2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02191

 

 

 

 



 

  2025      03        18                                   191/ШШ2025/02191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, С овогт Э-ийн Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 0 тоотод байрлах, Н ХХК /РД:000000/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: ******* би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хувийн зусландаа хаус бариулах зорилгоор Г-г ажил гүйцэтгэгчээр ажиллуулах үед Г барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг, тийм учраас керамзит бетон гулдмай үйлдвэрлэдэг газраас блокоо авсан нь дээр" гээд Н ХХК-иас ав гэсэн учир очиж үзэлгүй шууд авахаар болсон. Тухайн үед барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг гэж сонссон учир их дулаахан болох байх гэж бодоод Н ХХК-ийн тооцоолж өгснөөр 84м3 блокыг ачлагын төлбөртэй хамт 12,718,500 төгрөг төлсөн.

Гэтэл Н ХХК-ийн өгсөн блок чанарын шаардлага хангаагүй, иргэн миний хурууны үзүүрээр үйрч, бутарч байсан ба үүнийг би зуслангийн байшин удаад байхаар нь очиж үзтэл санамсаргүй байдлаар мэдсэн. Ингээд миний зуслангийн байшин 2020 оноос хойш чанаргүй блокоор барьсны улмаас 30 хувийн гүйцэтгэлтэйгээр гацсан. 2020 оны 8 дугаар сард мэдсэн даруйд хариуцагч байгууллагад мэдэгдэхэд Н ХХК-ийн захирал болон хуулийн зөвлөх нар ирж чанаргүй блокоо хараад захирал нь Ийм чанаргүй блок хэд хэдэн удаа гарсан, солиод өгье гэтэл хуульч нь тийм юм байхгүй явдаг газраараа яв гээд захирлынхаа урдуур орж надтай хэрэлдээд явсан. Би 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б ХХК-д өргөдөл гарган шинжилгээ хийлгэж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөөх газраас хариуцагчид шийтгэлийн хуудас бичүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газар нь Н ХХК-ийн худалдан борлуулж байгаа блок нь тохирлын гэрчилгээ аваагүй буюу зөвшөөрөлгүй блокыг худалдан борлуулсан, тухайн блокоор барьсан байшин нь хүн амьдрах шаардлагыг хангахгүй талаар дүгнэлт гаргасан. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага нь Н ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгосон ба уг актыг Н ХХК нь эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь үндэслэлгүй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл би байшингаа ч барьж дуусгаж чадахгүй энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж өгөх юм бол уу гэж харсаар зогсонги байдалд ороод 2 жил 7 сарын хугацаа өнгөрөөд байна. Уг асуудлыг мэдсэнээс хойш олон удаа цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан торгуулийн акттай холбоотойгоор маргалдаад явж байна.

Иймд иргэн Э.Э би Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хариуцагчтай байгуулсан 84м3 блок худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас блокны төлбөрт шилжүүлсэн 12,718,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н ХХК хариу тайлбар, татгалзалдаа: *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлдээ ... Э.Э би 2020.06.11-ний өдөр зусландаа хаус бариулах зорилгоор Б.Г-г ажил гүйцэтгэгчээр ажиллуулах үед Б.Г "барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг, тийм учраас керамзит бетон гулдмай үйлдвэрлэдэг газраас блокоо авсан нь дээр гээд "Нью север" ХХК-иас ав гэсэн учир очиж үзэлгүй шууд авахаар болсон... гэсэн худал, Иргэний хуулийн 254.1, 254.6, 255.1, 255.1.1, 255.1.3-т заалтуудыг зөрчсөнөө зориуд нуух гэсэн санаархал байна.

Зарын дагуу Э.Э Баянгол дүүргийн 20-р хороо буюу 4-р ДСЦ-ын ард байрлах манай хүрмэн чулуугаар блок үйлдвэрлэх үйлдвэрт ирж, үйлдвэрийн инженер, борлуулагч нартай уулзан урьдчилгаа төлбөрөө өгөөд дансаар төлбөрөө хийсний дараа түүний хувийн орон сууцыг барих "Гүйцэтгэгч" тал нь болох Б.Г гэдэг хүн үйлдвэрээс өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүрмэн чулуун блок ачин явсан.

Тэрээр Хан-Уул дүүргийн Цагдаад мэдүүлэг өгөхдөө ... Захиалагч Э.Э "Н" ХХК-ийн менежир Д-тай үйлдвэр дээр нь бүтэгдэхүүнийг өөрийн биеэр хэрхэн үзэж танилцсан, Баянзүрх дүүргийн 10-р хороо "Шар хоолойн ам" хэмээх 40 гаруй км газарт хэрхэн хүргэх талаар зааварласан бөгөөд барилга барьж байхад өдөр бүр ажлын явц чанарыг шалгаж байсан... гэж тодорхой мэдүүлэг өгсөн байдаг.

Э.Э, Б.Г-д ч гэсэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөөгүй хохироосноор энэ 2 хүн цагдаа шүүхээр жил гаруй маргасан тул гүйцэтгэгч болон манай үйлдвэрийн ажилчид *******ыг үйлдвэр дээр ирж блокийн чанарыг шалгаж хүлээн авсан блокийн чанарын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсныг гэрчлэх бөгөөд бичлэг, фото зураг нь ч бий.

Хоёр: Э.Э-тын зуслангийн байшин барьсан блок манай үйлдвэрийн блок биш Баянгол дүүргийн 0-аас Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны "Шар хоолойн ам" хүртэлх 40 км замд тээвэрлэх үед солигдсон байх бүрэн боломжтой. Учир нь манай үйлдвэрлэсэн блокийг дуурайлган хийдэг Гурвалжингийн гүүрний хавьд хэд хэдэн хувиараа зөвшөөрөлгүй блок үйлдвэрлэдэг хүмүүс бий, хууль хяналтын байгуулагад бид удаа дараа гомдол гаргадаг боловч тэднийг үйл ажиллагааг зогсоож чаддаггүй. Урьд өмнө ийм тохиодол нэг биш удаа тохиолдож байсан.

Нэхэмжлэгч Э.Э нь гэрээг цуцалж байгаа бол блокыг буцааж өгөх ёстой байтал өгөөгүй, манай блокыг ашиглан байшингаа барьсан тул шүүх блокыг буцааж өгсөн эсэхийг шалгахгүйгээр хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, УДШ-ийн тайлбарт Гэрээг цуцлах бол гүйцэтгээгүй үүргийн хэмжэгээр цуцлах ёстой гэж заасан. Талууд мөнгөө төлөөд бараагаа авснаар гэрээ дуусан тул гэрээ цуцлах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.13-ны өдрийн 18/ШЗ2023/01287 дугаар захирамж, 2021.08.09-ний өдрийн 278 дугаар Прокурорын тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.08.23-ны өдрийн 1/705 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2020.08.28-ны өдрийн 014/20 БДЛ дугаар Барилга архитектур корпораци сорилтын лабораторийн шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.10.02-ны өдрийн 01-07-102/384 дугаар дүгнэлт, Хаан банкны дансны 2020.06.11-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ний өдрийн 128/ШШ2024/0508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.29-ний өдрийн 221/МА2024/0685 дугаар магадлал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич инженер, баталгаажуулалтын шинжээч Д.У-ын 2021.11.03-ны өдрийн дүгнэлт, 2022.04.20-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах тухай эрх бүхий албан тушаалтны санал зэргийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчаас худалдан авсан керамзит бетон гулдмай буюу блок нь чанарын шаардлага хангаагүй тул барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон, хариуцагтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөгийг гаргуулна гэх үндэслэлээр тодорхойлсон.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч нь үйлдвэр дээр ирж блокыг үзэж худалдан авсан тул чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдсан, гэрээ цуцлах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн барилга барьсан блок нь манай үйлдвэрийн блок биш, үйлдвэрээс барилга барих газар луу тээвэрлэх замдаа сольсон байх боломжтой гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Э.Э нь Н ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 84 м3 блок, 13 м3 карамзит, 6 м3 перлитыг нийт 12,718,500 төгрөгөөр худалдан авсан болох нь Э.Э-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Перлит блок /00000000/ дугаараас мессэж ирүүлсэн байдал, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдагч Н ХХК нь 84м3 блок болон түүний дагалдах карамзит, перлитыг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч Э.Э нь үнийг төлж, блокыг хүлээн авсан талаар маргаагүй.

 

6. Талууд гэрээний зүйл болох карамзитан бетон гулдмай буюу блок чанарын шаардлага хангасан эсэх, худалдан авагч гэрээ цуцлах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн зүйлийн 251.2.Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.

 

6.1. Н ХХК-ийн Э.Э-д худалдсан карамзитан бетон гулдмай буюу блок нь барилгын материалын чанар, стандартын шаардлагыг хангаагүй, мөн Н ХХК-ийн карамзитан бетон гулдмайн үйлдвэр нь барилгын материалын түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй болох нь хэрэгт авагдсан Барилга архитектур корпораци сорилтын лабораторийн шинжилгээний 2020.08.28-ны өдрийн 014/20БДЛ дугаар дүн, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.10.02-ны өдрийн 01-07-102/384 дугаар дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2021.08.09-ны өдрийн 278 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Шинжээч Барилгын материал үйлдвэрлэлийн технологич инженер Д.У-ын 2021.11.03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ний өдрийн 508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.29-ний өдрийн 221/МА2024/0685 дугаар магадлал зэргээ тогтоогдсон байна.

 

6.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасны дагуу Э.Э нь карамзитан бетон гулдмай буюу блокыг чанарын шаардлага хангаагүй талаарх доголдлыг илрүүлэн 2020 оны 08 дугаар сард худалдагч Нью север ХХК-д мэдэгдсэн, блокны дээжийг шинжлүүлэхээр өгч Барилга архитектур корпораци сорилтын лабораторийн шинжилгээний 2020.08.28-ны өдрийн 014/20БДЛ дугаар дүнг гаргуулсан, улмаар Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудад хандсан байх тул түүнийг хуульд заасан хугацаандаа худалдагчид гомдлыг шаардлагыг гаргасан гэж үзнэ.

 

6.3. Нэхэмжлэгч Э.Э-ыг карамзитан бетон гулдмай буюу блокыг худалдан авах үедээ чанарын доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн нэхэмжлэгч нь үйлдвэр дээр ирж блокыг үзэж худалдан авсан тул чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгч Э.Э нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу Н ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхтэй байна.

 

7.1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3.Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд Н ХХК-ийн худалдсан карамзит болон перлит нь блокыг барилгын материал болгон ашиглахад зайлшгүй үйлчилдэг, блокын дагалдах зүйлс тул гол эд хөрөнгө болох блок нь доголдолтой тул карамзит болон перлитыг ашиглах боломжтой гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх нь гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө талд нь үүсдэг шаардах эрх тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн 12,178,500 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл нь болох юм.

 

8. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч Э.Э-ын блокын үнэд шилжүүлсэн 12,718,500 төгрөг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

9. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгчийн барилга барьсан блок нь манай үйлдвэрийн блок биш, үйлдвэрээс барилга барих газар луу тээвэрлэх замдаа сольсон байх боломжтой гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 288,646 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-иас 12,718,500 /арван хоёр сая долоон зуун арван найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Э.Э-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,646 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 288,646 /хоёр зуун наян найман мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж Э.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА