| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/01775/И |
| Дугаар | 191/ШШ2025/03367 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03367
2025 04 22 191/ШШ2025/03367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ц овогт Б-ын Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоот хаягт бүртгэлтэй, “Э” ХХК /РД:000000/
Гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч А.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2015/0 дүгээр захирамжаар зээлийн гэрээний үүрэгт надаас 79,641,154 төгрөг гаргүулж, Э" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн юм.
Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах 110 мкв, 322,000,000 төгрөгийн үнэтэй 4 өрөө орон сууцыг зах зээлийн үнийн зөрүү тооцохгүйгээр 79,641,154 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон хураан авч, төлбөр авагч "Э" ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн.
Нэхэмжлэгч Б.Э би шийдвэр гүйцэтгэх дээрхи ажиллагааг хууль зөрчиж явуулсан үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс миний орон сууцыг төлбөрт тооцон хураан авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан болохыг тогтоосон.
Нэхэмжлэгч би 2 шатны шүүхийн магадлал, тогтоолыг үндэслэн орон сууцны өмчлөх эрхээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах гэтэл хариуцагч ******* нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй зөрчсөн. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүхийн тогтоол, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг тус тус биелүүлэхгүй зөрчсөнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ББСБ нь орон сууцыг бусдад худалдсан байсан. Орон сууц худалдан авсан этгээд цааш гуравдагч этгээдэд уг орон сууцыг дахин худалдан борлуулсан байсан.
Үүнээс үүдэлтэй хариуцагч ******* Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан " ... орон сууцыг буцаан шилжүүлэхтэй холбоотой” холбогдох заалтыг биелүүлэх боломжгүй болсон нь надад гэм хор учрах үндэслэл болсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч ******* хуульд заасан үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн бол нэхэмжлэгч Б.Э би өөрийн орон сууцаа нэр дээрээ буцаан авах боломжтой байх байсан. Мөн миний орон сууц бусдын өмчлөлд дамжин цааш шилжихгүй байх байснаас гадна шүүхийн магадлал, тогтоол бүрэн биелэгдэх боломжтой байсан юм.
Уг орон сууцыг анх 320,000,000 төгрөгөөр худалдан авсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 322,000,000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч маргаагүй, хүлээн зөвшөөрч байсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу хариуцагчийн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 322,000,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Н хариу тайлбар, татгалзалдаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Б.Э-с 79,641,154 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/0 дүгээр захирамж, уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32015/32629 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 3472 дугаар албадан гүйцэтгэх хуудсыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тухайн өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 16290050 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022134 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, 0 тоотод байрлах 110 мкв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 179/01 тоот актаар битүүмжилж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 179/02 тоот актаар хураасан.
Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, 0 тоотод байрлах, 110 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 322,000,000 төгрөгөөр тогтоохоор тохиролцсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс уг үнэлгээний 70 хувь буюу 225,400,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ч худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4-т заасны дагуу талуудын тохиролцсон үнэлгээний 50 хувь буюу 161,000,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.
Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Өнөөдөр сониноор дамжуулан нийтэд мэдээллэсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу албадан дуудлага худалдааны комиссын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцон, төлбөр авагч “Э” ХХК-д өгөхөөр шийдвэрлэсэн. Санал болгох хуралдаанд Б.Э өөрөө оролцсон боловч комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хийж хурлын протоколд гарын үсэг зураагүй.
Тухайн хурлаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул тухайн хугацаанд Б.Э-ыг харсан байдаг. Гэвч төлбөр төлөгдөөгүй тул 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг албадан чөлөөлж, өмчлөх эрхийг “Э” ХХК-д шилжүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/18794 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 282 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.
Гэтэл Б.Э 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, Б.Э-ын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн дагуу шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/Ш32016/00179 дүгээр захирамжаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ”-г авсан байдаг.
Энэ захирамжийг нэхэмжлэгч Б.Э өөрөө эс зөвшөөрч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү хэмээн гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00027 тоот тогтоолоор Б.Э-ын гомдлыг хангаж, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/Ш32016/00179 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн “Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай" гэж өөрчилсөн.
Уг тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын бүртгэлийн Ү-2206022134 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх арга хэмжээг авах хууль зүйн боломжгүй болсон байдаг.
Б.Э-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00 дүгээр шийдвэрээр “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэмээн дүгнэж” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Б.Э давж заалдах журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлалаар “хариуцагч хоёр дахь дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн тухай нотлох баримтыг гаргаагүйгээс гадна уг ажиллагааны талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Э-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн гэх баримтыг шүүхэд гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн уг үйл ажиллагаа хуульд нийцээгүй” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хоёр дахь дуудлага худалдааг бүхэлд нь, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг нийтлэсэн Өнөөдөр сонины 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаарыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаагүйгээс дээрх үр дагавар үүссэн боловч бодит үйл баримт дээр зар гарсан, дуудлага худалдаа болон санал болгох ажиллагаанд Б.Э өөрөө оролцсон, төлбөр төлөхөөс зайлсхийх замаар шүүхэд зориуд худал тайлбар гаргасаар ирсэн нь магадлалаар ажиллагааг хүчингүй болгох үр дагавар үүссэн байдаг.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00027 тоот тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж заасан тул хамгийн багадаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дугаар магадлал хүчин төгөлдөр болох байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас магадлал гарсантай холбоотой ямар нэг ажиллагаа явуулах, арга хэмжээ авах хууль зүйн ямар ч боломжгүй байсан.
Гэхдээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж магадлал гарсантай холбоотойгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийж болох, авч болох арга хэмжээ авч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу өмчлөх эрх олж авсан төлбөр авагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-тай түүний 00000000 дугаар утсаар холбогдож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хоёр дахь дуудлага худалдааг бүхэлд нь, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг танай байгууллага бусдын өмчлөлд шилжүүлэх болон худалдан борлуулж болохгүй талаар мэдэгдэж баримт үйлдсэн байдаг.
Үүнээс өөрөөр ямар нэг ажиллагаа явуулах хууль зүйн боломж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд байхгүй, байгаагүй. Энэ нөхцөл байдлыг эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун, 0 тоотод байрлах, 110 мкв талбайтай, 4 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байсан төлбөр авагч Э ХХК ашиглаж, магадлал хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.О-т 95,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, А.О нь 9 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 176,750,000 төгрөгийн гэрээгээр Б.С-т шилжүүлсэн байсан.
Ийнхүү өмчлөх эрх төлбөр авагчаас гуравдагч этгээдэд шилжсэн явдалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх үүргийг шүүхээс хүлээсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гэм буруутай ажиллагаа болон эс үйлдэхүй байхгүй, нөлөөлөөгүй. Тодруулбал, төлбөр авагч Э ХХК-ийн өмчлөх эрх шилжүүлж буй энэхүү үйлдэлтэй холбоотойгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш учир ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй,
2. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул эрх бүхий байгууллагын захирамж, шийдвэргүйгээр дур мэдэн шинээр ажиллагаа явуулах боломжгүй,
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/Ш32016/00179 дүгээр шүүгчийн захирамж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00027 тоот тогтоолын дагуу нэхэмжлэгч Б.Э-ын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх үүргийг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хүлээсэн буюу ажиллагаа түдгэлзсэн байсан тул орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхтай холбоотой ямар нэгэн арга хэмжээ авах хууль зүйн боломжгүй байсан юм.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Б.Э-с 79,641,154 төгрөгийг гаргуулж, Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль зүйн боломж нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 545 тоот тогтоолоор Б.Э-ын нэхэмжлэлээр үүсгэгдсэн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссанаар буюу тухайн тогтоол хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын үйлчлэл дуусгавар болсноор бүрдсэн тул Э ХХК-аас 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн үйлдэлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба буруугүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу гэм хор учруулсны хариуцлага хүлээх этгээд биш гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 120/ШШ2015/0 дугаартай захирамжаар Б.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 79,641,124 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Нэгэнт ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны үндсэн дээр “Э ХХК-ийн өмчлөлд орон сууц шилжиж ирсэн тул тухайн орон сууцыг захиран зарцуулсан.
Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч байгууллага буруугүй, гуравдагч этгээд “Э” ХХК буруутай гэх байдлаар тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус гэм хорын хохирлыг “Э” ХХК төлөхгүй. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанаас хөрөнгийг бусдад шилжүүлснээр энэ асуудал үүссэн. Ийм учраас гуравдагч этгээд “Э” ХХК нь гэм хорын хохирол төлөхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь гэм хор учирсан талаарх хохирлын бодит баримт байхгүй. Орон сууц нь 322,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх байдлаар тайлбар гаргаж байгаа боловч уг мөнгийг 3 хувааж хариуцах талаар өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч юм шиг, хүлээн зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг ойлгомжгүй тайлбар гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон нь хариуцагч байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас үүссэн асуудал тул гуравдагч этгээдэд хамааралгүй юм гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Б.Э-ын иргэний үнэмлэх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.09-ний өдрийн 181/ШЗ2016/00179 дүгээр захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.05.02-ны өдрийн 001/ХТ2017/00545 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.30-ны өдрийн 181/ШТ2019/00061 дүгээр тогтоол, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 2019.02.18-ны өдрийн мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.04.22-ны өдрийн 586 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020.07.21-ний өдрийн 04/2140 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас 2015.11.27-ны өдрийн 3472 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.27-ны өдрийн 102/ШЗ2015/32629 дүгээр захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.10.12-ны өдрийн 102/ШЗ2015/06259 дүгээр захирамж, 2015.12.14-ний өдрийн 16290050 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2015.12.24-ний өдрийн 3/44836 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016.01.11-ний өдрийн 23 дугаар албан бичиг, 2016.01.12,21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.02.15-ны өдрийн 1 дүгээр тогтоол, 2016.02.15-ны өдрийн 15/21 дүгээр тогтоол, 2016.02.24-ний өдрийн 179/01 дүгээр Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.02.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.02.24-ний өдрийн 173/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016.02.29-ний өдрийн 179/02 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.02.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.02.29-ний өдрийн 179/02 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016.02.29-ний өдрийн Б.Э-ын хүсэлт, “Э” ХХК-ийн 2016.02.29-ний өдрийн 0229/а/ дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.02.29-ний өдрийн 3/7359 дүгээр албан бичиг, 2016.02.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Монгол шуудан” ТӨХК-ийн 2016.02.29-ний өдрийн мөнгө хураах тасалбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.02.29-ний өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2016.03.04-ний өдрийн Өнөөдөр сонины зар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.03.04-ний өдрийн 3/104 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 20116.03.11-ний өдрийн 3/8802 дугаар албан бичиг, 2016.03.18-ны өдрийн дуудлага худалдааны протокол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.03.28-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2016.04.01-ний өдрийн Өнөөдөр сонины зар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.04.01-ний өдрийн 4/98 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.04.04-ний өдрийн 3/12163 дугаар албан бичиг, 2016.04.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.04.15-ны өдрийн дуудлага худалдааны протокол, “Э” ХХК-ийн 2016.04.25-ны өдрийн 0426/1/ дугаар албан бичиг, 2016.04.29-ний өдрийн танилцуулга, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.04.29-ний өдрийн 58 дугаар Санал болгох комиссын хурлын протокол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.04.29-ний өдрийн 3/16089 дүгээр албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.12-ны өдрийн 179/01 дүгээр Байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, 2016.05.12-ны өдрийн 179/01 дүгээр Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол, 2016.05.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Э” ХХК-ийн 2016.05.13-ны өдрийн 0513/1/ дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.17-ны өдрийн 1/18794 дүгээр албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.17-ны өдрийн 12 дугаар Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.17-ны өдрийн 12 дугаар Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, “Э ББСБ” ХХК-ийн 2016.05.06-ны өдрийн 0506/1/ дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.17-ны өдрийн 282 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.26-ны өдрийн 101/ШЗ2016/21636 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.09-ний өдрийн 181/ШЗ2016/00179 дүгээр захирамж, 2016.06.15-ны өдрийн Б.Э-н Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.21-ний өдрийн 181/ШТ2016/00027 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.03-ны өдрийн 181/ШШ2016/00439 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.02-ны өдрийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримт, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.05.02-ны өдрийн 001/ХТ2017/00545 дугаар тогтоол, 2016.11.04-ний өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.11.04-ний өдрийн орлогын мэдүүлэг, 2016.11.03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.11.14-ний өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.11.14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016.10.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н-т холбогдуулан гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс миний орон сууцыг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагааг хууль зөрчиж явуулсан болохыг тогтоосон, эдгээр магадлал, тогтоолыг үндэслэн орон сууцны өмчлөх эрхээ буцаан авах гэтэл хариуцагч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй зөрчснөөс, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг биелүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ББСБ орон сууцыг бусдад худалдсан, худалдан авсан этгээд цааш гуравдагч этгээдэд худалдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан “...орон сууцыг буцаан шилжүүлэхтэй холбоотой” холбогдох заалтыг биелүүлэх боломжгүй болсон нь надад гэм хор учрах үндэслэл болсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч дараахь үндэслэлээр татгалзлаа тодорхойлсон. Үүнд: “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуусгавар болсон, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг шүүхийн тогтоолоор өөрчилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул хариуцагч уг тогтоолыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох шийдвэрийг танилцуулсан даруй төлбөр авагчид орон сууцыг худалдан борлуулахгүй байхыг мэдэгдсэн боловч төлбөр авагч магадлал хүчин төгөлдөр болохоос өмнө бусдад худалдан боруулсанд хариуцагч буруугүй, орон сууцны өмчлөх эрх төлбөр авагчаас гуравдагч этгээдэд шилжсэн явдалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх үүргийг шүүхээс хүлээсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гэм буруутай ажиллагаа болон эс үйлдэхүй байхгүй, гэм хор учруулсны хариуцлагыг хүлээх этгээд биш” гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/0 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022134 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 179/02 тоот тогтоолоор хурааж, үнийн санал авснаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу орон сууцыг төлбөр авагчид 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр санал болгож, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албадан чөлөөлж төлбөр авагч Э ХХК-д шилжүүлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст төлбөр авагч Э ХХК-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлж бүртгэх талаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/18794 тоот албан бичиг хүргүүлж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлбөр бүрэн төлж дууссан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хавтаст хэргийн 93-157 хуудас/.
4.2. Б.Э-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг болон хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгожээ. /хавтаст хэргийн 116-182 хуудас/
4.3. Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э ББСБ ХХК-ийн өмчлөлөөс А.О-ын өмчлөлд, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А.О-ын өмчлөлөөс Б.С-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 183-193 хуудас/
5. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ гэм хор учруулснаас үүсэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус зааснаар тодорхойлж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагаа хүчингүй болсонтой холбогдуулан өөрийн эд хөрөнгө болох орон сууцанд учирсан хохиролд 322,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Уг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хариуцагч байгууллагын төрийн албан хаагчийн санаатай хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх буюу гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх явдал юм.
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00 дүгээр шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар орон сууцыг төлбөрт тооцон өгөх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 166-170 хуудас/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлалаар дээрхи шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоолоор Хан-Уул дүүрэг 11 хороо, 0 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг бүхэлд нь, 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 179/01 дугаар тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Э ХХК-д төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгожээ. /хавтаст хэргийн 171-176 хуудас/
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00 дугаар тогтоолоор дээрхи магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ. /хавтаст хэргийн 178-182 хуудас/
7. Магадлалд “...хариуцагч ******* нь хоёрдахь дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн тухай нотлох баримтыг гаргаагүйгээс гадна уг ажиллагааны талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн гэх баримтыг гаргаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн дараа дараачийн ажиллагаанууд бүхэлдээ хууль бус болжээ. Мөн ...харилцан тохиролцсон үнэ болох 322,000,000 төгрөгийн 50 хувиар буюу 161,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 79,641,154 төгрөгт тооцон өгсөн нь ...өмчлөх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ зэрэг нь дүйцэхүйц байгаа эсэх, өмчлөгчийн эрх зөрчигдөх эсэхийг агуулгын хувьд анхаарах ёстой юм” гэжээ.
Харин тогтоолд, “...Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтож, төлбөр авагчид болон нийтэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн гэх боловч хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэргийн 86, 87 дугаар талд авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/98 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд болон 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/12163 дугаартай төлбөр төлөгчид Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэлд дуудлага худалдаа явагдах хаяг бичигдээгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2., 47 дугаар зүйлийн 47.1., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7. дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн комиссын шийдвэр үндэслэлгүй болно” гэж дүгнэснээр магадлалын зарим үндэслэлийг үгүйсгэсэн байна.
8. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг болон 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 179/01 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Эк ХХК-д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгосон дээрхи үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгнээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.
9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцыг төлбөрт тооцож төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн орон сууц гуравдагч этгээдэд шилжиж орон сууцаараа хохирсон гэх үндэслэлээр орон сууцны үнэ болох 322,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
10.1. Дээрхи магадлал, тогтоолд дурдсанаар хариуцагч ******* нь “хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлснээ баримтаар нотлоогүй”, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон төлбөр төлөгчид мэдэгдсэн мэдэгдэлд “дуудлага худалдаа явагдах хаягийг бичээгүй” хууль зөрчсөний улмаас хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон. Хоёрдахь албадан дуудлага худалдаа хүчингүй болсонтой холбоотойгоор 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан “хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй гэх үндэслэлгүй” гэж орон сууцыг төлбөр авагч Э ХХК-д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн “хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлснээ баримтаар нотлоогүй”, “хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолд болон төлбөр төлөгчид мэдэгдсэн мэдэгдэлд дуудлага худалдаа явагдах хаягийг бичээгүй” зэрэг нь гэм буруугийн “санаатай” үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10.2. Хариуцагч Н нь магадлал, тогтоолын дагуу хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах үүрэгтэй боловч төлбөр авагч “Э” ХХК нь төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр А.О-ын өмчлөлд, А.О нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Б.С-ийн өмчлөлд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Мөн хариуцагч байгууллагаас бүртгэх байгууллагад холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2018/7292 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Мөн Б.С-с өмчлөх эрх хөндсөн талаарх нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/00547 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч бус иргэний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэн орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж шийдвэрлэсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 04/2140 тоот албан бичигт дурдсан, улмаар хариуцагчийн зүгээс хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримтад зохигчид маргаагүй. /хавтаст хэргийн 22-23 хуудас/
Эдгээрээс дүгнэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болох үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Э-ын орон сууцанд хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх бөгөөд харин хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах боломжгүй болсон нөхцөл байдалд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, төлбөр авагч “Э” ХХК-ийн төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдсанд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
11. Хариуцагч ******* нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагчид 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр санал болгож, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албадан чөлөөлж төлбөр авагч Э ХХК-д шилжүүлж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлбөр бүрэн төлж дууссан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
11.1. Нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаар захирамжид өөрчлөлт оруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагч Н-т даалгажээ. /хавтаст хэргийн 159-165 хуудас/
11.2. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээр шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн “хариуцагч нь орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр захирамжийг дээрхи тогтоолоор өөрчилсөн тул нэхэмжлэгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй зөрчснөөс хохирол учирсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
12. Хариуцагч ******* нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх болон худалдан борлуулахгүй байхыг төлбөр авагч Э ХХК-д утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 194 хуудас/
12.1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол гарснаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг болон 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 179/01 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгосон” шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд төлбөр авагч Э ХХК нь төлбөртөө тооцон шилжүүлж авсан орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдан борлуулснаар уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин зөвтгөн явуулах боломжгүй болсон байна.
12.2. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын дагуу орон сууцыг төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлд буцаан шилжүүлэхтэй холбоотой ажиллагаа хийгээгүйд буруутай гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
13. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Н-ын шийдвэр гүйцэтгэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Б.Э-ын эд хөрөнгө болох орон сууцанд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон байдал нь орон сууц бусдын өмчлөлд шилжиж хохирол учирсан гэх байдалтай шалтгаант холбоогүй буюу хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүй болон нэхэмжлэгчийн гэм хорын хохирол 322,000,000 төгрөгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
14. Иймд нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Иргэдийн төлөөлөгч З.Э-т шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,767,950 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,767,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Н.САРАНГҮН