| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/07056/И |
| Дугаар | 191/ШШ2025/02705 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/02705
2025 04 01 191/ШШ2025/02705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд, 0 тоотод байрлах Э ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 0 1 давхарт байрлах Р ХХК /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Д-ийн Т /РД:00000000/ нарт холбогдох,
20,044,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч "Э" ХХК нь "Р" ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр кофе шопд ашиглагдах зориулалт бүхий тоног төхөөрөмж болон бараа бүтээгдэхүүн худалдан авахаар "Худалдах, худалдан авах гэрээ"-г амаар байгуулсан.
"Э" ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ /100 хувь/ биелүүлж, "Р" ХХК-д кофены машины төлбөр 17,158,537 төгрөг, мөн тус компанийн менежер Д-ийн Т-д бараа бүтээгдэхүүний төлбөр 3,404,000 төгрөг, нийт 20,044,027 төгрөгийг төлсөн.
Гэтэл худалдагч "Р" ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж худалдан авагч "Э" ХХК-д кофе шопд ашиглагдах зориулалт бүхий тоног төхөөрөмж болон бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.
Хэдийгээр "Р" ХХК-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан тоотоор кофены машины үнэ болох 17,158,537 төгрөгийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацааны дагуу барагдуулахаар тохиролцсон хэдий ч одоог хүртэл тохирсон хугацаанд дээрх төлбөрөө төлөөгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч "Р" ХХК-аас 17,158,537 төгрөгийг, хариуцагч Д.Т-с 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч "Р" ХХК-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан тоотод кофены машины үнэ болох 17,158,537 төгрөгийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацааны дагуу барагдуулахаар, мөн тус албан тоотдоо "төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно" хэмээн тохиролцсон.
Хэдийгээр хариуцагч "Р" ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа нийт төлбөрийн үлдэгдэл "7,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна" хэмээн тайлбарласан хэдий ч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Д.Т-д ногдох 3,404,000 төгрөгийг хэвээр үлдээж, зөвхөн хариуцагч Р" ХХК-д холбогдох 17,158,537 төгрөгийг алданги 3,601,803 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Тодруулбал, хариуцагч Р" ХХК нь төлбөр буцаан төлөх хуваарийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 2,158,537 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 3,000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-нд 12,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр тохиролцсон хэдий ч хариуцагч нь хүлээсэн үүргээ хугаандаа биелүүлэлгүй 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,158,537 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Ийнхүү 0.5 хувийн алданги буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 572,204 төгрөгийн алданги тооцох юм.
Төлбөрийн алданги тооцоо
| № | Төлөх огноо | Төлөх дүн | Төлсөн огноо | Төлсөн төлбөр | Төлбөл зохих дүн | Алданги |
| 1 | 2024.11.20 | 2,158,537 | 2024.12.17 | 10,158,537 | 5,158,537 | 302,195.18 |
| 2 | 2024.11.30 | 3,000,000 | 270,000 | |||
| Нийт төлсөн | 10,158,537 | 5,730,732.18 | ||||
| Төлбөрийн зөрүү | 4,427,804.82 | |||||
Хариуцагч Р" ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,158,537 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд үүнээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөл зохих төлбөр болон алдангийг хасан тооцож, зөрүү 4,427,804.82 төгрөгийг үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгөөс хасан тооцож, мөн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сар гаруй хугацаанд алданги нэмж тооцох юм.
Төлбөрийн алданги тооцоо
| № | Төлөх огноо | Төлөх дүн | Төлсөн огноо | Төлсөн төлбөр | Алданги тооцсон дүн | Алданги |
| 1 | 2024.12.30 | 12,000,000 | 2024.12.17 | 4,427,804.82 | 7,592,195.18 | 3,028,878.07 |
| Нийт алданги | 3,028,878.07 | |||||
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Р ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 7,572,195.18 төгрөг, алданги 3,601,803 төгрөг, нийт 11,173,278.18 төгрөгийг, хариуцагч Д.Т-ас 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Т миний бие Э ХХК-ийн нэхэмжилсэн 3,404,000 төгрөгийг 2025.02.25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Э" ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компаниас кофены автомат машин авахаар данс руу 17,158,537 төгрөгийг төлсөн нь үнэн. Э ХХК нь анх манай компанитай Франчайзын гэрээ байгуулахаар ярилцаж байсан боловч гэрээ байгуулаагүй. Харин манай компанид Ерөнхий менежер ажилтай байсан Д.Т-тай амаар тохиролцон, "Э" ХХК нь манай компанийн данс руу кофены машины үнэ 17,158,537 шилжүүлсэн боловч уг мөнгийг Д.Т өөрийн дансандаа шилжүүлэн аваад алга болсон байдаг. Бид Д.Т-тай холбоотой хэргийг СБД-ийн Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.
Нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүний үнэ 3,404,000 төгрөгийн талаар манай компани мэдэхгүй, тухайн төлбөр манай компанийн дансанд ороогүй. Э ХХК нь Д.Т-гийн хувийн дансанд шилжүүлсэн гэж ярьдаг.
Манай компани нь 2024.11.18-ны өдөр Э ХХК-ийн удирдлагатай уулзан Э ХХК-с шилжүүлсэн нийт 17,158,537 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний хүрээнд Э ХХК-д 2024.12.17-ны өдөр 10,158,537 төгрөг төлсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна.
Хоёр компанийн дунд анхнаасаа ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ байгаагүй. "Э" ХХК нь манай компанийн менежер Д.Т-тай ярилцаж гэрээ байгуулалгүй дур мэдэн компанийн дансанд кофены машины үнэ 17,158,537 шилжүүлсэн байсан. Энэ мөнгөний тухайд манай компанийн дансанд орж ирсэн нь үнэн тул бид эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний илэрхийлэл болгож 2024.12.17-ны өдөр 10,158, 537 төгрөгийг "Э ХХК-д төлсөн. Одоо 7000000 төгрөгийн өртэй байгаа. "Э" ХХК нь нэмэгдүүлсэн шаардлагадаа нэхэмжлэлийн хэмжээг 4,173,278.18 нэмэгдүүлсэн байна. Задалбал нийт манай компаниас нэхэмжилж байгаа мөнгө 11,173,278.18 төгрөг, үүнээс манай компанийн үлдэгдэл өр 7,000,000 төгрөгийг хасвал нэмэгдүүлсэн үнэ 4,173,278.18 төгрөг. Нэмэгдүүлсэн шаардлагаас харахад тухайн дүн яаж гарсан нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл алданги тооцсон дүнгийн хүснэгт дэх үнийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй байгаа тул бодох боломжгүй байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д "Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ" гэж заажээ. 2 компанийн дунд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
2024.11.18-ны №24111-01 тоот албан бичигт тусгасан алдангийн тухайд, "Э" ХХК-ийн удирдлагууд компани дээр ирж шөнийн 22 цаг өнгөртөл сууж тулган шаардаж байж нэмсэн алданги,
Төлбөр барагдуулах хүснэгтийн тайлбар хэсэгт /Энэ хугацаанд төлбөрөө барагдуулж амжихгүй бол ирэх оны 01 сарын 15-ны өдөр үлдэгдлийг бүрэн барагдуулахаар тохролцов гэж заасан энэ нь хэрэв алданги тооцох бол энэ хугацаанаас тооцох байсан. Өөрөөр хэлбэл оны сүүл болсон тул уян хатан нөхцөлтэй байя гэж тохирч байсан.
Хэрэв шүүхээс алданги төлөх нь зүйтэй гэж үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсний дагуу 2024.12.04-ний өдөр "Э ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар алданги тооцох хугацаа тасалдах ёстой. Энэ нөхцөлд графикт заасны дагуу эхний төлөлт 2024.11.20-ны өдөр төлөх байсан 2158537 төгрөг 2024.12.04-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 14 хоног хэтэрсэн байна. 2158537%0.5=10792.6*14хоног=151097.6 төгрөгийн алданги. 2024.11.30-ны өдөр төлөх байсан 3000000 төгрөг 2024.12.04-ны өдөр хүртэл 4 хоног хэтэрсэн, 3,000,000 х 0.5% = 15000 * 4 хоног = 60000 төгрөгийн алданги нийт 151,097.6 + 60,000 = 211,097.6 төгрөгийн алданги гарахаар байна.
Манай компанийн зүгээс:
1. Хоёр компанийн дунд ямар нэг бичгээр хийсэн гэрээ байхгүй мөн албан бичгээр алданги тооцох хугацаа 2025.01.15 өдрөөр эхлэхээр тохиролцсон байсан тул хуульд заасан алданги төлөх боломжгүй үндсэн төлбөрөө шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа төлнө.
2. Хэрэв шүүхээс алданги төлөх нь зүйтэй гэж үзвэл Иргэний хуулийн 79.1-д зааснаар 211,097.6 төгрөгийн алдангийг үлдсэн төлбөр 7000000 төгрөгийн хамт нийт 7211,097.6 /Долоон сая хоёр зуун арван нэгэн мянга ерэн долоон төгрөг жаран мөнгө/-ийг шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хас банкны дансны хуулга-2ш, Хаан банкны дансны хуулга-1ш, Р" ХХК-ийн 2024.11.18-ны өдрийн 24/11-01 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Р ХХК-иас 17,158,537 төгрөгийг, алданги 3,601,083 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Д.Т-с 3,404,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Р ХХК-иас кофены автомат машин, бараа бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцож, Р ХХК-ийн дансанд 17,158,537 төгрөгийг, хариуцагч Д.Төрсанаагийн дансанд 3,404,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Р" ХХК-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан тоотод кофены машины үнэ болох 17,158,537 төгрөгийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацааны дагуу барагдуулах, төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно хэмээн тохиролцсон гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч Р ХХК нь кофены машины авахаар дансанд шилжүүлсэн 17,158,537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,158,537 төгрөгийг төлж, үлдэх 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги төлөхгүй, хэрэв төлөх үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргээс алданги тооцож 211,097.6 төгрөгийг төлөх гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлага болох 3,404,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Э ХХК нь кофены автомат машин, бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хариуцагч Р ХХК-ийн дансанд 2024.04.18-ны өдөр 17,158,537 төгрөгийг, хариуцагч Д.Т-гийн дансанд 2024.04.30-ны өдөр 3,114,000 төгрөг, 2024.05.05-ны өдөр 135,000 төгрөг, 2024.05.07-ны өдөр 155,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хас банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-8 хуудас/
4.2. Р ХХК нь нэхэмжлэгчийг өөрийн компанийн менежер Д.Т-тай тохиролцож, мөнгө шилжүүлснийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5. Р ХХК нь кофены автомат машин, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч Э ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Э ХХК нь гэрээнээс татгалзаж, барааны үнэд шилжүүлсэн мөнгөө Рч ХХК, Д.Т нараас буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 255.2 дахь хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Р ХХК нь 2024.11.18-ны өдрийн №24/11-01 тоот албан бичгээр 17,158,537 төгрөгийг Э ХХК-д хэсэгчлэн төлж барагдуулах, графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-р алданги тооцох батламж гаргасан. /хавтаст хэргийн 9 хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.12.17-ны өдөр 10,158,537 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,404,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Иймд хариуцагч Р ХХК-иас 7,000,000 төгрөгийг, хариуцагч Д.Т-аас 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Алдангийн тухайд,
Нэхэмжлэгч Э ХХК нь 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан тоотод кофены машины үнэ болох 17,158,537 төгрөгийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацааны дагуу барагдуулах, төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно хэмээн тохиролцсон гэх үндэслэлээр алданги 3,601,083 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч Р ХХК нь анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж, мөн алдангийн хэмжээний талаар маргаж байна.
8. Талууд анзын гэрээ байгуулсан эсэх, алдангийн хэмжээний талаар маргаж байна.
8.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан.
Р" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан бичгийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, гэж 195.2-д Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэж тус тус заасны дагуу гэрээний санал гэж үзэх үндэслэлтэй байна.
Р" ХХК-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан бичгээр Э ХХК-д 17,158,537 төгрөгийг хэсэгчлэн төлөх график хугацаа /хүснэгтэд заасан/-г тогтоож, Төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж анзын гэрээний саналыг ЭДАНС ХХК-д гаргасан тул ЭДАНС ХХК-ийн уг саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал /Р" ХХК/ хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно.
Э ХХК-ийн алдангийн саналыг хүлээн зөвшөөрсөн бичгийн баримтыг Р" ХХК хүлээн аваагүй тул бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсанд тооцох хуулийн урьдчилсан нөхцлийг хангаагүй байна.
8.2. Иймд анзын гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Э ХХК нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй юм.
Уг үндэслэлээр Э ХХК-ийн алданги 3,601,083 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж 330,754 төгрөгийг төлсөн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т-аас 3,404,000 /гурван сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг, хариуцагч Р ХХК-иас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,158,537 төгрөгийн болон алданги 3,601,083 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,754 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-с 69,414 /жаран есөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг, хариуцагч Р ХХК-иас 243,743 /хоёр зуун дөчин гурван мянга долоон зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА