| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06608/И |
| Дугаар | 191/ШШ2025/03647 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03647
| 2025 04 29 | 191/ШШ2025/03647 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** дүүрэг, ** дугаар хороо, ***тоотод бүртгэлтэй ч, *** дүүрэг, ** дугаар хороо, ** цамхаг, ** давхар, **тоотод байрлах Г* констракшн ХХК /Регистрийн дугаар: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар барилга, ** давхарт бүртгэлтэй ч, ** дүүрэг, * дүгээр хороо, *** тауэр, ** тоотод байрлах, Э ХХК /Регистрийн дугаар:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 257.981.528 төгрөг гаргуулах, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ү.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 257.981.528 төгрөг гаргуулах, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г ХХК нь Э ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЭСР/АГГ/119 тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад дэлхий нийтэд Ковид 19 цар тахал дэгдэж, улмаар Монгол Улсын хил хаагдаж, ачаа тээвэрлэлт хязгаарлагдсаны улмаас анхны гэрээний төсөвт өртөг илтэд нэмэгдэж, санхүүгийн хямрал бий болсон.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан улсын төсөвт хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн төсөвт өртөг хүрэлцэхгүй нь илэрхий болсон тул Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын 4-д улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах, 5-д улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 7 дугаарp сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
УИХ-ын 88 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 397 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 1.1-д Монгол Улсын Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн өмнөх онд хийсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийж санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан.
УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай 74 дүгээр тушаал гарч, уг тушаалын 1-д Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс-ийг хавсралтаар баталсугай, 2-д Энэхүү индексийг барилга байгууламжийн төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэхээр тогтоосугай., 3-д Барилга байгууламжийн төсөвт өртөгт дахин магадлал хийх, мөн магадлалаар баталгаажсан төсвийн хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагаанд Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийг хэрэглэхгүй байхыг Барилгын хөгжлийн төв-д даалгасугай гэсэн байна.
Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Түр журам батлах тухай 75 дугаар тушаалын хавсралтаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам баталж, хэрэгжүүлсэн. Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Жишиг материал хүргүүлэх тухай №1/1870 тоот албан бичгээр Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, аймаг, нийслэлийн засаг дарга нарт, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нарт ... Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг хамруулан ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр (гадаадын зээл, тусламж, сангийн хөрөнгө, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт)-ээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд дээрх журамд заасан зарчмыг баримтлан, үнийн өөрчлөлтийг тооцох барилгын материалын үнийг Ажлын хэсгээс нарийвчлан гаргаж, харьцуулалт хийж /20 бүлгийн 539 нэр төрлийн материал/ баталсан жагсаалтыг харгалзан төсөвт өртгийг өөрчлөн тооцох нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой тул дээр дурдсан холбогдох материалыг жишиг болгон хэрэглүүлэхээр хүргүүлэв гэсэн байна.
Ийнхүү зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын хүнд жилүүдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлт, хилийн хорин тээвэр логистикийн хүндрэлийн улмаас барилгын гүйцэтгэгч компаниудад бодитой учирсан хохирол, зардлыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрүүд гарч улс орны хэмжээ нэгдсэн журмаар хэрэглэгдсэн. Манай компани мөн цар тахлын хүнд үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж гэрээний санхүүжилтээс гадна өөрийн хөрөнгө, нөөц бололцоог ашиглаж, өр зээл тавьж барилгын ажлыг дуусгахыг эрмэлзэж ажилласан болно.
Манай Г ХХК нь барилгын ажлын үнийн өсөлтийн индекс хийлгэх хүсэлтийг ЭХХК-д удаа дараа албан ёсоор хандсан. Э ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №01/203 тоот албан бичгээр ... сэндвич хавтангийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал гаргуулахыг зөвшөөрч, мөн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №01/305 тоот албан бичгээр Иймд 2021 оны ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай компанийн зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн боловч уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гарын үсэг, бичиг баримтын бүрдүүлбэрийг шалтгаангүйгээр зогсоосон болно. Гэтэл Э ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №01/451 тоот албан бичгээр өмнөх зөвшөөрлөөсөө үндэслэлгүй татгалзаж ... нийт 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилга хөгжлийн төвд хандаж нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгох тухай дурдсан байх тул холбогдох зөвшөөрлийг олгох боломжгүй юм. Харин барилгын дээврийн сэндвичин хавтангийн ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн байна.
Ингэснээр өмнө өгсөн зөвшөөрлийг тодорхой шалтгаангүйгээр хэрэгжүүлэхээс татгалзаж, улмаар УИХ, Засгийн газар, яамнаас гарсан шийдвэрийг үндэслэлгүй хэрэгжүүлэхгүйгээр илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хариуцагч байгууллага гаргаж байна. Түүнчлэн гэрээгээр тохиролцсоны дагуу барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгч байгууллагад Магадлашгүй ажлын зардал болох 257.981.528 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр шийдвэрлэхгүй байгаа болно. Э ХХК ийн ТУЗ-ийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Э ХХК ийн эрх, үүргийг Э ХХК-д шилжүүлэх замаар нэгтгэх шийдвэр гаргасан тул хариуцагчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагч хуулийн этгээдэд шилжсэн болно.
Иймд Г ХХК нь Э ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЭСР/АГГ/119 тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Магадлашгүй ажлын зардал болох 257.981,528 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Г ХХК нь Э ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЭСР/АГГ/119 тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилга хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
2.1.Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрэм-ийн 8.2.Магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна., 8.3.Магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулна. Үүнд: зураг төсөл батлагдсаны дараа ажлын зургаар ажлын тоо хэмжээнд орсон өөрчлөлтийг санхүүжүүлэх; зураг төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн тооцооны алдааг залруулахад; барилгын материал хийц хэсгийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн тохиолдолд гарах зардал; ажлын баримт бичгийн төслийн шийдлийн өөрчлөлтийн зөрүү; бусад зардал., 8.4. Магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэх актыг захиалагч, зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч байгууллагын удирдлага, талбайн инженер, төсөвчин нар гарын үсэг зурж баталгаажуулна. гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас буюу магадлашгүй ажлын зардлыг тохиролцож зөвшилцсөн бичиг баримт үйлдэгдээгүй байх тул 257.981.528 төгрөгийг олгох боломжгүй юм.
2.2.Манай байгууллага нь 100 хувь төрийн өмчит компанийн охин компани юм. Өөрөөр хэлбэл, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авахгүй тул барилгын материалын үнийн индексийн өөрчлөлттэй холбоотой тогтоол шийдвэрийг бид хэрэгжүүлэхдээ тухайн гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар харилцан тохиролцож шийдвэрлэхээр байсан. Ийм учраас манай байгууллагыг дээрх тогтоол шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр Захиргааны шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэх боломжгүй, бидэнд тухайн шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй юм.
2.3.Ажил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Манайх гүйцэтгэгч байгууллагатай 9.453.885.000 төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан. Мөн дараа нь 2.511.790.850 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт ажлын гэрээ хийсэн. Хоёр гэрээний дагуу ажлыг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, энэ өдрийн байдлаар ажлын хөлс 11.015.488.373 төгрөг олгосон. Гэрээ дүгнэгдсэний дараа 242.366.080 төгрөг олгогдсон. Нийт хоёр гэрээний үнийн дүн 11.965.675.833 төгрөг байгаа. Эндээс 5 хувийн баталгаа, магадлашгүй зардлын нөөц хөрөнгө 235.127.152 төгрөг суусан байсныг олгоогүй. Аливаа барилгын ажилд магадалшгүй ажил гарч магадгүй гэдэг үндэслэлээр 2 хувиар, үйлдвэрийн барилга бол 3 хувиар тооцож тавигддаг. Нэхэмжлэгч үндсэн гэрээнд магадлашгүй ажлын зардлыг 2 хувиар, нэмэгдэл гэрээнд 3 хувиар тооцсон байдаг. Гэтэл нэмэлт ажил хийгдээгүй, магадлашгүй ажлын зардал гараагүй. Ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орсон зүйлгүй.
Үүнээс гадна нэхэмжлэгчтэй анх гэрээг байгуулахад Ковид гарсан байсан тул гэрээ байгуулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай тайлбар үндэслэлгүй. Анхнаасаа нэхэмжлэгч нийт ажлын хөлсний 80 хувиа урьдчилж авсан тул бараа материалаа татах боломжтой байсан гэв.
Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №НГ/ЭСР/АГГ/119 тоот Гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЭСР/АГГ/119 тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Э ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/305, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/203, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/27 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22/18, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20-ны өдрийн 22/12, 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22/3, 5 дугаар сарын 02-ны өдрийн 22/15, 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/22, 6 дугаар сарын 27-ны өдрийн 22/16 тоот албан бичгүүд, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1870 тоот албан бичиг хуулбараар, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74, 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 /хавсралт/ дугаар тушаалуудын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар тогтоол хуулбараар, Нутаглан баяжуулах үйлдвэр, Усгүйжүүлэн тунгаах үйлдвэр нэртэй гэрэл зургууд, Дундговь аймаг Гурвансайхан сум Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Магадлашгүй ажлын төсөв, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 7-57, 87/
Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, /хх 60-62, 85/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/12184 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн х/406 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 98-101/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г ХХК нь Э ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт /магадлашгүй ажлын зардал/ 257.981.528 төгрөг гаргуулах, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээ байгуулсан, ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн, төсвөөс магадлашгүй ажлын зардлаас бусдыг төлсөн, ажлын гүйцэтгэлийн явцад зураг төсөлд өөрчлөлт орж нэмэлт ажил хийгдсэн тул магадлашгүй ажлын зардлыг гаргуулна, түүнчлэн гэрээ байгуулсны дараа Коронавируст цар тахлын улмаас үнийн өсөлт гарсан, үүнийг Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар баталсан түр журмаар зохицуулж үнийн индексийн магадалгааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжид зөвшөөрсөн, хариуцагчаас магадлал хийлгэхийг зөвшөөрсөн албан бичгийг ирүүлж байсан ч хэрэгжүүлээгүй тул 2021 оны ажлын гүйцэтгэлд үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгуулна гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: гэрээ байгуулж, ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг төлсөн, магадлашгүй ажил хийгдээгүй нэмэлт зардал гараагүй тул магадлашгүй ажлын зардлыг хасч олгосон, ажлын явцад зурагт өөрчлөлт ороогүй, гүйцэтгэгч нэмэлт ажил гүйцэтгээгүй, тийм баримт манайд байхгүй гэв. Мөн үнийн өсөлтийн индексийн магадлал хийлгэхийг зөвшөөрөхгүй, анхнаасаа гэрээ байгуулахдаа урьдчилгаа 80 хувийг авсан тул бараа, материалаа татах боломжтой байсан, засгийн газрын тогтоолын хугацаа дууссан гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.нэг талаас Э ХХК, нөгөө талаас Гантөмөр констракшн ХХК нар 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тохиролцож, Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр каркас, хана, дээврийн барилга угсралтын ажлыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр, Захиалагч ажлын хөлс 9.453.885.000 төгрөг төлөхөөр тохирч ЭСР/АГГ/119 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хх 18-25/
3.2.Талууд дахин 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан байх бөгөөд, энэ гэрээгээр Гүйцэтгэгч нь усгүйжүүлэн тунгаах цехийн өтгөрүүлэгчийн суурь, хана илүүдлийн усан сангийн барилга угсралтын ажил, мөн нунтаглан баяжуулах цехийн гадна байрлах тээрмийн суурь ба тоног төхөөрөмжийн доорх нил суурийн барилга угсралтын ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэхээр, захиалагч дээрх хоёр нэмэлт ажлын хөлсөнд 2.511.790.855 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх 14-17/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
3.3.Нэхэмжлэгчээс Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Э ХХК компанийг Э ХХК компанид нэгтгэсэн үндэслэлээр дээрх гэрээний үүргийг Эрдэнэс алт ресурс ХХК-иас шаардсан.
Хариуцагч дээрх үйл баримтыг үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэгтгэгдсэн хуулийн этгээдийн бусадтай байгуулсан гэрээний эрх, үүргийг өөртөө нэгтгэн авсан хуулийн этгээдээс шаардсан нь үндэслэлтэй.
4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр, мөн гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зохицуулжээ.
4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар хамаарна гэж заасан.
Хэрэгт талуудын хоорондох гэрээтэй холбоотой ажлын гүйцэтгэл, ажлыг хүлээлгэн өгсөн баримт, гэрээ дүгнэсэн акт, улсын комиссын хүлээн авсан акт, ажлын хөлс төлсөн талаарх баримтууд авагдаагүй, зохигчдын хэн алин нь баримтаар ирүүлээгүй болно.
Гэвч хэн алин нь үндсэн болон нэмэлт ажлын гэрээний дагуу ажлыг гүйцэтгэгч гүйцэтгэж 2023 оны 9 дүгээр сард ажлыг хүлээлгэн өгсөн, тухайн хийсэн ажлыг улсын комисс 2023 оны 11 дүгээр сард байнгын ашиглалтад хүлээж авсан, хоёр гэрээний дагуу төлбөл зохих ажлын хөлс 11.965.675.855 /9.453.885.000 +2.511.790.855/ төгрөгөөс магадлашгүй ажлын зардлаас бусдыг хариуцагч олгосон гэж тайлбарлаж маргахгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөвд тооцож маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.2.Нэхэмжлэгч магадлашгүй ажлын зардал 257.981.528 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ: ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч талаас зурагт өөрчлөлт оруулж ажлын тоо хэмжээ нэмэгдэж байсан тул төсөвт суугдсан магадлашгүй ажлын зардлаа гаргуулна гэж, харин хариуцагчаас нэмэлт ажил гүйцэтгэсэн, ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсон талаарх баримт манайд байхгүй, хэрэгт энэ талаарх баримтгүй, нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасан.
Хэрэгт ажлын гүйцэтгэлийн явцад тоо хэмжээ өөрчлөгдсөн эсэх талаарх баримтууд авагдаагүй.
Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх нэхэмжилсэн магадлашгүй ажлын зардал гэдэг нь талуудын хооронд байгуулсан хоёр удаагийн гэрээний дүн болох 9.453.885.000 төгрөг, 2.511.790.855 төгрөг дотор анхнаасаа багтсан зардал болох нь тогтоогдож байна. Мөн ажлын хөлснөөс гадна нэмэлтээр хийгдсэн ажлын хөлс агуулгаар маргаагүй байх тул шүүх маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл талууд анх төсөв зохиож үнийн дүнгээ тохирч гэрээг байгуулахдаа гүйцэтгэгчийн зардлын тооцооны задаргаанаас /шууд зардал, барилга угсралтын ажлын дүн, нормчлол, захиалагчийн хяналтын зардал, магадлашгүй ажлын зардал, бусад нэмэлт зардал гэх мэт/ магадлашгүй ажлын зардал хэсэгт тусгагдсан дүнг олгоогүй, энэ дүнг гаргуулахаар шаардсан болох нь тогтоогдож байна.
Иргэний эрх зүй гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд тулгуурлах бөгөөд үүнийг илэрхийлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэрээнд тусгагдсан хэлэлцэн тохирсон хөлсний хэмжээ буюу үнэ өөрөө гэрээ байгуулагдсан гэж үзэх гол нөхцлийн нэгд хамаарах болохыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж, 343 дугаар зүйлийн 343.1-д ...хэлэлцэн тохирсон хөлс төлөх гэж зааснаар илэрхийлэгдэнэ.
Захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хөлс болох 11.965.675.855 /9.453.885.000 + 2.511.790.855/ төгрөг төлөх үүргийг хүлээнэ.
Түүнчлэн ажлын гүйцэтгэлийн явцад нэмэлт ажил гүйцэтгээгүй үндэслэлээр нэгэнт хэлэлцэн тохиролцсон хөлсийг багасгаж, төсөв дотор багтсан магадлашгүй ажлын зардал-ыг хасч тооцох, олгохгүй байх үндэслэлгүй. Энэ нь хөлс төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйд тооцогдох тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
4.3.Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2.511.790.855 төгрөгийн нэмэлт гэрээний хавсралтаар хийгдэх хоёр ажил, түүний төсвийн задаргааг хавсаргажээ.
Үүнд: усгүйжүүлэн тунгаах цехийн өтгөрүүлэгчийн суурь, хана илүүдлийн усан сангийн барилга угсралтын ажлын хөлс 1.375.813.257 төгрөг дотор магадлашгүй ажлын зардалд 36.467.925 төгрөг, нунтаглан баяжуулах цехийн гадна байрлах тээрмийн суурь ба тоног төхөөрөмжийн доорх нил суурийн барилга угсралтын ажлын хөлс 1.135.977.598 төгрөг дотор магадлашгүй ажлын зардалд 30.110.733 төгрөг тус тус багтсан байх тул шүүх энэ хэмжээгээр захиалагч ажлын хөлсийг дутуу олгосон гэж үзэж хариуцагчаас гаргуулна. /хх 16, 17/
4.4.Харин үндсэн ажил гүйцэтгэх гэрээ болох 9.453.885.000 төгрөгийн төсвийн задаргааг шүүхэд баримтаар ирүүлээгүй.
Гэвч хариуцагчаас хуралдааны явцад энэ төсөв дотор магадлашгүй ажлын зардлыг 2 хувиар тооцож суулгасан байсан, 168.548.493 төгрөг байсан гэж тайлбарласан тул шүүх энэ тайлбарыг үнэлж шийднэ.
Иймд ажлын хөлснөөс дутуу олгосон /магадлашгүй ажлын зардал/ 235.127.151 /168.548.493+36.467.925+30.110.733/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Харин 2021 оны ажлын гүйцэтгэлд үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.
Нэгэнт гэрээгээр талууд хэлэлцэн тохирч ажлын хөлс буюу үнээ тохиролцсон. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1, 345.2, 345.3, 345.4-т зааснаас үзвэл ажлыг төсөв зохиож гүйцэтгэж болохоор, хэрэв төсөв нэмэгдэхээр бол нэн даруй захиалагч талдаа мэдэгдэх үүрэгтэй байхаар, талууд хэлэлцэн тохирч үнэд өөрчлөлт оруулахаар, хэрэв төсвийн хэмжээ нэмэгдэхэд захиалагч зөвшөөрөөгүй бол гэрээ цуцлагдахаар зохицуулсан.
Хэргийн баримтаар захиалагч тал гүйцэтгэгчийн 2021 оны ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг зөвшөөрсөн албан бичгийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/305 тоотоор хүргүүлж байсан байх боловч хэн алин нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээ хэрэгжиж дууссан байх тул одоо үнийн өсөлттэй холбоотойгоор магадлал хийлгэх буюу агуулгаараа нэмэлт зардлыг тодорхойлуулах шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.
6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар Э ХХК-иас 235.127.151 /хоёр зуун гучин таван сая нэг зуун хорин долоон мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22.854.377 төгрөг болон үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1.518.058 /1.447.858+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.333.585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ