Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0342

 

 

 

 

    2025         05           12                                     128/ШШ2025/0342

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М*******” ХХК /РД:*******/.

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М******* /РД:*******/.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Б.Х /ШТЭД:/.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын хоорондын 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 00442 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч улсын байцаагч Д.Ү, Н.Н, хариуцагч улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Онцгой албан татвар, Нийслэл хотын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжид хяналт тавих тухай” удирдамжийн хүрээнд “М*******” ХХК /РД:*******/-ийн О******* худалдааны төвийн Амгалан салбарт шалгалт хийгджээ.

1.2. Тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 10,000 /арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгож, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00442 дугаар шийтгэлийн хуудсаар “М*******” ХХК-д арга хэмжээ авчээ.

1.3. Гомдол гаргагч нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 00442 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн ба 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/1822 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...“М*******” ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд худалдан авагч, үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж ирсэн. Энэ хугацаанд улсын төсөвт татварын орлогоор оруулсан хувь нэмрээрээ шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шалгарч, салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж байгууллага байсаар ирсэн. Манай компани нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А/407 дугаартай “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах" тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн дагуу согтууруулах ундааг худалдан борлуулдаг.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О******* худалдааны төвийн Амгалан салбарт шалгалт хийх явцдаа биднийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байна гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, улмаар тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч явсан. Тус шалгалтаар лангуун дээр өрөгдсөн болон агуулахад хураалттай байсан согтууруулах ундаа зэргээс нийт 35 ширхэг согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүй байсан гэсэн үндэслэлээр хурааж авсан. Ингээд тус асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас 2025 оны 02 дугаар 03-ны өдрийн №00442 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан" гэх зөрчлийг үйлдсэн гэсэн үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Ийнхүү татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №00442 дугаартай шийтгэлийн хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн..., 6.12, ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд “М*******” ХХК-ийн хувьд харилцагч компаниудаас нийлүүлж буй согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нарийн шалгаж авдаг ба харилцагчаас онцгой албан татварын тэмдэггүй ямар ч бүтээгдэхүүнийг хүлээж авдаггүй.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн шалгалтаар манай “Амгалан” салбарын лангуун дээр өрөгдсөн болон складанд хураалттай байсан согтууруулах ундаанаас онцгой албан татварын тэмдэггүй барааг илрүүлж, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйл зарж, борлуулсан гэх үндэслэлээр тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч явсан. Бидний зүгээс байгууллагын дотоод хяналт, шалгалтын хүрээнд 2024 оны 10 дугаар сард шалгалт хийхэд хэд хэдэн согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүй байсныг шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор нярвын агуулахад хураасан байсан. Уг дотоод хяналт шалгалтыг хийх үеийн бичлэгийг татварын хэлтэст өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс шалгалт хийхдээ нэгэнт бидний илрүүлээд зарж, борлуулахгүй гээд хураасан байсан согтууруулах ундааг хамт хурааж, үүнийгээ зөрчил гаргасан гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.

Тус шалгалтаар илэрсэн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаануудыг манай байнгын харилцагч болох “С" ХХК болон “Н******* Э*******" ХХК нараас тогтмол нийлүүлдэг бүтээгдэхүүнүүд байсан. "С" ХХК болон “Н******* Э*******" ХХК нар нь согтууруулах ундааг гаднаас импортоор оруулж ирдэг бөгөөд Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд заасны дагуу татвараа төлж, онцгой албан татварын тэмдэг болох акцыг наасан болохоо мэдэгдэж байгаа болно. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс дээрх компаниудаас өөр ямар ч харилцагчаас эдгээртэй адил бараа бүтээгдэхүүнийг авч худалдан борлуулдаггүй болно. Мөн бидний зүгээс дээрх харилцагч компаниудаас тус шалгалтаар илэрсэн согтууруулах ундаа нэг бүрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон шинжилгээний бичгүүдийг гаргуулан татварын хэлтэст өгсөн бөгөөд энэ нь биднийг онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундааг харилцагчдаас хүлээн авдаг болохыг хангалттай нотолж байгаа болно.

Ийнхүү манай дотоод шалгалтаар манай лангуун дээр өрөгдсөн байсан согтууруулах ундаанаас онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа илэрсэн нь гадуур согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг хулгайлдаг асуудал байгаатай холбоотой юм. Тухайлбал, онцгой албан татварын тэмдэг хулгайд алдагдах явдал нь хилийн боомт дээрх татваргүй барааны дэлгүүрээс татваргүй оруулж ирсэн архи, дарсны төрлийн бүтээгдэхүүнийг жижиг дэлгүүр, баар, лоунжаар борлуулахдаа онцгой албан татвар төлсөн албан ёсны согтууруулах ундаа мэт харагдуулахын тулд ийм асуудал гардаг. Энэ асуудал зөвхөн манай сүлжээ дэлгүүрт ч гэлтгүй томоохон сүлжээ дэлгүүр, супермаркет, хайпермаркетуудад тулгардаг асуудал юм.

Манай компани харилцагч компаниудын нийлүүлж буй согтууруулах ундааг нарийн шалгаж авдаг буюу нийлүүлэгдсэн барааны нийт тоо, дэлгүүрийн борлуулалт, сар бүрийн тооллогоор тухайн дэлгүүрийн үлдэгдэл зэргийг нарийн тулган шалгадаг. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцаанд үйлчлэхээр байна.

Тодруулбал, Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй” гэсний 5.1.1-д “өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах", 5.1.4-т "импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах” гэж тус тус заасан. Эндээс үзвэл, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн эсхүл импортлох согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийг наах үүргийг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, манай компани тус шалгалтаар илэрсэн 35 ширхэг согтууруулах ундааг үйлдвэрлээгүй мөн импортлох эрхгүй этгээд байтал биднийг онцгой албан татварын тэмдэг наах үүргээ биелүүлээгүй мэтээр үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Онцгой албан татварын тухай хууль нь согтууруулах ундаа худалдан, борлуулах эрхтэй аж ахуй нэгж байгууллагад онцгой албан татварын тэмдэг наах үүргийг олгоогүй болох нь тус хуулийн зохицуулалтаар тодорхой байна.

Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчаас "М*******" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан, эсхүл борлуулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шалгалтаар лангуун дээр өрөгдсөн болон складанд хураалттай байсан согтууруулах ундаанаас 35 ширхэг согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүй байгааг илрүүлснийг худалдсан эсхүл борлуулсан гэж үзэх боломжгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл нь тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан нөхцөлд зөрчил үйлдсэнд тооцохоор байна. Гэтэл эдгээр урьдчилсан нөхцөлийн аль нь ч хангагдаагүй байхад татварын улсын байцаагчаас манай компанийг согтууруулах ундаа худалдсан, борлуулсан гэх үндэслэлээр зөрчил үйлдсэнд тооцож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, “М*******" ХХК нь зөвхөн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд согтууруулах ундааг бэлтгэн нийлүүлдэггүй мөн импортолдоггүй болно. Харин согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдан борлуулдаг хэдий ч тус зөрчлөөр илэрсэн нөхцөл байдал нь худалдан, борлуулсан бүтээгдэхүүнүүд биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 4.2.1-д заасны дагуу хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нараас нотлогдоогүй үйл баримтаар манай компанийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан мэтээр үзэж, шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх зарчим болон бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №00442 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“М*******” ХХК-ийн хувьд спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд түүнийхээ дагуу согтууруулах ундааг зөвхөн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Харилцагч компаниудаас нийлүүлсэн согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нарийн шалгаж бол бүртгэж авдаг буюу онцгой албан татварын тэмдэггүй ямар ч бүтээгдэхүүнийг харилцагч компаниудаас хүлээж авдаггүй. Мөн байгууллага нь дотооддоо тогтмол 3 сар тутамд хяналт шалгалтыг хийдэг байсан бөгөөд 2025 оны 01 сараас хойш сар тутам хяналт шалгалтыг хийж байна. Дотоод хяналт шалгалтаар согтууруулах ундааны акц алдагдах асуудал гардаг байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагын Амгалан байршил дахь салбарт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Амгалан салбарын лангуун дээр байршсан болон хураалттай байсан согтууруулах ундаанаас онцгой албан татварын тэмдэггүй барааг илрүүлж, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйлийг зарж борлуулсан гэх үндэслэлээр бол тус бүтээгдэхүүнүүдийг хурааж авсан байдаг. Манай агуулахад байсан 11 ширхэг архи, лангуунд байсанд 24 ширхэг согтууруулах ундаа нийт 35 ширхэг согтууруулах ундааг хурааж, уг асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нараас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэдэг үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан. Уг асуудлаас өмнө буюу 2024 оны 10 дугаар сард манай байгууллагаас дотооддоо хяналт шалгалт хийхэд хэд хэдэн согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүй байсныг илрүүлж, тухайн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус шалгалтаар илэрсэн согтууруулах ундаануудыг нярвын агуулахад хураасан байсан. Дотоод хяналт шалгалтыг хийх явцыг харуулсан бичлэгийг татварын хэлтэст гаргаж өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс нэгэнт бидний өөрсдөө илрүүлсэн, зарж борлуулах зорилгогүй, хураачихсан согтууруулах ундааг хамтад нь хурааж авч манай байгууллагыг зөрчил гаргасан гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.

Тус шалгалтаар илэрсэн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг бид байнгын харилцагч нараас тогтмол нийлүүлдэг бараа байсан. Байнгын харилцагч нараас өөр харилцагчдаас адил төрлийн бараа бүтээгдэхүүнийг авдаггүй, борлуулдаггүй. Манай байгууллагыг Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Гэтэл Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцаанд бол үйлчилдэг. Тодруулбал тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д согтууруулах ундаа тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь дараах үүрэгтэй гэж, 5.1.1-д өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах, 5.1.4-т импортлох согтууруулах ундаа тамхинд онцгой албан татварын тэмдэг наах гэж тус тус зааснаас харахад согтууруулах ундаа тамхины үйлдвэрлэл импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага нь тухайн өөрийн үйлдвэрлэсэн эсхүл импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийг наах үүргийг энэ хуулиар хүлээж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд тус шалгалтаар илэрсэн согтууруулах ундаануудыг бол үйлдвэрлэдэггүй мөн импортолж оруулж ирдэггүй, импортлох эрхгүй этгээд байна. Манай байгууллагыг онцгой албан татварын тэмдэгт наах үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Тухайн асуудал нь согтууруулах ундааг худалдан борлуулсан асуудал биш юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1-т эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэж 1.1-т тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэл эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад яг нийцэж байгаа эсэхийг бүрэн тодруулсны дараа шийтгэлийг оногдуулахаар зохицуулсан. Гэтэл “М*******” ХХК-ийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй нэг ч согтууруулах ундааг худалдаж, борлуулсан зүйл огт байхгүй бөгөөд худалдаж борлуулсан гэдгийг нотолсон баримт ч хэрэгт байхгүй. Мөн тухайн шалгагдаад илэрсэн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан худалдсан борлуулсан гэх урьдчилсан нөхцөлд нийцэхгүй буюу тухайн зөрчилд тооцсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зүйл заалттай нийцэхгүй байхад Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бол шийтгэл ноогдуулсан нь бол хуульд үндэслэх зарчим мөн хууль ёсны итгэлийг хамгаалах болон бодит нөхцөлд тохирсон байх гэсэн зарчимд тус тус нийцэхгүй байна.

Иймд “М*******” ХХК-нд ногдуулсан хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг гаргаж байна” гэв.

2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ компанийн хувьд олон сүлжээ дэлгүүртэй компани юм. Ямар нэгэн байдлаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулах зорилго байхгүй. Олон бараа бүтээгдэхүүн худалдаж буй тул тусгай зөвшөөрлийг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хичээдэг. Тэмдэггүй бараа бүтээгдэхүүн байсан нь үнэн, зөрчил илэрсэн нь илэрхий байгаа хэдий ч гомдол гаргагчийн хувьд тэмдэггүй барааг нийлүүлэгчээс хүлээж аваагүй гэдгийг нотлох баримтыг өгсөн. Тэмдэг хулгайлах асуудал бүхий л худалдааны төвүүдэд байдаг. Хариуцагчаас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй, нотлогдохгүй гэж маргаж байна. Байгууллагын зүгээс тэмдгийг хулгайлсан талаар камерын бичлэгийг үзсэн ч илрүүлэх боломжгүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Нэгэнт өөрсдийн зөрчлийг дотоод шалгалтаар илрүүлсэн байхад худалдан борлуулсан гэж зөрчлийн хэрэгт холбогдуулсан нь хууль зөрчсөн.

Байгууллагын хувьд улсад шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж юм. Тус компани нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5.1.3 болон 5.1.4, 5.1.5-т заасан импортлогч болон үйлдвэрлэгч биш юм. Нийлүүлэгч компаниас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн байтал гомдол гаргагч компанийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас тэмдэггүй болсныг нотолж чадаагүй юм. Харин гомдол гаргагчаас тусгай тэмдэгтэй барааг хүлээж авсныг нотолсон гэж үзэж байна. Зөрчил шалгаж шийдвэрлэх тухай хууль нь зөрчил гаргасан тохиолдолд хэрэгждэг.

Эрх бүхий байгууллага нь зөрчил гаргасныг тогтоох ёстой байтал шүүх хуралдааны явцад хариуцагчаас өөрсдөө нотлох ёстой гэдэг байдлаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Мөн торгуулийн мөнгийг сайн дураар төлсөн гэж ярьж байна. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т зааснаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг ажлын 15 өдрийн дотор төлөхгүй бол татварын өр нэмэгдэх эрсдэлтэй тул торгуулийг төлсөн. Хариуцагч тэмдэггүй архи лангуунд байсан нь борлуулсанд тооцогдоно гэдэг үндэслэлээр бол торгуулийн арга хэмжээ авсан.

Монгол хэлний үг зүйн хувьд мөн хууль зүйн хувьд борлуулсан гэдэг нь хэн нэгэн иргэн лангуун дээрээс тэмдэггүй архи худалдаж авч түүнийхээ талаар гомдол гаргасан байхыг борлуулсан гэдэгт орно. Гэтэл тийм үйл баримт байхгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан борлуулсан үйлдэл биш юм. Агуулахад хадгалсан нь зөрчил гэж тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуульд хадгалсан бол гэсэн заалт байдаггүй. Гомдол гаргагч компанийн хувьд дотоод хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлж, агуулахад хадгалж байсан. Шилдэг татвар төлөгч байгууллага тул ийм асуудлаар торгуулийн арга хэмжээ авч буй нь хүндрэлтэй асуудал юм. Нөхцөл байдлыг харгалзан үзэж гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч улсын байцаагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.Ү, Н.Н бид, тус хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дэслэгч А.Равдан, дэд ахлагч Т.Төмөрсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгалт хийсэн. Тус шалгалтаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй "М*******" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 12-хороо Амгаланд байрлах, "О*******" худалдааны төвийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх зааланд 24 ширхэг, агуулахад 11 ширхэг, нийт 35 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа байсныг илрүүлж Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл "Онцгой албан татварын тэмдгийг олгох, хэрэглэх”, 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Илэрсэн зөрчилд “М*******” ХХК-д холбогдох 2406006290 дугаартай зөрчлийн хэрэг нээж тус дүүргийн прокурор Ю.Бийн хяналт дор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ажилласан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчилд холбогдогч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Идэрээс 4 удаагийн холбогдогчийн мэдүүлэг авсан, холбогдогч мэдүүлэгтээ онцгой албан татварын тэмдэггүй, архи согтууруулах ундааны акц нь хулгайд алдагдсан гэж мэдүүлсэн. Мөн дотоод хяналт шалгалтын тайландаа 4 ширхэг архийг акцгүй гэж тэмдэглэгдсэн байсан бөгөөд онцгой албан татварын тэмдэг нь хулгайд алдагдсан гэх нь бусад нотлох баримт, бичлэг зэргээр нотлогдоогүй.

Шалгалтын явцад холбогдогч "М*******" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 12-хороо Амгаланд байрлах, "О*******" худалдааны төвийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх заалнаас 24 ширхэг, агуулахаас 11 ширхэг, нийт 35 ширхэг хураан авсан онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг шинжилгээнд өгч шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдогч "М*******" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл "Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих", 1 дэх хэсгийн 1.1-д "Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэлтэй байх тул хариуцлагын арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00442 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Мөн холбогдогч "М*******" ХХК нь Төрийн сангийн 100200300952 дугаар дансанд торгуулийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сайн дураар барагдуулсан.

Иймд татварын улсын байцаагчийн №00442 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч улсын байцаагч Н.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар нь хэлтсийн даргын 2024 оны 12 сарын 03-ны өдөр баталсан согтууруулах ундаа тамхины үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих удирдамжийн дагуу тус дүүргийн цагдаагийн 03 дугаар хэлтсийн алба хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгалтыг хийгээд О******* худалдааны төвийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх зааланд 24 ширхэг актгүй, агуулахад 11 ширхэг актгүй нийт 35 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа байсныг илрүүлсэн. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 4.2-т тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байсан учраас 2021 оны 12 сарын 05-ны өдөр хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус дүүргийн хяналтын прокурорын хяналт дор явуулж ажилласан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйл заалтыг удирдлага болгон “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдогчийн мэдүүлэг тайлбар өгсөн, хяналт шалгалтаар тус газрын нярвыг байлцуулж шалгалтыг хийсэн. “М*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих зөрчлийн 1.1. дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгож 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 004446 дугаар шийтгэл оногдуулсан. “М*******” ХХК нь төрийн сангийн дансанд банкны төлбөрийг 2025 оны 02 сарын 14-ны өдөр төлсөн. Иймд байцаагч нарын 000442 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь дотоод хяналт шалгалтаар зөрчлөө илрүүлж агуулахад хадгалсан байсан гэж тайлбар өгч байна. Илрүүлсэн даруйдаа акц хулгайд алдагдсан гэж үзэж байвал цагдаагийн байгууллагад нотлох баримтаа бүрдүүлэн гомдлоо гаргаад явах бүрэн боломж байсан. Тухайн үед хулгайд алдсан гэх талаар огт нотлогдоогүй байдаг. Дотоод хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлж 11 ширхэг архийг агуулахдаа хадгалсан гэж маргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь зөрчил үйлдээгүй гэдгийг нотлох баримтуудыг манайд бүрдүүлж өгөх үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу хяналт шалгалтын явцад агуулахад хадгалах болон худалдаалахад аль аль нь хуулийн заалтад орчихсон байдаг. Акцгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулах гэж агуулахад байршуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Онцгой албан татвар нь тодорхой бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд ногдуулдаг шууд бус татвар юм. Энэ татварын зорилго нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талт бодлогыг хэрэгжүүлэхэд оршдог.

Архи согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүйгээр борлуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогддог. Хяналт шалгалтын явцад тэмдэггүй борлуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу одоо улсын байцаагч нар тухайн нөхцөл байдалд шаардлагатай бүхий л ажиллагаануудыг хийсэн. Тухайн шалгалтаар илэрсэн зөрчил нь тухайн нөхцөл байдалдаа шууд илэрсэн. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн хуурамч онцгой албан татварын тэмдэгт ашигласан гэх заалттай, гомдол гаргагч байгууллагад согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, экспортолдог гэсэн утгаар торгуулийн арга хэмжээ аваагүй. Торгуулийн арга хэмжээг худалдан борлуулсан үндэслэлээр авсан. Хулгайд алдагдсан бараа бүтээгдэхүүнийг лангуун дээр байршуулах нь борлуулах нэг хэлбэр юм. Тухайн барааг худалдан борлуулахад тусгай тэмдэгтэй эсэх түүнийг худалдан борлуулах эсэхэд байнгын хяналт тавих боломжгүй. Шалгалтын явцад тусгай тэмдэггүй бараа, бүтээгдэхүүн илэрсэн нь торгуулийн арга хэмжээ авахад хүргэсэн. Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд тэмдэггүй бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглодог. Тухайн бараа бүтээгдэхүүний тэмдэг алдагдсан, гэмтсэн тохиолдолд тухайн барааг борлуулахгүй байх талаар заасан байдаг” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. “М*******” ХХК нь улсын бүртгэлийн 9011096116 дугаар гэрчилгээтэй, ******* дугаар регистртэй, 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, Баянгол дүүргийн 13 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөө гудамж С ХХК-ийн байранд байрлах хаягтай. “М*******” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/407 дугаар захирамжийг үндэслэн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг Амгалан /13270/ Гын зам тоот байршилд, О******* оноосон нэртэй хайпермаркетэд 5 жилийн хугацаатай, ******* дугаар тусгай зөвшөөрлийг 2024 оны 6 сард олгосон байна.

3. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Онцгой албан татвар, Нийслэл хотын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжид хяналт тавих тухай” удирдамж ёсоор татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргагч хуулийн этгээдийг онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдсан зөрчлийг илрүүлж ЗХБ-2-оор тэмдэглэл үйлдсэн ба 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолыг ЗХБ-43-р үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

4. Ийнхүү хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах, шалгах улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар гэрчээс болон холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч татварын улсын байцаагч нар нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь 2406006290  дугаар зөрчлийн хэргийн материал түүнд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5. Тодруулбал зөрчлийн хэрэгт,

5.1. Маягт ҮББ-08-аар хөндлөнгийн гэрчийг оролцуулан нийт 35 ширхэг архи согтууруулах ундаа хураан авч жагсаалт үйлдсэн талаарх татварын албаны тэмдэглэл,

5.2. Онцгой албан татварын тэмдэггүй нийт 5,384,990 төгрөгийн үнэ бүхий 35 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авсан талаарх жагсаалт, үүний дотор худалдааны заалнаас 24 шил, агуулахаас 11 шил архи согтууруулах ундаа хураасан жагсаалт,

5.3. Дээрх үйл ажиллагааг бичлэг хийж баталгаажуулсан баримт,

5.4. Холбогдогчоос авсан 4 удаагийн мэдүүлэг,

5.5. Эрх бүхий албан тушаалтны хураан авсан архи согтууруулах ундааг Шүүх шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ж.Д*******ын үйлдсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0325/1037 дугаар шинжээчийн дүгнэлт,

5.5. Гомдол гаргагч хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбар, дотооддоо хийсэн хяналт шалгалтын тайлан, гаалийн мэдүүлэг зэрэг баримт авагджээ.

6. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно”, 4.2. “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно”, 4.5. “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна”, 5 дугаар зүйлийн 5.2. “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно” гэж хуульчилжээ.

7. Түүнчлэн Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 2-т зааснаар бүх төрлийн цагаан архи 25 хүртэл хатуулагтай, бүх төрлийн виски 25-40 хүртэл хатуулагтай гэж заасан бол, согтууруулах ундаа гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно” гэж заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа ...эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчлийг гомдол гаргагч хуулийн этгээдийн Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах О******* худалдааны төв нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа гаргасан болох нь тогтоогдсон, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “импортын архи согтууруулах ундаанд наасан тэмдгийг хулгайлсан, агуулахад байгаа архи согтууруулах ундааг борлуулсан гэж үзэхгүй, өөрийн дотоодын хяналт шалгалтаар илрүүлж түр хадгалж байсан” гэх тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1. “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж”, 1.1. “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол тэмдэггүй согтууруулах ундааг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох”-оор заасны дагуу зөв зүйлчилж, маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00442 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

9. Иймд, шүүхээс эрх бүхий албан тушаалтан /татварын улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж, зөрчилд тооцсон нь, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан гомдол гаргагч “М*******” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00442 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН