2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 191/ШШ2025/04168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...тоот хаягт байрлах ХБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт байрлах ТЧ ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлсэн материалын үнэ 43,644,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь элс олборлох, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011.11.14-ний өдөр "ЭЭПД" ХХК-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд улмаар гэрээний маргаан үүсэж 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, аль аль талдаа алдангийн төлбөр болон байр зэргийг гаргуулахаар болсон.

Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №479 дүгээр тогтоолоор манай компани нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй "ЭЭПД" ХХК-ийн байрнаас 3 өрөө бүхий 101,65 мкв талбайтай байр гаргуулах мөн 154,588,549 төгрөгийг гаргаж өгөхөөр эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 2015 оны 12 сарын 18-ны өдрийн №.. дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар ажиллагаа хийгдэж эхэлсэн.

Үүний дараа "ЭЭПД ХХК-тай харилцан тохиролцож "ХБ ХК нь алдангийн зөрүү болох 118,485,233 төгрөгт блок, элс, хайрга өгөхөөр болж нөгөө талаас буюу "ЭЭПД" ХХК нь байр гаргаж өгөхөөр тохирсон.

Ингээд өөрийн тээврээр өөрсдийн барилгын обьект дээр тохиролцсон блок, элс, хайргаа татан авахаар болсон. "ЭЭПД" ХХК-ийн эзэмшлийн Хорооны газар дээр "ТЧ" ХХК нь барилга барьж гүйцэтгэдэг компани бөгөөд эзэд нь нэг бөгөөд өөрсдийн тээврээр материалаа татан авч манай нийлүүлэлтийн талбай дээр баримт үйлдэж 2 талын гарын үсгээр баталгаажсан байдаг.

Блок нийлүүлэлтийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 удаа буюу 165,01м3 нийлүүлсэн ба нийт 26,250,576 төгрөгт ачилт хийж өгсөн. Харин 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл элс, хайргыг 83 удаа өөрийн тээврээр ирж нийт 1605 м3 элс хайргыг авсан ба нийт 17,394,300 төгрөгт манай талаас ачилт хийж өгсөн.

Дээрх хугацаанд "ЭЭПД" ХХК нь 2020 оны 6 сарын 27-нд №... тоот албан бичгээр "ТЧ" ХХК нь блок авч байсныг нотолсон албан тоот
​хүргүүлсэн байдаг ба "ТЧ" ХХК нь 2020 оны 9 сарын 20-ны өдрийн №  тоотоор элс хайргыг "ЭЭПД" ХХК болон "ХБ" ХК нарын хооронд шүүхийн тогтоолын хүрээнд авч байгаагаа нотолсон албан тоотуудыг харилцан солилцож байсан.

Энэ хугацаанд бид байраа гаргуулахаар удаа дараа хандсан боловч ярьсан тохирсондоо байрыг гаргаж өгөөгүй бөгөөд тухайн барилгад байр нь байхгүй зарагдаж дууссан гэсэн тул бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яаралтай хийж өгөхийг шаардсан. Гэтэл тухайн барилгад нэг ч байр байхгүй байсан ба манай компанийг хууран мэхэлж хөрөнгийн битүүмж хийлгүүлэлгүй материал авах нэрээр гүйцэтгэх ажиллагааг саатуулж бидэнд хохирол учруулж байсан тул дахин материал нийлүүлээгүй билээ.

Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлж байр гаргуулах ажлыг яаравчлуулан хийж байхад алдангийн зөрүү төлбөрийг авахаас нааш байр гаргаж өгөхгүй хэмээн маргаж байсан тул ядаж өөр ижил төстэй байршилд байр гаргуулах талаар тохирч үзүүлж байсан боловч мөн л гаргаж өгөхгүй удаад байсан тул манай компаниас алдангийн нийт зөрүүнд нийлүүлсэн материалын төлбөр болох 43,644,876 төгрөгийг нийт алдангийн дүн болох 118,485,233 төгрөгөөс хасаж шүүхийн шийдвэрийн дансанд 75,000,000 төгрөгийг төлж байраа гаргуулах гэтэл 2019-2020 онд авсан материалыг тооцоо нийлэхгүй зугтааж компанийн хуульч гэх хүн нь манайх аваагүй хэмээн худал хэлэн үндэслэлгүйгээр хойшлуулж гэрээ хийснээс хойш биднийг бүтэн 13 жил хохироож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай очиж уулзахад төлбөр авагч нь аваагүй гээд байхад бид энэ нийлүүлсэн материалын дүнг төлсөн гэж хасаж болохгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариу өгсөн. Иймд "ТЧ" ХХК-иас нийлүүлсэн материалын дүн болох нийт 43,644,876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ХБ ХК болон "ТЧ ХХК нар нь ямар нэгэн гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа зарлагын падаанд хэн гарын үсэг зураад, хэн хүлээж аваад, ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тодорхойгүй. Шүүхэд гаргаж өгсөн падаан гэх баримтыг ХБ ХК нь өөрөө үйлдээд хүлээн авсан гэх хэсэгт өөрийн санхүүгийн тэмдгээ дарсан байна. Баримтад хүлээж авсан, хүлээлгэж өгсөн хүн нь тодорхойгүй байна. Мөн барааг хүлээлгэж өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ өнөөдрийг хүртэл нэхэмжлэлээ дэмжиж гаргасангүй. Тэгэхээр энэ падаан бол хууль журамд нийцэхгүй байна.

Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт дараах тохиолдолд гэрчлэхгүй гэж заасан. Түүний 13.4.2 дахь хэсэгт ...тухайн бичиг баримт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, падаанд гарын үсэг, нэр байхгүй, гэрчилж байгаа баримт бичгийн тамга, тэмдэг, дардас нь гаргацгүй бүдэг бол гэж заасныг зөрчсөн.

Мөн падааныг харахад ХБ ХХК гэж нэхэмжлэл гаргасан хэдий ч баримтуудад ХХК, ХК зэргээр өөрөөр бичсэн. Н ХХК "ЭЭПД" ХХК-д гэж нийлүүлсэн зарлагын падаанаар ТЧ ХХК-иас нэхэмжлээд, нэхэмжлэлийн үндэслэлээ болгоод падаан хавсаргаад байгаа нь үндэслэлгүй, хууль зүйн бодит үндэслэл болж чадахааргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн, зөв, эргэлзээгүй талаарх нь үнэлэх зарчмыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч тал 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бид нар бүтээгдэхүүн нийлүүлсэн юм гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл хэсэгт дурдсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тоолохоор 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шаардах эрх нь дууссан байна.

Манай талаас баримтын шаардлага хангасан хэлбэрээр 2015 оны Дээд шүүхийн тогтоолыг гаргаж өгсөн. Тогтоолд ТЧ ХХК нь энэ маргаанд хамаагүй, "ЭЭПД" ХХК, ХБ ХК хоёр хоорондоо өглөг авлагатай шүүхийн шийдвэр байгаа юм. Тэгэхээр өмнө нь шийдчихсэн маргааныг сүүлд падаан гэж нэг баримт бүрдүүлээд, үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан нийлүүлсэн материалын үнэ 43,644,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

5.1 Хариуцагч ТЧ ХХК нь гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй шүүхэд гаргасан зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, урьд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр зохигчийн хооронд өглөг, авлага байхгүй талаар дүгнэсэн үндэслэлээр тус тус марган мэтгэлцсэн.

 

6. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч ТЧ ХХК-нд "ЭЭПД" ХХК-ийн хүсэлтийн дагуу бараа, материал нийлүүлсэн үндэслэлээр үнийг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

 

6.1 ХБ ХК нь элс олборлох, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "ЭЭПД" ХХК-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд улмаар гэрээний маргаан үүсэж шүүхийн шийдвэр гарсан.

 

6.2 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр № дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нь  хороонд баригдаж буй "ЭЭПД" ХХК-иас тус кампанийн сууцнаас 3 өрөө бүхий 101,65 мкв талбайтай орон сууц гаргуулах мөн алдангид 153,662,288 төгрөгийг гаргуулах шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 2015 оны 12 сарын 18-ны өдрийн №дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар ажиллагаа хийгдэж эхэлсэн.

 

6.3 Үүний дараа "ЭЭПД ХХК-тай харилцан тохиролцож "ХБ ХК нь алдангийн зөрүү болох 118,485,233 төгрөгт блок, элс, хайрга өгөхөөр болж нөгөө талаас буюу "ЭЭПД" ХХК нь байр гаргаж өгөхөөр тохирсон.

 

6.4 "ЭЭПД" ХХК-ийн эзэмшлийн  хорооны газар дээр "ТЧ" ХХК нь барилга барьж гүйцэтгэдэг компани бөгөөд өөрсдийн тээврээр материалаа татан авч манай нийлүүлэлтийн талбай дээр баримт үйлдэж 2 талын гарын үсгээр баталгаажсан.

 

6.5 Блок нийлүүлэлтийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 удаа буюу 165,01м3 нийлүүлсэн ба нийт 26,250,576 төгрөгт ачилт хийж өгсөн. Харин 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл элс, хайргыг 83 удаа өөрийн тээврээр ирж нийт 1605 м3 элс хайргыг авсан ба нийт 17,394,300 төгрөгт манай талаас ачилт хийж өгсөн гэжээ.

 

7. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 479 дугаар тогтоолоор ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "ЭЭПД" ХХК, ТЧ ХХК нарт холбогдох , ЭЭПД ХХК-ийн байранд 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулах, алданги 222,334,400 төгрөг гаргуулах тухай үндсэн, бүтээгдэхүүн тээврийн хөлс болон алданги 271,736,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэж, шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан тогтоол, зохигчийн тайлбараар нотлогдсон. /хх-ийн 61-68-р тал/

 

7.1 Уг тогтоолоор: Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаар магадлал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, хариуцагч ЭЭПД ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж,  талбай бүхий 3 өрөө орон сууцыг болон алдангид 153,662,288 төгрөгийг тус тус гаргуулж, ХБ ХХК-д олгож, 68,672,112 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ХБ ХХК-иас 273,073,782 төгрөгийг гаргуулж, ЭЭПД ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

7.2 Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 479 дугаар тогтоолын хянавал хэсэгт ...нэхэмжлэгч ХБ ХК нь гэрээнд зааснаар 575,000,000 төгрөгийн 500 маркийн 5000 метр куб ХБыг 2011.11.11-2012.03.12-ны өдөр хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлэх, хариуцагч ЭЭПД ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүний үнээс 300,512,000 төгрөгийг 2011.11.11-2012.03.25-ны өдрийн хооронд 3 хувааж, үлдэгдэл төлбөрт 80.5, 101.65 м.кв талбай бүхий тус бүр 3 өрөө бүхий 2 орон сууцыг өгөхөөртохиролцжээнэхэмжлэгч ХБ ХХК нь гэрээнд заасан 4 удаагийн хүргэлтээр бүтээгдэхүүн нийлүүлэх хуваарийг зөрчиж, 2014.03.17-ны өдөр эцсийн нийлүүлэлт хийсэн нь тогтоогдсон байна гэж дүгнэснээс үзэхэд хэлэлцэж буй тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагын талаар урьд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан 2019.07.10-2020.07.01-ний өдрийн хооронд 16 удаагийн үйлдлээр 165,01 метр куб блок нийлүүлж, 26,250,576 төгрөгт ачилт хийж өгсөн,

 

2019.07.17-2020.09.13-ны өдрийн хооронд 83 удаа өөрийн тээврээр ирж нийт 1605 метр куб элс хайргыг авсан ба нийт 17,394,300 төгрөгт манай талаас ачилт хийсэн үндэслэлээр тус нийлүүлсэн бараа материалын үнийг шаардсан.

 

8.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан төлбөрийг "ЭЭПД ХХК, "ХБ ХК нар нь харилцан тохиролцож зөрүү 118,485,233 төгрөгт ХБ ХХК нь блок, элс, хайрга өгөхөөр (шүүхийн шийдвэрт заасан дүн 273,073,782-153,662,288) тохиролцсоны дагуу төлбөр авагч "ЭЭПД ХХК-ийн заасан этгээд болох ТЧ ХХК-тай тохиролцож бараа, материал нийлүүлсэн гэж тайлбарласан.

 

8.2 Хэрэгт авагдсан "ЭЭПД" ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02/49 тоот албан бичигт Манай компани ТЧ ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд ЭЭПД ХХК, ХБ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ЭЭПД ХХК-ийн авах 63,54 метр куб блокыг ТЧ ХХК-иас авсан нь үнэн болно гэж,

 

ТЧ ХХК-ийн ХБ ХК-д хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичигт уг шийдвэрийн дагуу танай компаниас авлагын зөрүүд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд 2020.09.10-ны өдөр нийлүүлсэн 18 метр куб угаасан элс нь элс биш шавар буусан тул тооцоондоо оруулах боломжгүй ба тээврийн хөлс болох 200,000 төгрөгийг танай тооцооноос хасаж тооцохыг мэдэгдье гэснээс үзэхэд зохигчийн хооронд бараа нийлүүлэх харилцаа огт үүсээгүй гэж үзэх, энэ талаар шүүх урьд шийдсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна./хх-ийн 5-6-р тал/

 

8.3 Дээрх бараа нийлүүлж буй харилцаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр суутгасан мэт боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад "ЭЭПД" ХХК болон ХБ ХК нарын хоорондын төлбөрийн зөрүү 119,073,876 төгрөгөөс ХБ ХК нь 75,000,000 төгрөгийг, шийдвэрт дурдсан орон сууцыг ХБ ХК-иас авлагатай байсан гэх С.Баяртөгсийн зүгээс 44,073,876 төгрөгийг тус тус төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт болох бусад баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 78-88-р тал/

 

8.4 Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бараа материал худалдан авах гэрээний дагуу шаардсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

8.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан зарлагын падаан, бараа нийлүүлсэн баримтуудыг үнэлэх нь зүйтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас 2019.07.24-ний өдрийн 1,479,423 төгрөгийн, 2019.07.10-ны өдрийн 1,479,423 төгрөгийн, 2019.08.27-ны өдрийн 1,479,423 төгрөгийн, 2019.07.24-ний өдрийн 951,357 төгрөгийн, 2020.06.15-ны өдрийн 1,747,350 төгрөгийн, 2020.06.12-ны өдрийн 1,747,350 төгрөгийн, 2020.06.16-ны өдрийн 1,747,350 төгрөгийн, 2020.06.20-ны өдрийн 1,747,350 төгрөгийн, 2020.06.20-ны өдрийн 1,747,350 төгрөгийн, 2020.06.20-ны өдрийн 1,747,350 төгрөгийн баримтуудыг тус тус нотлох баримтаар үнэлж нийт 15,873,726 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 27,771,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгсэхгүй болгосон шаардлагад хамаарах нотлох баримтуудад бараа хүлээн авсан, өгсөн байгууллагын нэр зөрүүтэй байх тул баримтын шаардлага хангахгүй талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлж байр гаргуулах ажлыг яаравчлуулан хийж байхад алдангийн зөрүү төлбөрийг авахаас нааш байр гаргаж өгөхгүй хэмээн маргаж байсан тул ядаж өөр ижил төстэй байршилд байр гаргуулах талаар тохирч үзүүлж байсан боловч мөн л гаргаж өгөхгүй удаад байсан тул манай компаниас алдангийн нийт зөрүүнд нийлүүлсэн материалын төлбөр болох 43,644,876 төгрөгийг нийт алдангийн дүн болох 118,485,233 төгрөгөөс хасаж шүүхийн шийдвэрийн дансанд 75,000,000 төгрөгийг төлж байраа гаргуулах гэтэл 2019-2020 онд авсан материалыг тооцоо нийлэхгүй зугтааж, манайх аваагүй хэмээн худал хэлэн үндэслэлгүйгээр хойшлуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай очиж уулзахад төлбөр авагч нь аваагүй гээд байхад бид энэ нийлүүлсэн материалын дүнг төлсөн гэж хасаж болохгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариу өгсөн. иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэх зохицуулалтын дагуу хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгож байх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий бараа нийлүүлсэн харилцааны талаар харилцан төлбөрт суутган тооцох эсэх асуудлыг суутгасан баримтгүй, уг ажиллагаа дууссаны дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТЧ ХХК-иас нийлүүлсэн барааны үнэ 15,873,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,771,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА