| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03082/И |
| Дугаар | 191/ШШ2025/03310 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/03310
2025 04 21 191/ШШ2025/03310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...тоот хаягт оршин суух, Б овогт Л.С /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....байранд байрлах, ХД ХХК /РД:.../-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 51,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Л.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Л.С би 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "ХД" ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, автомашины эрсдэлээ даатгуулсан.
Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд уг тээврийн хэрэгслээр 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутагт замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам мөстөж хөлдсөний улмаас зогсож чадалгүй осол гаргаж, ... улсын дугаартай Ланд 300 автомашин, мөн ... улсын дугаартай Кровнтай мөргөлдөж, тээврийн хэрэгсэлд нийт 51,455,000 төгрөгийн хохирол учирсан.
Эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 51,455,000 төгрөгийн эвдрэл, хохирол тогтоогдож даатгагч компаниас нөхөн төлбөр хүсэхэд "ХД" ХХК нь гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл үүссэн тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг мэдэгдсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.
Мөргөсөн хоёр машиныг үнэлүүлэхэд Ланд-300 маркийн машин нь ТБ ХХК-ийн үнэлгээгээр 35,000,000 төгрөг орчим, Crown маркийн машинд 5,000,000 төгрөгийн хохирол учирсан байсан. ХД ХХК-д өөрийнхөө машины гэмтлийг нотолсон баримтыг Crown маркийн автомашины 5,000,000 төгрөгийн материалын хамт өгсөн байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалын дээд хязгаар нь 5,000,000 төгрөг байдаг юм байна. Үүнийг төлсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгөн дүнд энэ 5,000,000 төгрөг багтсан байгаа. Одоо 100 хувийн даатгалтай байсан учраас Ланд 300 маркийн машин болон өөрийнхөө машинд учирсан хохирлын мөнгийг ХД ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Иймд "ХД" ХХК-аас Даатгалын гэрээний дагуу 51,455,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ХД ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбар гаргасан. Үүнд: "ХД" ХХК нь даатгуулагч Л.Сын эзэмшлийн ... улсын дугаартай, Субару Форестер маркийн В ангиллын тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-р нэг жилийн хугацаатай даатгасан, мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... дугаартай "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ"-г тус тус байгуулсан болно.
Даатгуулагч Л.С нь гэрээний хугацаанд буюу нь 2024 оны 02 дугаар сарын 17- ны өдөр Баянгол дүүрэг, Гранд Плаза дэлгүүрийн хойд уулзварт ... улсын дугаартай, Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа
хориглосон дохиог зөрчин зүүнээс хойш чиглэлд нэвтэрсний улмаас урдаас хойш чиглэлд зорчин явсан ... улсын дугаартай, Ланд Круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, ... улсын дугаартай, Кровн маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь ослын үеийн зураг, замын цагдаагийн ослын тодорхойлолтоор тогтоогдсон.
Жолоочийн даатгалын тухай хууль нь тээврийн хэрэгслийн өмчлөгч, түүний зөвшөөрөл бүхий жолооч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалаар нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой бөгөөд албан журмын даатгалын төрөлд хамаардаг заавал даатгуулах шинжтэй даатгал юм. Тус хуулийн 9.1 дэх "Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна: 9.1.1.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл" байх буюу нэг удаагийн даатгалын тохиолдлоор даатгалын байгууллагаас даатгалын үнэлгээний хэмжээ хүртэл олгох зохицуулалттай юм.
Даатгуулагч Л.Сын эзэмшлийн ... улсын дугаартай, Субару Форестер маркийн тээврийн хэрэгсэл нь тус хуулийн 10.1.2 дах "В ангиллын тээврийн хэрэгсэлд..." хамаардаг бөгөөд манай байгууллагын зүгээс хуулийн дагуу нэг удаагийн тохиолдолд 5,000,000 төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг олгох үүргээ биелүүлж ажилласан тул Л.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 415,225 төгрөг төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаар Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, ХД ХХК-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2024 оны 02 дугаар сарын 17-ны ЗТО /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт, 2024 ны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ... Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт, 55,000 төгрөгийг төлбөр төлсөн баримт, Оношилгооны хуудас, Үнийн баримт, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэ зургууд, дансны дэлгэрэнгүй хуулга,
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ХД ХХК-ийн гүйлгээний баримт, нэхэмжлэгчийн өргөдлийн хуулбар хувь,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримын тухайд: Тээврийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/3130 дугаар албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар албан бичиг, Зөрлийн ... дугаартай хэргийн материалын хуулбар, НК ББСБ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар албан бичиг, ХД ХХК-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч ХД ХХК-нд холбогдуулан Даатгалын гэрээний үүрэгт 51,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.1 Л.С нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, 24-02 УБТ улсын дугаартай Toyota landcriuser J-300 маркийн автомашин, ... улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг тус тус мөргөж, тээврийн хэрэгслүүдэд хохирол учруулсан, уг даатгалын тохиолдлын улмаас автомашинуудад учирсан хохирлын хэмжээгээр хариуцагчаас нөхөн төлбөр шаарджээ.
6. Хариуцагч ХД ХХК нь "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ", Жолоочийн даатгалын тухай хуульд заасан хэмжээгээр буюу 5,000,000 төгрөгийг Кровн маркийн тээврийн хэрэгслийн жолоочид шилжүүлж хохирлыг барагдуулсан, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, мөн зам тээврийн ослын тодорхойлолтод заасны дагуу хориглосон гэрлэн дохиогоор тээврийн хэрэгслийг жолоодож байгаа этгээд нь нэвтрэхийг хориглосон заалтуудыг зөрчсөн, мөн даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг бий болгосон үндэслэлээр үлдэх нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй гэж маргасан.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.2 Даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйл, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Л.С нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, ... улсын дугаартай Toyota landcriuser J-300 маркийн автомашин, ... улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг тус тус мөргөж, тээврийн хэрэгслүүдэд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна.
7.3 Осолд өртсөн ... улсын дугаартай Toyota crown маркийн автомашинд учирсан хохиролд даатгалын байгууллагаас 5,000,000 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулга, тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож, энэ үйл баримтад маргаагүй.
8. Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
8.1 Зохигчийн хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр зохицуулсан байх ба тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.
8.2 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8.3 Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон.
8.4 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт даатгалын гэрээнд тусгах нөхцөлийг тусгасан ба мөн зүйлийн 431.4.2-т даатгалын эрсдэлийн нөхцөл-ийг тусгах шаардлагыг зохицуулсан.
Талуудын хоорондын байгуулагдсан Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 3-т зааснаар дараах даатгалын эрсдэлийг даатгасан байна. Үүнд: Мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх, онхолдох, өндрөөс унах, гаднын биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх, их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх, эд анги хулгайд алдагдах, галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх, ус, чийгт автах гэж заажээ.
8.5 Хариуцагч ХД ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ", Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн хохирогч С.А-ийн эзэмшлийн ... улсын дугаартай, Кровн маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 5,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.А-ийн Хаан банкин дах ... дугаартай дансанд шилжүүлж, нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж, уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад дээрх 5,000,000 төгрөгийг багтаан нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна: 9.1.1.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл гэж зохицуулсан ба уг зохицуулалтын хүрээнд хариуцагч даатгалын байгууллага үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8.6 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 51,445,000 төгрөгийн хохирлыг дараах байдлаар тодруулсан: Нэхэмжлэгчийн эзэмшлийн ... улсын дугаартай, Субару Форестер маркийн автомашинд 11,125,000 төгрөг,
24-02 УБТ улсын дугаартай Toyota landcriuser J-300 маркийн автомашинд 35,175,000 төгрөг,
... улсын дугаартай Toyota crown маркийн автомашинд 5,155,000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэжээ.
Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Зөрлийн .... дугаартай хэргийн материалд Автомашины техникийн үнэлгээний тайлангууд авагдсан байх ба тус үнэлгээнд дээрх дүнгээр хохирлыг үнэлсэн, үнэлгээ болон гэм буруугийн талаар хэн аль нь маргаангүй.
8.7 Нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд болон Toyota landcriuser J-300 маркийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байгаа үндэслэлээр татгалзсан.
Даатгалын гэрээний 6.2-т Даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол-д нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ.
Зөрлийн ... дугаартай хэргийн материал, Даатгалын тохиолдлын тодорхойлолт, зохигчийн маргаангүй тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэж заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.
9. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХД ХХК-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 51,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА