| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00006/И |
| Дугаар | 191/ШШ2025/03336 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/03336
| 2025 04 21 | 191/ШШ2025/03336 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар гудамж, ** тоотод оршин суух, *** овогт Н.Т /Регистрийн дугаар:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дүүрэг, ** дүгээр хороо, О ГХОХХК /Регистрийн дугаар:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэгдэл хөлс 10.068.984 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь О ГХОХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 10.068.984 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Т нь ОГХОХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээний байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор, нэхэмжлэгч нарын ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан.
Эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн аргын хүрээнд авч үзвэл:
-Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан.
-12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон.
-Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
-Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.
-Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм.
Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 (7+1) цагаар тооцохыг тодорхой заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажилтны илүү цагийн хөлс олгогдохгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн: Үүнд:
-2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр "О"-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс 2024 оны 10 дугаар сарын 04- ний өдөр хуралдаж, 2024 оны 10 сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг.
-2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ** дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.
-** дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж авсан.
-2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 181/ШЗ2024/25101 тоот захирамжаар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс захирамжид заасны дагуу нэхэмжлэлийн зөрчлийг арилгаж, илүү цагийн хөлс 31.695.216 төгрөг гаргуулахаар анх шаардсан.
Хариуцагч байгууллагаас ирүүлсэн ажилласан цагийн бүртгэл, цалингийн задаргааг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 19.921.776 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Иймд нэхэмжлэгч Н.Т-ийн 2024 оны 5, 6, 7 дугаар саруудын илүү цагийн хөлс 10.068.984 төгрөгийг О* ГХОХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
2.1.Холбогдох хууль тогтоомжийн дагуу А.П-ын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П 2023 оны 3 дугаар сард 84 ажилтныг төлөөлөн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг О ГХОХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 4 дүгээр сард 84 ажилтныг төлөөлөн А.П нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба зарим хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бол зарим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч Н.Т өмнө 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан 34 ажилтанд багтсан байсан ба эдгээр ажилтнуудын нэхэмжлэлд шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Хэрэв ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдөр нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эсхүл 2023 оны 03 дугаар сар гэж үзэхээр байна. Учир нь ажилтнууд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн уртын ээлжээр ажилласан ба мөн 2023 оны 03 дугаар сард энэ асуудлаар гомдол гаргаж байсан хэдий ч шүүх хэрэг үүсгэхээс татгалзахад дахин нэхэмжлэл гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
2.2.Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 2- ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Тус хуульд анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу уртын ээлжийг хуульчилсан бөгөөд уртын ээлжийг Оюу Толгой ХХК 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжүүлсэн. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжийг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандаж, уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж, журамд бүрэн нийцүүлж хэрэгжүүлсэн. Үүнд:
-Уртын ээлжийн горим буюу 14/14 ажил амралтын хуваарьт шилжсэнээр ажилтны хувьд ажлын жилд ажиллах хугацаа 25 хувиар багасаж, амрах хугацаа мөн адил хувиар ихсэж байгаа тул үндсэн цалингийн хэмжээ тэр хэмжээгээр буурахаар байсан. Гэвч Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа санхүүгийн байдлыг дордуулахгүй байх үүднээс үндсэн цалинг бууруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Компанийн холбогдох журмын дагуу олгогдох уртын ээлжийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлт зэргийг хэвээр хадгалж байгаа ба нэмэлтээр уурхайн талбарт ирэх, буцах цагийн олговрыг олгох, шөнийн цагийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бус дундаж цалин хөлсөөс тооцож уртын ээлжийн ажилтанд олгож байна.
-Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасныг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаарх тодруулгыг хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлогч, шинэ хуулийн төслийг боловсруулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дүгээр албан бичгээр авсан. Тус албан бичгээр Шинэ хуулийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтны амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн тодруулгыг Яамнаас өгсөн.
-Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлан гаргасан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны сарын дундаж ажлын цаг 168 цаг байна гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна гэдгийг зохицуулсан.
-Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй юм.
-Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан. Энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.
-Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн тодруулгыг үндэслэвэл уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг (зарим ажилтны хувьд 10 эсхүл 11 цаг), сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байх ба ажилтны ажиллах 14 хоногийн хугацаанд ажилласан илүү цагийг хуулийн дагуу амрах хугацаанд нөхөн амраасанд тооцож цалин хөлсний зохицуулалтыг хийж байгаа болно. Ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлс олгож байна.
-Уртын ээлжээр ажиллах болсонтой холбоотойгоор ажилтанд үзүүлэх цалин хөлсний нөлөөлөл харилцан адилгүй байгаа ба дийлэнх ажилтнуудын хувьд ажлын байрны онцлог, нөхцөл зэргээс хамааран гар дээр авах цалин хөлс нь буураагүй харин нэмэгдэх тохиолдлууд байна.
О ГХОХХК нь нэхэмжлэгч Н.Төмөрбүргэдийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: илүү цагийн тооцоолол, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 1-7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/****дүгээр шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/**** тоот захирамж, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл/ шийдвэр зэргийг ирүүлжээ. /хх 4-18, 100-105/
Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон тушаал, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О* ГХОХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/HR тоот албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 тоот албан бичиг, хууль зүйн дүгнэлт, Монголын уул уурхайн үндсэний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 тоот албан бичиг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлал, О ГХОХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR тоот албан бичиг, О ГХОХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 21-24, 33, 113-125/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 191/ШЗ2025/06414 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу, хавсралтаар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, О ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 8934 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт, О ГХОХХК болон ОГХОХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, О орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд байгуулсан 2025-2027 оны хамтын гэрээ, ажилласан цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл, О ХХК болон О ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, О орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нарын 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний төсөл, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэл/ зэргийг бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.Т нь О ГХОХХК-д холбогдуулан 2024 оны 5, 6, 7 дугаар сарын нэмэгдэл хөлс 31.695.216 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 10.968.894 төгрөг болгосон тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /8цаг*14хоног/ байхаар хуулиар тогтоосон, ажил олгогчоос 168 цагаас дээш цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож, харин үлдэх 56 цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй байгаа тул нэхэмжлэгчийн 2024 оны 5, 6, 7 дугаар сард ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулна, уртын ээлжийн ажилтны ажиллавал зохих цаг 112 цаг болохыг Улсын дээд шүүхээс тайлбарласан, урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, 2023 онд нэхэмжлэл дахин гаргаагүй явдал одоо нэхэмжилж байгаа нэмэгдэл хөлстэй хамааралгүй гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгч нь анх 2023 онд гомдол гаргаж байсан 84 ажилтны нэг бөгөөд шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш дахин гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амруулснаар илүү цагийг нөхөн амраасан тул нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй, захиргаа ажилтны ажилласан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжийн дагуу бүрэн тооцон олгосон, хэрэв олгогдох ёстой гэвэл ажилтан 1 хувиа авчихсан тул үлдэх 0,5 хувь яригдах учиртай гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч ОГХОХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, тэрээр тус уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажилладаг, ажлын нөхцөл хэвийн бус нөхцөлд-д хамаардаг, ажил, амралтын 14/14 хоног горимоор ажилладаг буюу уртын ээлжээр ажилладаг үйл баримтууд хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /хх 8-10, 45-54/
3.2.Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сард 168 цаг, 6 дугаар сард 168 цаг, 7 дугаар сард 132 цаг ажилласан, ажил олгогчоос түүнд 5 дугаар сард 22.909.744 төгрөг, 6 дугаар сард 9.086.096 төгрөг, 7 дугаар сард 8.271.722 төгрөгийн цалин хөлс олгосон үйл баримтууд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын цагийн бүртгэл зэргээр тогтоогдсон. /хх 11, 62-64/
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заажээ.
4.1.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан.
4.2.Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.
Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.
4.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан.
Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна.
4.4.Хөдөлмөрийн тухай хуульд шинээр зохицуулсан уртын ээлж болоод уртын ээлжийн ажилтны сард ажиллавал зохих ажлын цаг 112 /8*12/ болохыг Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/00*** дугаар тогтоол, түүнээс хойшхи удаа дараагийн тогтоолуудаар тайлбарласан тул хариуцагчийн энэ талаарх татгалзлууд үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар ажил олгогч нь 112 цагаас дээшхи ажилласан цагийн нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.
5.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.2-т Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч 2024 оны 5, 6, 7 дугаар сарын нэмэгдэл хөлс шаардсан тул 5 дугаар сарын нэмэгдэл хөлсийг тооцоход өмнөх гурван сар буюу 2024 оны 2, 3, 4 дүгээр сарын дунджаас, 6 дугаар сарын нэмэгдлийг 3, 4, 5 дугаар сарын дунджаас, 7 дугаар сарын нэмэгдлийг 4, 5, 6 дугаар сарын дунджаас тус тус дээрх журмын дагуу тооцох учиртай. Гэвч хэрэгт нэхэмжлэгчийн 2024 оны 2, 3, 4 дүгээр сард ажилласан цагийн талаарх баримт авагдаагүй.
5.2.Харин нэхэмжлэгчээс 2024 оны 5 сард нэг цагийн хөлс 76.642 төгрөг, 6 дугаар сард нэг цагийн хөлс 31.954 төгрөг, 7 дугаар сард нэг цагийн хөлс 31.564 төгрөг гэж ажил олгогч байгууллагын тухайн саруудад олгосон цалин хөлсний задаргаанд тулгуурлаж нэг цагийн хөлсийг тооцоолон шаардаж байна. Хариуцагч дээрх тооцоололд маргахгүй байна. Иймд шүүх талуудын зарчмын дагуу шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч 2024 оны 5 сард 168 цаг ажилласан, нэг цагийн хөлс 76.642 төгрөг, 6 сард 168 цаг ажилласан нэг цагийн хөлс 31.954 төгрөг, 7 сард 132 цаг ажилласан нэг цагийн хөлс 31.564 төгрөг, мөн илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос түүнд урьд цалин хөлсийг олгохдоо 1 хувиар тооцон олгосон тул дутуу олгосон үлдэх 0,5 хувиар тооцож олгоно.
76.642 төгрөг * 56цаг * 0,5 = 2.145.976 төгрөг
31.954 төгрөг *56 цаг * 0,5 = 894.712 төгрөг
31.564 төгрөг *20 цаг * 0,5 = 315.640 төгрөг
2.145.976 + 894.712+ 315.640= 3.356.328 төгрөг
Иймд ажил олгогчоос нэмэгдэл хөлс 3.356.328 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаанд маргасан.
6.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс илүү цагийн хөлсийг нөхөн олгуулах тухай нэр бүхий 34 ажилтныг төлөөлж гомдлоо анх тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, О ГХОХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 тоот хуралдааны тэмдэглэлээр талууд тохиролцож чадаагүй-гээр дуусгавар болгожээ. /хх 12-13/
6.2.Улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 109 тоот тэмдэглэлээр дуусгавар болгосон. /хх 14-15/
6.3.Тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/25101 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин энэ нэхэмжлэлээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх 16-18/
Түүнд 2024 оны 5 дугаар сарын цалин хөлс олгосны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан 90 хоногийн хугацаа-г тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрт гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
6.4.Хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус байгууллагын маргаан таслах зөвлөлд нэр бүхий ажилтнуудын төлөөллөөс гомдол гаргасан үйл баримтад маргаагүйг дурдав. /хх 14 ар/
6.5.Урьд 2023 онд нэр бүхий 85 ажилтнаас нэхэмжлэл гаргаж байсан, түүн дунд нэхэмжлэгч байсан, дахин шүүхэд хандаагүй байдал нэхэмжлэгчээс 2024 оны 5, 6, 7 сарын нэмэгдэл хөлсөө шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, хамааралгүйг дурдав.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан О ГХОХХК-иас нэмэгдэл хөлс 3.356.328 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун хорин найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.712.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68.651 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ