| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03202/И |
| Дугаар | 191/ШШ2025/03379 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03379
| 2025 04 22 | 191/ШШ2025/03379 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ** дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, ** байр, ** тоотод байрлах, Х ХХК /Регистрийн дугаар:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **дүүрэг, ** дүгээр хороо, ** тоотод бүртгэлтэй ч, ** дүүрэг, * дүгээр хороо, **гудамж 2,403 тоотод Л ХХК /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 201.003.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь Л ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 201.003.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Х ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10/31 дугаартай бетон зуурмаг нийлүүлэх гэрээг Л ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу талууд нийт 500 мкуб зуурмагийг 1 мкубийг 330.000 төгрөгөөр нийт 165.000.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс Захиалагчийн захиалгын дагуу 243 мкуб, 81.420.000 төгрөгийн бетоныг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороонд байрлах сургуулийн барилгад 2023 оны 10 дугаар сарын 28-ний өдөр нийлүүлсэн бөгөөд Л ХХК-аас төлбөрт тухайн өдөр 3 сая төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58.420.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.
1.1.Л компанийн захирал Г.Гнь манай компанийн захирал Б.Н-тэй 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бэлэн мөнгөөр бетон зуурмаг худалдан авахаар утсаар тохиролцсон. Харин 10 дугаар сарын 28-ны өдөр уулзахдаа захирал Г.Г нь төсвийн гүйцэтгэлийн төлбөр манай компанид орж ирэхэд 2 хоногийн хугацаа орох нь, Ар гүнт вилла хотхонд байрлах 56.1 мкв 70 хувийн гүйцэтгэлтэй болон 92.1 мкв хэмжээтэй хоёр хувийн сууцыг төлбөр орж иртэл баталгаа болгоод нэр дээр чинь шилжүүлье гэсэн. Үүний дагуу бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрийг 2 хоногийн шилжүүлэх баталгаа болгож, хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө буюу Ар гүнтэд байрлах баригдаж буй хоёр ширхэг хувийн сууцыг Х ХХК-ийн захирал Б.Н-ий нэр дээр шилжүүлэхээр худалдах худалдан авах гэрээ хийсэн.
Ийнхүү үл хөдлөх хөрөнгө шилжүүлж баталгаа өгсөн тул бид Л компанид итгэж бетон нийлүүлсэн боловч анх тохиролцсоны дагуу 2 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй. Мөн тээврийн хөлс 8.520.000 төгрөг болсноос 7 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 1.520.000 төгрөг өгөөгүй байгаа. Бид олон удаа нэхэж, шаардсан боловч төлбөрөө төлөхгүй шалтаг хэлж зугтсаар байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос өөрийн ажилтныг Л компанийн ажлын байранд 20 гаруй хоног байнга байршуулж, мөнгөө шаардаж байж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 78.420.000 төгрөгийн төлбөрөөс 20.000.000 төгрөгөө авсан. Үүнээс хойш үлдэгдэл 58.420.000 төгрөгийн төлбөрөө төлөхийг шаарддаг боловч хариуцагч төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрсэн.
Иймд Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 1-р зүйл тусгай нөхцөл, 7-р зүйл Захиалагчийн эрх, үүрэг, 7.1-т Захиалагч нь бетон зуурмагийг гэрээ, захиалгад заасан хугацаанд хүлээн авах, бетон зуурмагийн үнийн дүнг Нийлүүлэгчид тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 206-р зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу бетон зуурмагийн үндсэн төлбөрт 58.420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
1.2.Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 8-р зүйлийн 8.1-д Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэж. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 39.210.000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн 78.420.000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлөх ёстой байсан. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг төлсөн тул 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 78.420.000 төгрөгийн 44 хоногийн алданги 10.351.440 төгрөг болж байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл 58.420.000 төгрөг болсон бөгөөд түүний алдангийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 168 хоногоор тооцоход 29.443.680 төгрөг болох ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 29.210.000 төгрөг болно. Үүн дээр анх 78.420.000 төгрөгийн 44 хоногийн алдангийг нэмэхэд нийт алданги 39.561.440 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-р зүйлд заасны дагуу 39.561.440 алданги нь 78.420.000 төгрөгийн 50%-иас илүү гарч байгаа тул хуульд нийцүүлж 39.210.000 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.
-Барилгын салбарын үйл ажиллагаа Монгол улсад улирлын чанартай явагддаг. Бетон зуурмаг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа жил бүрийн 3 дугаар сараас эхэлдэг. Учир нь барилгын компаниуд суурийн бетоноо сэрүүн, бага зэрэг хүйтэвтэр үед буюу жил бүрийн 3 дугаар сарын эхэнд захиалж авдаг учир бетон үйлдвэрлэгчид 3 дугаар сард өмнөх жилийн нөөцөөрөө үйл ажиллагаа явуулж ажлаа эхэлдэг. Бетон үйлдвэрлэгчид суурийн бетоныг барилгын компаниудад 3 дугаар сард нийлүүлж чадвал тухайн барилгын бетоныг бүтнээр нь нийлүүлэх боломжтой болж, тухайн жилд борлуулалтын 70-80%-ын гэрээ байгуулагддаг. Гэтэл манай компани 2023 оны 11, 12 дугаар сард хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас түүхий эдийн нөөц бэлтгэж чадаагүй, үүний улмаас суурийн зуурмагийг 2024 оны 3 дугаар сард нийлүүлж чадахгүйд хүрч хоёр ч ашигтай хэлцлээ алдсан.
Түүнчлэн хэрэв хариуцагч хугацаандаа төлбөрөө төлсөн бол манайх 2023 оны 12 дугаар сар дуустал 2655 м.куб түүхий эд (элс хайрга 0-5мм, дайрга 10-20мм) нөөцлөх байсан. Ийнхүү нөөцөлсөн байсан бол 2024 оны 03 дугаар сард ажлаа шууд эхэлснээр 3800 м.куб бетоныг зах зээлд нийлүүлж 1 м.кубийг 350.000 төгрөгөөр борлуулж, нийт 1.348.186.800 төгрөгийн борлуулалт хийх байсан. 1 тэрбум 348 сая төгрөгийн борлуулалтаас манай компани 20 хувийн ашиг 269.637.360 төгрөг, татварын дараах ашиг 12% буюу 161.782.416 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан болно. Манай компани 2023 онд 7%-ийн цэвэр ашигтай ажилсан бөгөөд хариуцагчийн өгөх ёстой 58.420.000 төгрөгөөр бид нөөц худалдаж авсан бол 1 тэрбум 348 сая төгрөгийн борлуулалт хийж, үүнээс өмнөх оны тайлангаар баталгаажсан 7%-ийн ашгийг хамгийн багадаа олох байсан гэж үзвэл 94.373.000 төгрөгийн ашиг олох байсан. Энэ ашгийг хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас бид алдсан.
-Манай компанид 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 17.000 м.куб бетон зуурмаг авах гэрээт ажлын санал Э ХХК-аас дундын зуучлагч Сансараар дамжуулж ирсэн. Тус компани 3 дугаар сарын 07 болон 3 сарын 17-ны өдөр багтааж 2 барилгын суурийн бетон зуурмаг нийлүүлэх шаардлага тавьсан ч түүхий эдийн нөөцгүй байсан тул энэ ажлыг авч, гэрээ байгуулж чадаагүй. Мөн М ХХК-аас 5000 м.куб- ын ажил буюу 650 сая төгрөгийн захиалгын санал ирж, гэрээний төсөл хэлэлцэгдэж байсан боловч бид нөөцөлсөн түүхий эдийн дутагдлаас болж гэрээ хийж чадаагүй. Энэ хоёр компани дээрээ 3 дугаар сард багтаан суурийн бетон нийлүүлсэн бол цаашид нийт 22.000 м.куб бүтэн барилгын төслийн бетон нийлүүлэх гэрээ байгуулагдах байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломжоо алдсан.
-Хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас түүхий эд авах, эргэлтийн хөрөнгө босгох шаардлага гарч компанийн захирал Б.Н нь өөрийн төрсөн ах Н-с 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18.000.000 төгрөг, дүү О-ээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөг зээлж, түүхий эд, материалын татан авалт хийж, үйлдвэрийн түрээсийн төлбөр төлсөн. Компанийн захирал Б.Н нь өөрөө хувиасаа 10.000.000 төгрөг компанийн дансанд шилжүүлж, тээврийн хөлс өгөх, цалин тавих зэргээр зарцуулагдсан. Ийнхүү нийт 48.000.000 төгрөг зээл авч, захирал хувиасаа 10.000.000 төгрөг гаргаснаар 2024 оны үйл ажиллагаа эхэлсэн.
-Хариуцагч нь бетон нийлүүлснээс 2 хоногийн дараа төлбөр өгөх баталгаа болгож шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд нь ашиглах, захиран зарцуулах боломжгүй байсны улмаас манай компани 2024 оны 03 дугаар сард үйл ажиллагаа явуулж, олох байсан 94.373,000 төгрөгийн ашгаа олж чадаагүй тул Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 8-р зүйлийн 8.2-т Гэрээний 7.1, 7.2-т заасан зөрчил гаргасан буюу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд захиалагч учруулсан хохирлыг бүрэн барагдуулна. 9-р зүйлийн 9.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн аль нэг тал, эсвэл бусад хэлбэрээр төлбөрийн чадваргүй болсон бол нөгөө тал гэрээг хэдийд ч цуцалж учруулсан хохирлыг шаардах эрхтэй. гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7- д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцногэж заасны дагуу манай компанид 2024 оны 03 дугаар сард орох байсан орлого 94.373.000 төгрөг болон өмгөөлөгчийн төлбөр 9.000.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 1-р зүйл, 7-р зүйлийн 7.1, 8-р зүйлийн 8.1, 8.2, 9-р зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 206-р зүйлийн 206.1, 232-р зүйлийн 232.6, 222-р зүйлийн 222.7, 227-р зүйлийн 227.3 дугаар хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Л ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээг цуцалж, гэрээний үндсэн үүрэгт 58.420.000 төгрөг, алданги 39.210.000 төгрөг, орох байсан орлого 94.373.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 9.000.000 төгрөг, нийт 201.003.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлдээ бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэг 58.420.000 төгрөг, алданги 39.210.000 төгрөг, хохирол буюу Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох ёстой байсан байсан ашгаа олж чадаагүй 94.373.000 төгрөг болон өмгөөлөгчийн төлбөр 9.000.000 төгрөг нийт 201.003.000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ. Манай компани Х ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10/31 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний төлбөрийн баталгаанд Х ХХК-ийн захирал Б.Н-д өөрийн өмчлөлийн А хотхонд байрлах Ү-******* дугаартай 56.1 мкв хэмжээтэй 70 хувийн гүйцэтгэлтэй, А хотхонд байрлах Ү-******* дугаартай 92.1 мкв хэмжээтэй 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэр шилжүүлж өгсөн байдаг. Х ХХК-иас нийт 81.420.000 төгрөгийн бетон зуурмаг манайд нийлүүлсэн ба үүний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг төлж 58.420.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Х ХХК-иас нэхэмжилсэн 201.003.000 төгрөгөөс гэрээний үндсэн төлбөр болох 58.420.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 142.583.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч компанийн данс, хөрөнгийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор битүүмжилж үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас төлбөрөө төлж чадаагүй удсан. Гэрээнд төлбөрийг хэзээ төлөх талаар тусгагдаагүй тул алданги тооцох үндэслэлгүй. Үндсэн төлбөр болох 58.420.000 төгрөгийг төлөөгүйгээс компани 94.373.000 төгрөгний олох ёстой байсан орлогоо алдсан тухай тайлбар үндэслэлгүй, бодит бус. Өмгөөллийн хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэв.
Гурав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/31 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, Л ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, бетон зуурмаг нийлүүлсэн тооцоо, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23/03-01 тоот Дайрга худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 23/Б-01 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Х ХХК-ийн 2023 оны жилийн санхүүгийн тайлан, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, бетон үйлдвэрлэх өртийг тооцоо, бетон зуурмагийн үнийн санал, олох ёстой байсан орлогын тооцоолол зэргийг ирүүлжээ. /1хх 7-55, 104-108/
Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /1хх 62-63,177/
Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2024/***** дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/13336 тоот хариу,
-нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2024/*** тоот захирамжийн дагуу В.С-ыг гэрчээр асуусан тэмдэглэл, цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,
-Хариуцагч талын хүсэлтээр 181/ШЗ2024/***** тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3-40 тоот хариу, Баянгол дүүргийн Засан даргын тамгын газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/398 тоот хариу зэргийг бүрдүүлжээ.
/хх 109-175, 187-222, 242, 247-248, 2хх 1-6/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х ХХК нь Л ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 201.003.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч үндэслэлээ: гэрээний дагуу бетон зуурмагийг нийлүүлсэн ч үнийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг алданги, хохирлын хамт гаргуулна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 58.420.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Татгалзлын үндэслэлээ: гэрээгээр төлбөр төлөх хугацааг тодорхойлоогүй тул алданги тооцох үндэслэлгүй, учирсан хохирол бодит хохирол биш, нэхэмжлэгч хохирлоо баримтаар нотлож чадаагүй гэв.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
3.1.нэг талаас Х ХХК, нөгөө талаас Л ХХК нар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохирч, Худалдагч нь Монгол Улсын стандарт, барилгын норм дүрмийн шаардлага хангасан М350 маркийн бетон зуурмагийг 500 мкуб-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нэгж үнэ 330.000 төгрөгөөр тооцож 165.000.000 төгрөг төлөхөөр тохирч 10/31 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г байгуулжээ.
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /1хх 14-21/
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчид гэрээний зүйл болсон бетон зуурмагийг худалдагч тал нийлүүлсэн, төлбөрийг хэсэгчлэн төлсөн, одоо үлдэгдэл 58.420.000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтуудад маргаагүй. /1хх 25, 26/
Түүнчлэн хариуцагч энэ шаардлагын хувьд төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул 58.420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
5.Алдангийн тухайд:
Нэхэмжлэгч алдангид 39.210.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үлдэгдэл дүнгийн хэмжээгээр тооцож шаардсан. Хариуцагч төлбөр төлөх хугацааг гэрээгээр тохироогүй тул алданги тооцох үндэсгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
5.1.Зохигчдын хоорондох гэрээний 8.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж тохирсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул мөн зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.
5.2.Хэрэгт авагдсан гэрээнд төлбөр төлөх эцсийн хугацааны талаар тухайлсан зохицуулалтгүй ч тусгай нөхцлийн 5-д төлбөрийг урьдчилан шилжүүлснээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх-ээр тусгасан.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж, мөн зүйлийн 208.3-т ... үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот албан бичгээр төлбөр төлөхийг шаардсан, төлбөр төлөх эцсийн хугацааны талаар гэрээнд тусгаагүй ч Иргэний хуульд зааснаар төлбөрөө төлөхийг шаардсаанаас хойш 10 хоногийн дотор төлөх үүрэг хүлээнэ. /1хх 24/
Иймд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлбөрийг хуулийн дагуу 10 хоногт хариуцагч гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 15-нд төлбөрөөс 20.000.000 төгрөгийг төлсөн тул шүүх хамгийн сүүлд үүрэг гүйцэтгэсэн энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх нийт 168 хоногийн хугацаанд алданги тооцож 29.210.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
58.420.000 * нэг хоногт 0,3* 168 хоног = 29.443.680 төгрөг = ИХ 232.4 29.210.000 төгрөг
6.Гэрээнээс учирсан хохирлын тухайд:
Нэхэмжлэгч хохиролд олох ёстой байсан орлого 94.373.000 төгрөг, гарсан зардалд 9.000.000 төгрөг тус тус шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.
Дээр дурдсанаар хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй.
6.1.Гэвч хариуцагч 58.420.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч олох ёстой байсан орлого 94.373.000 төгрөг болохыг баримтаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч талаас бусадтай гэрээ хийх байсан, дээрх мөнгөөр бараа материал худалдан авч бусдад дахин бетон нийлүүлж худалдахад энэ хэмжээний ашиг олох боломжтой байсан гэж тайлбарласан. Улмаар энэ шаардлагаа нотлохоор үзлэг хийлгэж, гэрч асуулгасан ч шүүх дээрх гэрчийн мэдүүлэг, гэрээний төслийг шууд үнэлж энэ хэмжээний орлого зайлшгүй олох ёстой байсан гэж үзэх боломжгүй.
6.2.хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 9.000.000 төгрөгийн тухайд хэрэгт 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан боловч гэрээний дагуу төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй. Иймд энэ шаардлагаа нотлохоор зардал төлсөн санхүүгийн баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хангахгүй.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 87.630.000 /58.420.000+29.210.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Л ХХК-иас 87.630.000 /наян долоон сая зургаан зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.162.965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 596.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ