслэлүүд байсаар атал бусад өмгөөлөгч нартай санал нэгтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож байгааг дэмжиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэнд гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, хэргийг дахин шалгаж, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Л.Дгийн өмгөөлөгч Ч.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Л.Д нь гэмт хэргийг зохион байгуулсан Ш.Э, гүйцэтгэсэн Ш.А нартай адил хэмжээнд гэмт хэрэгт оролцоогүй байтал адил ял оногдуулсанд гомдолтой байна. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Л.Д нь өмгөөлөгчгүйгээр 48 цаг саатуулагдахдаа мөрдөгчийн зүй бус харилцаа, дарамтын дор мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгтээ “Өчигдөр 18 цаг 30 минутын үед хүргэн ах Ш.Э над руу залгаад мөнгөний ажил байна гэхээр нь гэрт нь яваад очтол Ш.Э ахын танил болох Ш.А байсан. Ш.Э ах ойрхон Гордок яваад ирье гээд Ш.Э ахын машинтай бид 3 хамт явсан. 19 цагийн үед ажиллахаа больсон уурхайн гадаа ирсэн. Ш.Э ах эндээс хэдэн ширхэг төмөр ачна. Чи өргөлцөөд өг гээд бид 3 цааш үргэлжлүүлэн модон хаалгатай блокоор барьсан жижиг агуулах маягийн зүйлд цоожийг нь Ш.А ах хөшин орсон. Ш.Э ахын машинд ачиж байхад эзэн нь ирээд Ш.Э ах бид хоёрыг бариад авсан. Би анх хулгай хийж байгааг мэдээгүй. Уурхайд очсоны дараа мэдсэн. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээд зөөлцөхгүй гээд хэргийн газрыг хаяад явах боломжгүй байсан” гэж мэдүүлснээс шүүгдэгч Л.Д нь өөрийн мэдэлгүй гэмт хэрэгт татагдан оролцсон нь харагдаж байна. Анхан шатны шүүхээс агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,727,852 төгрөгөөс тус бүр 3,242,617 төгрөгийг гаргуулж улсын төсвийн санд олгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Л.Д нь хулгай хийх гэж байгаа талаар мэдээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ш.Эгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглах сэдэл санаа шүүгдэгч Ш.Эд байсан. Шүүгдэгч Л.Дгоос 3,242,617 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг харгалзан үзэж шүүгдэгч Л.Дд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасгаж, шүүгдэгч Л.Дгоос 3,242,617 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгннэлтдээ: “...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Л.Дгийн үйлдэл, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Д хулгай хийх гэж байсныг мэдээгүй байсан талаараа мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Дгийн гэмт хэрэгт оролцсон үйлдэл тогтоогдож байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос залруулга хийх хүсэлт гаргаж шийтгэх тогтоолд залруулга хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Д, Ш.Э, Ш.А нарт холбогдох 2307001150180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Л.Дгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд,

шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нар нь бүлэглэн автомашинтайгаар 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭН” ХХК-ийн хашаанд очиж, хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтрэн орж, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11 квт лебётокын мотор, афт автомат, пвир-1 пускатель, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, автомашиндаа ачсан байхдаа баригдсан болох нь:       

хохирогч Б.Сын: “...Би ЭН компанийн захирлаар ажилладаг,  2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хашааг шалгахаар иртэл манай хашааны гадаа үл таних машины гэрэл асах шиг болохоор нь яваад очтол хашааны хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Цааш яваад хашаанд байх вагончик руу очтол урд талд нь цагаан өнгийн Ниссан маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл дотор манай компанийн эд зүйлсийг эвдээд ачсан байсан. Тухайн машины эзэд нь намайг ирснийг мэдээд зугтчихсан байсан ба би араас нь хайгаад 2 хүнийг барьсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тээврийн хэрэгсэлд 11квт лебётокын мотор 1 ширхэг, Афв автомат 1 ширхэг, Пвир-41 пускатель 1 ширхэг, хийгээр ажилладаг молдок 1 ширхэг байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-22/,

агуулах, вагончик, блокон байшин зэрэг цоожтой байрны цоож, цүү зэргийг эвдэн дотогш нэвтрэн орж, эд зүйлсийг авсан байдлыг харуулж буй хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-5-12, 200-207/,

хулгайлан авсан эд зүйлсээ ачсан байгааг харуулж буй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 16-18/,

хулгайлан авсан эд зүйлсийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн НД-23-42 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-36-37/, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн НД-23-75 хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 39-40/,

“...улаан, хөх өнгийн 56 сантиметр урттай, 1.8 сантиметр өргөнтэй хадаасны лоом...”-ыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 15/  зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Ш.Э, Ш.А, Л.Д нарын бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж, тээвэрлэхийн тулд машин механизм ашиглан 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭН” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11 квт лебётокын мотор, афт автомат, пвир-1 пускатель, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, автомашиндаа хийсэн байхдаа баригдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба хэргийн газраас хөдлөөгүй байхдаа баригдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах  нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. ...” гэсэн завдалтын шинжийг агуулжээ.  

Хохирогч Б.Сын “...Тухайн машины эзэд нь намайг ирснийг мэдээд зугтчихсан байсан ба би араас нь хайгаад 2 хүнийг барьсан. ...” /1-р хх-ийн 22/, “...надад баригдсан даруйдаа манай үйлдвэрээс хулгай хийсэн 3 залуу тал тал тийшээ гүйгээд зугтаачихсан, зугтаж байхад нь би 2 залууг нь л барьж авч чадсан. ...” /1-р хх-ийн 24/, Л.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн “...миний хувьд амбаар дотроос жижигхэн төмрүүдийг зөөж гаргасан...” /1-р хх-ийн 103/ гэсэн мэдүүлгүүдээр Л.Дгийн давж заалдах гомдлын “...би гадаа машин дотор сууж байсан...” гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, нотлох баримтаар үнэлж буй Л.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг /1-р хх-ийн 103/ мөрдөгч Ч.Анхбаяр авсан байх ба Л.Д нь давж заалдах гомдолдоо хүч хэрэглэн мэдүүлэг авсан гэж бичсэн М гэх мөрдөгч аваагүй байх тул Л.Дгийн “хэргийг дахин шалгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.  

Харин шийтгэх тогтоолын 7 дугаар нүүрт Э.У, М.Д гэсэн хэрэгт байхгүй этгээдүүдийн нэр бичигдсэн байгааг анхан шатны шүүх /шүүгч Д.Чинзориг/-д анхааруулан тэмдэглэж байна.

Шүүгдэгч Л.Дгийн “...М мөрдөгч хүч хэрэглэсэн, өмгөөлөгч Р.Мөнхбаясгаланд гомдолтой...” гэсэн гомдол нь шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтад хамааралтай биш байх тул эдгээр гомдлоо холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүхийн хийсэн хэргийн талаарх дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг заасан ба шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн NISSAN NV-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,727,852 төгрөгийг /хх 42-45/ хувь тэнцүүлэн гаргуулж улсын  орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Л.Дгийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нарын хулгайлах гэмт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялаас доош хорих ялыг, хэрэгт оролцсон оролцоогоор нь ялгамжтай оногдуулсан байх ба энэ нь Ш.Э, Ш.А, Л.Д нарын “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн арга, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна...” гэж заасныг журамлан тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс бага ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” заалтыг давхар журамласан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нар нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолын: 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, ...” гэж өөрчилсүгэй. 

2 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Ш.А, Л.Д нарын 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ