Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Н.Ж /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004230180 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт НЖ, 1976 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, “Нью лорд” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн  10 дугаар хороо Дэнжийн 30 дугаар гудамжны 981 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............................

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 63 дугаар байрны 9 тоотод өөрийн эхнэр Ч.Хишигжаргалыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй. Манай эхнэр 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ангийнхан уулзалттай гэж яваад тэр өдрөө ирээгүй. Би ажилдаа яваад үдээс хойш эхнэр рүүгээ залгахад “гэртээ ирээд хоёр хүүхдээ аваад найзууд дээрээ ирсэн байна” гэсэн. “Яагаад” гэхэд “ангийнхан үргэлжлүүлээд намайг явуулахгүй гээд байна” гэсэн. Тэр өдөр би гэртээ ганцаараа хоносон. Маргааш нь ирэх болж байна уу гэж асуухад “одоо гарлаа” гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь дахин асуухад “машин байхгүй байна” гэсэн. Тэгэхлээр нь би “чи уусан байна уу, эрүүл байна уу” гэхэд “би эрүүл байна” гэхээр нь “хүрээд ир” гээд найз Хүрэлсүх рүү ярьсан. Буцаагаад залгахад халамцуу юм шиг байхаар нь дахин эрүүл эсэхийг нь асуухад “эрүүл байна” гэсэн. Тэгэхлээр нь “согтуу бол битгий ирээрэй, наанаа хоноорой” гэсэн. Тэгээд би найз руугаа дахин залгаад “манай  хүнийг хоёр хүүхэдтэй нь аваад ир” гэсэн. Манай эхнэр нилээд халамцуу ирэхээр нь “чи эрүүл байна гэсэн яасан бэ” гэхэд “би ер нь уухаар яадаг юм бэ” гээд маргалдсан. Би гарсан нь дээр гэж бодоод Хүрэлсүхийг “машинаа асааж бай” гээд гарах гэхэд эхнэр “явуулахгүй” гээд урд зогсоод “чи явж яах гээд байгаа юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь барьж аваад түлхэж унагаасан. Тэгтэл “чамайг цагдаад өгч шоронд хатаана” гэхээр нь алгадаж авсан. Би “уухаараа чи дандаа асуудал гаргадаг, чи уухгүй гэж амалсан биз дээ” гээд хэрүүл болсон. Тэгээд дахин толгой руу нь цохисон. Хойд өрөөнөөс гар утсаа авах гэхэд хэрүүл өдөөд байхаар нь түлхээд унагаасан. Босч ирээд дахин ноцолдоод байхаар нь хүүхдийнхээ тоглоомон сэлмээр гуя, гар руу нь хоёр гурван удаа цохисон. Гэтэл эхнэр “чи хоёр хүүхэдтэйгээ үлдээрэй, би явлаа” гэсэн. Тэгээд миний араас явж байгаад довжоонд бүдэрч унаад хамраас нь цус гарсан байсан. Манай бага хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ авсан чинь манай эхнэр том хүүхдээ аваад явсан. Тэгэхэд манай найз “би явлаа эхнэр чинь цагдаа дуудна гэж байна” гэсэн. Тэгээд би бага хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгэхэд гаднаас хоёр цагдаа орж ирсэн гэв.” гэв.

Хохирогч Ч.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Жигжиддоржтой 2012 оноос эхлэн хамт амьдарч байгаа бөгөөд одоо 4 настай болон 10 сартай 2 хүүтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 63-9 тоотод Н.Жийн өөрийнх нь байранд амьдардаг юм. Урьд нь бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод маргах үе бол байдаг байсан. Түүнээс өмнө нь бол намайг зодож нүдэж байсан зүйл байхгүй. Тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ хоноогүй байсан бөгөөд Жигжиддоржтой утсаар яриад найз Оюунбатын гэрээс хоёр хүүхдийн хамт Жигжиддоржийн найз Хүрэлсүхээр авахуулаад гэртээ очиход Жигжиддорж гэртээ байсан бөгөөд намайг согтуу ирлээ гээд уурлаад байсан ба би согтуу байсан учраас хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд Жигжиддорж нь гэрээс гарч явлаа гэхээр нь гаргахгүй гээд зууралдсан ба тэр үед миний нүүр болон гар хөл рүү цохисон юм. Тэгэхээр нь би том хүүхдээ аваад хажуу талын айл буюу Мөнхчимэгийн гэрт ороод цагдаад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-8-9/,

             Гэрч П.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гэрт нь ортол Жигжиддорж гэртээ байсан бөгөөд эхнэрийгээ согтуу бол битгий ирээрэй гэж хэлээ биз дээ гэтэл эхнэр Хишигжаргал өөдөөс нь хэрүүл хийгээд байсан. Тэгээд Жигжиддорж над руу Томоо машинаа асааж бай, гаръя гэтэл эхнэр нь чи хаачих гээд байгаа юм гээд тэр хоёр маргаж байгаад Жигжиддорж гарах гээд шкафнаасаа гадуур хувцсаа авах гэтэл хаалгыг нь дарж зогсчихоод гаргахгүй гээд байсан ба Жигжиддорж цааш нь түлхэхэд буйдан ширээний зүгт унасан. Тэгээд босч ирээд маргалдаж байгаад Жигжиддорж нөгөө өрөөнөөсөө утсаа авах гээд ортол хойноос нь Хишигжаргал орсон. Тэнд ороод Хишигжаргал нь орилж хашгичаад байсан ба Жигжиддорж цамцнаас тавь гээд байсан. Тэгж байгаад эхнэр нь гарч ирээд том хүүхдээ аваад Жигжиддоржид чи бага хүүхдээ хар, би гэр лүүгээ харьлаа гээд гэрээсээ гараад явчихсан. Тэгэхээр нь би тэвэрч байсан бага хүүхдийг нь Жигжиддоржид өгчихөөд гараад явсан ...Миний хажууд бол Хишигжаргалыг түлхээд цааш нь унагаасан. Тэр үед хамраас нь бага зэрэг цус гарчихсан байсан. Нөгөө өрөөндөө бол яасан талаар би хараагүй, хоёр хүүхдийг нь хараад л сууж байсан. Хишигжаргал нөгөө өрөөнөөсөө гарч ирээд л шууд гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-15-16х/,

              Гэрч Б.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Жигжиддорж нь гэртээ байж байсан бөгөөд Хишигжаргал 10 жилийнх нь уулзалт болоод гэртээ ирээгүй байсан. Тэгээд орой нь гэртээ согтуу орж ирээд нөхөр Жигжиддоржтой маргалдаж зодолдсон байсан. Тэр үед нь би гэртээ байгаагүй бөгөөд манай 15 настай дүү Отгончимэг байхад Хишигжаргал 4 настай хүүхдийнхээ хамт халамцуу зодуулсан байдалтай орж ирээд цагдаад дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-17х/,

              Яллагдагч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гараараа нүүр рүү нь 3-4 удаа алгадаад толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон ба хажууд байсан хүүхдийн тоглоомон сэлмээр гуя хэсэгт нь 2-3 удаа мөн цохиод бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн ...гэсэн мэдүүлэг /хх-25-26х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2027 тоот дүгнэлтэд: 

  1. Ч.Хишигжаргалын биед хамар ясны хугарал, дух, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжинд язрал, баруун дээд 8-р шүдний эмтрэл, баруун бугуй, сарвуу, бүсэлхий, зүүн гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-19/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 63 дугаар байрны 9 тоотод өөрийн эхнэр Ч.Хишигжаргалыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Намхайдагвын Жигжиддоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.