| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2025/00082/И |
| Дугаар | 191/ШШ2025/03851 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03851
| 2025 05 05 | 191/ШШ2025/03851 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ** дүүрэг, ** дугаар хороо, * хэсэг сургуулийн гудамж, ** тоотод оршин суух, Д.У /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **дүүрэг, * дугаар хороо, *** тоотод байрлах, Ө ХХК /Регистрийн дугаар:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 20.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ө ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20.500.000 төгрөг гаргуулахаар гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Д.У Ө ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 335 тоот Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний 2.6 дах ...орон сууцны 30 хувийг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд ... компанийн хөтөлбөрт хамрагдана гэх заалтын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь тооцоо нийлсэн актын дүн 20.500.000 төгрөг төлснөөр нотлогдоно. Гэрээний нөгөө тал болох Өргөө ногоон хөгжил ХХК уг гэрээний 5.1-д заасан гэрээний үүргээ бүрэн биелүүлэх гэсэн үүргээ биелүүлээгүй тул иргэн Д.У Ө ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 335 тоот Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ -нээс татгалзаж шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Энэ компани багш, эмч нарыг орон сууцжуулна, сар бүр 500.000 төгрөг төлж явсаар байрны 30 хувийн урьдчилгаа бүрдвэл байрны захиалгад хамааруулна гэсэн байдаг. Гэвч байр нь тодорхойгүй, өнөөг хүртэл барилга байхгүй. Эрүүгийн журмаар шалгаж байгаа хэрэгт нэхэмжлэгч оролцоогүй.
Иймд уг гэрээний дагуу төлсөн 20.500.000 төгрөгийг иргэн Д.У-т олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 32-32/335 тоот Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлжээ. /хх 3-7 /
Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг ирүүлжээ. /хх 13/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.У нь Ө ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2020 онд мастер гэрээ байгуулагдсан, түүний дагуу нэхэмжлэгч сар бүр тогтмол мөнгө төлсөөр ирсэн ч орон сууцны захиалгад хамруулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж төлсөн мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлав.
Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж хуралдааныг хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, баримтаар баталгаажуулсан боловч дахин хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Д.У, нөгөө талаас Өргөө ногоон хөгжил ХХК нар харилцан тохиролцож 2023 онд 32-32/335 тоот Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ-г байгуулжээ.
Уг гэрээний 1.1-д харилцагч нь компанийн хэрэгжүүлж байгаа хувьцаат орон сууц хөтөлбөр, бусад дэд төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг олж авах, Компани мөнгөн хөрөнгийг бий болгох, түүнийг удирдах, харилцагч нарыг хувьцаажуулах, тэдгээрийн орлоготой нийцсэн орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж, 2.3-т гэрээнд гарын үсэг зурснаар гурван үе шаттай хэрэгжүүлнэ, 2.4-т бэлтгэл үед харилцагч нь гэрээ байгуулснаар давуу эрхийн хувьцааг тогтоосон үнээр худалдан авах эрхийг олж авна гэж, 2.5-д хэрэгжих үед харилцагч нь компанийн нэр дээр бүртгэлтэй орон сууцнаас захиалга өгч сонголтоо хийнэ. Уг сонгосон орон сууцны нийт үнийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг компанид шилжүүлнэ. Уг 30 хувьд өөрийн эзэмшлийн компани дах хувьцаа эзэмшлийн хувь хэмжээгээр дүйцүүлэн тооцуулж үлдэх хэсгийг мөнгөөр төлнө, мөнгөөр төлөх боломжгүй тохиолдолд компанийн зүгээс зээлээр шийдвэрлэж болно гэж, 2.6-д хамрагдах үе: хувьцаа эзэмшигч нь өөрийн сонгосон орон сууцыг ашиглалтад орох буюу хүлээн авах хугацаа болсон, мөн орон сууцны 30 хувийг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд орон сууцыг санхүүгийн түрээсийн гэрээ, эсхүл хөрөнгийн түрээсийн гэрээний аль нэгийг байгуулан компанийн хөтөлбөрт хамрагдана гэж заажээ.
Дээрх гэрээнд компанийн хувьцааны талаар дурдсан ч бодитоор Худалдагч нь орон сууцыг худалдан авагчид худалдахдаа төлбөрийг хэсэгчилж бүрдүүлэх талаар тохиролцсон, утга агуулгын хувьд худалдах худалдан авах гэрээний агуулга илэрхийлэгдсэн байна.
Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, дээрх баримтаас үзвэл талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Уг гэрээнд худалдах хөрөнгийн талаар тодорхой тусгагдаагүй, хаана байрлах ямар орон сууцны төсөлд хамруулах зэргээр гэрээний гол нөхцөлүүд тодорхой бус байгааг дурдав.
5.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан явдал хуульд харшлахгүй.
6.Хэрэгт авагдсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн актад нэхэмжлэгч Д.У-ийн компанид төлсөн мөнгө 20.500.000 төгрөг болохыг баталгаажуулж хариуцагч компанийн нягтлан бодогчоос тооцоог нийлж гарын үсэг болоод санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байхаас гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй. /хх 6/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 20.500.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Өргөө ногоон хөгжил ХХК-иас 20.500.000 /хорин сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 260.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ