| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02213/И |
| Дугаар | 191/ШШ2025/03849 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03849
| 2025 05 05 | 191/ШШ2025/03849 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ** дүүрэг, * дүгээр хороо, **дүгээр байранд байрлах, Ж* ТБАГ /Регистрийн дугаар: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байр, * тоотод байрлах, М* ХХК /Регистрийн дугаар: *********/,
Хариуцагч: ** дүүрэг, ** дугаар хороо, **дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ** овогт Ц.Э /Регистрийн дугаар: ***********/,
Хариуцагч: *** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байр, * тоотод бүртгэлтэй, ** аймаг,** сум, **баг, ** хороо, М** ХХК-ийн байранд оршин суух, **овогт С.У /Регистрийн дугаар: **********/,
Хариуцагч:** дүүрэг, * дугаар хороо,** дүгээр хороолол, ** гудамж, ** дугаар байр, ** тоотод бүртгэлтэй ч,** дүүрэг,** дугаар хороо,* дугаар *** хороолол, * байр, ** тоотод оршин суух, ** овогт Н.Д /Регистрийн дугаар: **************/,
Хариуцагч: *дүүрэг, **дүгээр хороо, **хороолол,**байр, ** тоотод оршин суух, ** овогт Ц.О /Регистрийн дугаар: ***********/,
Хариуцагч:** дүүрэг,* дугаар хороо, ** дүгээр хороолол, *** гудамж, ** дугаар байр,** тоотод оршин суух, ***овогт Ц.З /Регистрийн дугаар: ************* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 220.567.908 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*, хариуцагч М*групп ХХК-ийн захирал, хариуцагч Н.Д төлөөлөгч, хариуцагч Ц.Э, хариуцагч С.У, хариуцагч М групп ХХК-ийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь М ХХК, Ц.Э, Ц.О, С.У, Ц.З, Н.Д нарт холбогдуулан гэрээний үүрэгт 220.567.908 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газар-т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт ... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч М ХХК /убд: *********, РД:*******/, түүнийг төлөөлж Захирал Ц.Э /РД:/, Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.О /РД:***********/ нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-аас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 88/2018/3-84 тоот зээлийн болон 88/2018/Б-84 тоот барьцааны гэрээ байгуулан 198.000.000 төгрөгийг Дөрвөн улирлын нарлаг хүлэмжийн аж ахуй төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд
-Ц.Э, С.У нарын өмчлөлийн С дүүргийн **-р хороо, *-р хороолол *гудамж ** байр, **тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-************, гэрчилгээний ************ дугаар бүхий, 37,5 м.кв талбайтай Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ц.З, Н.Д нарын өмчлөлийн** дүүргийн **-р хороо, * гудамж, **тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******, гэрчилгээний ***** дугаар бүхий, 240 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ц.Э*, С.У нарын өмчлөлийн ** дүүргийн **-р хороо, **-р хороолол*гудамж ** байр, **тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***********, гэрчилгээний *********** дугаар бүхий, 37,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Н.Д* эзэмшлийн ** дүүрэг, *****************дугаар бүхий,******* тоот гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай Зуслан зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан.
Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж М ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 198.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.529.908 төгрөг, алдангийн төлбөрт 99.000.000 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 300.567.908 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага анх шүүхэд гаргасан.
Зээлийн гэрээгээр эхний 12 сарын хувьд үндсэн төлөлтөөс чөлөөлсөн, гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сард дууссан ч хариуцагч нар зээл авснаас хойш таван жилд нийтдээ 11.815.614 төгрөгийг хүүнд төлсөн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 80.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 220.567.908 төгрөгийг гаргуулна гэв.
Хоёр:Хариуцагч М ХХК-ийн захирал бөгөөд хариуцагч Ц.Э, хариуцагч С.У нар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
Жижиг дунд үйлдвэрийн газраас Зээлийн гэрээ-ний төлбөрт 300.567.908 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, бид Монгол эрүүл хөрсөнд Монгол хүндээ эрүүл цэвэр ногоо хүнсэнд нь бэлтгэж өгөх том зорилготойгоор 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн Зээлийн гэрээ дагуу манай М ХХК болон ах Ц.О бид 198.000.000 төгрөгийн зээлийг авч Дөрвөн улирлын нарлаг аж ахуй төслийг эхлүүлсэн. Уг төслөө эхлээд өөрийн газартаа өвлийн 1 том хүлэмж, зуны 6 хүлэмж барьж байгуулан, усалгааны систем хийж, цахилгаан татаж ногоо тарьж эхэлсэн. Ногоо тариалалт, хүлэмжийн аж ахуй бол хүний маш их хүч хөдөлмөр ордог, тээвэрлэлт, хадгалалт, улирал, цаг агаар зэргээс бүрэн хамааралтай аж ахуй юм. Хүлэмжүүд болон усалгааны системээ барьж байгуулахад маш их мөнгө, цаг хугацаа орсноос ногоо тарилтаа бага багаар хийж эхэлж байтал COVID-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан. Улмаар хорио цээрт орж ажиллах хүчгүй болсноор эхнэр Н.Уранчимэгийн хамтаар хоёулхнаа тус газартаа өдөр шөнөгүй ажилласан ч бүрэн бүтэн тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт хийж аж ахуйгаа эрхлэх ямар ч боломжгүй болж гэнэтийн давагдашгүй хүчний нөлөөнд орсон.
Ийнхүү эргэлтийн хөрөнгөгүй болсон шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийг хийх боломж олдоогүй. Тэгсэн ч бид аж ахуйгаа өсгөж өндийлгөхөөр маш их хичээсэн боловч цар тахал дууссаны дараа хүлэмжийн ногооны өвчлөл гарч, уг өвчлөлийг эмчлэхийн тулд мөн их цаг хугацаа орж сөхөө олдоогүй юм. Өмнөх намраас л хөрсөө эрүүлжүүлж тариалалтаа бүрэн хэмжээгээр хийж, үр шим нь энэ хавраас эхэлж байна. Ийнхүү бид Зээлийн үндсэн 198.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үндсэн зээлийн хэмжээ 118.000.000 төгрөг болж үлдсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан 198.000.000 төгрөгийн үнийн дүн хасагдах ёстой. Түүнчлэн COVID-19 цар тахлын хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан зээлийн хүү болон алдангийн хэмжээ багасах болов уу гэж найдаж байна. Мөн нэхэмжлэлд үндсэн зээлийн хэмжээнээс гадна зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцсон болохыг тооцоолоогүй байх тул хүү алданги хэсгийг зөвшөөрөхгүй.
Зээлийн барьцаанд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Нэг нь Ц.З-ын газар, нөгөөх нь Н.Д-ийн 350 сая төгрөгийн үнэ бүхий амины орон сууц байгаа. Мөн Ц.Э бид хоёрын нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Ц.О элэгний хүнд өвчинтэй бие нь муу байгаа тул түүний байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Мөн алдангиас жоохон бууруулж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Бүр болохгүй боллоо гэхэд Тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Манайх энэ зээлээс болоод Монгол банканд муу зээлдэгч болсныг арилгаад өгвөл бид зээл авч төлье гэдэг саналыг хэлсэн. Эвлэрлийн гэрээнд ийм нөхцлүүд оруулаад өгөөч гэж гуйсан. Манайх эвлэрэх хүсэлтэй хэвээр гэв.
Гурав:Хариуцагч Н.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Миний бие нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг дүү Ц.Э-д өвлийн хүлэмжээ барьж дуусаад барьцааг суллах нөхцөлтэйгөөр барьцаанд тавих эрх олгосон бөгөөд уг зээл нь надад ямар ч хамааралгүй тул зээл авсан Ц.Э-ын өөрийн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 88/2018/З-84 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 88/2018/Б-84 тоот барьцааны гэрээ, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээл хүссэн өргөдөл, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлэх хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************,************ тоот гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ************ тоот гэрчилгээ, Барьцаа хөрөнгийн итгэмжлэл, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Жижиг дунд үйлдвэрийн газар ТБАГ-ын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1652 тоот албан бичиг, төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 3-42/
Хариуцагч нараас баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 109, 116/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж ТБАГ нь М ХХК, Ц.Э, Ц.О, С.У, Ц.З, Н.Д нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 300.567.908 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлээс 80.000.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 220.567.908 төгрөг болгож багасгасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх үүргийг өөртөө шилжүүлж авсан, хариуцагч компани сантай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт гаргуулж барьцаа хөрөнгөөр хангуулна гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг эс зөвшөөрсөн. Татгалзлын үндэслэлээ шаардаж буй хүү, алдангийн тооцоолол ойлгомжгүй, зээлээс 11 сая илүү төгрөг буцаан төлсөн, цар тахал болоод хүлэмжийн ногооны өвчлөлөөс болоод зээлээ төлж чадаагүй, мөн зээлийн барьцаанаас Ц.О, Н.Д нарын хөрөнгийг чөлөөлж эвлэрэх хүсэлтэй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэг талаас Ж хөгжүүлэх сан нөгөө талаас М ХХК, Ц.Онар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 198.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 3 хувийн хүүтэй, эхний 12 сард үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр эргүүлэн төлөхөөр 88/2018/3-84 тоот зээлийн гэрээг байгуулсан байна. /хх 5-9/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
4.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ц.Э, С.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, *дүүрэг, **дүгээр хороо, * дугаар хороолол, *** гудамж ** дүгээр байр ** тоотод байрлах 37,5 мкв талбайтай 2 өрөө орон сууц,
-Ц.З, Н.Д нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-************дугаарт бүртгэлтэй, ******** дүүрэг, ** дугаар хороо, *** эзэмшлийн, нэгж талбарын ** дугаартай,** дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхэд байрлах, зуслангийн зориулалттай 700 мкв газраас хангуулахаар мөн өдрөө 88/2018/Б-84 тоот барьцааны гэрээг байгуулжээ. /хх 10-38/
Барьцаалуулагч С.У, Ц.З, Н.Д нараас М групп ХХК-ийн захирал Ц.Э-д олгосон 2018 оны 5 дугаар сарын 17, 31-ний өдрийн итгэмжлэлийн дагуу дээрх барьцааны гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
4.3.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49[1] дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Жижиг, дунд үйлдвэрийн газар"-ыг байгуулж, улмаар Жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийн авлагатай холбоотой шаардах эрхийг тус газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хх 41-42/
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6-д зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан үйл баримтад хариуцагч маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх-ээр, 282 дугаар зүйлийн 282.1-д ... гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.
Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгө болох 198.000.000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй, түүнчлэн зээлийг буцаан төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйл баримтад маргаагүй тул зээлийн үлдэгдлийг хэлэлцэн тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хуулийн дагуу хүлээнэ.
5.1.Зээлдэгч зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 11.815.614 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 80.000.000 төгрөг, нэхэмжлэгч шаардлагаа багасгаснаас хойш дахин 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, үүнд хэн алин нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 198.000.000 төгрөг, хүү 3.529.908 төгрөг, алданги 99.000.000 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг нийт 300.567.908 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Үүнээс 11.815.614 төгрөг хүүнд төлөгдсөн байсан, ажиллагааны явцад төлсөн 85.000.000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч үлдэх хэсгийг гаргуулна гэж хуралдааны явцад тайлбарласан.
Шүүх үндсэн зээлийн үлдэгдлээс төлсөн 85.000.000 төгрөгийг хасч, үлдэх 113.000.000 төгрөгийг гаргуулна.
5.2.талуудын хоорондох гэрээгээр хүү нэг жилд 3 хувь байхаар, гэрээний хугацаа 5 жил байхаар тохирсон тул зээлдэгчийн гэрээний дагуу төлбөл зохих хүү 29.700.000 төгрөг /5.940.000 * 5 жил/, үүнээс хариуцагчийн хүүнд төлсөн 11.815.614 төгрөгийг хасвал үлдэгдэл 17.884.386 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэвч нэхэмжлэгч зээлийн хүүнд 3.529.908 төгрөг шаардсан тул шаардсан хүрээгээр тооцож гаргуулна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хуралдааны явцад үндсэн зээлийн үлдэгдэл зөрүүтэй гэж тайлбарласан ч дэмжих баримтгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
5.3.Талуудын хоорондох гэрээний 9.1-д хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх-өөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Алдангийг зөвхөн 2023 оны 01 сараас хойшхи хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх нэг жил гурван сарын хугацаанд, төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс гэрээний дагуу 0,1 хувиар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмжээнээс хэтэрч байна. Иймд шүүх алдангид 56.500.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
5.4.Хариуцагч талаас цар тахал, тариалангийн өвчлөл буюу өөрөөс үл хамаарах хүндэтгэх шалтгааны улмаас хугацаандаа төлж амжаагүй тул алдангийг багасгуулна гэж, харин нэхэмжлэгчээс боломжит хугацааг удаа дараа олгосон ч эвлэрээгүй тул алдангийг бүхэлд нь тооцож гаргуулна гэж тайлбарласан.
Дэлхий нийтээр хамарсан Ковид 19 өвчин нотлох шаардлагагүй үйл баримт хэдий ч Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын хоорондох хугацаанд хэсэгчилж хөл хорио тогтоох арга хэмжээ авагдсан, түүнээс өмнөх болоод хойшхи хугацаанд хөл хорио тогтоогоогүй тул цар тахлаас шалтгаалж зээлээ төлж чадаагүй тухай тайлбар үндэслэлгүй. Тариалангийн өвчлөлийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн энэ талаарх татгалзлыг нотлогдоогүй гэж үзнэ. Үүнээс гадна шүүх алдангийг зөвхөн 2023 оноос хойшхи хугацаанд тооцсоныг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ хэт их байвал шүүх багасгаж болох-оор зохицуулсан ч хэргийн баримтаар анзын хэмжээ хэт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Талуудын хоорондох зээлийн гэрээгээр зээлдэгч 2019 оны 7 дугаар сараас хойш сар бүр үндсэн зээлээс төлж эхлэхээр тохирсон, гэвч гэрээний хугацаа дуусах хүртэлх 5 жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлж байгаагүй байна.
Иймд алдангийг багасгах тухай хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын зардалд 38.000 төгрөг төлсөн үндэслэлээр дээрх зардлыг хохирлоор шаардсан.
Хариуцагч хуралдааны явцад энэ шаардлагыг эсэргүүцээгүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул гаргуулна.
Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 113.000.000 төгрөг, хүү 3.529.908 төгрөг, алданги 56.500.000 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг нийт 173.067.908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.Хамтран зээлдэгч Ц.О-ыг тус шүүхийн 181/ШЗ2024/***** дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүнийг албадан ирүүлэх боломжгүй талаарх илтгэх хуудсыг ирүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хамтран хариуцагч Ц.О-оос татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн барьцаалуулагч Ц.З-ыг тус шүүхийн 181/ШЗ2024/*****дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ч Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгаас хариуцагч Ц.З-ыг хаягтаа байхгүй үндэслэлээр албадан ирүүлэх боломжгүй талаарх хариуг ирүүлсэн. Иймд түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Талуудын хоорондох барьцааны гэрээг шүүх дээр дурдсанаар хүчин төгөлдөр гэж үзсэн тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй.
Хариуцагчаас Н.Д-ийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх боловч дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр улсын бүртгэгч тэмдгээр баталгаажуулсан, газрын хувьд холбогдох газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээний ард тэмдэглэгээ хийж бүртгэсэн. Үүнээс гадна барьцаа хөрөнгийг өөр хөрөнгөөр солих, эсхүл хэсэгчилж чөлөөлөх асуудал барьцаалагч болоод барьцаалуулагч нарын хоорондын тохиролцоо, эрхэд хамаарна. Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх тайлбарыг зөвшөөрөөгүй тул шүүх барьцааг хэсэгчилж чөлөөлөх, эсхүл барьцаа хөрөнгийг солихыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Барьцааны зүйлийн нэг болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөгч Н.Д, Ц.З нар, барьцаалуулагч Ц.З шүүхээс зугтаж ирээгүй явдал /2024.10.21-нд утсаар шүүхээс холбогдоход мэдсэн. Мөнгөө төлөөд явж байгаа, сая 80 сая төгрөг хийсэн байна лэ, би шархадны эмнэлэгт ажилладаг, ажлын цагаараа чөлөө авах боломжгүй гэж, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн илтгэх хуудаст утас руу холбогдоход би завгүй байдаг хүн, шүүх дээр очих боломжгүй гээд утсаа салгасан талаар албадан ирүүлэх ажиллагааны үеэр хэлснийг тэмдэглэсэн/ тэрээр үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байх тул энэ хөрөнгөнөөс хангуулна. /хх 57, 75/
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар М ХХК-иас 173.067.908 /Нэг зуун далан гурван сая жаран долоон мянга есөн зуун найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.500.000 төгрөг болон хариуцагч Ц.О, Ц.З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зээлдэгч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ц.Э, С.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байр 47 тоотод **байрлах 37,5 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Ц.З, Н.Д нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, ***хороо, **** гудамж 148а тоотод байрлах 240 мкв талбайтай хувийн сууц, Н.Д эзэмшлийн, нэгж талбарын ***** дугаартай, *дүүрэг, * хороо** байрлах, зуслангийн зориулалттай 700 мкв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагч Маралбуян групп ХХК-иас тэмдэгтийн хураамжид 1.093.489 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=15551 ИХШХШТХ-ийн 40.4, нийтэд илэрхий үйл баримт