2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03850

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05

191/ШШ2025/03850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** дүүрэг, * дугаар хороо, * гудамж ** тоотод бүртгэлтэй ч, ** дүүрэг, *дугаар хороо, **байр, 122 тоотод оршин суух, ** овогт Б.Э/Регистрийн дугаар: **********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** дүүрэг, ** дугаар хороо, Т Сууц өмчлөгчдийн холбоо /гэрчилгээ дугаар: **********/ -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төлсөн 20.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Т Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэнэ/ -нд холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

***хотхоны ** давхарт байрлах **тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирч 20.000.000 төгрөгийг Таван өндөр СӨХ-ийн Төрийн банкны дансанд шилжүүлсэн. Одоог хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй, гүйцэтгэх захирал М.Г утсаа салгаж алга болсон тул гэрээний дагуу зогсоолын гэрчилгээг гаргуулахаар анх шаардсан. Нэгэнт гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй тул зогсоолын төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэн М.Г-тай хэлцлийг хийгээгүй, СӨХ-ийн даргын хувиар гэрээг байгуулж, хариуцагч СӨХ-ийн дансанд мөнгийг төлсөн гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Т СӨХ нь *** дүүрэг * дугаар хороо ** хотхоны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбооны үйл ажиллагааг хариуцан явуулж байна. Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгнө үү... гэх илт үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргажээ. Т СӨХ нь иргэн Б.Э-тэй аливаа нэгэн худалдах худалдан авах гэрээ хэлцэл байгуулаагүй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Т СӨХ нь ямарваа нэгэн дангаар өмчлөх орон сууц болон үл хөдлөхийн гэрчилгээ гарган өгөх эрх бүхий этгээд биш юм. Сүхбаатар дүүрэг * дугаар хороо * хотхонд худалдан авсан гэх зогсоол нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсэг тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Иймд үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөхийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Аливаа гэрээг байгуулахад заавал нотариатаар орж, гэрчлүүлэх ёстой байдаг. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байж ингэж хайнга хандаж болохгүй. Нэхэмжлэгч нь М.Г-тай ямар харилцаа холбоотой вэ гэдэгт эргэлзэж байна. Нотлох баримтыг үндэслэх ёстой байхад байхгүй үл хөдлөх эд хөрөнгө авчихаад одоо нэхэмжлээд байна. Б.Э-ээс гадна 5 хүн байгаа. Сууц өмчлөгчдийн холбоо нь төрийн бус байгууллага, ямар нэг хөрөнгө эзэмших эрхгүй. Нэхэмжлэгч Таван өндөр СӨХ-той гэрээ байгуулаагүй, М.Г-тай л гэрээ байгуулсан учраас М.Г-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтээ өгөөд, шүүхэд хандах хэрэгтэй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/** тоот шүүгчийн захирам хуулбараар, Т СӨХ-ны удирдах зөвлөлийн хуралын тогтоол, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Т СӨХ-ны гэрчилгээ, мөнгө шилжүүлсэнх баримт, дансны хуулга, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 3-11, 33-38/

Хариуцагчаас баримтаар: Т СӨХ-ны гэрчилгээ, Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн хуралын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 тоот тогтоол, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн хуралын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 17-18, 46-48/

Шүүхийн журмаар: тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/*** тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/14716 тоот хариуг бүрдүүлжээ. /хх 51-52/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э нь Таван өндөр Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан автозогсоолын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, төлсөн 20.000.000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсан.

 

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тус СӨХ-тэй автозогсоол худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан, гэрээг байгуулах үед СӨХ-ийн дарга М.Г гэж хүн байсан, мөнгийг нь СӨХ-ийн дансаар төлсөн, иргэн М.Г-ыг мэдэхгүй, иргэнтэй хэлцэл хийгээгүй, гарааш худалдсан мөнгөөр ус тогтоод байгаа газрыг засна гэж хэлж байсан, нэгэнт гараж өгөх боломжгүй тул үнэд төлсөн мөнгөө буцаан гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч өөрийн хариуцлагагүй үйлдлээр байхгүй автозогсоолыг худалдан авахаар гэрээг хийж иргэн М.Г-д залилуулсан, М.Г Солонгос улс руу гарч зугтсан, гэрээ СӨХ-д хамааралгүй, СӨХ-тэй хэлцэл хийгээгүй, М.Г-ыг даргаар томилсон тушаал дах гарын үсэг хуурамч, тухайн шилжүүлсэн данс нь СӨХ-ийнх биш харин зөвхөн М.Г ашиглаж байсан данс гэв.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.нэг талаас Т СӨХ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Г, нөгөө талаас Б.Э нар 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тохиролцож, Худалдагч нь ** дүүрэг, ** дугаар хороо, ** хотхон цогцолборын * байрны доор В1 давхарт байрлах ** тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 28.000.000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр тохирч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г байгуулжээ. /хх 33-35/

3.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч 20.000.000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр граш төлбөр утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх11, 37/

 

4.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

4.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Тусгаарлах зарчмын дагуу авч үзвэл талууд үүргийн хэлцлийг байгуулж, төлбөрийн зарим хэсгийг шилжүүлсэн боловч өмчийн хэлцэл хийгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/14716 тоот **дүүрэг, ** дугаар хороо, ** хотхон цогцолборын D байрны доор В1 давхарт байрлах *тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй талаарх тодорхойлолтоор тогтоогдсон. /хх 51/

4.2.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.

Нэгэнт гэрээний зүйл болох автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй, дээр үл хөдлөх хөрөнгө бодитоор байхгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцнэ.

Иймд гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн зогсоолын үнэд төлсөн 20.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

5.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч СӨХ-тэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, мөнгийг аваагүй, нэхэмжлэгч М.Г-аас шаардах учиртай гэж тайлбарласан.

5.1.Хариуцагчаас баримтаар ирүүлсэн Таван өндөр СӨХ-ийн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 тоот тогтоолд удирдах зөвлөлийн хурлаар М.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэн түүнийг тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас тушаал гарсан өдрөөс чөлөөлөх-өөр тусгаснаас үзвэл хэлцлийг хийсэн М.Г нь хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Хариуцагчаас М.Г-ыг гүйцэтгэх захирал байсан үйл баримтад маргаагүй. /хх 18/

Гүйцэтгэх захирлаар томилсон 2022 оны тушаал эргэлзээтэй, гарын үсэг хуурамч байж болзошгүй гэж тайлбарласан ч хариуцагчийн дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт цуглараагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5.2.Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг Төрийн банк дах Т СӨХ-ийн эзэмшлийн ************** тоот данс руу өөрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн болох нь банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд тухайн дансыг хариуцагч ашигладаггүй, зөвхөн М.Г хувьдаа ашиглаж байсан талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй. /хх 83/

Маргааны энэ тохиолдолд иргэнтэй гадагш чиглэж хийж байгаа хэлцэлд итгэл хамгаалах зарчмын дагуу шүүх шийдвэрлэнэ.

Иймд төлсөн мөнгийг буцаан олгох нь зүйтэй. Хариуцагч өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдтэй жич тусдаа маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Таван өндөр Сууц өмчлөгчдийн холбооноос 20.000.000 /Хорин сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ