2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03366

 

 

 

 



 

  2025      04        22                                  191/ШШ2025/03366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Г-ийн Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, 0 давхарт байрлах, О ХХК /РД:000000/-д холбогдох,

2024.05.22-ны өдрийн Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах, албан тушаал бууруулсан хугацааны зөрүү цалин 8,526,819 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, Х.О, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

НЭГ. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай. Г овогтой Г нь "О" ХХК-ийн Бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-ийн 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаартай шийдвэрт холбогдуулан "О" ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 06 сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 06 сарын 25-ны өдөр гомдлыг хурлаар хэлэлцүүлэхээр цугласан боловч маргаан таслах комиссын бүрэлдэхүүний ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурлыг хугацаагүйгээр хойшлуулж хуралдуулаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэвч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07-р сарын 05-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд "О" ХХК-ийн төлөөлөл товлогдсон хуралдаанд ирж оролцоогүй, эвлэрэх боломжгүй" гэж утсаар ажлын албанд мэдэгдсэн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2024 оны 07-р сарын 25-ны өдрийн 66 дугаар тэмдэглэл гарсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

ХОЁР. Шүүхийн харьяалалын тухай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу гомдлоор авч хэлэлцэх хэргийн хувьд шийдвэр гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргахаар заасан байх тул хариуцагч О ХХК-ийн байгаа газрын шүүх буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ГУРАВ. Нэхэмжлэлийн үндэслэл. Г.Г нь "О" ХХК-ийн гүний уурхайн "Геологич" албан тушаалд 2020 оны 09-р сарын 02-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, үргэлжлүүлэн 2022 оны 06-р сарын 10-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн Төслийн ахлах геологич" албан тушаалыг эрхэлж, ажил үүргээ хариуцлагатайгаар өнөөдрийг хүртэл гүйцэтгэсээр байна.

Гэтэл "О" ХХК-ийн Бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий Менежер М Ш-н 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаартай тушаалаар Г.Г-т албан тушаал бууруулах шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсний улмаас илүү төлөгдсөн цалин хөлсийг буцаан төлүүлэх тухай шийдвэр гаргасныг шударга бус гэж үзэн дараах үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Ажил олгогчоос зөрчил тодорхой бус байхад шийтгэл оногдуулсан.

1.1 Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд Г.Г-г "2022 оны 1-р сараас 2024 оны 03-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн" гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Тушаалд Г.Г-г нийт 815 өдрийн хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн гэж үзэж байгаа юм уу, эсхүл илүү цагаа худал мэдүүлсэн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Г.Г-н хувьд 2022 оны 06-р сарын 10-ны өдрөөс хойш Гүний уурхайн ахлах геологич" албан тушаалыг эрхэлж эхэлсэн. Тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн нөхцөлийг "Хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэг", өдөрт ажиллах цаг "12 цаг", байршил "О уурхайн талбар гэж заасан байдаг. Тус хөдөлмөрийн нөхцөлийг дэлгэрэнгүйгээр "О" ХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам-д 3.3 дугаар зэрэг - Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлсийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, тэдгээрийн үйлчлэлийн нөлөөгөөр ихэнх тохиолдолд ажилтны бие махбод, эрүүл мэндэд гүнзгий хямрал, зарим тохиолдолд бүтэц зүйн эмгэг өөрчлөлт, ажилтай холбоотой болон мэргэжлийн өвчний хөнгөн хэлбэрийг үүсгэх боловч нөхөн сэргээгдэх боломжтой, ерөнхий өвчлөлийн давтамж, хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл нэмэгдэх ажлын орчин" гэж тайлбарласан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хүнд нөхцөл бүлгийн уул уурхайн үйлдвэрлэл хэсгийн 49-д заасан "Геологич" гэх Г.Г-ийн албан тушаал тус жагсаалтад орсон байгаагаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах үндэслэлтэй байна. Мөн өмнөх хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мөн жагсаалтын 4.2-д "Геологич" мэргэжил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байсныг дурдах нь зүйтэй.

Мөн газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил, мэргэжлийн нөхцөлийг тус тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад нийцүүлэх нь ажил олгогчийн үүрэг билээ.

1.2 Г.Г нь 2023 оны 4 сард Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлтэй ажлын байр дээр ажиллаж байгаа ажилтанд олгодог хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг 2022 оны 06-р сарын 10-ны өдрөөс 2023 оны 04-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцуулан аваагүй явж ирсэн гэдгээ мэдсэн. Энэ асуудал хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа тухайн үед хариуцсан хүний нөөцийн ажилтнууд ажлын байрны тодорхойлолтоо буруу гаргаснаас үүдэн цалин, хөлсийг дутуу бодож олгодог байсан болох нь тогтоогдсон. Г.Г энэ асуудлыг олж мэдмэгцээ хүсэлт гаргаж, 6 сарын нэмэгдлээ нөхөн авч байсан. Харин үлдэх 4 сарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг одоог хүртэл аваагүй болно. Хэрэв хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг байсан цагаа худал мэдүүлдэг байсан бол 2023 оны 4 сард Г.Г-н хэвийн бус нөхцөлийн цагийн нэмэгдлийг нөхөж өгөхдөө яагаад энэ талаар шалгаагүй вэ гэдгийг гайхаж байна.

Мөн 2022 оны 03 сараас эхлэн Г.Г хөдөлмөрийн хүнд нөхцөлөө өдөрт 12 цагаар бус 0.5 цагаар бүртгэж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд мөн Ахлах ажилтанг орлож болон дагалдан ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд дурдсан 20 хувийн нэмэгдэл хөлс ч тооцуулж авч байгаагүйг түүний цалингийн хүснэгтээс харж болно.

Хоёр. Ажлын цагийг бүртгэх нь ажил олгогчийн үүрэг.

Хөдөлмөрийн тухай хууль 84 дүгээр зүйлийн 84.5-д Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй" гэж заасан байдаг. "О" ХХК-ийн Ажлын цагийн тухай журам 16.1-д Ажилтан ажилласан цагаа зааврын дагуу бүртгүүлэх, илүү цагаар ажилласан тохиолдолд тухайн нэгжийн хариуцсан Ерөнхий менежерээс урьдчилан зөвшөөрөл авах үүрэгтэй" гэж, 16.2-д Удирдах ажилтан ажилтны цагийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хянах батлах, ажилтны цаг бүртгэлийг цаг хугацаанд нь бүртгэн оруулах, батлах үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг.

Г.Г нь О уурхайн талбарт ажилласан цаг хугацаагаа цаг бүртгэлийн хуудаст журамд заасны дагуу үнэн зөв бүртгэж ирсэн. Түүний цаг бүртгэлийн үнэн зөв байдалд давхар түүний шууд Удирдах албан тушаалтан тухай бүр хянан батлах үүргийг гүйцэтгэж давхар хяналт тавьдаг. Тэрхүү Удирдах ажилтны батлагдсан цаг бүртгэлээр санхүүгийн хэлтэс цалин хөлсийг тооцож олгодог.

Бүртгэсэн цагийн бүртгэлд байгууллагын зүгээс давхар, давхар системчилсэн байдлаар шат дараалан хяналт шалгалт хийсний үндсэн дээр цалин хөлсийг олгож ирсэн байтал гэнэт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Г.Г-т сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Гурав. Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй" гэж, мөн О" ХХК-ийн Сахилгын шийтгэл ноогдуулах журам"-ын 9.3.3-д Сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулахгүй байх зарчмыг баримтлахаар заасан.

Тушаалд Г.Г нь ажилласан цагаа худал мэдүүлсэн зөрчлийг үйлдсэний улмаас түүнд илүү төлөгдсөн цалин, хөлсийг буцаан төлүүлэх хуваарийг гаргах, хуваарийн дагуу буцаан төлүүлэх гэж дурджээ. Эндээс харахад ажил олгогч Г.Г-г яг хэдэн цагийг буруу мэдүүлсэн гэж үзэж байгаа, ямар үндэслэлээр тухайн мэдүүлгийг нотолж буй нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд түүнээс үүдэн байгууллагад ямар хэмжээний хохирол учирсан, түүний цалингаас хэдэн төгрөгийг суутгаж авах талаар тодорхой дурдаагүй, одоог хүртэл тодорхой болоогүй явдал нь нөхцөл байдлыг эргэлзээтэй болгож, тогтоогдоогүй үйлдэлд урьдчилан сахилгын хариуцлага тооцож буй мэт байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд зөвхөн хуульд заасан 4 үндэслэлээр суутгал хийж болох тохиолдлыг тусгасан байна. Гэвч сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаас харахад аль нь ч түүний нөхцөл байдалд тохирохгүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн үнийн дүн бүхий суутгал оногдуулах бол ажил олгогч нь төлөлт хийх хуваарь гаргах бус харин шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо гаргуулах эрхтэй. Харин нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрээгүй мөнгө суутгал бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл дээр нэмж ажилтнаас суутгал авахаар нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан болохоор байна.

Угтаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл оногдуулдаг. Гэтэл тус тушаалаар албан тушаал бууруулах шийтгэл оногдуулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргасан атлаа дахин цалин, хөлснөөс суутгал хийхээр давхар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, илт ажилтны эрх, ашиг сонирхлыг хохироож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Дөрөв. Хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч үндэслэлгүйгээр тайлбарлаж байна.

Оюу Толгойн гүний уурхайн ахлах геологич нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хэт дуу чимээнд өртөх, цахиурын тоосонд өртөх, говь цөлийн бүсийн хэт халуун ба хүйтэнд өртөх, баяжуулах үйлдвэрийн урвалжийн үнэр сэнгэнэх, уулын чулуулгийн гүний даралтад өртөх, тэсэлгээний болон гүний уурхайн газар хөдлөлтийн чичиргээ доргилтыг биеэр болон сэтгэл зүйн хувьд цочирдон мэдэрч хүлээн авах гэх мэт уурхайн талбартаа ихэнх тохиолдолд хөдөлмөрийн стандартад нийцээгүй хөдөлмөрийн хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг байхад зөвхөн гүний уурхайд орсон хугацааг хэвийн бус нөхцөлд хамруулан цагийн бүртгэлийг хөтлөх ёстой гэж тайлбарлан ажилтны эрх, ашиг сонирхлыг илт хөндөж байгаад гомдолтой байна.

Тиймээс Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэлийн "Геологич" мэргэжил хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлд хамаарахаар Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан байгаагаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж заасны дагуу нэмэгдэл хөлс авсан маань үндэслэл бүхий байхаар байна.

Хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч өөрт ашигтай байдлаар үндэслэлгүйгээр гуйвуулан тайлбарлаж төөрөгдөл, тодорхойгүй байдал үүсгэсний улмаас Г.Г- зөрчил гэж үзээд албан тушаал бууруулж, илүү төлөгдсөн цалин хөлсийг суутгахаар давхардуулан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хэт ажилтны эрх, ашиг сонирхлыг орхигдуулж, хөдөлмөрлөх эрх зүйн нөхцөлийг дордуулж, шударга бус хандаж байна.

Албан тушаал бууруулсантай холбогдуулан үндсэн цалин сарын 309.93 ам доллароор буюу өнөөдрийн Монгол банкны албан ханшаар 1 ам доллар 3,439.01 төгрөгөөр тооцоход нийт 1,065,852 төгрөгөөр буурсан байна. Хэрэв албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэн эрхэлж байсан бол 2024.05.24-2025.01.24 хооронд 8 сарын хугацаанд нийт 8,526,819 төгрөгтэй тэнцэх хэмжээний үндсэн цалин авах байжээ.

Иймд О ХХК-ийн Бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-н 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Төслийн Ахлах геологич ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан хугацааны зөрүү цалин 8,526,819 төгрөгийг О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Тус шүүхэд иргэн Г.Г нь "О" ХХК-д холбогдуулан Бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б\1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн Төслийн ахлах геологич Г.Г нь 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчлийг гаргасан болох нь зөрчлийг хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул түүнийг Төслийн ахлах геологич албан тушаалаас гүний уурхайн геологич болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Иймд нэхэмжлэгч Г.Г-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 2024.05.22-ны өдрийн Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах, албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 8,526,819 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ажилтан Г.Г нь 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчлийг гаргасан болох нь зөрчлийг хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Г.Г нь "О" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-н 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гардан авч, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасны дагуу сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан тухай гомдлоо О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 06 сарын 25-ны өдөр гомдлыг хурлаар хэлэлцүүлэхээр цугласан боловч маргаан таслах комиссын бүрэлдэхүүний ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурлыг хугацаагүйгээр хойшлуулж хуралдуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж заасны дагуу гомдлыг шийдвэрлээгүй тул Г.Г нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07-р сарын 05-ны өдөр гомдлоо гаргасан ба тус хорооны 2024 оны 07-р сарын 25-ны өдрийн 66 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2024.07.29-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 6, 8-10 хуудас/

 

4.2. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.02-ны өдрийн 27/22 дугаар Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай тушаалаар О ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерт гүйцэтгэх захирлын төлөөлж түүний нэрийн өмнөөс ...ажилтанг өөр ажил албан тушаалд түр хугацаагаар шилжүүлэх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон байх тул О ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш нь 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар тушаалыг гаргах эрхтэй байна. /2-р хавтаст хэргийн 79-80 хуудас/

 

4.3. Г.Г нь 2020.09.02-ний өдрөөс О ХХК-ийн Гүний уурхайн геологийн хэлтэст геологичоор ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Төслийн ахлах геологичоор ажилласан болох нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тушаалаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 12-18, 211-223, 2-р хавтаст хэргийн 61-68, 160-164 хуудас/

 

4.4. О ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, ажилтан Г.Г-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7-ын б, в, г, Хөдөлмөрийн нөхцлийн тухай журам-ын 2.3, Ажлын цагийн журам-ын Ажилтны үүрэг хэсгийн 16.1.1, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.3, 17.4.3.5, 17.5, 18.7.1, 18.7.2, 18.7.3 дахь заалтууд, Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа-ны хэвийн бус нөхцлийн цаг хэсэг болон О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.05.02-ний өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн

Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн Төслийн ахлах геологич Г.Г нь 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс Төслийн ахлах геологич албан тушаалаас Гүний уурхайн геологич болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хавтаст хэргийн 11 хуудас/

 

4.5. Энэхүү тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчлийг шалгасан Хянан шалгах ажлын тайландаа: цагийн бүртгэл, e-tag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан, LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангууд дээр анализ хийж, Геологи, геотехникийн үйлчилгээ Геологийн багийн Төслийн ахлах геологич Г.Г нь Гүний уурхай руу орж ажиллаагүй, өрөмдлөгийн талбайд ажиллаагүй өдрөө хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж бүртгэсэн болох нь тогтоогдсон гэжээ. /хавтаст хэргийн 160-209 хуудас/

 

5. Талууд сахилгын зөрчил гаргасан эсэх талаар маргаж, улмаар цагийн бүртгэлийг хэн хөтлөх үүрэгтэй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тогтоох, уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцоолох нь маргааны зүйл болж байна.

 

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223  дугаар тушаалын хавсралт Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалын хавсралт Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам-д заасны дагуу итгэмжлэлтэй мэргэжлийн байгууллага нь ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийж, дүгнэлт, тайлан гаргахаар зохицуулсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3Ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болгох хүртэл хугацаанд ажилтны ажлын цагийг богиносгох, нэмэгдэл амралт, хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл олгох зэрэг шаардлагатай түр арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн авна гэж заасан.

 

6.1. Ажилтан Г.Г-ийн геологич болон төслийн ахлах геологич ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нөлөөллийн 3.3-р зэрэг гэж тодорхойлжээ.

 

6.2. ХН-ГЗ: Хөдөлмөрийн нөхцлийн тухай журам-ын 2-д Хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг тодорхойлсон бөгөөд 2.1-д Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний тайлангийн дүнгээр хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус гэж тогтоогдсон ажлын байр дээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг олгоно гэж, 2.2.-д Хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийн хэмжээг ажилтны үндсэн цалингаас тооцно. Доорхи хүснэгтэд үзүүлсний дагуу нэмэгдлийн хэмжээ нь хөдөлмөрийн хортой нөхцлийн зэргээс шалтгаалан өөр өөр байна гээд Хортой нөхцлийн зэрэг, нэмэгдлийн хэмжээг хүснэгтээр харуулсан бөгөөд хортой нөхцлийн зэрэг 3.3-ийн нэмэгдлийн хэмжээ нь 16% байна.

Мөн журмын 2.3-д Уг нэмэгдлийг ажилтны зөвхөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт /үүнд илүү цаг орно/ тооцож олгох бөгөөд ажилтан аливаа шалтгаанаар ажилдаа ирээгүй эсхүл чөлөөтэй байсан тохиолдолд нэмэгдэл олгогдохгүй гэж заажээ. /1-р хавтаст хэргийн 143-148 хуудас/

 

7. Хариуцагч О ХХК нь ажилтан Г.Г-н ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хагас өртөлттэй ажлын байр тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг нь өрөмдлөгийн талбай болон гүний уурхайд ажилласан цагаар тооцно гэж тайлбарлаж байгааг, нэхэмжлэгч Г.Г үгүйсгэж, миний ажлын байр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаардаг тул 16%-ийн нэмэгдлээ шууд авах ёстой гэж ойлгосон. Хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч өөрт ашигтай байдлаар үндэслэлгүйгээр гуйвуулан тайлбарлаж төөрөгдөл, тодорхойгүй байдал үүсгэсний улмаас намайг ажилласан цагаа цагийн бүртгэлд үнэн зөвөөр мэдүүлээгүй гэх зөрчил үүсгэсэн мэт нөхцөл байдалд оруулсан гэж маргаж байна.

 

7.1. О ХХК-ийн 2012 оны ХН-Е6.1: болон 2023 оны ОТ-НR-C-054: Ажлын цагийн тухай журам-д хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тодорхойлох, ажилласан цагийг хэрхэн тооцох талаар зохицуулаагүй байна. /хавтаст хэргийн 123-142 хуудас/

 

7.2. О ХХК-ийн Цалин хөлсний журам-ын 13.1. Хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл гээд 13.1.1-д Хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус гэж тооцогдсон ажлын байранд ажиллаж буй ажилтнуудад Хөдөлмөрийн нөхцлийн зэргийг үндэслэн хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг олгоно. Уг нэмэгдлийг О ХХК-ийн ХН-ГЗ: Хөдөлмөрийн нөхцлийн тухай журамд заасны дагуу олгоно гэжээ /хавтаст хэргийн 115-122 хуудас/

 

7.3. Гэрч Д.Т нь ахлах геологичийн ажил үүрэг нь ерөнхийдөө оффис, газрын гадарга, гүний уурхай гэсэн 3 хэсэгт хуваагдаж ажилладаг учраас эрсдэл өндөртэй гүний уурхай, өрөмдлөгийн талбайн ажил нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогддог тул Хөдөлмөрийн нөхцлийн тухай журам-ын 2.3-д зааснаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаар тооцож нэмэгдлийг олгодог гэж мэдүүлжээ.

 

Эдгээр баримтуудыг харьцуулан үзэхэд, Цалин хөлсний журам-ын 13.1.1-д Хөдөлмөрийн нөхцлийн тухай журам-д зааснаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг олгохоор, Хөдөлмөрийн нөхцлийн тухай журам-ын 2.3-д нэмэгдлийг ажилтны зөвхөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт тооцон олгохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгч *******ийн ажлын байр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаардаг тул 16%-ийн нэмэгдлээ шууд авах ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг ажилтнуудад танилцуулах үүрэгтэй бөгөөд энэхүү тайлангаар геологич болон төслийн ахлах геологич ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтны эрүүл мэндэд өндөр, ноцтой эрсдэлтэй нь тогтоогдсон ажил үүргийг тодорхойлох боломжтой.

8.1. Хариуцагч О ХХК нь Г.Г-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүргийг тодорхойлоогүй байх тул хариуцагч О ХХК-ийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг нь өрөмдлөгийн талбай болон гүний уурхайд ажилласан цагаар тооцно гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгч Г.Г-ийн миний Ажлын байрны тодорхойлолт-ын шинэ орд нээх, хайгуул хийгдэж байгаагүй газар нутаг болон одоогийн уурхай дотор түүний ойр орчимд хайгуул хийх замаар уурхайн үйл ажиллагааны өргөтгөлийг тогтоох, компанийн бусад нэгж, салбарт Геологийн судалгааны үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажил үүрэг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна гэх тайлбарыг ч үгүйсгэх боломжгүй байна. /хавтаст хэргийн 218 хуудас/

 

8.2. Гэрч Б.Б нь сар бүр бүх ажилтнуудад Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа-г и-мэйлээр илгээдэг гэж мэдүүлсэн бөгөөд Цахим цаг бүртгэлийн заавар-ын Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн цагтай холбоотой хэсэгт Ажлын байр нь хэвийн бус нөхцөлд байнгын өртөлттэй ажилтнуудын хувьд ажилласан нийт цаг нь хэвийн бус нөхцөлөөр тооцогдон цаг бүртгэлд орж ирдэг тул ямар нэг засвар оруулах шаардлагагүй. Ажлын байр нь хэвийн бус, хагас өртөлттэй ажилнуудын хувьд Хэвийн бус нөхцөлд ажилласан цаг баганад бодит ажилласан цагаа гараар оруулах шаардлагатай гэжээ. /хавтаст хэргийн 167-168 хуудас/

 

8.3. Хариуцагч О ХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам, Ажлын цагийн журам, Цалин хөлсний журам, Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа зэрэгт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тогтоох талаар тусгаагүй, мөн уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцоолох аргачлал байхгүй байна.

 

8.4. Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Г.Г-т хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг цагийн бүртгэл-д хэрхэн тусгах талаар тодорхой мэдээлэл өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн цагийн бүртгэлийг хянан баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан М Р ярилцлагадаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан талаархи ойлголтыг тодорхойлох боломжгүй талаар тайлбарласан байна. /хавтаст хэргийн 126-142 хуудас/

 

8.5. Ажилтан Г.Г нь 2022 оны 06-р сарын 10-ны өдрөөс 2023 оны 04-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгоогүйг мэдэж, хүний нөөцийн хэлтэст хүсэлт гаргаж, 2023 оны 4 сард эхний 6 сарын нэмэгдлээ нөхөн авсан, үлдэх 4 сарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгоогүй болох нь и-мэйлд үзлэг хийсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /3-р хавтаст хэргийн 46-53 хуудас/

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

 

9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5.Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гэж заасан.

 

9.2. О ХХК-ийн 2023 оны Ажлын цагийн тухай журам-ын 16 дугаар зүйлийн 16.1. Ажилтаны үүрэг гээд 16.1.1-д Ажлын цагийн бүртгэлийг цаг бүртгэлийн хуудаст үнэн зөв, зааврын дагуу бүртгэх гэж гэж, 16.2. Удирдах ажилтаны үүрэг гээд 16.2.1.-д Ажилтны цагийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хянан батлах гэж, 16.3.-д Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын газрын үүрэг гээд 16.3.1.-д Холбогдох удирдлага болон ажилтнуудад цаг бүртгэлийн талаар зааварчилгаа хүргүүлэх, зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх гэж тус тус заажээ. Мөн Цалин хөлсний журам-ын 14.17, 14.18, 14.19-д үүнтэй адил агуулга бүхий зохицуулалт байгаа, мөн гэрч Б.Болормаа нь ажлын байрны зарим хэсэг нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогддог ажилтнууд хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа өөрсдөө цагийн бүртгэлд оруулж, шууд удирдах албан тушаалтан нь хянан баталгаажуулдаг. Манай хэлтэс ерөнхийд нь цагийн бүртгэлийн мэдээлэл бүрэн эсэх, удирдлага нь баталгаажуулсан эсэхийг хянадаг гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг нь зөвхөн ажилтны үүрэг бус, ажил олгогчийн үүрэг байна.

 

9.3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг e-tag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан, LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангууд-аар бүртгэж баталгаажуулах тохиолдолд ажилтан уг мэдээллийг олж авах боломжгүй тул ажил олгогч О ХХК нь ажилтан *******ийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг бүртгэх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч О ХХК-ийн нэхэмжлэгч Г.Г-ийн ажлын байрны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг ямар дүрэм, журамд заасан үндэслэлээр e-tag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан, LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангууд-ыг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 

10. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Г-г 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан О ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер М Ш-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар Г.Г-г урьд эрхэлж байсан О ХХК-ийн Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн Төслийн ахлах геологич албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2-д заасны дагуу *******ийн үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэний улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан тул тушаал гарсан 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч О ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г-ийн Төслийн ахлах геологич албан тушаалын сарын үндсэн цалин 2066.22 ам,доллар байсан бөгөөд бууруулсан Гүний уурхайн геологич албан тушаалын сарын үндсэн цалин 1756.29 ам,доллар байх тул үндсэн цалингийн зөрүү сард 309,93 ам,доллар байна. /2025.01.26-ны өдрийн Монгол банкны албан ханш 1 ам,доллар 3,439.01 төгрөг/

Албан тушаал бууруулсан 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 11 сараар тооцоход /1 сарын зөрүү 309,93 ам,доллар х 3,439.01 төгрөг = 1,065,852 төгрөг/ 1,065,852 х 11 сар = 11,724,372 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Г.Г нь нэмэгдүүлсэн шаардлага гаргах хугацаагаар тодорхойлж албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 8,526,819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2-д заасны дагуу албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүгээр олговорыг гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас 2024.05.22-ны өдрийн Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах шаардлагад 140,400 төгрөг, албан тушаал бууруулсан хугацааны зөрүү цалин 11,724,372 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 202,540 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар О ХХК-ийн 2024.05.22-ны өдрийн Б/1404 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Г-ийг О ХХК-ийн Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн Төслийн ахлах геологчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч О ХХК-иас 11,724,372 /арван нэгэн сая долоон зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж Г.Г-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Г.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар О ХХК-иас 342,940 /гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА