2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03823

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05 191/ШШ2025/03823

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байх, СК ХХК /РД:5572282.../-ийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: ... тоот хаягт оршин байх, ГД ХХК /РД:.../-д холбогдох,  

 

Гэрээний үүрэгт 6,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Хариуцагчийн тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: СК ХХК-ийн эрхлэн явуулдаг С.mn вебсайтад зар сурталчилгаа байршуулах 5,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ-г 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ГД ХХК-тай байгуулсан.

Манай компани гэрээний дагуу үүргээ биелүүлж, ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэсэн боловч, захиалагч нь гэрээний 3.4-т зааснаар ажлын хөлсийг ажлын 3 хоногт багтаан төлөх үүргээ биелүүлээгүй.

Зар сурталчилгаагаа байршуулах талаар ГД ХХК-ийн маркетингийн менежер нь холбогдоод мантуу гаргадаг, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж мэдэгдэж байсан. Бид гэрээ хийхээр болж, гэрээ байгуулахаасаа өмнө нэлээн олон удаа мэйлээр харилцаж эхэлсэн байгаа. Манайхаас үнийн санал асуугаад, үнээ хямдруулаач гэсэн хүсэлтийн дагуу бид нар өөрийнхөө 10,000,000 төгрөгөөр өгөх үйлчилгээг 5,000,000 төгрөг болгож багц үнийн үйлчилгээ болгоод гэрээ хийхээр тохиролцоод, тухайн үйлдвэрлэл явагдаж байсан Баянзүрх дүүрэг дэх хариуцагчийн тухайн үеийн хаяг дээр би өөрөө очиж уулзаж, гэрээ байгуулж, гарын үсэг зурж, гэрээний нэг хувийг авч байсан.

Бид төлбөрөө шаардаж олон удаа харилцсан, тухайн үеийн нөхцөл байдлыг нь ойлгоод төлбөрийн нөхцөлийг хойшлуулж байгаа тэр зүйлийг нь тэсвэр, тэвчээртэйгээр хүлээж авсаар байтал хамгийн сүүлд нь бид нарт утгагүй тайлбар хэлсэн нь Чамтай гэрээ хийсэн хүн нь манай захирлыг орлох хүн биш, өөр хүн гарын үсэг зурсан байна гэж хэлсэн. Тийм учраас бид шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

Нэхэмжлэл гаргах хүртэл 78 хоног хэтрүүлсэн учир алданги өдрийн 25,000 төгрөгөөр тооцож 1,950,000 төгрөг, гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: СХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "ГД" ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Гэрээ хүчин төгөлдөр эсэх:

"СХ ХХК болон ГД" ХХК-иуд "Ажил гүйцэтгэх гэрээ"-г 2023 оны 11 сарын 01-ний өдөр гэрээг бичгээр байгуулж нэг тал нь сурталчилгаа байршуулах нөгөө тал нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Тус гэрээний эхний хуудасны баруун дээд хэсэгт Батлав гээд ГД ХХК"-ний гүйцэтгэх захирал Н.Б гэж зурсан гэтэл тус гарын үсэг нь Н.Бн гарын үсэг биш буюу тухайн үед гэрээний 2 дах хуудсанд гарын үсэг зурсан Б.Бгийн зурсан гарын үсэг байна. Өөрөөр хэлбэл тус компанийг төлөөлж буй гарын үсэг зурах эрхтэй этгээд болох Н.Б нь гарын үсгээ зураагүй юм.

Компанийн тухай хуулийн "83.1. Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна." гэж заасан буюу ГД компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ хэлцэл хийх бүрэн эрх зөвхөн Гүйцэтгэх захирал Н.Бд байгаа юм.

Тэгвэл гүйцэтгэх захирал Н.Б өөрт байгаа эрхээ тус гэрээнд гарын үсэг зурсан Б.Бд олгосон эсэх:

Монгол улсын иргэний хуулийн 64.1. Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.

64.2. Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:

64.2.1. итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

64.2.3. олгосон он, сар, өдрийг заах;

64.2.4. хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;

64.2.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрээнд Б.Бд олгосон итгэмжлэл байхгүй юм.

Тиймээс иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрх Б.Бд үүсээгүй байна.

Төлөөлөх эрхгүй этгээд дур мэдэн хэлцэл хийсэн тухайд:

Мөн иргэний хуулийн 68.1.Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Гэж заасан бөгөөд тус хэлцлийг Н.Б нь өөрөө хийгээгүй бөгөөд төлөөлөх эрхгүй этгээд хийсэн тус хэлцэлд зөвшөөрөл олгоогүй юм.

69.1. Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Гэж заасан байгаа тул энэхүү дур мэдэн хийсэн хэлцлийг төлөөлөн бүрэн эрхгүй этгээд хийсэн байгаа тул тус хэлцлээс үүссэн гэм хорыг ГД компаниас бус төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бүрэн хариуцах ёстойг мөн зохицуулсан байна.

Тиймээс ГД компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь зөвхөн Гүйцэтгэх захирал бөгөөд бусад этгээдийн хувьд заавал төлөөлөх бүрэн эрхээ шилжүүлж авсны үндсэн дээр аливаа хэлцэл хийх үүрэгтэй. Гэтэл дээрх СХ" ХХК болон ГД" ХХК-иуд Ажил гүйцэтгэх гэрээ"-г 2023 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд СХ" ХХК-ийн гаргасан 6,950,000 /зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3 Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 126,150 төгрөг төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, с.mn сайтын үйлчилгээнүүдийн үнийн санал, нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэрээний талуудын хооронд харилцсан мэйлийн хуулбарууд, төлбөр төлөх тухай мэдэгдлүүдийн хуулбар, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

3.2 Хариуцагчаас гаргаж өгсөн баримтын тухайд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгч Н.Бн иргэний үнэмлэхийн хуулбар, гүйцэтгэх захирал Б.Аийг бүртгэсэн өөрчлөлт орсон хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, Ж.Тд олгосон 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, ГД ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Бүтээгдэхүүний үнэ тогтоох тухай тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Бүтэц батлах тухай тушаал,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч СК ХХК нь хариуцагч ГД ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 1,950,000 төгрөг нийт 6,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

5.1 Хариуцагч ГД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Гэрээг Б.Б байгуулсан, түүнд эрх бүхий этгээдээс гэрээ байгуулах эрх, итгэмжлэл олгоогүй, дур мэдэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээнд гүйцэтгэх захирал Н.Б гарын үсэг зураагүй үндэслэлээр татгалзсан.

 

6. Тус хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлийн хугацаа дууссан, өнөөдрийг хүртэл сунгаж өгөөгүй үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэнд үндэслэн, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 025-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ж.Тамжид болон хариуцагч хуулийн этгээдийн захирал Б.Анхцэцэгт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэв.

 

7. ГД ХХК, СК ХХК нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан. /хх-ийн 5-6-р тал/

 

7.1 Тус гэрээнд захиалагч ГД ХХК-ийг төлөөлж, маркетингийн албаны дарга Б.Б, гүйцэтгэгч СК ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З.Э нар гарын үсэг зуржээ.

 

7.2 Гэрээний 1.2-т Энэхүү гэрээний зорилго нь захиалагчийн Мэдээ, сошиал пост, Баннерыг вебсайт, сошиал хуудсанд байршуулахтай холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, 1.3-т гэрээгээр гүйцэтгэгч захиалагчийн ...мэдээ, баннерыг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд сайт дээрээ байршуулах, нөгөө талаас захиалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөхөөр тохиролцов, Хоёр. Гүйцэтгэх ажил: 2.1-т Гэрээний хугацаанд захиалагч нь гүйцэтгэгчээс дараах БАГЦ үйлчилгээг онцгой хөнгөлөлттэй үнээр авахаар тохиролцов.

Үүнд: С.mn А1 байршил дээр 30 хоног баннер байршуулах,

Бонус: 5 онцлох мэдээ оруулах эрх, 5 сошиал пост оруулах эрх, 2 стори мэдээ оруулах эрх, 3 захиалгат нийтлэл бэлтгүүлэх гэжээ.

 

7.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бусд хэлцэл гэж үзэх татгалзлын үндэслэлийг хариуцагч тал нотлоогүй, шүүхэд аливаа баримт гаргаж өгөөгүй.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн.

 

Хэлцэл хийсэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, хууль зүйн үр дагавар бий болгох зорилготой, эрх зүйн дагуу үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж татгалзаж байх боловч гэрээний харилцаанд оролцож буй хуулийн этгээдүүдийн тухайд төлөөлөгчийн төлөөлөх эрхгүй гэдгийг мэдэх боломжгүй тохиолдолд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй. Иймд маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж үзэв.

 

7.4 Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т Энэхүү гэрээг 2023.11.01-2024.11.01-ний өдрийг дуустал хугацаатай байгуулав гэж дурсан байх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд гэрээний хугацааг 2023.11.01-нд байгуулсан, 2023.11.07-2023.12.07-ны хооронд 30хоногт гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан, хариуцагч тал гэрээний хугацаа, гүйцэтгэлд маргаагүй болох нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар нотлогдоно.

 

Мөн хэрэг авагдсан 2023.12.08-ны өдрийн Ажлын гүйцэтгэлийн тайлан баримтад 2023.11.06, 2023.11.30, 2023.12.04, 2023.12.07 гэх өдрүүдэд баннер байршуулж, мэдээ нийтэлсэн хугацаа тусгагдсан, нэхэмжлэгч шүүхэд 2023.01.23-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан зэргийг дурдах нь зүйтэй.

 

7.5 Нэхэмжлэгч алдангийн тооцооллыг ...гэрээний хугацаа дуусгавар болсон 2023.12.01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024.01.23-ны өдрийн хооронд нийт 78 хоногоор тооцож, 1,950,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан хөлс төлөх/2023.11.01-2023.11.07/үүрэгтэй гэж үзэж, гэрээний 6.1-т зааснаар 2023.11.07-2024.01.23-ны өдрийн хооронд нийт 46 хоногоор алдангийг тооцож, 1,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 , 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГД ХХК-иас гэрээний үүрэгт нийт 6,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 , 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА