| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03538/И |
| Дугаар | 191/ШШ2025/03972 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03972
2025 05 07 191/ШШ2025/03972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц овогт Б.У тоот хаягт оршин суух, РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: "ЭУ" ХХК /блокт байрлах, РД:/-д холбогдох,
Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, ажлын хөлс 2,700,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,000,000 төгрөг нийт 13,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Э.Х нь шүүх хуралдаанд ирээгүй ба зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасанд үндэслэн хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭУ ХХК-тай Энхтайваны гүүрний баруун талд байрлах 23 давхар барилгын 4, 14 давхрын заслын ажил буюу цагаан замаскийн ажил, обой, эмульс нийлээд нэг давхрын ажлыг 9,000,000 төгрөгөөр нийт 18,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож гэрээ байгуулан ажилласан.
Дөрвөн давхрын ажлыг ганцаараа хийгээд цагаан замаск кнопын ажлыг хийгээд, гипсийн ажил нь дутуу байтал материал дутуу болж дутуу орхисон. Ингээд 14 давхрын ажлыг хийж бай гэсэн. Дөрвөн давхрын ажлын хөлсийг өөрсдөө үзэж харж байгаад 1,800,000 төгрөг өгсөн байсан. 14 давхар руу орж ажиллахад гипс нь бараг бүрэн байсан. Цагаан замаскийн ажилд нэг туслах аваад бид хоёр ажилласан.
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж байхдаа 19:00 цагт гараа гэмтээсэн. Цагаан замаскаа туслахтайгаа хамт тусгай зориулалтын машинаар шүршиж хийж байсан. Тухайн үед гараа гэмтээхэд цус гараагүй, зүү нь л ороод гарсан юм шиг байсан. Би бодохдоо машиныхаа төмөрт нь цохичихлоо гэж бодсон. Гэр рүүгээ харихад бүр их өвдөж байсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очсон. Рентген зургаар гарынхаа дотор халдвар орсон, гаднын биет орчихсон байсан болох нь тодорхой болсон. Эмч нар тэр дор нь арга хэмжээ авч эхлээд зүсээд дотор цагаан замаскийг шахаж гаргасан. Маргааш нь шууд эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. Хариуцагч тал намайг ажлаа хаяж явсан гэж үзээд байгаа боловч би ямар ч ажлаа хаяж яваагүй.
Би 4 давхрын ажлыг хийж гүйцэтгээд 1,800,000 төгрөг авсан. 14 давхарт шинээр ажил хийгээд нэг ч төгрөг аваагүй. 1 сар гаруй бүх кноп ажлуудыг туслахтайгаа нийлж хийчхээд хөлс аваагүй. Би барилгын засал чимэглэлийн ажлыг хувиараа гэрээ хийж ажилладаг. Дансны хуулганаас харахад сарын 3,000,000-5,000,000 төгрөгийн орлоготой гэдэг нь харагдаж байгаа. Дансны хуулга өөр бусад барилга угсралтын компаниудад ажиллаж байсан хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Гараа гэмтээснээс болж 3 сар ажил хийгээгүй, гэртээ байсан тул 3 сар ажилласан бол 9,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж сэтгэл санааны хохиролд тооцож шаардаж байна.
Иймд хариуцагчаас 4 давхрын ажилтай харьцуулан үзэж 14 давхарт хийсэн ажлын хөлс 2,700,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9,000,000 төгрөг нийт 13,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ЭУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 4 давхрын заслын ажлыг 9 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ хийсэн. Үүнээс 2 үе цагаан замаск татах ажлын хөлс 3 сая, зүлгүүр эмульс 3 сая, обой 3 сая төгрөгийн гэрээ хийсэн. Эхний гүйцэтгэлийн ажил буюу цагаан замаск ажил 30 хувь хүрэхээргүй ажил хийгдсэн. Дараагийн давхар болох 14 давхар дээр мөн ижил гэрээ хийгдсэн ч 14 давхарт эхний үеийн цагаан замаскийн ажлыг зориулалтын бус эмульсийн машинаар шүршсэнээс хэт нимгэн, зарим хэсэгтээ асуудал гарсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 13,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, өмгөөллийн хөлсний хувьд нэхэмжлэгч өөрөө хууль зүйн мэдлэггүй учраас өөрөө хүсэж өмгөөлөгчтэй өмгөөллийн гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авч байгаа учраас хариуцагч тал өмгөөлөгчийн хөлсийг хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, ажлын хөлс 2,700,000 төгрөгийн тухайд хэрэгт авагдсан гэрээнүүдийг эцэслэн дүгнээгүй. Харин 2,000,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө урьдчилгаа болгож хариуцагч компани нэхэмжлэгчид өгчихсөн байгаа. Нэхэмжлэгч ажлаа хийж дуусгаагүй дунд нь орхиод явсан, нэгэнт гэрээ дүгнэгдээгүй байгаа. 2,700,000 төгрөгийн ажлыг хийж дуусгаагүй учраас үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, гараа гэмтээсэн асуудал яригдаж байна. Гараа гэмтээсэн асуудлын хувьд иргэн буюу нэхэмжлэгч өөрөө хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлаа хангаагүй нь улмаас өөрийнхөө биед гэмтэл учирсан үзэж байна.
Сэтгэл санааны хохирлын хувьд компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол учирсан зүйл байхгүй. Сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтооно гэж Шүүх шинжилгээний тухай хуульд заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөх ёстой. Тус үйл явдал 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон байгаа учраас сэтгэл санааны хохиролтой асуудлыг хариуцагч хохирол учруулаагүй, хуулиар олгогдох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогч нараас шүүхэд гарган өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч ЭУ ХХК-д холбогдуулан Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, ажлын хөлс 2,700,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,000,000 төгрөг нийт 13,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл учраагүй, сэтгэл санаанд хохирол учруулаагүй үндэслэлээр эс зөвшөөрсөн.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
6.1 Хариуцагчтай нийт 18,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 4 давхарт хийсэн ажлыг материал дутуу шалтгаанаар дуусгаагүй, хөлс 1,800,000 төгрөг авсан. 14 давхарт туслахтайгаа хамт 1 сар гаруй хугацаанд ажилласан ч нэг ч төгрөг аваагүй, гараа гэмтээсний улмаас ажлаа дуусгаж чадаагүй, 14 давхарт өөрийн хийсэн ажлын хөлсийг 4 давхарт хийсэн ажлын хөлстэй харьцуулан тооцож 2,700,000 төгрөг шаардсан,
6.3 Өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авсан тул 2,000,000 төгрөгийг тус тус шаардана гэжээ.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд талууд маргаагүй.
7.1 Нэхэмжлэгч хийсэн ажилд тохирсон хөлсийг шаардаж, хариуцагч тохирсон ажлыг бүрэн дуусгаагүй үндэслэлээр хөлс төлөхөөс татгалзсан.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын үүргийг заасан.
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч ЭУ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 02, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчийн тайлбараар нотлогдсон./хх-ийн 5-7-р тал/
Зохигч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1-т Гүйцэтгэгч тал нь барилгын заслын ажил хийнэ. Ажлын төрөл болон тоо хэмжээг хавсралт-1 д тусгана, 2.1-т гэрээг хугацаагүйгээр байгуулна. Гүйцэтгэсэн ажлыг хоёр тал хавсралт-1д баталгаажуулснаар төлбөрийг гэрээ байгуулсан дансанд төлнө, 5.2-т Гүйцэтгэгч тал нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр өөрийгөө хангасан байх үүрэгтэй гэж тус тус тохиролцсон байна.
2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний төгсгөлд ...заслын ажил нийт үнийн дүн 18,000,000 төгрөг гэсэн бичвэрийг гараар бичиж тусгасан, уг бичвэрт хариуцагч тал маргаагүй. /хх-ийн 5-р тал/
Нэхэмжлэгч тал хариуцагч буюу захиалагч талыг ажлын үр дүнг хүлээн авч, дүгнэх үүргээ биелүүлээгүй учир өөрөө ажлын хөлсөө тодорхойлсон гэж, хариуцагч тал ...ажлыг дуусгалгүй орхиж явсан учир бусдаар тухайн ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэндэд хохирол учруулж, гараа гэмтээсэн, эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/449 дугар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн иргэний авсан тусламж үйлчилгээний жагсаалт баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Талуудын байгуулсан гэрээнд гүйцэтгэгч тал нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр өөрийгөө хангасан байх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн тоног, төхөөрөмжийг ашиглаж ажил үүрэг гүйцэтгэж байхдаа гэмтэл учруулсан талаар тайлбарласан, уг үйл баримтад хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирол шаардаагүй.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагч нар нь ажлын хөлсийг 18,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь талуудын байгуулсан гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь ажлын үр дүн буюу хийж гүйцэтгэх ажлыг 23 давхар барилгын 4, 14 давхар тус бүрт заслын ажил /цагаан замаскийн ажил, обой, эмульс/-ыг хийж гүйцэтгэх, нийт хөлс давхар тус бүр 9,000,000 төгрөгөөр нийт 18,000,000 төгрөгөөр тохиролцсонд гэж тайлбарласан ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн гэрээний нөхцлийн талаарх тайлбаруудад үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүй. 18,000,000 төгрөгөөр тохиролцсон бичвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн бичгийн хэв мөн тул маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Иймд захиалагч буюу хариуцагч ЭУ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж тус тус заасан үүргээ биелүүлж, гүйцэтгэгчид тохирсон хөлсийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23 давхар барилгын 4, 14 давхрын заслын ажлыг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэж байсан үйл баримт дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хийсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй тул ажлын хөлс төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд хүлээн авах үүрэгтэй гэж, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтад гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүрэг нь захиалагч талд байх бөгөөд хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр ажлын хөлс 2,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг тодорхой ажил гүйцэтгэсэн үйл баримт дээр маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 2,700,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийн зардал гарсан талаар нэхэмжлэгч нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан. Дээрх тохиолдолд хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй гэрээнээс татгалзсан шинжгүй байх тул хохирлыг шаардах үндэслэлгүй, нөгөө талаас зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй.
10. Нэхэмжлэгч нь сард олох орлогыг 3,000,000 төгрөгөөр тооцож, гараа гэмтээснээс шалтгаалан 3 сар ажил хийгээгүй үндэслэлээр 9,000,000 төгрөгийн хэмжээгээр сэтгэл санааны хохирол учирсан гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус зохицуулсанд үндэслэн сэтгэл санаанд учирсан хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажлын хөлс 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 11,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
12. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчийн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтэд үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ЭУ ХХК-иас ажлын хөлс 2,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Л.ЗОЛЗАЯА