| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/01002/И |
| Дугаар | 191/ШШ2025/03492 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03492
| 2025 04 24 | 191/ШШ2025/03492 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:**, 41 дүгээр хороо, ** дугаар хороолол, ** байр ** тоотод оршин суух, *** овогт Г.М /Регистрийн дугаар: ***************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*** дүүрэг, * дүгээр хороо, **, өөрийн байранд байрлах, Х* ХК /Регистрийн дугаар: ********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 83.377.357 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь Х ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 83.377.357 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.М миний бие 2012 оны 07 дугаар сард анх Х ХК-д Баянзүрх тооцооны төвд борлуулалт мэдээллийн ажилтан тушаалд ажилд орж, 2020 оны 7 дугаар сараас Санхүү бүртгэл хяналтын хэлтэст Санхүү, бүртгэл хяналтын ажилтнаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан.
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дотоод Аудитын газраас 2021 оны 7 дугаар сарын 10, 24-ний өдрүүдэд банкны ажилтны цалингийн нууцлалтай данс болон цалингийн түр дансанд хандсан тодруулгын хариу тайлбар ирүүлэх талаар надад ажлын цахим шуудангаар мэдэгдсэн. Ажлын шаардлагаар цалингийн нууцлалтай дансанд хандсан тайлбараа хүргүүлсэн ба цалингийн түр дансанд хандсан шалтгаанаа санахгүй учир тодорхойлоогүй илгээсэн болно.
Дээрх дансанд ажлын шаардлагаас өөр шалтгаанаар хандах ямар ч шаардлагагүй болно. Тус тайлбарыг илгээснээс хойш 2022 оны 02 дугаар сарын 11-ний оройн 17:55 минутад шууд удирдлага буюу Санхүү, бүртгэл хяналтын хэлтсийн захирал халагдах тушаал ирснийг мэдэгдэн ажлаа яаралтай хүлээлгэн өгөхийг шаардсан. 2011 оноос хойш тухайн байгууллагад ажиллахдаа үр бүтээлтэй шат дамжлагатайгаар өсөн дэвшиж ажиллаж байсан ба өнгөрсөн хугацаанд дээрх Дотоод Аудитын газрын тодруулга, зөрчлөөс өөр ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Нууцлалтай цалингийн дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тус данснуудад хандсанаар банканд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэж үзэж байна. Гэтэл гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тушаалаар ажлаас халсан шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан.
Хариуцагч нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн ажлаас халсанд гомдолтой байна.
Тушаалд маш олон, өөр өөр үндэслэлийг бүгдийг бичсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг баримталсан байдаг. Хариуцагч ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан гэрээнд ноцтой зөрчлийг хэт ерөнхий бичсэн.
Нууцад халдах гэдэгт хамаарахгүй. Хүний эмзэг мэдээллийн тухай хуульд зааснаар мэдээллийн эзний өөрсдийнх нь зөвшөөрлөөр нэвтэрсэн болох нь шүүхэд өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.
Ёс зүйн хорооны дүгнэлт өөрөө тус банкны баталсан журмаа хэрэгжүүлээгүй гарсан. Гүйцэтгэх захиралтай зөвшилцөнө гэснийг хангаагүй, хариуцсан нэгжээс санал авсан баримтгүй. Аудитын тайлан, дүгнэлт гаргахдаа мөн журмаа баримтлаагүй, бүрэн дүүрэн хийгээгүй. Зөвхөн системд нэвтэрсэн лог бүртгэл болоод Г.М-аас авсан тайлбарыг үндэслэсэн болохоо шалгах ажиллагааг хийсэн гэрч Г.З шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэгч системд ямар учраас хандсанаа санахгүй байна гэсэн тайлбар өгсөн нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.
Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговорт тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 38 сар 9 хоногт хамгийн сүүлд бүтэн ажилласан 2021 оны 11,12, 2022 оны 1 дүгээр сард олгосон цалингийн дундажаас бодож нэг сарын дундаж хөлс 2.169.671 төгрөг, 1 өдрийн хөлс 103.317 төгрөг байх тул нийт 83.377.357 төгрөгийг гаргуулна гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк Г.М-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй байна.
2.2.Г.М-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан эсэх: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзээгүй гэсэн байна. Г.М- нь тус банкны Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн Санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан Б.Б-, С.М- нарын дансны үлдэгдэл болон нийт ажилтнуудын цалинг олгодог банк, салбар хоорондын тооцооны түр дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс тус тус шалгасан нь шалгуурт суурилсан эрсдэлийн аудитын тайлангаар тогтоогдсон.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах,аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй гэж, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хувь хүний нууц нь дараах төрөлтэй байна, мөн зүйлийн 4.1.3 дахь заалтад хөрөнгийн нууц гэж тус тус заасан байдаг. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу тус банк нь Худалдаа, хөгжлийн банкны нууцын зааврын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дэх дэд заалтад Маш нууц: Задарвал хүний эрүүл мэнд, амь нас,эд хөрөнгөнд бодитойгоор хохирол учруулж болохуйц мэдээлэл: Тухайлбал харилцагчийн хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гүйлгээний хуулга, гадаад болон дотоод гуйвуулга, гэрээ, зээлийн холбогдолтой мэдээллүүд, ATM, мөнгө зөөвриин мэдээллүүд; гэж зохицуулж харилцагчийн дансны мэдээллийг Маш нууц төрөлд хамааруулсан баидаг.
Мөн, Х банкны дансанд хандах эрхийн зохицуулалтын зааврын 2 дуraap зүйлийн 2.3.1 дэх заалтад заасны дагуу банкны цалингийн түр данс болон ажилтнуудын цалингийн данс нь хандах эрхийн зохицуулалттай данс 4-д хамаарах бөгөөд зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй байдаг. Тодруулбал, Г.М нь харилцагчийн дансны мэдээллийг шалгах зориулалт бүхий Грейпбанк программыг ашиглан Б.Б, С.М болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны үлдэгдлийг шалгасан бол хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэл харах боломжгүй гэсэн алдаа заах ба Х банкны дансанд хандах эрхийн зохицуулалтын зааврын 2 дугаар зүйлийн 2.8.5 дахь заалтад заасны дагуу өөрийн харьяа удирдлага болох Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал, эсхүл Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн захирал, эсхүл орлогчоос шууд зөвшөөрөл авсан тохиолдолд хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансны мэдээлэлд ажлын шаардлагаар хандаж, шалгах боломж бүрдэх байсан.
Гэвч, Г.М нь харилцагчийн дансны үлдэгдлийг шалгахдаа зориулалтын бус хүсэлт программын зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл гэх теллерийн бэлэн бус гүйлгээнд хяналт тавьдаг программыг ашиглан хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансдын үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгасан байдаг. Тодруулбал, Х банкны теллерийн ажиллах зааврын 3 дугаар зүйлийн 3.28 дахь хэсэгт Теллер нь зээлтэй холбоотой гүйлгээг хийхдээ доорх дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд; гэж, мөн зүйлийн 3.28.3 дахь заалтад ДХА-ны мэдэгдлийн дагуу зээл, даатгал, шимтгэлийн гүйлгээг хийх ба ахлах теллер эсвэл СБХА хяналт тавьж ажиллана. гэж тус тус заасны дагуу Г.М нь зөвхөн тус салбарын теллер бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд тус гүйлгээг Данс хариуцсан ажилтан (ДХА)-ын илгээсэн мэдэгдлийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгах, хянах зорилгоор хүсэлт программд хандана. Гэтэл, Г.М-ын дээрх дансанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус салбарын теллер нь С.М болон Б.Б-тай холбоотой бэлэн бус гүйлгээ хийгээгүй болох нь Баянзүрх салбарын 2021 оны 7 дугаар сарын 09, 24-ний өдрүүдийн ДХА-ны хүргүүлсэн зээл, даатгал, шимтгэлийн гүйлгээг хийх мэдэгдлийн жагсаалт болон түүний 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн тайлбараар тус тус нотлогддог.
Түүнчлэн, Г.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд ажлын бус шаардлагаар хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалтай дансны үлдэгдлийг шалгах эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй болно. Г.М-гын дээр дурдсан дансанд хандсан огноо болон ажлын бус шаардлагаар хандсан нөхцөл байдлыг үзэхэд тэрээр өөртэй нь ижил албан тушаалд ажилладаг СБХХ-ийн СБХА С.М болон Б.Б нарын цалингийн мэдээлэл, нийт ажилтнуудын цалингийн нийлбэр дүнг харах зорилготой гэж дүгнэж болохоор байна. Учир нь тус банкны Худалдаа хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Cap бүрийн 1-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал ажлын өдрийн цалинг сарын 10-ны өдөр, 16-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын цалинг тухайн сарын 25-ны өдөр тооцож олгоно гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсэгт Цалинг олгох өдөр нь амралтын өдөр олон бүх нийтээр амрах баярын өдөр тохиовол өмнөх ажлын өдөр олгоно гэж тус тус заасан байх ба 2021 оны 7 дугаар сарын 10 болон 25-ны өдөр амралтын өдөр байсан тул 7 дугаар сарын 09 болон 23-нд ажилтнуудын цалин буусан байдаг.
Иймд, тус банк нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Х банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.10.6 дахь заалт, Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалт, 7.3 дахь хэсэг, Г.М-тай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Г.М-ын Б.Б-, С.М болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус программ ашиглан шалгасан үйлдлийг Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, Х банкны Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.3.11 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.15.2 дахь заалт, түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5 дахь заалт, түүний Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн ба түүний эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байсан тул Ажил олгогч болох Х банк Г.М-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.
Гэрч С.Б, Н.Б нар өөрсдийнх нь цалингийн дансанд хандах эрх өгөөгүй болохыг мэдүүлсэн. Гэрч Г.З-оос хяналт шалгалт хийхдээ нэхэмжлэгчээс гадна С.Б, Н.Б нараас тодруулга авснаа мэдүүлсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: тус банкны захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 дугаар тушаал, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоол зэргийг ирүүлжээ.
/1хх 3-7, 90, 243, 2хх 13, /
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21/1936 дугаар хөдөлмөрийн гэрээ, Г.М-ын хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалттай дансанд хандсан үйлдлийн лог хуулбараар, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Зээл төлөлт, шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл хүсэлтийн жагсаалт хуулбараар, Г.М-ын гаргасан тайлбар нэртэй хүснэгтэн мэдээллийн хуулбар, Аудитын тайлан, ажлын байрны тодорхойлолт, Х банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-22/01, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17/847 тоот, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-20/759 тоот, 2020 оны 03 дугаар сарын 11-ний дөрийн А-20/578 тоот тушаалууд, нууц хадгалах гэрээ, нууцын баталгаа, Х банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Менежментийн тогтолцооны аудитын заавар-MNS ISO 1901152020 Монгол улсын стандарт хуулбар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийдвэр, Аудитын тайлан, Худалдаа хөгжлийн банкны ёс зүйн хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/2022 дугаар шийдвэр зэргийг ирүүлжээ. /1хх 12, 19-74, 105, 113, 182, 2хх 173-175, 209-223, /
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2023/0**** тоот захирамжийн дагуу хариуцагч талаас ирүүлсэн компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,
-2024 оны 181/ШЗ2024/0*** тоот захирамжийн дагуу хариуцагч талаас ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-20/223 дугаар тушаал, Худалдаа хөгжийн банкны ес зүйн хорооны ажиллах журам,
-хариуцагч талын хүсэлтээр 191/ШЗ2025/**** тоот захирамжийн дагуу Худалдаа хөгжлийн банкны Г*Банк 3.31программ, нэхэмжлэгч Г.М ([email protected]) -аас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий аудитын хэлтсийн Ахлах аудитор Г.З ([email protected])-руу илгээсэн мэйл, Х банкны Allweb программын SQL-EDITOR программ зэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл,
-191/ШЗ2025/** тоот захирамжийн дагуу Х банкны аудитор Г.З, Э.С, Г.М нарын ажлын байрны тодорхойлолт, Дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит хийх хөтөлбөр, гэрч Г.З, С.М, Б.Б нарын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /1хх 140-173, 196-219, 2хх 55-65, 190-205, 247-249, 3хх 1-38/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Г.М нь Х банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 83.377.357 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: аудитын дүгнэлтийн талаар нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, мэдээллийн эзний өөрсдийнх нь зөвшөөрлөөр дансанд хандсан болохыг гэрчүүд мэдүүлсэн, хувийн ашиг сонирхлын үүднээс дансанд хандаагүй, аудитын дүгнэлтэд хувийн ашиг сонирхлоор хандсан гэж огт дурдаагүй, мөн аудитын дүгнэлт гаргахдаа зохих ёсоор төлөвлөгөөгөө батлаагүй, журмаа баримтлаагүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хариуцсан нэгжийн удирдлагын саналыг авах ёстой ч аваагүй, гүйцэтгэх захирлын орлогчтой зөвшилцөхөөр тусгасан ч үүнийгээ баримтлаагүй буюу процесс ажиллагааны зөрчилтэй гэв. Мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлав.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, хамт ажиллаж байсан С.М, Б нарын харилцах данс буюу хязгаарлалтай цалингийн дансанд албан бус шаардлагаар хандсан нь аудитын тайлангаар тогтоогдсон, анх аудитад хандсан шалтгаанаа санахгүй байна гэж өгсөн ч дараа нь С.М, Б.Б-ийн зөвшөөрлөөр хандсан гэж өөрчилсөн, энэ нь зөрчлийг үгүйсгэхгүй, Банкны тухай хуулиараа харилцагчийн дансны мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах эрх банканд, ажилтанд байхгүй, мэдээллийн эзэд зөвхөн СИП-д хандахыг зөвшөөрснөөс өөрсдийнх нь цалингийн дансанд хандах зөвшөөрөл өгөөгүй талаараа шүүхэд мэдүүлсэн, ажилтан ажлын шаардлагаар бусдын цалингийн дансанд хандах тохиолдолд удирдлагаас зөвшөөрөл авч хандах журамтай тул анхнаасаа журмаа зөрчсөн гэж тайлбарлав. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэв.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.нэг талаас Г.М, нөгөө талаас Х банк ХК нар Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч тус хуулийн этгээдэд 2012 оноос хойш ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. /1хх 6-7, 19-21, 162-164/
4.2.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дах заалт, Банкны дүрмийн 9.10.6, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3 дах заалт болон нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.3, тус банкны Ёс зүйн хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/2022 тоот шийдвэрийг үндэслэж
-тус банкны Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан Г.М тус банканд өмнө ажиллаж байсан, одоо хамтран ажилладаг ажилтнуудын /харилцагч/ нууцлалтай цалингийн данс болон Банк, салбар хоорондын тооцооны нууцлалтай дансанд ажлын бус шаардлагаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлангаар тогтоогдсон ба түүний уг үйлдэлд нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, Худалдаа хөгжлийн банкны Ёс зүйн дүрмийн 3.1.3, 3.3.11, 4.9.4.а, 5.15.2 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 6.1.5 дах заалт, Ажлын байрны тодорхойлолтын 4.3.1, 4.3.3 дах заалтыг тус тус зөрчсөн байх бөгөөд эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарна үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 3/
4.3.Дээрх тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5-д хууль тогтоомж болон энэхүү журам, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулна, .... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж, 7.3-т сахилгын шийтгэлийг ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ажил олгогчийн шийдвэрээр сонгож хэрэглэнэ гэж, 6.2.1-д ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэг хүлээхээр заажээ. /1хх 37-43/
Хөдөлмөрийн гэрээний 6.1.1-д ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, ... ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой бусад заавар, журам ... чанд сахин биелүүлж, ...үйл ажиллагааны зарчим, ...зорилтыг эрхэмлэн дээдэлж хэрэгжүүлэхэд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан ажиллах үүрэг хүлээхээр, 6.1.5-д ажилтан харилцагчийн зээл, өр, төлбөр тооцоо, харилцагчийн данс ... зэрэг мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй ба нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байж нууцыг чанд сахих үүрэг хүлээхээр,
Хөдөлмөрийн гэрээний 10.2-т гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарах 28 тохиолдлыг нэрлэснээс 10.2.5-д ажил олгогчийн дотоод дүрэм, журам, заавар зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хяналт шалгалт, бусад баримтаар тогтоогдсон, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашигласан бол, 10.2.6-д гэрээний 9-д /нууцлал/ заасан үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээллийг задруулсан, задруулахыг завдсан, алдсан бол, 10.2.13-т ажиллах хугацаандаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ болон банкны Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Жендерийн эрх тэгш байдлын бодлого, банкны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар баримтлах бодлого, банкны соёлын стандарт болон бусад холбогдох заавар, журам, дүрмийг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан бол, 10.2.20-д Ажилтан гэрээний 6.1.5, 6.1.9, 10.5-д заасныг зөрчсөн бол, 10.2.24-д ажил олгогчийн холбогдох дүрэм, заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь Дотоод аудитын газрын аудитын тайлангаар тогтоогдсон бол тус тус гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. /1хх 19-21/
4.4.Тус банкны ёс зүйн хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/2022 тоот шийдвэрт Дотоод аудитын газраас хийгдсэн А-2021/23 тоот шалгуурт суурилсан эрсдэлийн аудитын хүрээнд хүсэлт программд хандан ажилтнуудын цалингийн данс болон банкны салбар хоорондын түр дансанд ажлын бус шаардлагаар хандсан 11 ажилтны асуудлыг хэлэлцэж 7 ажилтныг ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах тушаал гаргахыг үүрэг болгосны нэг ажилтан нь нэхэмжлэгч Г.Мөнхтулга байна. / 2хх 215-223, 217/
5.Зохигчид нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл ноцтой зөрчилд хамаарах эсэхэд маргасан.
5.1.Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-2021/23 тоот аудитын тайланд системийн хэмжээнд эрсдэлтэй байж болохуйц үйл ажиллагааг илрүүлж, дотоод хяналт хангалттай болон үр дүнтэй байгааг үнэлэх, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах зорилгоор тайлан гаргажээ. Уг тайланд хүсэлт программын Зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл цэсээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны хугацаанд нууцлагдсан дансдад хандсан 1521 тохиолдолд шалгалт хийсэн, эдгээр хандалтаас ажлын шаардлагаар хандсан эсэхийг шалгахад ажлын бус шаардлагаар хандсан 11 ажилтны 64 тохиолдол илэрсэн талаар дурдаж, зөрчлийг хавсралтаар хавсаргажээ. Үүнээс нэхэмжлэгч Г.М-ын хувьд 2021 оны 7 дугаар сарын 09-нд гурван удаа, 2021 оны 7 дугаар сарын 24-нд 2 удаа, нийт 5 удаа дансанд хандсан талаар тусгагдсан байна. /2хх 211-213/
5.2.Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар тус банкны дотооддоо ашиглагддаг allweb.tdbm.mn дотоод сүлжээний программд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 09-нд нэг удаа, 2021 оны 7 дугаар сарын 24-нд гурван удаа маргаанд хамаарах дансанд хандсан log бичлэг байгааг бэхжүүлсэн. Харин үзлэгийн тэмдэглэлээр аудитын шалгалтын явцад нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7 удаагийн дансанд хандсан нэвтрэлтийн талаар тайлбар авсан болох нь тогтоогдсон. /2хх 194/
5.3.Аудитын шалгалтын явцад 7 удаагийн хандалтын талаар нэхэмжлэгчээс тодруулга авсан ч 5 удаагийнхыг зөрчилд тооцож тайланд оруулсан байх тул 2 удаагийн хандалтыг ажлын шаардлагаар хандсан гэж дүгнэхээр байна.
Хариуцагч шүүх хуралдааны явцад 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн түр данс /Д.Р гэсэн/-нд хандсан 2 удаагийн асуудал маргаанд хамаарахгүй, үүнийг зөрчилд оруулж тооцоогүй талаараа хуралдааны явцад тайлбарласан тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, зөрчилд тооцохгүй.
5.4.Харин зөвхөн хамт ажиллаж байсан С.М, Б.Б нарын харилцах данс буюу цалингийн дансанд албан бус шаардлагаар хандсан гэж тайлбарлаж зохигчид энэ талаар маргаж байна.
Ажил олгогчийн зөрчилд тооцсон үлдэх 3 удаагийн хандалтын нэг нь ажилтан С.М-ын дансанд 2021 оны 7 дугаар сарын 09-нд нэг удаа хандсан, ажилтан Б.Б-ийн дансанд 2021 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хоёр удаагийн үйлдэл багтжээ.
6.Хэрэгт авагдсан тус банкны нууцын зааврын 2.1.8.б-д банкны хэмжээнд нууцад хамаарах мэдээллийн талаар зохицуулсан, үүнд банкны дотоод, гадаад бодлогын баримт бичиг, гүйцэтгэх захирлын тушаал, түүнтэй холбоотой мэдээлэл, банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, банк, харилцагч болон банкны холбогдох этгээдийн мэдээлэл, ажилтнуудын санхүүгийн бүхий л төрлийн мэдээлэл багтах бөгөөд маш нууц, албан хэрэгцээнд багтсанаас бусад мэдээллүүд нууцад хамаарахаар заажээ. Нэг ажилтан нөгөө ажилтны харилцах дансанд хандсан асуудалд талууд маргаж байгаа тул энэ тохиолдолд тус банкны нууцын журмын дээрх зохицуулалт шууд хамаарахгүй байна.
Харин тус банкны дансдад хандах эрхийн зохицуулалтын заавар-ын 1.3.1-д хандах эрхийн зохицуулалттай данс гэж банкны бүртгэлийн системд харилцагчийн дансны үлдэгдэл, мэдээлэлд хандах ажилтны эрхийг программын түвшинд хязгаарласан дансдыг хэлнэ гэж, 2.3.1-д банк дараах тохиолдолд дансанд хандах эрхийн зохицуулалт хийж ажиллаж болно, банк.... ажилтнуудын цалин, зээлийн данс гэж заасанд хамаарч байна.
Дээрх хандах эрхийн зааврын 2.8, 2.8.5, 2.9-д зааснаар ажлын шаардлагаар программын тохиргоо болон тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангаж, хяналт тавих зорилгоор ажилтнууд банкны ажилтнуудын цалин болон зээлийн данснаас бусад төрлийн хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэлд хандах тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлөөр хандах ёстой талаар заажээ.
Ёс зүйн дүрмийн 3.3.11-д зааснаар ажилтан харилцагч, холбогдох этгээд, хамтран ажиллагч байгууллагын данс, түүний мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр хандах нь ёс зүйн зөрчилд тооцохоор, 4.9.4.а-д зааснаар ажилтан ажил үүргээ биелүүлэхээс бусад ямар ч тохиолдолд харилцагчийн мэдээлэлд нэвтрэх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хоригложээ.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хуульд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгохоор, гэрээний талууд тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Тушаалд баримталсан Хөдөлмөрийн гэрээ дэх ноцтой зөрчлүүдийг дүгнэвэл:
7.1.Хөдөлмөрийн гэрээний 10.2.5, 10.2.13, 10.2.20 дах заалтуудад банкны хэмжээнд мөрдөгдөх дүрэм журам, заавруудаа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гэж хэт ерөнхий байдлаар тусгасан, улмаар ажилтны холбогдох журам заавар зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй болгон шууд гэрээг цуцлах ноцтой зөрчил-д хамааруулж болохоор заагдсан байна. Хариуцагчаас баримтаар ирүүлсэн тус банкны нууцын заавар, дансдад хандах эрхийн зохицуулалтын заавар, Ёс зүйн дүрэм зэрэгт хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтууд тусгагдсан хэдий ч хэрэв ажилтан заавар журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчил ямар хэмжээний зөрчилд тооцогдох /ялимгүй, хүнд/, ямар хариуцлага хүлээлгэх талаар тухайлсан заавар, журмууддаа нарийвчилсан зохицуулалтууд мөн алга байна.
7.2.Гэрээний 10.2.6-д гэрээний 9-д заасан үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээллийг задруулсан, задруулахыг завдсан, алдсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан, маргааны энэ тохиолдолд дансны мэдээллийг бусдад задруулсан үйлдэл тогтоогдоогүй тул шууд хамаарахгүй. Энэ хэсэгт гэрээний 9-д заасан нууц хадгалах үүргийг биелүүлээгүй гэж мөн адил хэт ерөнхий бүх зөрчлийг тусгаж болохоор зохицуулсан.
7.3.Харин гэрээний 10.2.24-т ажил олгогчийн холбогдох дүрэм, заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь Дотоод аудитын газрын аудитын тайлангаар тогтоогдсон бол ноцтой зөрчил-д хамаарахаар заасан. Гэхдээ Хөдөлмөрийн гэрээний энэ заалтыг хэрэглэх урьдач нөхцөлд заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь аудитын тайлангаар тогтоогдсон байхыг шаардсан байна.
Хэргийн баримтаар аудитын дүгнэлтэд Г.М-ыг журам зааврыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн зүйлгүй, харин ажлын бус шаардлагаар хандсан гэж дүгнэж нэхэмжлэгчээс гадна олон ажилтнуудын зөрчлийн талаар тусгасан.
7.4.Нэхэмжлэгчийн хандсан дансны эзэд болох гэрч С.М-аас данс захиалуулсан, М цалингийн дансыг холбож өгсөн, би зөвшөөрсөн гэж, гэрч Б.Б-аас Олон улсын картын шинэ төрөл гараад тэрэнтэй холбоотой яаж захиалах уу гээд надаас асуусан. Би миний СИФ рүү ороод харчих гэсэн гэж мэдүүлснээс үзвэл тодорхой хэмжээнд гэрчүүд дансандаа хандахыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн байна. Энэ талаар аудитын тайлангийн үед авсан тайлбарт мөн тусгагдсан байна. Харин нэхэмжлэгч дансны эздийн зөвшөөрлийг хэтрүүлж тус банканд хэрэглэгддэг олон программаас хандах ёсгүй өөр программаар хандсан үйл баримт тогтоогдсон боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус банкны allweb.tdbm.mn дотоод сүлжээний программ дах Хүсэлт дэд программаар нэвтэрч маргаж буй дансанд хандахад дансны үлдэгдэл мэдээлэл харагдаагүй, чагтлагдсан ***** хэлбэрээр нууцлагдсан байсныг дурдах нь зүйтэй. /2хх 193, 197, 198/
7.5.Нэхэмжлэгч хэдийгээр холбогдох заавар, журмыг зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон хэдий ч дээрх байдлаар түүний гаргасан зөрчил ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
7.6.Үүнээс гадна тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.12-т ажилтныг ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах асуудлыг хариуцсан ...тухайн газар хэлтэс, нэгжийн захирал саналаа Хүний нөөцийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж, мөн журмын 7.3-т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах гэж зохицуулсан. Журмын дээрх зохицуулалтуудыг баримтлаагүй, хариуцсан нэгжээс санал аваагүй, нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар аваагүй буюу процесс хангагдаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэстэйг дурдав.
7.7.Нэгэнт тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан хөдөлмөрийн сахилгыг давхар баримталсан тул энэ талаар мөн дүгнэлт өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхыг мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар шаардана.
Шүүх дээр дурдснаар ажилтны гаргасан зөрчил, зөрчлийн шинж чанар нь тухайн сахилгын шийтгэлийн төрөлтэй тохироогүй гэж үзэв.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан Б-22/272 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоов.
8.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: нэхэмжлэгч маргасан тул шүүх дүгнэлт өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.6-д энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа ... сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч дансанд хандсан үйлдэл 2021 оны 7 дугаар сарын 09, 24-ний өдөр үйлдэгдсэн. Шалгуурт суурилсан эрсдэлийн аудитыг хөтөлбөрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийж дүгнэлт 2022 оны 01 дүгээр сарын 25-нд гарсан байх тул дээрх шалгалтын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар тасалдана. /2хх 211-214/
Тушаал 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан тул зөрчил гарснаас хойшхи хугацаанаас тасалдсан хугацааг хасахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар хугацаа хэтрээгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 38 сар 9 хоногт, нэг сарын дундаж цалин хөлс 2.169.671 төгрөг, нэг өдөрт 103.317 төгрөгөөр тооцож 83.377.357 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-т зааснаар ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаас /2.100.000+2.408.963+1.276.357/ тооцвол нэг сард 1.928.440 төгрөг, нэг өдөрт 89.694 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 38 сар 9 хоногт тооцож 74.087.966 төгрөгийг /73.280.720 +807.246/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
11.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Г.-ыг Х банк ХК-ийн Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн Санхүүгийн бүртгэл хяналтын ажилтнаар эгүүлэн тогтоож, олговорт 74.087.966 /далан дөрвөн сая наян долоон мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9.289.391 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 528.389 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ