2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03381

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22

191/ШШ2025/03381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** дүүрэг, ** дугаар хороо, ** байр, ** давхар, **** тоотод байрлах, К*ТБАГ /Регистрийн дугаар:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, ** тоотод бүртгэлтэй ч, **дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр ** тоотод оршин суух, ** овогт Ч.Б /Регистрийн дугаар:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 84.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Б холбогдуулж 84.000.000 гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

К зөвлөлөөс /цаашид Зөвлөл гэнэ/ зохион байгуулсан "*** сангаас эргэн төлөгдөх нөхцөлгүй олгох санхүүжилт"-ын 2023 оны нэгдүгээр ээлжийн сонгон шалгаруулалтад 2023***** дугаартай ****** бүтээх төсөл шалгарч Соёлын сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зардал батлах тухай А/402 тоот тушаалын хавсралтаар иргэн Ч.Б тус төслийн дуу, дүрсний найруулгын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэхээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай *** сангаас эргэн төлөгдөх нөхцөлгүй олгох санхүүжилтээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Зөвлөл гэрээний дагуу санхүүжилтийн 80 хувь болох 56.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Б-ий Хаан банкин дах дансанд гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн. Гэвч төсөл хэрэгжүүлэгч Ч.Б гэрээнд заасан хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын явцын тайлан, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх төслийн ажлын төгсгөлийн тайланг одоог хүртэл ирүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, төслийн гүйцэтгэгч Ч.Б гэрээний дараах зүйл, заалтуудыг зөрчсөн. Үүнд:

-4.1-д **** хүүхдийн уран сайхны киноны дуу, дүрсний эвлүүлэг, найруулга хийх болон олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг энэхүү гэрээний ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ гэснийг;

-4.2-д Төсөл хэрэгжүүлэгч нь "***" хүүхдийн уран сайхны кино бүтээх төслийн ажлын төлөвлөгөөний дагуу хийгдсэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцын болон төгсгөлийн тайланг холбогдох санхүүгийн тайлангийн хамт бэлтгэж гэрээнд заасан хугацаанд Зөвлөлд хүлээлгэн өгнө гэснийг;

-5.1-д Төсөл хэрэгжүүлэгч нь төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд багтаан гүйцэтгэнэ гэснийг;

-12.1-д Гэрээт ажлыг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, чанарын өндөр түвшинд, үнэн зөв байдлаар биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэснийг;

-***ийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журмын 13.5 дах хэсэгт Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн тайланг гэрээнд заасан хугацаанд Зөвлөлд танилцуулах үүрэгтэй. гэснийг тус тус зөрчиж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Зөвлөлийн ажлын албаны зүгээс иргэн Ч.Б-ий 9******** дугаартай утас руу холбогдож тайлан хүлээлгэн өгөх хугацаа өнгөрсөн тухай мэдэгдэж байсан мөн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр албаны цахим шуудангаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлж гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, үүнээс үүдэн бий болох үр дагаврыг удаа дараа утсаар холбогдон анхааруулсан боловч ямар нэг бодитой арга хэмжээ аваагүй юм.

Түүнчлэн *** кино төслийн үйлдвэрлэлийн бусад санхүүжилтийг гаргасан *** ХХК-иас Зөвлөлд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 019 дугаартай албан бичгээр Ч.Б нь К сангаас олгосон санхүүжилтийг тус кино бүтээлд огт зарцуулаагүй болохыг мэдэгдсэн.

Улмаар Зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр иргэн Ч.Б-тэй байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20- ны өдрийн 05 дугаартай Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлгүй олгох санхүүжилтээр ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх шийдвэр гарсан.

Мөн хариуцагч Ч.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.5 дахь хэсэгт Ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн нь Төсөл хэрэгжүүлэгчид Зөвлөлийн зүгээс энэ гэрээнд заасан алданги болон торгууль ногдуулах үндэслэл болно. гэж, мөн гэрээний 15.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс тийнхүү ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Зөвлөлд төлнө. гэж зааснаар гэрээний биелэлт, тайланг хүлээлгэн өгөх сүүлийн хугацаа буюу 2024 оны 03 дугаар сарын 02- ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тооцон 289 хоног, хоногт 112.000 төгрөг, нийт 32.368.000 төгрөгийн алданги тооцох боловч Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 28.000.000 төгрөгийн алданги тооцуулан төлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч Ч.Б-тэй байгуулсан гэрээний дагуу санхүүжилт олгосон 56.000.000 төгрөг, алданги 28.000.000 төгрөг, нийт 84.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Ч.Б миний бие тус байгууллагатай хийсэн гэрээний үүргээ биелүүлэхдээ зохих ёсны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хамтран ажиллагч талуудтай үл ойлголцлын улмаас тайлангийн хугацаа өнгөрсөн болно.

*** киног бүтээхийг би анх санаачилсан хүн. Киног бүтээхэд би оролцсон, голоос нь хаяж явсан зүйл байхгүй. Кино бүтээхэд дөрвөн үе шат байдгаас би гурван үе шатанд оролцсон. Би кино багтай хамт зураг авалтад хүртэл гурван сараар хөдөө явж байсан. Мессежээр болон утсаар харьцаж байсан. Тус кинонд хөрөнгө оруулж хамтран ажиллаж байсан Д ХХК-ийн Б.Д-тэй муудалцснаас үүдэлтэй сүүлд ажиллаагүй. Гэтэл кино нээлтээ хийж дэлгэцэд гарахад хүртэл намайг зарлаагүй, миний нэрийг оруулаагүй байсан. Мөн киноны эрх, патентийг хүртэл Б.Д авсан. Мөн шүүхэд худал мэдүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн шаардсан төсвийн мөнгийг гаргаж өгөх ёстой бол Д ХХК-ийн Б.Д гэдэг хүн л бүх санхүү тооцоог хариуцаж байснаараа хариуцах ёстой. Мөн нэхэмжлэгчийн шаардсан тайлан, баримтуудыг өгөх гэтэл Б.Д өгөхгүй байгаа. Мөнгийг би кинонд ажилласан өөрийн цалин хөлсөд тооцож авсан. К зөвлөлөөс шаардсан мөнгийг *** кинондоо л зарцуулсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***ийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтээр ажил гүйцэтгэх гэрээ, **** хүүхдийн уран сайхны кино бүтээх төслийн ажлын төлөвлөгөө, дансны хуулга, Ч.Б-ий иргэний үнэмлэхийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн хүсэлт, Д ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 019 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 4-19, 44-57/

Хариуцагчаас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл ирүүлжээ. /хх 58/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Д-ийн мэдүүлгийг бүрдүүлжээ. /хх 67-70/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч К ажлын алба ТБАГ нь Ч.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 84.000.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Кино урлагийг дэмжих тухай хууль болон Засгийн газраас баталсан журмын дагуу *** киног бүтээхэд зориулж санхүүгийн дэмжлэгийг олгосон, гэвч олгосон дэмжлэгийг зориулалт бусаар ашиглаж кино бүтээхэд зарцуулаагүй нь тогтоогдсон тул журам, гэрээний дагуу олгосон санхүүжилтийг алдангийн хамт гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Олгосон санхүүжилтийг кино бүтээхэд зарцуулсан, кино бүтээхэд хамтран ажилласан талтайгаа маргаантай байгаагаас баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байгаа гэв.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас Кино урлагийн зөвлөлийг төлөөлж түүний ажлын алба, нөгөө талаас Ч.Б нар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тохиролцож, Зөвлөл нь ** хүүхдийн уран сайхны кино бүтээх ажлаас тус киноны дуу, дүрсний эвлүүлэг, найруулга хийх болон олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг хийхэд зориулж Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөх нөхцөлгүй 70.000.000 төгрөгний санхүүжилтийг хэсэгчилж олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын тайланг ирүүлэхээр 05 тоот Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтээр ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. /хх 46-55/

3.2.Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 56.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон үйл баримтад маргаагүй. /хх 45/

3.3.Маргааны зүйл болсон Бэрх шагай хүүхдийн кино 2024 онд дуусч дэлгэцээр тавигдсан, уг киноны зохиогчийн эрхийг *** ХХК эзэмшдэг үйл баримтуудад талууд маргахгүй байна.

 

4.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Кино урлагийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс болон гадаадын киног Монгол Улсад гаргасны ашгийн 2 хувиас бүрдэх бөгөөд уг сангаас дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ гэж, үүнд:

12.2.1.эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт;

12.2.2.эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох гэж тодорхойлжээ.

Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно гэж, үүнээс: 13.1.1.-д монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх, эсхүл олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино бүтээх гэж заажээ.

Мөн Засгийн газрын 2022 оны 132 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам[1]-д /цаашид Журам гэнэ/ эргэн төлөх нөхцөлтэй, эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилтийн талаар зохицуулжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн ч утга агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж болох үр дүнг захиалагч өмчлөх шинжтэй тохирохгүй байна. Гэрээний 9.1-д бүтээсэн киноны оюуны өмчийн эрхийг Кино урлагийг дэмжих зөвлөл бус харин киног бүтээсэн тал өөрөө байхаар зааснаар илэрхийлэгдэнэ.

Мөн дээр дурдсан хууль, журмыг баримтлан эргэн төлөх нөхцөлгүй олгогдсон шинжээрээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээтэй төстэй ч уг гэрээний хариу төлбөргүй байх үндсэн шинжтэй мөн зарим талаараа тохирохгүй байна. Тухайлбал гэрээний 6.1-д гүйцэтгэлд зөвлөл, түүний ажлын алба хяналт тавина, 6.4-т төсөл хэрэгжүүлэгч ажлын явц гүйцэтгэл, үр дүнг зөвлөлд танилцуулж байх үүрэгтэй , 7.1-д кино бүтээлийг кино үйлдвэрлэлийн стандарт шаардлагад нийцэхгүй чанаргүй гүйцэтгэсэн, эсхүл хавсралтаар батлагдсан төлөвлөгөөг зөрчиж гүйцэтгэсэн, гэрээний шаардлага нийцээгүй нь ажлын гүйцэтгэлийг хянах явцад болон гомдлын шаардлага гаргах хугацаанд илэрсэн бол уг зөрчлийг өөрийн хөрөнгөөр засаж доголдлыг арилгах, хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй, 14.4-т зөвлөл дараах тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй зэргээр зааснаар тогтоогдоно.

Иймд шүүх талуудын хоорондох дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан, мөн журмын 13.7.-д ... санхүүжилтийг буцаан татаж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээг Зөвлөлийн ажлын алба зохион байгуулна гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс хэдийгээр эргэн төлөгдөх нөхцөлгүй гэрээ байгуулагдсан ч хариуцагч мөнгөн хөрөнгийг кинонд зарцуулаагүй хувьдаа ашигласан нь тогтоогдсон тул урьдчилгааг буцаан шаардсан гэж тайлбарлаж байна.

5.1.Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 8.1, гэрээний хавсралт дах төлөвлөгөөнд тус киноны дуу, дүрсний эвлүүлэг, найруулга хийх гэж олгох мөнгөний зориулалтыг заасан байна.

Журмын 13.7.-д Сангаас үзүүлэх дэмжлэгийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон иргэн, хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийг буцаан татах-аар заасан, талуудын хоорондох гэрээний 14.1-д гэрээний нэг тал ... зөрчлийг арилгаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд ... гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, төлбөр, зардал, хохирлоо шаардах эрхтэй гэж, 14.4-т гэрээ цуцлах үндэслэлүүдийг нэрлэн зааснаас 14.4.3-т Зөвлөлөөс олгосон санхүүжилтийн хөрөнгийг энэ гэрээнд зааснаар бусад зориулалтын бусаар зарцуулсан нь нотлогдсон тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулжээ.

5.2.Хариуцагчийн зүгээс мөнгийг кинонд ажилласан өөрийн цалин хөлсөнд тооцож авсан, хамтран ажиллаж байсан Б.Д-тэй муудалцаж надаас киноны эрх патентыг хүртэл авсан, би кино бүтээхэд дундаас хаяж яваагүй, дуустал оролцсон, шүүхэд худал мэдүүлсэн гэж тайлбарлав.

Хэрэгт *** киноны эрхийг эзэмшдэг гэх Д* ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 019 тоот албан бичигт ...уг санхүүжилтийг тус киноны найруулагчаар ажиллаж байсан Ч.Б нь 100 хувь өөрийн мэдэлд авч захиран зарцуулсан бөгөөд санхүүжилтээс *** уран сайхны кинонд огт зарцуулагдаагүй болно. Кино хийгдэж эхлэсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 100 хувь Д ХХК-ийн санхүүжилтээр хийгдсэн талаар дурджээ.

Гэрчээр мэдүүлэг өгсөн тус хуулийн этгээдийн захирал Б.Д-гээс Б өөрөө надад тэр мөнгийг өөр зүйлд зарцуулснаа хэлсэн. Цагаан сарын контентод зарцуулсан гэж хэлсэн. Уучлаарай мөнгийг би хүүтэй нь танд 71 сая төгрөг болгож өгнө гэсэн мэссэж нь байгаа, киноны оюуны өмчийн гэрчилгээ нь надад байгаа. Киног би өөрөөсөө болон байгууллагаасаа бүрэн санхүүжүүлсэн, Анх Д ХХК-иас бид кино урлагийн зөвлөлд хандаж бүх материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Ч.Б өөрийнхөө нэрээр гэрээг хийхээр өгсөн байсан гэж мэдүүлсэн.

Гэрчийн дээрх мэдүүлэг, хэрэгт авагдсан тодорхойлолтыг няцаасан баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 заасан үүргээ хэрэгжүүлж чадсангүй.

5.3.Мөн өөрийн ажилласан хугацааныхаа цалин хөлсөд тооцож авсан тухай өөрийнх нь тайлбараар тогтоогдсон. Иймд олгосон мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон гэж үзэв.

Ийнхүү зориулалтын дагуу ашиглаагүй явдал гэрээний 14.1, 14.4, Журмын 13.7-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан, талуудын хоорондох гэрээ цуцлагдсан гэж шүүх дүгнэсэн тул гэрээний дагуу шилжүүлэн авсан 56.000.000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээнэ.

6.Талуудын хоорондох гэрээний 15.1-д төсөл хэрэгжүүлэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс тийнхүү ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн зүйлийн 232.6-д нийцжээ.

Гэвч нэхэмжлэгч гэрээг цуцалж олгосон мөнгөө буцаан шаардсан тул шүүх алданги тооцож гаргуулах үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 56.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ч.Б-ээс 56.000.000 /тавин зургаан сая/ төгрөгийг гаргуулж К**ийн ажлын албанд олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 437.950 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод нөхөн оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468680466971 ИХШХШТХ-ийн 40.4 дэх нийтэд илэрхий үйл баримт