Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/96

 

 

 

Д.Н, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

яллагдагч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч С.Номиндалай, Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/3074 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.Н, Д.Б нарт холбогдох 2102002120013 дугаартай эрүүгийн хэргийг /26 хавтас/ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. Д.Н ял шийтгэлгүй;

2. Д.Б ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Н нь нийтийн албан тушаалд  ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэснийг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2 дахь хэсэгт заасан /батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.4 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Д.Бтэй бүлэглэн түүний үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн 147.265.193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ийн захирал Д.Бтэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “Б” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Д.Б нь “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалд  ажиллаж байсан Д.Нтэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг “И” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он, сар, өдрийг хуурамчаар гаргуулан, улмаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х”-ийн ерөнхий захирал Д.Нтэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Б” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч Д.Н, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаарх нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж, тогтоогоогүй.

1. Хавтаст хэрэгт бэхжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолд Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.С, Сангийн сайд Ч.Х нарт даалгажээ.

Үүний дагуу Монгол Улсын Сангийн сайд Ч.Х 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр GRAND NUMBER 0688-MON дугаартай ASIAN DEVELOPMENT BANK буюу PAVID RAMACHANDRAN-тай гэрээг байгуулсан байх ба уг гэрээнүүдийг болон санамж бичгийг Монгол хэл дээр албан ёсоор орчуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлээгүй байна. ...Гэрээг орчуулах нь уг гэрээний нөхцөл, шаардлага, тэрхүү буцалтгүй тусламжийг ямар албан тушаалтан хариуцаж, хэнд ямар зориулалтаар олгох ёстой байсан, тусламжийн хөрөнгийн зарцуулалт, тайлагнах журам зэрэг нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт гэж үзлээ.

2. “Б” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20/31 дугаартай Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаартай Монгол Улсын шадар сайдад хүргүүлсэн албан бичиг, Хийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13/358 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай Х төвд хүргүүлсэн албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газарт хүргүүлсэн албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/3168 дугаартай Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлсэн албан бичиг, Хийн захирал Д.Нгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаартай Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн албан бичиг, “Б” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/64 дугаартай Хд хүргүүлсэн албан бичгүүдэд тус тус дурдсанаар, “Медтравма” эмнэлгээс Хд шилжүүлсэн “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг бэлэглэлийн болон худалдан авах гэрээ байгуулсан мэтээр, түүний төлбөр болон суурилуулалтын зардал, урсгал засварын зардал 400,000,000 төгрөг гэж үнийн дүнг Эрүүл мэндийн яам, “Б” ХХК, Хийн эрх бүхий албан тушаалтнууд тодорхойлж, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр хандаж байжээ.

...дурдсан албан бичгүүдэд “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг бэлэглэх, худалдсан байдлаар, үнийн дүнг 400,000,000 төгрөгөөр тодорхойлж байсан эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрүүд нь Д.Н, Д.Б нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө болон хойшхи цаг хугацаанд гарч байсан байх ба эдгээр Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь хууль, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлцэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа зөрчсөн эсэх талаар шалгаж тодруулаагүй, орхигдуулсан. Тэрхүү албан тушаалтнууд нь хууль, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлцэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа зөрчсөн эсэхийг шалгаж, “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Хд хэн гэгч албан тушаалтны шийдвэрээр суурилуулж байрлуулсан, улмаар 400,000,000 төгрөгийг “Б” ХХК-нд шилжүүлсэн үйл баримт хаана, ямар газарт болсон зэргийг тодруулан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэх, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй шалгаж тогтоох шаардлагатай.

3. Гэрч Д.С, С.Эын ...мэдүүлгүүдэд дурдсанаар Д.Н, Д.Б нарын гарын үсэгтэй 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай “Компьютер томографийн аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулах үйл явцаас өмнө “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Хд нийгмийн хариуцлагын хүрээнд Д.Б гэгч нь өгөхөөр Эрүүл мэндийн сайд Д.С, Монгол Улсын шадар сайд Ө.Э нартай санал солилцсон байна. Хэрэв Д.Б, Эрүүл мэндийн сайд Д.С, Монгол Улсын шадар сайд Ө.Э нар яриа хэлцэл хийж санал солилцсон бол “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Хд ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгөх болсон, тоног төхөөрөмжийн үнэ, түүний төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ө.Эгээс тодруулах шаардлагатай байна. Тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээдээс Д.Б нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Хд шилжүүлэхээр тохиролцсон эсэх, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийг тогтоох ач холбогдолтой.

4. Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10/262 дугаартай албан бичиг, гэрч Х.Е мэдүүлгээс үзвэл энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж Эрүүл мэндийн яамыг тогтоосон нь хохирогчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээтэй байна. Учир нь, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16 “Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн...” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 4.8 “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг шалгарсан төсөл гүйцэтгэгчид гэрээний үндсэн дээр шилжүүлэх бөгөөд гэрээг гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулна.” гэж тус тус заасан тул гадаадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө болох “Б” ХХК-нд шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрхтэй төслийн нэгжийн дарга хэн болох, тэрээр хууль, гэрээ, хэлцэл, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, түүнчлэн буцалтгүй тусламжийг Засгийн газарт олгосон байх тул Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнуудаас тодруулсаны үндсэн дээр хохирогчийг тогтоох нь зүйтэй.

5. Монгол Улсын Эрүүл мэндийн яам 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн Капитрон банкны 10090........4 дугаарт дансанд /”Б” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 20/55 дугаартай, Хийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13/806 дугаартай албан бичгүүд/-ийг тус тус үндэслэн Хд К-19 цар тахлын үед яаралтай суурилуулсан компьютер томографи аппарат иж бүрдэлийн төлбөр 400,000,000 төгрөгийг шилжүүлжээ. ...Татварын улсын байцаагчийн акт, төлбөрийн баримт, гэрч Б.Баярмаагийн мэдүүлгээр “Б” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000,000 төгрөгийг буюу эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд байх тул иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах.

...Хэрэгт нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх тул ажил гүйцэтгэх гэрээнд тусгасан шинжээчийн ажлын хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлэж өгнө үү...” /23-р хх-47/ гэсэн байх тул энэхүү зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зардал мөн эсэхийг тодруулж, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг тогтоох.

6. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Д.Нгийн оршин суух Д дүүргийн 00 дугаар хороо, Х хотхоны 1 дүгээр байрны 0000 тоотод нэгжлэг хийж, “...Бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр, 20000-тын талон 12 боодол цагаан хайрцагтай, 10000-тын талон 3 боодол, метал гадаргуудтай “World Health Organization” гэсэн бичиглэлтэй төмөр цүнхэнд задгай баримтууд, хөөрөг, гадаад улсын мөнгөн дэвсгэртүүд, мөнгөн аяга, зааны соёо гэх зүйл, шүрэн бурхан...” зэрэг хураан авсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн байдал нь тодорхойгүй байх ба прокурор яллагдагч Д.Н, Д.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлтийн хавсралтад хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгалгүй, орхигдуулсан байна. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Д.Н, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2102002120013 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг. ...Шүүх 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө болон хойших хугацаанд гарч байсан байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, прокурор гэмт хэрэг гарсан цаг хугацаа, нутаг дэвсгэрийг хавтаст хэрэгт авагдсан гэрээ байгуулсан, гэрээний эд зүйлсийг хүлээн авсан буюу эрх зүйн харилцаа үүссэнээр тодорхойлсон байхад хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтуудаар Хийн захирал Д.Н, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний гэрээний зүйлд “... 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энэхүү гэрээг байгуулав...”, 3-т захиалагч нь барааны нийлүүлэлтийн үнэ 400,000,000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлнэ, Гэрээний үнэд аппаратын үндсэн үнэ, угсралт, суурьлуулалт, сургалтын зардал багтсан болно... гэрээний 5 дахь заалтад нийлүүлэгч нь доорх нэр төрлийн барааг 2020 оны 4 дүгээр сарын 5-наас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлж хүлээлгэн өгнө...гэж заасан. Гэрээнд заасны дагуу “Б” ХХК-иас Х 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт үйлдэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан байдаг. Тус тоног төхөөрөмжийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж авсан ба Хийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1-3/162 тоот албан бичгээр давхар нотлогддог. Хийн захирал Д.Нгээс Эрүүл мэндийн яаманд “...Эрүүл мэндийн яамнаас өгсөн санал зөвлөмжийн дагуу Төрийн болон Орон нутгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 заалтын дагуу шууд худалдан авах гэрээг “Б” ХХК-тай хийсэн... Бид 2020 оны 5 дугаар сарын 15-нд “Б” ХХК-тай компьютерт томографын гэрээ, тус аппаратыг хүлээн авсан комиссын акт үйлдэж Эрүүл мэндийн яаманд хувийг хүргүүлсэн. Иймд тус компанид өгөх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13/806 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсэн байна. Албан бичиг болон нэхэмжлэлийг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас “Б” ХХК-ийн Капитрон банк дахь 3004..........0 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр санхүүжилт болох 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулагдсан, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан, санхүүжилт хүссэн албан бичиг зэргийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийг гэрээ байгуулсан болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан нутаг дэвсгэр болох Х буюу Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Хоёр. Эрүүл мэндийн яамнаас “Б” ХХК-ийн Капитрон банк дахь 3004..........0 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эрүүл мэндийн яамны төрийн сангийн 10090........4 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,407,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 400,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,004,183,583 төгрөг, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шилжин орсон. Уг буцалтгүй тусламжийн санхүүжилтээс “Б” ХХК-ийн 400,000,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны депозит хуулгаар тогтоогддог. Эрүүл мэндийн яам Төрийн сангийн дансанд шилжин ирсэн санхүүжилтийг захиран зарцуулсан. Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээгээр худалдан авах ажиллагааг Эрүүл мэндийн харьяа Х төв худалдан авсан.

БНХАУ-аас импортлон оруулж ирсэн 147,265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 400,000,000 төгрөгөөр худалдан авсны улмаас Эрүүл мэндийн яаманд хохирол учирсан гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэл бүхий болсон. Дээрх Азийн хөгжийн банкнаас тусламж олгосон гэрээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны ажилтан болох Д.Х-ыг хохирогчоор, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн Х.Еээс гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж хуульчилсан бөгөөд Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээтэй холбоотойгоор Х.Еийг шүүх хэлэлцүүлэгт оролцуулж мэдүүлэг авах боломжтой, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Гурав. Хийн захирал Д.Н, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” гэрээг байгуулах, тоног төхөөрөмжийг хүлээн авах, санхүүжилтийг Эрүүл мэндийн яамнаас шилжүүлэх ажиллагаанд оролцоогүй С.Э-ээс гэрчийн мэдүүлэг авах нь ач холбогдолгүй ба хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэх боломжтой юм.

Дөрөв. Нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг Дамно хөрөнгийн үнэлгээний компаниар гаргуулсан ба үнэлгээний төлбөрт 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Дамно хөрөнгийн үнэлгээний компани нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээгээгүй ба өөрөөр хэлбэл, хэргийг оролцогч биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан зардал юм. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоох ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй юм.

Тав. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Д.Н, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 31 дугаартай орон байр/бусад газар/-т нэгжлэг тухай прокурорын зөвшөөрлөөр Д.Нгийн амьдарч буй Д дүүргийн 000 дугаар хороо, Х хотхоны 00 дүгээр байрны 000 тоот орон сууц, Д.Нгийн өмчлөлийн У дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж хотхон 0 дугаар байр 1, 0 тоот орон сууцуудад нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон байна. Нэгжлэг хийх ажиллагаагаар бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр, 20,000-тын талон 12 боодол, цагаан хайрцагтай, 10000-тын талон 3 боодол, улаан өнгийн хайрцагтай 14 ширхэг хөөрөгний толгой, 52 ширхэг хөөрөг, зааны соёо зэрэг эд зүйлсийг мөрдөх байгууллагаас хураан авсан байдаг. Хураан авсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээг “Лэндс” ХХК-иар 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргуулсан. Үнэлгээгээр 2,175,951.430 төгрөгийн үнэлгээ бүхий буюу их хэмжээний хөрөнгө болох нь тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж заасны дагуу Д.Нгийн гэрээс хураагдсан их хэмжээний үнэлгээтэй эд хөрөнгийн эх үүсвэрийг олж тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоолгохоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс рүү 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1/5317 тоот албан бичгийг хүргүүлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд оруулан одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичиг эрүүгийн хэрэгт хавсаргагдсан байгаа болно.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид дурдсан эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, тусдаа гэмт хэргийн талаарх гомдолд бүртгэн шалгагдаж байх тул хураагдсан эд зүйлийг эрүүгийн 2102002120013 дугаартай хэрэгт шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлтэд тусгаагүй.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/3074 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 дугаар сард Франц улсын иргэнд компьютер томографын аппаратын эмчилгээний үр дүнг хянах зорилгоор Хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлэх гэхэд халдвар тараах эрсдэлтэй байсан тул яаралтай горимоор Засгийн газар шийдвэрлэсэн. Би тухайн үед халдвар тараахгүй ажиллах л үүрэгтэй байсан. Засгийн газар “Б” ХХК-иас буцалтгүй тусламжаар хуучин компьютер томографын аппарат авсан гэж ойлгосон. Тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авч хэрэглээд 2 сар гаран хугацаа өнгөрсний дараа гэрээ байгуулсан. Уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ биш гэж үзэж байна. Д.Бтэй Монгол Улсын шадар сайд Ө.Э, С сайд, Э сайд уулзсан бөгөөд би уулзаагүй. Надад байр, өрөө тасалгааг бэлдэх үүргийг амаар ч, бичгээр ч өгсөн. Угсарсан байсан компьютер томографын аппаратыг задалж, зөөвөрлөөд, угсрахад их зардал гарсан гэж бодож байна. Худалдан авалтад давуу байдал олгосон зүйл байхгүй. Надад мөнгө шилжүүлэх эрх байхгүй. Азийн хөгжлийн банк Эрүүл мэндийн яаманд 1.000.000 доллар өгснөөс тээвэрлэлтийн зардалд зарцуулсан. Би буцалтгүй тусламжаар ирсэн компьютер томографын аппаратыг 2 сар ажиллуулчхаад гарын үсэг зурахгүй байх эрх надад байхгүй. Намайг 2 жилийн хугацаанд нэр төр, ажлаар албаар минь хохироож байна. Би 1 дүгээр сард Хд ажлаа хүлээлгэн өгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 10.000.000 төгрөгийн цалинтай зөвлөх ажилтнаар шалгалт өгч ажилд орсон байсан. Энэ асуудлаас болоод ажилгүй болсон. Компьютер томографын аппаратыг бэлэглэсэн гэж байхад үнэлгээ гаргах шаардлага байхгүй...” гэв.   

Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, нийт 3 гэрээ байгаа бөгөөд хамгийн анхны буюу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь миний и-мэйл хаягт байдаг. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд компьютер томографын аппаратыг гадаад улсын инженергүйгээр суурилуулж чадах компани зөвхөн манай компани байсан тул Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайд онцгой нөхцөл байдал үүссэн гэж хандсаны дагуу хуучин компьютер томографын аппаратыг бэлэглэсэн. Засвар үйлчилгээний зардал олон улсад тогтоосон жишгийн дагуу 270.000.000 төгрөг, нүүлгэн шилжүүлэлт 130.000.000 төгрөг гэдгийг хэлсэн. Өөрийн хувийн и-мэйл хаягт үзлэг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна. Хоёр дахь гэрээ нь 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн гэрээ ба худалдах, худалдан авах гэрээ биш, хагас сервистэй. Гурав дахь гэрээ нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б, түүний ажилтнууд боловсруулж гэрээнд гарын үсэг зуруулсан. Засвар үйлчилгээтэй холбоотой бүх нотлох баримтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байсан. Үүдний шүүгээнд хий гэж хэлсний дагуу хийсэн. Би хавтаст хэрэгт хавсаргасан гэж бодож байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцахад хавсаргаагүй байсан. Мөн гэрээнүүдийг хавтаст хэргийн энд тэнд салгаад хийчихсэн байсан. Хоёрдугаарт, намайг үнэлгээний он, сар, өдрийг зассан гэсэн байна. 24 дүгээр хавтаст хэргийн 98-110 дугаар талд Бтэй харилцсан вайберын чат авагдсан. 12 дугаар сарын 14-ний өдөр вайбераар намайг хөрөнгийн үнэлгээ хийлгээд ир, 5 дугаар сарын 8, 9 буюу гэрээний өмнөх хугацаагаар хийлгээрэй гэж хэлсэн. Би төрийн ажлыг мэдэхгүй тул тэгж л хийдэг юм байна гэж бодсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Яллагдагч Д.Нгийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын шадар сайд Ө.Эээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Яллагдагч Д.Б, Д.Н нар тухайн үед уулзаагүй, нэгнээ таньдаггүй байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Монгол Улсын шадар сайд Ө.Э, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С нар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бтэй уулзсан байдаг. Гэрээ байгуулах үүрэг өгсөн үеэс яллагдагч Д.Н оролцсон.  Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй хүнийг яаж шүүх хуралдаанд гэрчээр дуудах юм бэ. Гэрчийн мэдүүлэг байхгүй байхад шинжлэн судлах боломжгүй. Худалдан авах үүргийг яллагдагч Д.Нгийн шууд удирдах албан тушаалтан Эрүүл мэндийн сайд С, Төрийн нарийн бичгийн дарга А, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б нар бичгээр ч, амаар ч өгч байсан. А 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Компьютер томографын аппаратын хөрөнгө оруулалтын 400.000.000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж, санхүүжилтийн бусад холбогдох материалыг ирүүл” гэсэн албан бичиг байдаг. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ гэсэн 2 асуудал яригддаг. Бэлэглэлийн гэрээний талаар нотлох баримтууд байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргэгдсэн яллагдагч Д.Нгийн гарын үсэгтэй компьютер томографын аппаратын бэлэглэлийн журмаар шилжүүлсэн албан бичиг байдаг. Компьютер томографын аппарат суурилуулагдсаны дараа худалдах, худалдан авах гэрээ болж өөрчлөгдсөн. Яллагдагч Д.Нд үүрэг өгсөн шууд удирдах албан тушаалтнуудын үүрэг, оролцоог шалгах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, яллагдагч Д.Нгийн гэрт нэгжлэг хийх үеэр хураан авсан тэмдэглэлийн дэвтэр, эд зүйлс, бэлэн мөнгө мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдолгүй болох нь тогтоогдсон. Гэтэл хэрэгт ач холбогдолгүй эд зүйлсийг буцаан олгох ажиллагаа хийгдээгүй. Хэргийг прокурорт шилжүүлэхдээ хураан авсан эд зүйлсийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр тусгаарлан авч үлдсэн. Прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, явагдаж байна гэж байна. Тэгвэл яагаад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн бэ. Хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь яллагдагч Д.Нгийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул хэргийг нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, яллагдагч Д.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээ байгуулагдсанаар 400.000.000 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас 400.000.000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлснээр хохирлын асуудал үүснэ. Яллагдагч Д.Н гэрээнд гарын үсэг зурснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч С.Номиндалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор, мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар нотлох баримтыг бүрэн тогтоогоогүй. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн яамыг хохирогчоор тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулагдсан санамж бичгийг орчуулаагүй. Орчуулаад үзвэл тухайн хөрөнгө оруулалт нь хаанаас, ямар журмаар олгогдсон нь тодорхой болно. Ковид 19-ийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжийн 1.000.000 ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд хэрэгжих гэрээ нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болохоор заасан байна. Эрүүл мэндийн яам 400.000.000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа бол Эрүүл мэндийн яам зарцуулалтыг нь шалгаж Азийн хөгжлийн банканд 3 сар тутам тайлан тавих, аудитын тайлан гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б анх байгуулсан бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилсөн. Үнэгүй шилжүүлэн өгсөн компьютер томографын аппаратад үнэлгээ тогтоосон нь ойлгомжгүй байна. 400.000.000 төгрөгийн зарцуулалтыг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. 400.000.000 төгрөгийн зарцуулалтыг шалгасан нотлох баримт дутуу байдаг бөгөөд яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримт хавтаст хэрэгт бүрэн хавсаргагдаагүй байдаг. Иймд Эрүүл мэндийн яамыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байна. Бгийн үйлдэл оролцоо, гэрээг өөрчилсөн асуудлыг шалгах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, нийт 3 гэрээ байдгаас 2 гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд яллагдагч Д.Н, Д.Б нар гарын үсэг зурсан байдаг. Прокуророос 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг гэрээ байгуулагдсан өдөр гэж үзэж байгаа нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, 3 дугаар сард болсон уу, 8 дугаар сард болсон уу гэдгийг тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой. 3 дугаар сард Монгол Улсын шадар сайд Ө.Э, яллагдагч Д.Б нар уулзсан нь хэлцэл юм уу,  2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Д.Н, Д.Б нар гарын үсэг зурсан нь хэлцэл үү гэдгийг тогтоовол гэмт хэргийн субъект нь өөрчлөгдөнө. Хохирлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтооход хүндрэлтэй байдаг. Дахин шинжээч томилсон тохиолдолд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарах шаардлагыг хангаагүй. Мэргэжлийн шинжээчийн баг оролцуулахгүй байгаа үндэслэлээр хуучин, элэгдсэн гэдэг зүйлийг ярьдаг. Хохирогчийн томилсон шинжээчийн дүгнэлтээр хуучин гэж гарсан. Хохирогчийг шинжээчээр томилох хууль зөрчсөнөөс гадна 4 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар талд авагдсан баримтаас үзвэл сервис үйлчилгээний хугацаанд 9600 хүн үзсэн төлбөр 1 тэрбум гаруй төгрөг болно. Хавтаст хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангахгүй байна. Тоног төхөөрөмж үнэлсэн хэр нь барилгын үнэлгээ хийсэн зэргээр үнэлгээ гаргаж алдаа гаргасан байдаг. Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээг англи хэл дээр хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна гэсэн заалтыг зөрчсөн. Гэрээний гол агуулга нь төслөө хэрэгжүүлж, үлдсэн санхүүжилтийг буцаан олгох талаар байдаг бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу худалдан авалт хийх даалгавар өгсөн байдаг. Иймд тухайн санхүүжилтийн өмчлөгч нь Эрүүл мэндийн яам мөн эсэхийг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр Эрүүл мэндийн яамыг хохирогчоор тогтоох нь зүйтэй. “Б” ХХК-ийн байранд нэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл гарсан байхад “М” ХХК-ийн байранд нэгжлэг хийгдсэн тул прокурорын зөвшөөрөл биелэгдээгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамааралгүй байгууллагын байранд нэгжлэг хийсэн зөрчил гарсан. Нийт 8 удаагийн засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд тоосыг нь цэвэрлэх ажиллагаа нь багадаа 50.000.000 төгрөгөөр гадаад улсын мэргэжилтэн хөлсөлж хийлгэдэг үйлчилгээ юм. Сургалтын зардал, засвар үйлчилгээний зардал нь хохирлын хэмжээг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Н, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад;

Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн:

- 1 дэх үндэслэл болох 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр GRAND NUMBER 0688-MON дугаартай ASIAN DEVELOPMENT BANK-тай байгуулсан гэрээ, санамж бичгийг Монгол хэл дээр албан ёсоор орчуулах,

3 дахь үндэслэл болох “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Хд ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгөх болсон, тоног төхөөрөмжийн үнэ, түүний төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ө.Эгээс тодруулах ажиллагааг хийх,

6 дахь үндэслэл болох Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Д.Нгийн оршин суух Д дүүргийн 00 дугаар хороо, Х хотхоны 1 дүгээр байрны 0000 тоотод нэгжлэг хийж, хураан авсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн байдал нь тодорхойгүй гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй буюу эдгээр ажиллагааг хийх нь “...Хд  суурилуулсан “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай “Компьютер томографийн аппарат нийлүүлэх” тухай гэрээг Хийн захирал Д.Н, “Б”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар байгуулан 400,000,000 төгрөгийг  “Б” ХХК-д шилжүүлэн өгсөн...” асуудлуудыг шалгах шаардлагагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч Д.Н, Д.Б нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальсан байна гэж,

- хэрэгт цугларсан нотлох баримтаар, Эрүүл мэндийн яамны төрийн сангийн 10090........4 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,407,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 400,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,004,183,583 төгрөг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шилжин орсон, Эрүүл мэндийн яамнаас “Б” ХХК-ийн Капитрон банк дахь 3004..........0 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 400,000,000 төгрөг шилжин орсон байх тул Эрүүл мэндийг яамыг хохирогчоор тогтоосныг үндэслэлтэй гэж дүгнээд 4 дэх үндэслэлээр тус тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, прокурорын дээрх үндэслэлд бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн:

- 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр 400,000,000 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлэхэд оролцсон Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь хууль, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлцэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа зөрчсөн эсэх талаар шалгаж тодруулаагүй, орхигдуулсан. Тэрхүү албан тушаалтнууд нь хууль, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлцэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа зөрчсөн эсэхийг шалгаж тодруулан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэх, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй шалгаж тогтоох,

- “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг тус тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал /гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох/ байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/3074 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/3074 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангасныг дурдсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ