Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

    2024            01           08                                       2024/ДШМ/01

 

 

 

Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                         

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолтой, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт ирүүлснийг үндэслэн, шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарт холбогдох 2019000960237 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.   

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1. Б овогт Г.Ш , Монгол Улсын иргэн, * 05-ны өдөр Дорноговь аймгийн * суманд төрсөн, * ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.2. Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, * 18-ны өдөр Дорноговь аймгийн * суманд төрсөн, * ажилтай, ам бүл 1, Дорноговь * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.3. С овогт Н.Э, Монгол Улсын иргэн, * 17-ны өдөр Дорноговь аймгийн * суманд төрсөн, *, Дорноговь аймгийн *тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

1.4. Б овогт Ё.Э, Монгол Улсын иргэн, * 25-ны өдөр Дорноговь аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, * ажилгүй,  Улаанбаатар хот, * тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь зүйлийн хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

1.5. Х овогт Б., Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Дорноговь * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тольт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9,000,000 төгрөгийн хохирол учруулж, 716,872,000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эг 6000 нэгжтэй хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2019000960237 дугаартай Ш, Б, Э, Э, М  нарт холбогдох хэрэг дээр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан бичгийг прокурорын газарт ирүүлсэн. ...Эрүүгийн 2019000960237 дугаартай хэргийг анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Тухайн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ хэрэг дээр иргэний хариуцагч Н гэж хүн татагдсан байдаг. Гэмт хэргээс олсон орлогыг Н руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт дотор авагдсан байдаг. Шүүх шийдэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хууль бусаар олсон хөрөнгө,  орлогыг нь иргэний хариуцагч Наранбаатараас гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гэж прокуророос  дүгнэсэн. Яагаад гэхээр энэ хэргийг шүүгдэгч Ш, Б, Э, Э, М  нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл гэм буруутайд тооцоогүй Наранбаатарт Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу байна гэж үзсэн. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд энэ зүйлд заасан гэм буруутайд тооцож шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдоогүй хүн байтал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь хүний эрх зөрчиж байна гэж прокуророос дүгнэлт бичсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                           

            Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Бс гаргасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

           1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс мөн сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Тольт” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9,000,000 төгрөгийн хохирол учруулж, 716,872,000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон  ба шүүгдэгч нарын эдгээр үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

            2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

           3.Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа У.Эс “ ... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэж, иргэний хариуцагч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс болж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна” гэж Дорноговь аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэнд  үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Бс “ ... шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн агуулга бүхий үндэслэлээр прокурорын дүгнэлт гарсан байна.

 

           4.Давж заалдах шатны шүүх прокуророос гаргасан дүгнэлтийн дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзсэн.

 

           Учир нь: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716,872,000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарын адил иргэний хариуцагч Б.Нс 62,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэнгүй.

 

             Тухайлбал: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 

             мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “...эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, 

 

             мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж тус тус заасан.

 

             Хуульд заасан эдгээр нөхцлүүд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүнд эрүүгийн ялаас гадна албадлагын арга хэмжээ авахыг заасан гэж ойлгоно.

 

              5.Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдоогүй, хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон  иргэн Б.Нт Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын хэмжээ авсан нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

 

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохыг заасны дагуу иргэн Б.Нг уг хэрэгт иргэний хариуцагчаар татсан, гэтэл анхан шатны шүүх түүний  эрх зүйн байдлыг дордуулж шүүхээр гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн этгээдүүдтэй адилтган үзэж түүнд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг авахаар хэрэглэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал бий болсон, мөн шүүх шийтгэх тогтоолдоо Б.Нг иргэний хариуцагчаар татагдсан үндэслэл, шаардлагын талаар дурдаагүй орхигдуулсан.

 

              6.Энэ нөхцөл байдал нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх албадан  гүйцэтгэх ажиллагаа хийгдэх үед илэрсэн нь Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/1192 дугаартай албан бичиг, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэх тухай Прокурорын тогтоол зэргээр тус тус тогтоогдсон,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч хангаж, ялтан Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарт холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж шийдвэрлэсэн.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.3, 2, 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4,  41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай. 

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

А.САЙНТӨГС