2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28 191/ШШ2025/03566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эмэгтэй, Ш гэлэн овогт З.Б /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АК ХХК /...оршин байх, РД:.../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ТБХК /.... тоот хаягт оршин байх, РД:.../-ийг оролцуулан,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТБХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: З.Б нь Д.Бтай харилцан тохиролцож, Д.Бы "АК" ХХК-тай 2021 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг үндэслэн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, СХ, 114-р байр, 35 тоот хаягтай, 85,8м талбай бүхий 3 өрөө орон сууцыг 158,730,000 төгрөгөөр худалдан авах тухай ... тоот гэрээг хариуцагчтай байгуулсан.

"СХ"-ын 5-р ээлжийн орон сууцны барилга нь 2018 онд ашиглалтад орсон бөгөөд 2013 онд барилгын төсөл хэрэгжиж байх үед орон сууцны анхны худалдан авагч болох З.Б нь "АК ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, улмаар байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот нэмэлт гэрээгээр өөрийн эрх үүргийг Д.Бд шилжүүлсэн. Цаашилбал Д.Б нь худалдан авах гэрээний эрх, үүргийг АК" ХХК-тай 2021 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан ... тоот нэмэлт гэрээний дагуу 3.Буянжаргалд шилжүүлсэн болно.

Тус орон сууцны хороолол нь 2018 онд ашиглалтад орж, тухайн үед орон сууцыг З.Б хүлээн авч 2021 оныг хүртэл амьдарсан. Одоогоор орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг хариуцагч АК" ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 18-ны дотор 100 хувь бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлчхөөд байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй миний эрхийг зөрчиж байгаад би гомдолтой байна. 2020 оны 9 дүгээр сард Хариуцагчаас ирүүлсэн ... тоот албан бичигт "... Д.Б нь захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн бөгөөд манай компанид төлбөрийн ямар нэг үлдэгдэлгүй байна. ...барилга нь төслийн зээлийн барьцаанд байгаа барьцаа хөрөнгө чөлөөлөгдмөгц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад татгалзах зүйлгүй болно" гэсэн, ... тоот албан бичигт "..өмчлөх эрхийн гэрчилгээг хэсэгчлэн чөлөөлж байгаа тул энэ онд багтаан гарган өгөх болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн боловч өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаа өнгөрлөө.

Хариуцагчийн банк санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бүхий харилцааны үр дагаврыг орон сууцны төлбөр, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн худалдан авагч, эзэмшигч, өмчлөх эрх бүхий олон иргэд, олон жилийн турш хүлээж, хохирч байгаад туйлын гомдолтой байна.

Гуравдагч этгээд энэ маргаантай асуудлыг шийдээд өгье гэж өнөөдрийг хүрсэн. Хариуцагч тал гуравдагч этгээдийн өмнө биелүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэчихсэн гэж тайлбарладаг. Зээлдэгч зээлдүүлэгч нарын хоорондох асуудлаас болоод зориудаар үндэслэлгүйгээр гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Зээлийн барьцаанд байгааг өөрсдөө давуу эрхтэй байгаагаа далимдуулаад бариад байгаа болохоос биш үндэслэлтэй тайлбар огт хэлдэггүй. Гуравдагч этгээд өөрсдийнх нь эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаагаа хангалттай баталж, энэ талаар тайлбарлаж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч З.Быг ... 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч АК" ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "АК" ХХК-тай ... тоот "Орон сууц худалдах гэрээ" байгуулж "СХ"-ын 114 дүгээр байр, 8 давхар 35 тоотод байрлах 85.8 м.кв 3 өрөө орон сууцны захиалагч болсон. Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно. Манай компани тодорхой шалтгааны улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрчилгээг гаргаж өгнө гэдгээ үүгээр илэрхийлж байна.

АК ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахгүй байгаа үндсэн шалтгаан нь анх барилгын санхүүжилт босгох зорилгоор дутуу барилгын гэрчилгээтэй байх үед нь 114 болон 115 дугаар блокийг ТБХК-ийн барьцаанд тавиад, тухайн үед зээл авч байсан. Зээлийн гэрээний үүрэгт бүх зээлдэгч нарын үл хөдлөх хөрөнгийн дутуу барилгынхаа гэрчилгээг ТБХК-д шилжүүлснээр АК ХХК-ийн үүрэг дуусгавар болох байсан. ТБХК нь манай компанийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзээд одоо хүртэл захиалагч нарын ялангуяа З.Бын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа юм. Алтай констракш ХХК-ийн хувьд ТБХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үздэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч АК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үйл баримт болоод нэхэмжлэлийн шаардлагад маргаангүй.

 

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр гуравдагч этгээдээр ТБХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар анх З.Б/нэхэмжлэгч З.Бтай төрсөн эгч дүүс гэх/ нь АК ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 47 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээний эрх үүргийг Д.Бд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон-ны барилгын орон сууц захиалгын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 47 тоот гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 10-р тал/

 

6.2 Нэхэмжлэгч З.Б нь ... тоот хаягт байршилтай, 85,8 мкв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар хариуцагч "АК" ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаар гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5-7-р тал/

 

Дээрх гэрээний 1.2-т гэрээний зүйл буюу орон сууцны талаарх мэдээлэл хэсэгт: ... тоот, 85.8 мкв хэмжээ бүхий, гэрээний 2.1-т ...гэрээний нийт үнэ 158,730,000 төгрөг байх, төлбөрийг хавсралт-1 заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлүүдийг харилцан тохиролцож, гэрээ нэхэмжлэгч З.Б, хариуцагч АК ХХК нарын хооронд байгуулагджээ.

 

6.3 Улмаар мөн өдөр 47/03 дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СХ-ын барилгын орон сууц захиалгын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 47 тоот гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж маргаан бүхий орон сууцны захиалагч тал Д.Б нь З.Б болон өөрчлөгдөж, эрх, үүрэг З.Бд шилжсэн талаар тохиролцсон байна. /хх-ийн 8-р тал/

 

6.4 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлж, 158,730,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэлгүй талаар баримт үйлджээ. /хх-ийн 9-р тал/

 

6.5 Орон сууцны анхны захиалагч, худалдан авагч З.Б нь хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг ашиглалтад орсон 2018 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж байгаад, 2021 оноос хойш нэхэмжлэгч З.Бын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

6.6 ТБХК, АК ХХК нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ, Орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдсон. /хх-ийн74-83-р тал/

 

Хамтран ажиллах гэрээний зорилгыг гэрээний 1.1-т ...барьж буй СХ хотхоны ...B4...блок болох 24,243.2 м.кв талбайтай/396 айл/, орон сууцны зориулалттай барилгыг банкны зээлээр борлуулах, банк нь энэхүү байранд захиалга өгч орон сууц худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох, зээлийг эргүүлэн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэжээ.

 

Орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах батлан даалтын гэрээний 1.1-т ...хамтран ажиллах гэрээний дагуу ...... ...байруудын борлуулалтыг дэмжих зорилгоор банкнаас олгогдох нийт 6,643,000,000 төгрөг хүртэлх хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлүүдэд АК ХХК хөрөнгийн батлан даалт гаргахыг зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав. 1.2-т СХ хотхоны ....дугаар бүхий барилгаас орон сууц худалдан авах зорилгоор Төрийн банкнаас орон сууцны зээл авч байгаа иргэд бүрт АК ХХК батлан даалт гаргаж байгаа ба зээлээр худалдан авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн зээлдэгч бүрийн зээлийн барьцаанд албан ёсоор бүртгэгдсэнээр энэхүү батлан даалтын гэрээ дуусгавар болно...2.1-т ...барьцааны зүйл: ...СХ...114, 115...гэжээ.

 

7. Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч АК ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гардуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч З.Б, хариуцагч "АК" ХХК нарын хооронд маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар гэрээний үнийг нэхэмжлэгч бүрэн төлж, өнөөдрийн байдлаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигч хэн аль нь маргаангүй.

 

Гэрээний заалт, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж талуудын хүлээх үүргийг заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргийг бүрэн биелүүлсэн, харин хариуцагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заанаар өмчийн хэлцлийг хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, үүргийн хэлцэл бодит байдалд биелэгдэх нөхцөлийг хариуцагч бүрдүүлэх үүрэгтэй.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигт АК ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, СХ, Хүннү гудамжны 114 дүгээр байр тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байх бөгөөд уг орон сууцыг барьцаалан ТБХК-тай 2014.04.09-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ болон батлан даалтын гэрээ, 2015.04.28-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй байна... гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах баримт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч АК ХХК-нд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гардуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,021,800 /951,600+70200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,021,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ...тоот хаягт байрлах, 85,8 мкв хэмжээ бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Быг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг хариуцагч АК ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,021,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,021,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА