2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04300

 

 

 

 

         2025             05              20

     192/ШШ2025/04300

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ********* дүүрэг, **** дугаар хороо, **** тоотод оршин суух, *** овогт *** *** Д.Ж /рд: ***************/,

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч Д.Ж-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Ж- нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1978 онд сургуульд ороход Ж- гэж бүртгэсэн байдаг. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Цэцэрлэгийн багшийн сургуульд ороход Ж- нэрээр бүртгэж 1989 онд цэцэрлэгийн багшийн сургуульд хөдөлмөрийн N275266 тоот дэвтэрийг Д.Ж- нэрээр олгосон. Ингээд 1995 онд иргэний үнэмлэх авахад Батлан Хамгаалах Яамны төв архиваас төрсний лавлагааг гаргуулахад Д овогтой Ж- гэж гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нэр зөрүүтэй шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалаас буцсан тул Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр Д овогтой Ж- намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 3-6, 13-15/, Д.Мягмарсүрэнгийн төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7-9/, 275266 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 11-12/, Д.Ганбатын төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 18-19/, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 8 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал /хх 37/, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 18 дугаар Ээлжийн амралт олгох ба нярайн чөлөө олгох тухай тушаал /хх 41/, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 06 дугаар Хавсран ажилласан цалин олгох тухай тушаал /хх 42/, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 19 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал /хх 43/, Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 16 дугаар Ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаал /хх 44/, Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 21 дугаар Ээлжийн амралтын олговор олгох тухай тушаал /хх 45/.    

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/5793 тоот албан бичиг, хавсралт /хх 28-36/, Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Ганбат /хх 20/, Д.Мягмарсүрэн /хх 21/, В.Должинсүрэн /хх 39/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч Д.Ж-гийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэрт Д-гийн Ж- гэж бичигджээ.     

Гэвч Бух овогт Д-гийн Ж- нь дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт /ХААТР-1 маягт/, Төрөгсдийг бүртгэх анкет, Иргэний хаягийн хуудас №7, Иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21 маягт/, Гэрлэгчдийг бүртгэх анкет, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 8 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 18 дугаар Ээлжийн амралт олгох ба нярайн чөлөө олгох тухай тушаал, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 06 дугаар Хавсран ажилласан цалин олгох тухай тушаал, Баянгол дүүргийн 57 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 19 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 16 дугаар Ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаал, Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 21 дугаар Ээлжийн амралтын олговор олгох тухай тушаал, гэрч Д.Ганбат, Д.Мягмарсүрэн, В.Должинсүрэн нарын мэдүүлэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Ж-г 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Бух овогт Д-гийн Ж- /рд: ***************/ нь 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН