2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/02704

 

 

 

 



 

  2025      04        01                                      191/ШШ2025/02704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Я-ын С /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Г-ын С /РД:00000000/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-н З /РД:00000000/

Хариуцагч: Багануур дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Ч-ын Н /РД:00000000/ нарт холбогдох,

Г.С, Б.З, Ч.Н нарт 52,655,000 төгрөг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч Ч.Н-ээс 52,655,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Б.З, хариуцагч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Я-ын С миний бие 1988 онд Ч овогтой Б-тэй гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том охин маань гэр бүл зохиож тусдаа гарсан ба бага хүү Б.З нь 2016 оноос Н.С гэх охинтой үерхэж, 2020.01.21-ний өдөр ач охин 3.Б төрсөн. Хүү Б.З, бэр охин, ач 3.Б нар нь тусдаа гэр бүл зохиогоогүй, Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо 0 тоот хаягт буюу нөхөр бид хоёртой хамт амьдардаг байсан тул ээж хүний хувьд хүүгээ тусдаа гэр бүл зохиож, амьдрах орон байртай болгох нь миний болон нөхрийн минь хүсэл байсан.

Би 2021 оны 12 дугаар сард Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан ба тус тушаалд заасны дагуу ажил олгогчоос 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгогдсон. Ингээд би өөрт олгогдсон тэтгэмжийн мөнгийг хүү Б.З-ыг гэр бүл зохиох, тусдаа гарах зорилгоор тэдэнд бэлэглэхээр болсон боловч Б.З, Г.С нар нь өөрийн хөрөнгөгүй, ипотекийн зээл олгогдох нөхцөл шаардлагыг хангахгүй байсан. Энэ үед бэр охины ээж болох Ч.Н нь өөрийгөө ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа, зээл судлуулах боломжтой гэж хэлсэн тул би хүү, бэрээ орон байртай болгож, тусдаа амьдруулах зорилгоор хамгийн анх 2022.04.08-ны өдөр Ч овогтой Н-ийн Голомт банкны дугаартай дансанд 30.000.000 төгрөг шилжүүлж, Б.З, Г.С нар нь орон сууц худалдан авахаар орон сууц хайж, Ч.Н нь банкны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгч байсан.

2024 оны 08 дугаар сард хүү Б.З, бэр Г.С, түүний ээж Ч.Н нар нь орон сууц худалдан авах, зээлд хамрагдах боломжтой боллоо, гэхдээ хөрөнгийн эх үүсвэр нь албан ёсны байх ёстой, зээлийн санхүүжилт байж болохгүй гэж хэлсэн. Ингээд Ч.Н нь анх надаас шилжүүлэн авсан 30.000.000 төгрөгөөс 27.000.000 төгрөгийг буцаан өгсөн ба үүний дараа миний бие 2022.08.08-ны өдөр 40.000.000 төгрөгийг, 2022.08.12-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 2022.08.18-ны өдөр 1.250.000 төгрөгийг, 5.000 төгрөгийг тус тус буюу нийтдээ байрны урьдчилгаанд өмнө өгсөн мөнгөний зөрүү 3.000.000 төгрөгийг оруулан тооцоход 47.755.000 төгрөгийг орон сууцтай болгох зорилгоор хүү Б.З, бэр Г.С нарт бэлэглэсэн ба ипотекийн зээлийн баримтад мөнгөний эх сурвалжийг тодорхойлох зорилгоор 2022.08.07-ны өдөр Ч.Н-тэй №0207 дугаартай Бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж байсан.

Я. С миний бие тухайн байрны урьдчилгааны төлбөрийг шилжүүлснээс хойш удалгүй Ч.Н-ийн нэр дээр ипотекийн зээл гарч, Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 7 хороолол 0 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан ба тухайн байранд 2022 оны 08 сарын дунд үеэс хойш хүү Б.З, бэр Г.С, ач охин 3.Б нар амьдрах болсон. Миний зүгээс хүү, охины ар гэр адил байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлээд, ипотекийн зээлийнх нь хугацааг богино байлгаж, үүнд нь хоёр талаасаа дэмнээд хурдан төлөөд үр хүүхдүүдээ өр зээлгүй байртай болгох талаар Ч.Н-тэй ярьж, тохиролцож байсан боловч бэр охины аав, ээжийн зүгээс нэг ч төлбөр гаргаагүй. Тухайн орон сууцыг худалдан авсны дараа ч гэсэн тавилга эд хогшил худалдан авах зэрэг бүхий л зардлыг нөхөр бид хоёр гаргаж, 10 гаруй сая төгрөгөөр тавилга эд хогшил авсан байдаг.

Мөн анхнаасаа ипотекийн зээлийн хугацааг богино хугацаанд байхаар тохиролцсон байсан учир зээлийн төлөлт нь өндөр буюу сардаа 800-900 мянган төгрөг байсан болохоор би өөрийнхөө тэтгэврээсээ байнга тус байрны зээлийн төлөлтөд зориулж, Ч.Н-н данс руу мөнгө шилжүүлж байсан бөгөөд энэ үнийн дүнг тооцоход нийтдээ 4.900.000 төгрөгийг өгсөн байна.

Миний бие Ч.Н рүү мөнгө шилжүүлэхдээ үр хүүхдэдээ байрны урьдчилгаанд бэлэглэв, байрны урьдчилгаа" гэх зэргээр шилжүүлж байсан нь нөхөр бид хоёр туйлын хүслээ биелүүлэх бага хүүгээ тусдаа гарч, гэр бүл зохион, халуун дулаан ам бүлээрээ эв найртай сайхан амьдруулах зорилготой байсан бөгөөд хүү, бэр, ачдаа бэлэглэж байгаа мөнгө гэдгийг нотлож байгаа юм.

2024 оны 03 дугаар сард хүү Б.З нь гэртээ очихгүй, аав ээж 2-тойгоо буюу Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо ,0 тоот ирж амьдрах болсон ба тухайн үед өөрөөс нь асуухад "бид хоёр маргалдчихсан байгаа, удахгүй гайгүй болчих байхаа" гэж ярьж байсан боловч тухайн үеэс хойш хамт амьдрахаа больж, одоо салахаар болсон байна. Бэр охин Г.С-ын хувьд 2016 оноос хойш нөхөр бид 2-той хамт 2022 оныг хүртэл хамт амьдарч байх үедээ бидэнд болон нөхөртөө халамжтай, үр хүүхдээ сайн асардаг, өөрийнхөө аав ээжээс илүү нөхөр бид 2-той ойр байдаг байсан тул түүнд маш их итгэж, найддаг байсан. Гэтэл 2024.03 сард хүүг эхнэртэйгээ маргалдчихлаа гэхээр нь бэр охинтойгоо уулзах санаатай Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 7 хороолол Алтайн гудамж, 267 байр, 2 тоот байранд нь яваад очих үед гэртээ байгаа мөртлөө хаалгаа ч тайлж өгөөгүй, дараа нь хүү рүү "танай аав ээж ирж, хаалга цохиж дарамталлаа" гэж хэлсэн байсан. Мөн үүнээс хойш ач 3.Бүжинтэй уулзах зорилгоор очих үед ач охиныг гэрт нь байлгахгүй, өмнө явж байсан цэцэрлэгээс нь гаргаж, Багануур дүүрэг рүү өвөө, эмээ рүү нь явуулсан байсан бөгөөд хүүхдийг 2 жилийн хугацаанд явж байгаа цэцэрлэгээс нь шууд гаргаад өөр насны том хүүхдүүдтэй ангид оруулсан гэдгийг мэдсэн. Энэ хугацаанаас хойш нөхөр бид хоёр 2 хүүхдээ эвлэрүүлчих юмсан, дөрөвхөн настай ач охиноо өнчрүүлчихгүй юмсан гэж худ ургийн хүмүүстэй болон ач охинтой уулзах гэж Багануур дүүрэгт очиход ач охиныг ч бидэнтэй уулзуулаагүй.

Я.С миний бие төр болон хувийн хэвшилд 40 гаруй жил ажиллаж, 58 насандаа өөрийн ажиллах хөдөлмөрлөх боломжтой 40 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, ажил олгогч байгууллагаасаа 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгийн тэтгэмж авч, үүн дээрээ өөрөөсөө харамлаж хураасан мөнгөө болон бусдаас зээлсэн мөнгөө нэмж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэдэнд бэлэглэсэн. Хэдийгээр бэлэглэлийн гэрээ гэдэг зүйл хариу төлбөргүй байдаг ч гэсэн энэ асуудалд бол хүү Б.З, охин Г.С нарыг эв найртай гэр бүл зохиож, үр хүүхдээ элэг бүтэн өсгөх, халуун ам бүлээрээ урт удаан хугацаанд амьдрах нь нөхөр бид хоёрын тэднээс хүсэж найдсан зүйл байсан.

Гэтэл Б.З нь эхнэр хүүхэдтэй хайр халамжтай, сайн хань, сайн гэрийн эзэн байж чадаагүй, Г.С нь ч гэсэн нөхөртөө болон хүүхэддээ халамжтай сайн хань, сайн ээж байж чадаагүйгээр үл барам 2016 оноос хойш бие биеэ таньж мэддэг хадам аав Ч.Б, хадам ээж Я.С бидэнтэй огт танихгүй хүн шиг харилцаж, бага насны ач охинтойгоо уулзах боломжийг хязгаарлаж байгаад туйлын их гомдолтой байна.

Нэхэмжлэгч Я.С миний бие Б.З, Г.С нарыг байр орон сууцтай болгоход зориулж, нийтдээ 52.655.000 төгрөгийг бэлэглэсэн байх ба энэхүү мөнгийг дансаараа хүлээн авсан, надтай бэлэглэлийн гэрээ байгуулсан, тухайн мөнгөний эх үүсвэрээр өөрийн нэр дээр байр орон сууц худалдан авч, надаас авсан мөнгөөр өөрийнхөө зээлийн төлбөрийг төлж байсан Ч.Н нь бэлгийг бодитоор хүлээн авсан гэж үзэхээр байгаа юм.

Иймд Г.С, Б.З, Ч.Н нарт 52.655.000 төгрөгийг бэлэглэсэн Бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэн хүлээн авагч Ч.Н-ээс 52.655.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Н хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Я.С болон хариуцагч Ч.Н нар нь 2022 оны 08 сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Я.С нь хариуцагч Ч.Н-д 40,000,000 төгрөгийг ямар нэгэн болзол, тусгай нөхцөлгүйгээр бэлэглэсэн.

Бэлэглэлийн гэрээний харилцаа нь зөвхөн Ч.Н болон Я.С нарын хооронд үүссэн бөгөөд хариуцагч Г.С, Б.З нартай бэлэглэлийн гэрээний ямар нэгэн харилцаа огт үүсээгүй.

Нэхэмжлэгч Я.С нь тухайн хариуцагчид 40,000,000 төгрөгийг тусгай зориулалтын дагуу буюу хүүхдүүдийг байранд оруулах, ипотекийн зээлд хамруулах тусгай зориулалтаар хандивын журмаар, буцалтгүйгээр бэлэглэсэн болно.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байдаг.

Талуудын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээ-ний 1.2-т заасны дагуу хариуцагч Ч.Н нь гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлсэн бөгөөд зориулалтын дагуу байрны урьдчилгаа төлбөрт ашигласан.

Мөн бэлэг хүлээн авагч Ч.Н нь бэлэглэгчийг хуульд заасны дагуу ноцтой гомдоосон эсхүл бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан зүйл байхгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул бэлэглэгчид буюу нэхэмжлэгч Я.С-д шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Я.-ийн ипотекийн зээлд төлсөн гэх 4,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Н нь бодитоор хүлээж авсан зүйл байхгүй.

Хариуцагч Ч.Н нь бэлэглэгчийн ноцтой гомдоогүй, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироогоогүй, хохироохыг завдаагүй бөгөөд гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Мөн нэхэмжлэлд 3 хариуцагч дурдсан хэдий ч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах эсэх нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ч.Н нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.З хариу тайлбартаа: Би ээж Я.С-гийн гаргасан Г.С, Ч.Н, Б.З нарт холбогдох 52,655,000 төгрөгийг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч Ч.Н-ээс 52,655,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.С бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хамтран амьдрах боломжгүй болсон. Г.С надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ч.Н нь ипотекийн зээл авах эрхээ ашиглаж орон сууцыг өөрийн нэр дээрээ авсан. Одоо орон сууцанд хэн амьдарч байгааг мэдэхгүй гэв.

 

Хариуцагч Г.С хариу тайлбар, татгалзалдаа: Я.С болон хариуцагч Ч.Н нар нь 2022 оны 08 сарын 07-ны өдөр "Бэлэглэлийн гэрээ" байгуулж, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг "байрны урьдчилгаа төлбөр"-т зориулж бэлэглэсэн.

Бэлэглэлийн гэрээний харилцаа нь зөвхөн Ч.Н болон Я.С нарын хооронд үүссэн бөгөөд хариуцагч Г.С-той ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байдаг.

Иймд хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Голомт банкны 2023.02.01-ний өдрийн орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн Хаан банкны  дугаар дансны 2023.01.01-ний өдрөөс 2024.04.01-ний өдрийг дуустал дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 181/ШЗ2024/13596 дугаар захирамж, 2024.07.01-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021.12.17-ны өдрийн Б/837 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны  дугаар дансны 2021.12.01-ний өдрөөс 2021.12.31-ний хүртэлх хуулга, 2022.08.07-ны өдрийн 0207 дугаар Бэлэглэлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны  дугаар дансны 2021.12.30-ны өдрийн дансны хуулга, Голомт банкны 2022.04.08-ны өдрийн орлогын мэдүүлэг, Голомт банкны мемориалын баримт-3ш, Голомт банкны 3215128040 дугаар дансны 2022.08.07-ны өдрөөс 2024.04.05-ны өдрийн хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2025.01.21-ний өдрийн 1 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.12.24-ний өдрийн 10-5/837 дугаар албан бичгээр хариуцагч Ч.Н-ийн өмчлөлийн орон сууцтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч Г.С, Б.З, Ч.Н нарт холбогдуулан 52,655,000 төгрөг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч Ч.Н-с 52,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хүү Б.З охин Г.С, ач охин 3.Б нар нь тусдаа гэр бүл зохиогоогүй, нөхөр бид хоёртой хамт амьдардаг байсан тул хүүгийнхээ гэр бүлийг амьдрах орон байртай болгох зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөр 47,755,000 төгрөгийг бэр охины ээж Ч.Н-тэй 2022.08.07-ны өдөр №0207 дугаартай Бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан шилжүүлсэн. Ч.Н-ийн нэр дээр ипотекийн зээл гарч, орон сууцыг худалдан авч, орон сууцанд Б.З, бэр Г.С, ач охин З.Б нар амьдарсан. Орон сууцны зээлийн төлөлтөд зориулж Ч.Н-ийн данс руу нийтдээ 4.900.000 төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 03 сараас хүү Б.З гэртээ очихгүй бидэнтэй хамт амьдрах болсон бөгөөд бэр охин Г.С-той уулзахаар очиход хаалгаа тайлж өгөөгүй, уулзаагүй ба ач охиныг уулзуулахгүй, урьд явж байсан цэцэрлэгээс нь гаргаж Багануур дүүрэг рүү өвөө, эмээ рүү нь явуулж, уулзах боломжийг хязгаарласан, хүү Б.З, охин Г.С нарыг эв найртай гэр бүл зохиож, үр хүүхдээ элэг бүтэн өсгөх, халуун ам бүлээрээ урт удаан хугацаанд амьдарна гэсэн итгэл найдварыг үгүй болгосон тул Г.С, Б.З, Ч.Н нарт 52.655.000 төгрөгийг бэлэглэсэн Бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэн хүлээн авагч Ч.Н-ээс 52.655.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Ч.Н нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 08 сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-г байгуулж, 40,000,000 төгрөгийг бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээний харилцаа нь зөвхөн Ч.Н болон Я.С нарын хооронд үүссэн бөгөөд хариуцагч Г.С, Б.З нартай бэлэглэлийн гэрээний ямар нэгэн харилцаа огт үүсээгүй. Нэхэмжлэгч Я.С нь 40,000,000 төгрөгийг тусгай зориулалтын дагуу буюу хүүхдүүдийг байранд оруулах, ипотекийн зээлд хамруулах тусгай зориулалтаар хандивын журмаар, буцалтгүйгээр бэлэглэсэн. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон зүйл байхгүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тодорхойлсон.

4. хариуцагч Г.С нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч Я.С, хариуцагч Ч.Н нар нь 2022 оны 08 сарын 07-ны өдөр "Бэлэглэлийн гэрээ" байгуулж, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг "байрны урьдчилгаа төлбөр"-т зориулж бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээний харилцаа нь зөвхөн Ч.Н болон Я.С нарын хооронд үүссэн бөгөөд хариуцагч Г.С-той ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй гэж тодорхойлсон.

5. Хариуцагч Б.З нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, татгалзаагүй.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр бэлэглэгч Я.С нь бэлэг хүлээн авагч Ч.Н-лтэй харилцан тохиролцож, 40,000,000 төгрөгийг хүүхдүүдээ амьдрах зориулалтаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулан байрны урьдчилгаа төлбөрт бэлэглэжээ. /хавтаст хэргийн 22-23 хуудас/

Я.С нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 26, 29 хуудас/

 

6.2. Хариуцагч Я.Н нь И.Г-той 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 хороо, ,0 тоот, 57,1 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 142,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Тухайн хөрөнгөд Голомт банкны 98,500,000 төгрөгийн жилийн 6% хүүтэй, 170 сарын хугацаатай зээлийн барьцаа бүртгэгдсэн байна. /хавтаст хэргийн 107-130 хуудас/

 

6.3. Нэхэмжлэгч Я.С нь анх байрны урьдчилгаанд 2022.04.08-ны өдөр Ч-ын Н-ийн Голомт банкны дугаартай дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Н нь 2022.08.08-ны 27,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх бөгөөд Я.С нь 2022.08.08-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2022.08.12-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2022.08.18-ны өдөр 1,250,000 төгрөгийг, 5,000 төгрөгийг тус тус Ч.Н-д байрны урьдчилгаанд шилжүүлсэн, өмнөх зөрүү 3,000,000 төгрөгтэй нийт 47,755,000 төгрөг болж байна.

Мөн Я.С нь Ч.Н-ийн зээлийн төлбөрт 2023.01.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.02.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.03.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.04.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.05.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.06.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.07.01-ний өдөр 500,000 төгрөг, 2023.08.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.09.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.10.01-ний өдөр 300,000 төгрөг, 2023.11.01-ний өдөр 400,000 төгрөг, 2023.12.01-ний өдөр 400,000 төгрөг, 2024.01.01-ний өдөр 400,000 төгрөг, 2024.02.01-ний өдөр 400,000 төгрөг, 2024.03.01-ний өдөр 400,000 төгрөг нийт 4,900,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 6, 8-14 хуудас/

 

7. Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч  нарт холбогдуулан бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Я.С Ч.Н нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулагдаж, бэлэглэсэн 40,000,000 төгрөг Ч.Н-д шилжсэн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талууд маргасан тохиолдолд шүүх  мөн хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлана. Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулга, зорилготой харьцуулах замаар тодорхойлдог.

Бэлэглэлийн гэрээнд бэлэглэх болсон үндэслэлээ хүүхдүүдээ амьдрах зориулалтаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулан байрны урьдчилгаа төлбөрт гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Я.С-гийн хүү Б.З, хариуцагч Ч.Н-ийн охин Г.С нар гэр бүл болсонтой холбоотойгоор эдгээрийг орон сууцтай болгох зорилгод талуудын хүсэл зориг нэгдснээр Бэлэглэлийн гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү гэрээгээр бэлэг хүлээн авч нь ямар нэгэн зорилгод хүрэх ёстой буюу бэлэг хүлээн авсны төлөө нэгэн төрлийн хариу үүргийг гүйцэтгэх ёстой болдог бөгөөд бэлэг хүлээн авагч Ч.Н нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг өөрийн нэр дээр ипотекийн 6% зээлд хамруулснаар /хариу үүрэг/ бэлэглэлийн тусгай зорилгод хүрэх нөхцөл болох Б.З, Г.С нар амьдрах орон сууцтай болно. Ингэснээр энэхүү бэлэглэлийн гэрээний зорилго нь Б.З, Г.С нарын ашиг тусын тулд зориулагдаж Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.2-д заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэг хүлээн авагчийн нэгэн төрлийн хариу үүрэг-ийн шинжээрээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5-д заасан тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэх гэрээнээс ялгаатай тул хариуцагчийн 40,000,000 төгрөгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийгээгүй гэх үндэслэл нь уг гэрээний шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч  нарт холбогдуулан бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.С Б.З нартай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, бэлэглэгч Я.С-ийн хүсэл зориг нь Б.З-д, мөн Г.С-т бэлэглэлийн зүйл болох 40,000,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх зорилгыг агуулаагүй.

Харин Ч.Н-тэй байгуулсан Бэлэглэлийн гэрээний үр дүнд хариуцагч Г.С, Б.З нар орон сууцтай болох зорилго биелэгдэж, ашиг тус нь зориулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн бэлэглэсэн мөнгийг буцаан гаргуулах шаардлага хариуцагч Г.С, Б.З нарын эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тул хариуцагч Г.С, Б.З нарт холбогдуулан бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь гэрээний зорилго биелэгдэх боломжгүй гэх нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Я.С-ийн хариуцагч Г.С, Б.Зл нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1.Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.С, хариуцагч Ч.Н нар нь өөрсдийн үр хүүхдүүд болох Б.З, Г.С нарыг орон сууцтай болгох зорилгод хүрсэн нөхцөлд орон сууцны урьдчилгаа төлбөрийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцсон.

Энэхүү тохиролцооныхоо зорилгод хүрэхээр нэхэмжлэгч Я.С  нь бичгийн гэрээнд заасан 40,000,000 төгрөгөөс ч илүү мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн бөгөөд Ч.Н-ийн нэр дээр гарсан зээлийн төлбөрийг ч төлж байсан.

Харин Г.С, Б.З нар нь 2024 оны 03 сард гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгосноор орон сууцанд гэр бүлээрээ амьдраагүй, цаашид орон сууцыг Б.З, Г.С нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох боломжгүй болсон тул нэхэмжлэгч Я.С, хариуцагч Ч.Н нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээний зорилгод хүрэх боломжгүй болсон.

Иймд нэхэмжлэгч Я.С нь бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 225, 226-д заасан журмыг баримтлана.

 

10. Нэхэмжлэгч Я.С нь Б.З, Г.С нарыг эвлэрүүлэхээр Г.С-той уулзахаар очсон боловч уулзаагүй байх бөгөөд Г.С нь ач охин З.Б-гээ уулзах эрхийг нь хязгаарласан үйлдэл хийсэн, Багануур дүүрэгт очиж Г.С-ын эцэг, эхтэй уулзсан боловч үр дүн гараагүйгээс гадна бэлэглэлийн гэрээний үр дүнд бий болох орон сууцтай холбоотой асуудлаар тохиролцоонд хүрээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгч Ч.С-ийн бэлэглэлийн гэрээний зорилгод хүрэхээр шилжүүлсэн бүх мөнгөн хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 47,755,000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөрт шилжүүлсэн 4,900,000 төгрөг, нийт 52,655,000 төгрөгийг Ч.Н-ээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Дээрхи үндэслэлээр хариуцагч Ч.Н-ээс 52,655,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.С-эд олгож, нэхэмжлэлийн хариуцагч  нарт холбогдуулан бэлэглэлийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 421,225 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.Н-ээс 52,655,000 /тавин хоёр сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.С-д олгож, нэхэмжлэлийн хариуцагч Г.С, Б.З, Ч.Нарангэрэл нарт холбогдох бэлэглэлийг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н нараас 421,225 /дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж Я.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА