Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01019

 

БНХАУ-ын иргэн В Н В Тгийн                                                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00732 дугаар шийдвэртэй, БНХАУ-ын иргэн В Н В Тгийн нэхэмжлэлтэй, “ Б Х” ГХОХХК, “ Б Г” ХХК-д холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг болон үндэслэлгүйгээр хөрөнгөжин түрээслэн олох ёстой байсан орлого 227 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В Н В Т нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 977 м.кв талбай бүхий Ү-2201030361 дугаартай барилгыг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10 000 м.кв талбай бүхий 5 жилийн эзэмших эрхийн 000317653 тоот гэрчилгээтэй газрын хамтаар “Топфинанс ББСБ” ХХК-иас хуульд заасны дагуу худалдаж авсан байдаг. Энэхүү гэрээний дагуу газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “ Б Х” ГХОХХК, " Б Г" ХХК-иуд нэхэмжлэгч Вү Нинг Ватуд 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж чөлөөлж өгөөгүй, үйл ажиллагаагаа явуулсаар хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн шилжүүлж өгөх ёстой байсан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр сар бүр 5 000 000 төгрөг төлөхгүй хөрөнгөжиж байгаа болно. Хариуцагч нар нь уг хөрөнгийг хугацаанд нь хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгчийн зүгээс сар бүр 5 000 000 төгрөгөөр түрээслэн ашиг хүртэх байсан бөгөөд олох байсан орлогоо хохирол болгон 227 500 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ. Мөн өмчлөл болон бүртгэлтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх эцэслэн шийдсэн байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан. "Топфинанс ББСБ" ХХК болон " Б Г" ХХК, “ Б Х” ГХОХХК нарын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний дээр гэрээний хугацааг тодорхой заагаад өгчихсөн, тухайн үед талуудын хэн аль нь гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан өмчлөл өөр этгээдэд шилжсэн боловч хөлслөгч эд хөрөнгийг ашигласаар байгаа тохиолдолд мөн хугацаагаар гэрээг сунгасанд тооцно гэж заасны дагуу гэрээг сунгагдсан гэж үзэж байгаа. Өмчлөх эрх нь "Топфинанс ББСБ" ХХК-аас В Н В Тгийн нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжиж ирсэн, өмчлөлтэй холбоотой асуудал нэгэнт шийдэгдсэн учир Иргэний хуулийн 297 дүгээр зүйлийн 297.1-т заасны дагуу өмнөх өмчлөгч буюу "Топфинанс ББСБ" ХХК-ийн бүх эрх В Н В Тд шилжсэн гэж үзэж байна. Хариуцагч " Б Г" ХХК болон “ Б Х” ГХОХХК нар нь В Н В Тгаас зөвшөөрөл авалгүйгээр түүний эзэмшил болон өмчлөлийн зүйлийг өнөөдрийг хүртэл ямар нэгэн үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу В Н В Тд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагч " Б Г" ХХК болон “ Б Х” ГХОХХК нараас 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн зүйлийг түрээсэлж олох байсан орлого буюу хохиролд 227 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн " Б Г" ХХК болон “ Б Х” ГХОХХК нар нь "Топфинанс ББСБ" ХХК-тай сарын түрээсийг 5 000 000 төгрөгөөр тохирсон гэдэг дээр хариуцагч талын зүгээс маргадаггүй учир нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болж буй барилга болон газар нь өөрөө нэхэмжлэгч В Н В Тгийн нэр дээр шилжсэн байдал нь хууль зөрчсөн, хууль бус үйлдэл гэж хариуцагч талаас үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, “ Б Х” ГХОХХК нь 100 000 000 төгрөгийн зээлийг авах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анх "Топфинанс ББСБ" ХХК-тай 02/2015 дугаартай зээлийн гэрээ, 02/2015 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 32 тоот хаягт оршин байх 976 м.кв талбайтай барилгыг барьцаалсан. Харин " Б Г" ХХК нь мөн адил 100 000 000 төгрөгийг зээлийг авах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "Топфинанс ББСБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулаад, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 10.000 м.кв талбай бүхий газрын барьцаалсан байна. " Б Г" ХХК, “ Б Х” ГХОХХК нар нь "Топфинанс ББСБ" ХХК-тай анх зээлийн гэрээ байгуулаад, зээлийн гэрээгээ дуусгавар болгох үед зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Гэрээний хугацааг сунгах үед " Б Г" ХХК,  Б Х ГХОХХК нар нь "Топфинанс ББСБ" ХХК-иас тус тус 100 000 000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Энэ үед “ Б Х” ГХОХХК, " Б Г" ХХК нар нь "Топфинанс ББСБ" ХХК-тай эд хөрөнгө өмчлөх эрх болон газар ашиглах эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн боловч үнэн хэрэгтээ тухайн гэрээнүүд нь зээлийн нэмэлт гэрээ буюу 0/2016, 09/2016 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ болохыг гэрээ байгуулсан талууд хэн аль нь мэдэж байсан юм. Иймд “ Б Х" ХХК, " Б Г" ХХК нар нь "Топфинанс ББСБ" ХХК-тай эд хөрөнгө өмчлөх эрх болон газар ашиглах эрхийг шилжүүлэх гэрээг ямар зорилгоор байгуулсныг "Топфинанс ББСБ" ХХК нь мэдсээр байж 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ыг иргэн В Н В Ттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээний дагуу В Н В Тгийн нэр дээр газар эзэмших эрхийг болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн байдаг. Хэдий улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт нь хууль ёсных боловч " Б Г" ХХК, “” Б Х ГХОХХК болон "Топфинанс ББСБ" ХХК нарын хооронд байгуулсан үл хөдөх эд хөрөнгийн өмчлөлийн эрх болон газар эзэмших эрх эрх шилжүүлэх гэрээний үнэн зорилго нь худалдах худалдан авах зорилгоор хийгдээгүй, барьцаанд тавих буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийсэн гэрээ юм. Зээлийн гэрээ дуусаж, үүргээ гүйцэтгэсний дараа "Топфинанс ББСБ" ХХК-иас " Б Г" ХХК болон “ Б Х” ГХОХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх ёстой байсан юм. Нэхэмжлэгч В Н В Т нь хариуцагч нараас тэдний "Топфинанс ББСБ" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үндэслээд сарын түрээс 5 000 000 төгрөг гэж үндэслэн олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байна. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаануудтай холбогдуулан " Б Г" ХХК,  Б Х ГХОХХК болон "Топфинанс ББСБ" ХХК нар нь сарын түрээсийг 5 000 000 төгрөг гэж тохирсон бөгөөд хариуцагч нарын зүгээс В Н В Тд сарын түрээс гэж 5 000 000 төгрөг өгөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч В Н В Тгийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжсэн байдал нь хууль бус хэлцэл гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарт холбогдуулан өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг шүүхээс энэ маргаантай холбоотой асуудал өөр шүүх дээр хэлэлцэгдэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байна, хэдий анхан болон давж заалдах шатны шийдвэр магадлал гарсан хэдий ч Улсын Дээд шүүх дээр маргаан хэлэлцэгдэж байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн баримтаас шалтгаалаад өмчлөлийг нь шийдсэн. Хариуцагч талаас хууль бусаар маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа юу гэдэг дээр маргаж байгаа юм. Анхнаасаа "Топфинанс ББСБ" ХХК-тай " Б Г" ХХК болон “ Б Х” ГХОХХК нар нь тус барилга болон газрыг авахаар тохиролцсон байгаа юм. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн сарын түрээсийг 5 000 000 төгрөгөөр тооцож хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй Ковид-19 цар тахлаас шалтгаалан хариуцагч тал өөрийн үйл ажиллагаа зогсоосон байгааг харгалзан нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дах хэсэгт заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг ашиглах байдлаар захиран зарцуулснаас үүсэх үүрэгт хариуцагч Б Х ГХОХХК, Б Г ХХК-аас 227 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 455 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Х ГХОХХК, Б Г ХХК-аас 1 455 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Тд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй барилга болон газар нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн нь өөрөө хууль зөрчсөн, хууль бус үйлдэл гэж хариуцагч талаас маргаж байгаа бөгөөд тус иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Улсын Дээд шүүхэд хянагдаж буй маргаан болон өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй байгаа. Учир нь Улсын Дээд шүүхэд хянагдаж буй маргаан “барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай бол өнөөдрийн маргаан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг... ” юм. Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй барилга, газар нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Тгийн нэр дээр шилжсэн байдал нь хууль зөрчсөн, хууль бус үйлдэл бөгөөд анхнаасаа худалдах, худалдан авах зорилгоор гэрээ хийгээгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа буцаан шилжүүлэх зорилгоор өмчлөх эрхийг түр хугацаанд бусдад шилжүүлсэн гэж маргадаг. Иймд Улсын Дээд шүүхэд хянагдаж буй маргаан эцэслэн шийдвэрлэгдэх буюу үнэхээр хариуцагч байгууллага бусдын барилга, газрыг хууль бусаар эзэмшсэн, эсхүл эзэмшээгүй юм байна гэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсны дараа хууль бусаар эзэмшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн мөнгө шаардах эрхтэй үүсэх юм. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа зогсоосон талаар маргаагүй учир үнэхээр түрээсийн төлбөр өгөх зайлшгүй шаардлагатай хэмээн үзвэл цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх эрх мэдлийнхээ хүрээнд үнийн дүнг багасгаж өгнө үү. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллага “Топ финанс ББСБ” 'ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үндэслээд сарын түрээс 5 000 000 төгрөг гэж тооцож мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн үеийн нөхцөл байдал, үйл ажиллагааны онцлогоос хамаарч түрээсийг төлбөрийг 5 000 000 төгрөг хэмээн тохирсон. Мөн нэхэмжлэгч В Н В Ттай огт гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн нэр дээр барилга, газар нь хууль бусаар шилжсэн тул уг мөнгийг төлөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Т нь хариуцагч Б Х ГХОХХК, Б Г ХХК-д холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг болон уг хөрөнгийг түрээслэн олох ёстой байсан орлого 227 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

БНХАУ-ын иргэн В Н В Т нь “Топфинанс ББСБ” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 977 м.кв талбай бүхий барилгыг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10 000 м.кв талбай бүхий 5 жилийн эзэмших эрхийн 000317653 тоот гэрчилгээтэй газрын хамтаар худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 4,5 дугаар тал/

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар дээрх газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Т болох нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 01/2017 дугаартай гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 000345790 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-23 дугаар тал/

            Хариуцагч “ Б Г” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Тгийн нэр дээр олгогдсон газар ашиглах эрх олгох тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, холбогдох захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/00772 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0034 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 24-43 дугаар тал/

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Т нь хариуцагч “ Б Х” ГХОХХК, “ Б Г” ХХК-д холбогдуулан барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1925 дугаартай магадлалаар шийдвэрлэж, уг хэрэг хяналтын журмаар Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч уг иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлага энэ хэрэгт гаргасан шаардлагатай шууд хамааралтай болон дээрх маргааныг шийдвэрлэхээс өмнө энэхүү хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Гэрээний зүйл болох барилга, газрыг хариуцагч нар эзэмшиж байгаа талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч В Н В Тгийн өмчлөл, ашиглалтад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг шилжихээс өмнө хариуцагч “ Б Х” ГХОХХК, “ Б Г ХХК”-аас “Топ финанс” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01/2015, 02/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улмаар гэрээний төлбөрт тооцуулан барьцааны зүйлийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон болох нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 тоот Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, 02/2016 тоот газар Эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 86-105 дугаар тал/
 

            Улмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Топфинанс ББСБ” ХХК нь “ Б Х” ГХОХХК-д 5 000 000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хөлслүүлсэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2016 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр тогтоогдож байна. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргаагүй. /хэргийн 146 дугаар тал/ Үүнээс үзвэл хөлслүүлэгч буюу “Топфинанс ББСБ” ХХК-ийн өмчлөх эрх нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В Н В Тд шилжсэн тул Иргэний хуулийн 297 дүгээр зүйлийн 297.1 дэх хэсэгт заасны дагуу хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нэхэмжлэгчид шилжсэн гэж үзнэ.

 

            Иймд “Топфинанс ББСБ” ХХК, “ Б Х” ГХОХХК нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа дууссан боловч “ Б Х” ГХОХХК гэрээний зүйл болох хөрөнгийг хөлслүүлэгч буюу өмчлөгч, эзэмшигчид буцаан шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 45 сар 15 хоногийн хугацааны төлбөрийн хэмжээгээр буюу 227 500 000 төгрөгөөр тооцон шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дах хэсэгт заасан маргааны зүйлд хамааралгүй хуулийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад буцаан өгөхгүй байгаа нь хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо Ковид-19 буюу нийтийг хамарсан халдварт өвчин цар тахлаас шалтгаалан өөрийн үйл ажиллагаа зогссон үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах талаар тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00732 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “495 дугаар зүйлийн 495.1, 495.2” гэснийг “297 дугаар зүйлийн 297.1, 295 дугаар зүйлийн 295.4” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 295 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                Н.БАТЗОРИГ

 

                                                                     С.ЭНХТӨР