| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00389/И |
| Дугаар | 191/ШШ2025/02923 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/02923
2025 04 08 191/ШШ2025/02923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах, О ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1, 0 хаягт байрлах, Ш-т холбогдох,
2021.06.03-ны өдрийн 6240 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч О ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03-р сарын 24-ний өдрийн 0 дугаар захирамжаар Ж (одоогийн Ж)-т зээлийн төлбөр 1,596,579,229 төгрөгийг төлөх шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой "О" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн 6240 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай" тогтоолын хуулбарыг Х.Т-д 2025 оны 01-р сарын 09-ний өдөр л өгсөн. Нэхэмжлэгч тал уг тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.4-т заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргахыг заасан учир ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байх үеэр уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсэж, 2023 оны 12-р сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/0000 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Уг эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолоор "О" ХХК-ийн төлөх ёстой байсан дээрх зээлийн гэрээний төлбөрийг "И" ХХК төлөх болж, одоо төлөгдөөд явж байгаа билээ.
Нэхэмжлэгч талаас нэг зээлийн гэрээтэй холбоотой иргэний болон эрүүгийн 2 тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэг зээлийн төлбөрийг 2 талаас давхардуулан авах гээд байгаа нөхцөл байдал үүсээд байгаа тул "О" ХХК дээр явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгөхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа хүссэн боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй.
Ийнхүү нэхэмжлэгч "О" ХХК нь төлбөр төлөх үндэслэлгүй болсон бөгөөд үйл ажиллагаа ч явуулахгүй байгаа компани юм. Түүний хувьцаа эзэмшигч Х.Т-гийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа явж эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч, хилээр гарах гэж байсан үеэрээ л өөрийнхөө гадаадад зорчих эрх түдгэлзсэнийг мэдсэн бөгөөд тэр даруй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж лавлахад дээрх тогтоолыг танилцуулсан байна. Уг тогтоол нь дараах үндэслэлүүдээр хүчингүй болохоор байна. Үүнд:
1. Х.Т-д анхнаасаа гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл үүсээгүй тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж тунхагласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 ... төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно
59.1.1. эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн
59.1.2. хөрөнгөө нуун дарагдуулсан
59.1.3. төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж заасан бөгөөд Х.Түмэнгийн хувьд анхнаасаа дээрх 3 үндэслэлд заасан төлбөр төлөхөөс зайлсхийх, хөрөнгөө нуух, оргон зайлах ямар ч үйлдэл хийгээгүй буюу гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай дээрх хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоолдоо түдгэлзүүлэх болсон үндэслэлээ огт бичээгүй нь уг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, түүнчлэн хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын гадаадад зорчих эрхийг хязгаарлаж болохгүй талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2. Төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл болохгүй тухайд Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй буюу биелүүлж чадахгүй байгаа нь иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй хэмээн Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн 001/XT2022/01018 дугаартай шийдвэр болон ижил төстэй бусад шийдвэрүүд дээр тусгагдсан байгааг шүүх анхааран үзнэ үү.
3. Тухайн тогтоолыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй тухайд, Дээрх хуулийн 59-р зүйлийн 59.2-д Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ" хэмээн заасны дагуу Х.Т-д гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн 2021 оны 6240 дугаартай тогтоолыг 2025 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэл огт мэдэгдээгүй, хуулбарыг өгөөгүй.
4. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлгүй болсон тухайд, Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч тал дээр явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийг эрүүгийн шүүхийн тогтоолын дагуу И ХХК буюу өөр этгээд төлөөд, өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас нэхэмжлэгч О ХХК тухайн төлбөрийг төлөх үндэслэлгүй болсон.
Ийнхүү О ХХК-ийн хувьд тухайн төлбөрийг төлөх үндэслэлгүй болсон бөгөөд өөр этгээд уг төлбөрийг төлж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч Х.Т-гийн хувьд анхнаасаа гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүсээгүй, мөн тухайн тогтоолыг мэдэгдээгүй хууль зөрчсөн учир гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, гадаад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш хариу тайлбар, татгалзалдаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар захирамжаар "О" ХХК-иас 1.596.579.229 төгрөг гаргуулж Ж санд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч "О ХХК-д шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсвэл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гээд 59.2-д энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч иргэн, төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэж заасан.
Төлбөр төлөгч О ХХК нь шүүхийн шийдвэрт заасан хаяганд үйл ажиллагаа явуулахгүй, эд хөрөнгөгүй, эрэн сурвалжлагдсан болох нь тогтоогдсон тул Компаний тухай хуулийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул тус компаний захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 2023/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.10-ны өдрийн 182/ГХ2017/01024 дугаар гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.03.24-ний өдрийн 101/ШШ2016/02610 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.10-ны өдрийн 182/ШЗ2017/10323 дугаар захирамж, 2018.08.10-ны өдрийн 18300862 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, О ХХК болон Х.Т нарын мэдээлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.08.13-ны өдрийн 4/12663 дугаар албан бичиг, 2018.08.15-ны өдрийн 18300862/02 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоол, 2018.10.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2ш, 2018.10.04-ний өдрийн 18300869/04 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2018.10.04-ний өдрийн 18300862/04 дугаар Зарлан дуудах мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн 11 хорооны 2018.10.04-ний өдрийн 3173 дугаар тодорхойлолт, 2018.12.14-ний өдрийн 12/18.1 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2018.12.14-ний өдрийн 18300862/09 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2019.01.22-ны өдрийн 18300862/01 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019.01.22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.01.22-ны өдрийн 18300862/01 дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2019.05.23-ны өдрийн 18300862/02 дугаар Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, 2019.05.23-ны өдрийн 18300862/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019.05.23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.06.03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2024.09.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, 2024.09.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025.01.28-ны өдрийн 121/4 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2025.01.28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2025.02.11-ний өдрийн 1/170 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан 2021.06.03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, гадаад зорчих эрхийг сэргээхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй буюу биелүүлж чадахгүй байгаа нь иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй тул мэдсэн өдрөөс хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг эрүүгийн шүүхийн тогтоолын дагуу И ХХК төлөхөөр болсон тул О ХХК нь төлбөрийг төлөх үүрэггүй болсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: шүүхийн шийдвэрийн дагуу О ХХК нь 1.596.579.229 төгрөгийг төлөх үүргээ огт биелүүлээгүй, эд хөрөнгөгүй, шүүхийн шийдвэрт заасан хаягандаа үйл ажиллагаа явуулдаггүй, эрэн сурвалжлагдсан тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021.06.03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж, хуулбарлан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал дээрхи тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 7 хуудас/
6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2610 дугаар захирамжаар "О" ХХК-иас 1.596.579.229 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч О ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, арилжааны банкууд дахь дансыг битүүмжилж, үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон, шүүхийн шийдвэрт заасан хаягт О ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгааг тогтоож, О ХХК-ийн захирал Х.Т-гийн оршин суух хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 19-35 хуудас/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/18.1 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэх сурвалжлах тухай тогтоол-оор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.24-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг гүйцэтгэхэд төлбөр төлөгч О ХХК-ийн захирал Х.Т шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэрт заасан хаяг амьдрахгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр Х.Т-гийн оршин суугаа хаяг, түүний өмчлөл /эзэмшил/-ийн хөрөнгийг олж тогтоохоор Эрэн сурвалжилсан байна. /хавтаст хэргийн 36, 37 хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр О ХХК-ийн захирал Х.Т-тэй уулзаж, хаягийн тодруулан тэмдэглэл үйлдэж, хөрөнгийн мэдүүлгийг авсан байх тул уг тогтоолын эрэн сурвалжлах ажиллагаа биелэгдсэн гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 38-40 хуудас/
8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18300862/02 дугаар Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт-аар О ХХК-ийн захирал Х.Т-гийн гэрт үзлэг, нэгжлэг хийсэн, Х.Т нь гэрийнхээ энэ хаягт байх тайлбар гаргасныг тэмдэглэлд тусгажээ. /хавтаст хэргийн 42-45 хуудас/
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021.06.03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж, тогтоолыг Хил хамгаалах газарт хүргэхийг үүрэг болгожээ. /хавтаст хэргийн 46 хуудас/
10. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болногэж тунхагласан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг -эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, -хөрөнгөө нуун дарагдуулсан, -төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, 59.3-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж тусгайлан зохицуулсан.
10.1. Дээрхи тогтоолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.02-ны өдрийн 1-121/9802 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн байх боловч хариуцагч талаас уг баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байна.
10.2. Хариуцагчийн тайлбарт шүүхийн шийдвэрт заасан хаяганд үйл ажиллагаа явуулахгүй, эд хөрөнгөгүй, эрэн сурвалжлагдсан гэх үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи баримтаар тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийг эрэн сурвалжлаагүй, эрэн сурвалжлах шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч О ХХК-ийн захирал Х.Т-тэй уулзаж, хаягийг тогтоож ажиллагаа явагдсан тул эрэн сурвалжлагдсан гэх үндэслэл арилсан байсан, шүүхийн шийдвэрт заасан хаяганд үйл ажиллагаа явуулахгүй, эд хөрөнгөгүй гэх үндэслэл нь хуульд заасан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд хамааралгүй байна.
11. Мөн төлбөр төлөгч О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсныг баримтаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасан хувьцаа эзэмшигч компанид ямар хөрөнгө оруулсан, тухайн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг шалган тогтоох, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллааг явуулах зэрэг хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй байна.
12. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021.06.03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, О ХХК-ийн захирал Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6240 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, О ХХК-ийн захирал Х.Т-гийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагч Ш-рын шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА