2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03466

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 191/ШШ2025/03466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Е овогт О-н О /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Б-ийн Г /РД:00000000/-т холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: О овогтой О би "Д" ХХК-д захирал албан тушаалтай. Тус компани нь аялал жуулчлалын зориулалттай нислэг үйлддэгээс гадна нислэгийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Би 2013 онд хариуцагч Б-ийн Г-тай фейсбүүкээр танилцаж байсан. Түүний фейсбүүк хаяг S бөгөөд бид найз нөхдийн холбоотой болсон юм. Б.Г нь тогтмол хийдэг ажилтай байгаагүй, юу хийдэг нь тодорхой бус байсан бөгөөд надаас мөнгөний тусламж авдаг байсан.

Би Б.Г-тай хамтарч ажиллаж байгаагүй, түүнийг өөрийн удирдлага дор ажиллуулж цалин хөлс ч олгож байгаагүй билээ. Гэтэл Б.Г нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өөрийн фэйсбүүк болох "S" гэх хаягаасаа "Тахир дутуугийн группэд байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн байрны мөнгийг авч хэрэглэчхээд үндсэндээ 4 жил, сүүлийн 2 жилд бүр тоохгүй хаясанд нь, одоо бүр өргүй шүү гээд, жилдээ гуйлгаж, хараалган барин 5 сая төгрөг өгснөө давуулж өгсөн шүү ч гэх шиг цайчихсан, залилангийн үйлдэл гаргасан юм ярьж, хэлж байгаад л зэвүү хүрээд байгаа юм л даа" гэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн "S" rэх фейсбүүк хаягаасаа "Өнөө B O гээд залилангийн, чулуун зүрхтэй, хүн боддоггүй #PLAYBOY төрөлхийн түнхний мултралтай, группэд байдаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйн байрны мөнгийг аваад өгөхгүй хэрнээ ийм автобус, машин унаа авч, тоноглож аялаад яваад байдаг юм биз дээ?..." гэж, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн "S" rэх фейсбүүк хаяraacaa "@B-н байрны мөнгөөрөө тусалсны буянд 4 жил хөлд нь чирэгдэж яваа хөл муутай, группт байдаг, өрх толгойлсон эмэгтэйн 13 настай охины хоолой нь бэржийсэн идээ татаад хоёр хонолоо гэнэ өө.... Манай залилангийн #PLAYBOY таг. Эхнэрээрээ, том охиноороо яриулж постоо устгаач гэхээс өөр дэвшилгүй. Өчигдөр С ахаар ч залгуулж байх шиг. Түүний оронд өөрт нь тус болсон хүнийг бодсон, сэтгэлтэй, үйлдэлтэй байгаасай" гэх мэтээр удаа дараа ор үндэслэлгүй мэдээллийг тараасан. Тэрээр одоог хүртэл миний талаар үндэслэлгүй худал дээрх мэдээллийг тараасаар байгаа юм.

Миний бие Б.Г-ын гэр бүлээс нэг ч хүнийг танихгүй бөгөөд түүний яриад байгаа тахир дутуу группэд байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн талаар мэдэхгүй юм. Б.Г-ын зүгээс намайг бусдыг залилсан, байрны мөнгийг нь залилж авчхаад өгөхгүй байгаа гэх мэтээр мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр тарааж байгаа нь миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа хэрэг юм.

Б.Г-ын дээрх байдлаар миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тарааж буй үйлдлийг таслан зогсоохгүй бол миний эргэн тойрны таньдаг найз нөхөд, гэр бүл, бизнесийн хамтрагч нар намайг залилах гэмт хэрэг үйлдсэн, үйлддэг гэж буруу ойлголт байгаагаас гадна миний эхнэр хүүхдүүд гэр бүлийнхэнд сөргөөр нөлөөлөөд буй юм.

Иймд О.О миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр буюу фейсбүүκ "S" гэх хаягаараа намайг залилах гэмт хэрэг үйлдээгүй талаар няцаалт хийхийг хариуцагч Б.Г-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г хариу тайлбар, татгалзалдаа: О.О миний эгч Б.Г-ын байрны мөнгийг зээлж хэрэглэсэн тухайд: Миний төрсөн эгч Б.Г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд 2015 оноос хойш оршин сууж байгаа. Хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Мөн төрөлхийн түнхний мултралтай төрсөн тул 5 болон 16 насандаа хоёр удаа түнхний хагалгаанд орж байсан. Группт ороод удаж байгаа билээ. Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт амьдардаг миний төрсөн эгч Б.Г нь өөрийн үл хөдлөх хөрөнгө /УБГ дугаар Ү-тоот Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 0, 60,98м2 талбайтай орон сууцны зориулалтай хөрөнгө/-ийг 2018 онд Ө.Э гэдэг иргэнд 65'000'000.00 төгрөгөөр зарсан. Ингэхдээ урьдчилгаа 10'000'000.00 төгрөг авч, сар тутам 3'000'000.00 төгрөг авч байхаар гэрээлсэн. Байрны тооцоог Ө.Э, Худалдаа хөгжлийн банк, 00 тоот дансннаас Б.Г, ХААН банк, 00 тоот данс руу шилжүүлдэг байсан.

Миний эгч Б.Г 2019 оны 8-р сараас эхлэн гар дээр бэлэн мөнгө байвал үрэгдэнэ гээд над руу байрны мөнгөө хадгалуулах зорилгоор шилжүүлдэг болсон. Ингэхдээ би ХААН банк ашигладаггүй байсан тул нэг картаа надад хариуцуулж өгсөн. Ингээд Арвайхээрээс Б.Г, ХААН банк, 000 тоот данснаасаа Улаанбаатар хот руу Б.Г, ХААН банк, 000 тоот данстай карт руу шилжүүлдэг байсан.

2019 оны 10-р сараас Б.Г эгчээс сар тутам над руу шилжүүлдэг мөнгийг нь түүний аман зөвшөөрөлтэйгөөр О овогтой О, түүний эхнэр Г.С нарт зээлүүлдэг болсон Ингэхдээ:

1.Б.Г, ХААН банк,  тоот данснаас АТМ-ээс авч Б.Г, Худалдаа хөгжлийн банк,  тоот өөрийн данс руу АТМ-д хийж,,

2.Б.Г, Худалдаа Хөгжлийн банк,  тоот данснаасаа О.О-ын ХААН банк, болон Худалдаа Хөгжлийн Банк,  тоот данс, Г.С-ийн ХААН банк,  тоот данс руу шилжүүлж байсан болно,

Б.Г-ын байрны мөнгөөс гадна би өөрийн номын бизнес "Нисдэг ном төслийн номын болон хүргэлтийн орлого, эргэлтийн мөнгөөсөө О.О-т зээлүүлж, О.О, ХААН банк,  болон Худалдаа хөгжлийн Банк,  тоот данс руу шилжүүлж байсан болно. Үүнийг дор дэлгэрэнгүй дурдах болно.

Мөн би О.О-ын талаар үнэн зүйлсийг нээлттэй мэдээлэхдээ эгч Б.Г-ын нэрийг хэзээ ч дурдаагүй, харин Төрөлхийн түнхний мултралтай. Группт байдаг. Хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон нэгэн эмэгтэй гэдэг байдлаар дурдсан билээ.

Гэтэл О.О нь нэхэмжлэхдээ Б.Г-ын гэр бүлээс нэг ч хүн танихгүй гэсэн атлаа Г-ын эгч болох төрөлхийн түнхний мултралтай, группт байдаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйн байрны мөнгийг аваагүй гэж эгч Б.Г гэдэг хүний биеийн байдал, гэр бүлийн байдал, нөхцөл байдал, миний эгч гэдгийг мэддэгээ хүлээн зөвшөөрөн илэрхийлсэн байна. Мөн О.О нь Б.Г-ын байрны мөнгөнөөс аваагүй, бэлэн мөнгө өгч байсан, картаа ашиглуулж байсан гэх зэргээр шүүхэд өгсөн нэхэмжлэхдээ Монгол Улсын шүүхийн өмнө хүртэл худал мэдүүлж байгаа нь тун хачирхалтай байна. Харамсалтай байна. Гомдолтой байна.

Батаевын гэр бүлийн гишүүдэд санаа тавьж, хүн ёсоор тусалж байсан тухайд: 2013 онд би өөрийн итгэл үнэмшил шашин шүтлэгийн үүднээс Христийн шашинтай бизнес эрхлэгч нарын дунд бизнесийн хүмүүсийн нөхөрлөл, өглөөний уулзалт зохион байгуулах хүрээнд, О.О-ын тухайн үеийн эхнэр Г.С-ийн ажиллуулдаг байсан "Кафе дэ амор" кофешопт нь зорьж очиж танилцаж байсан.

Миний бие Б.Г О.О-ын нарын гэр бүлээс О.О-вын төрсөн ээж болон аав Р.О, Р.О-н экс эхнэр Ч, эцэг нэгтэй 4 дүүгийн отгон дүү О болон 5 хүүхдүүдтэй нь танилцаж байсан. Мөн экс эхнэр Г.С-ийн 3 дүү, аав ээжийг танина. Гэхдээ хэзээ ч тэдний гэр бүлд муу санаж байгаагүй. Харин ч танилцсанаасаа хойш 11 жилийн хугацаанд тэдний гэр бүлийг дэмжиж, урамшуулж, тусалсаар ирсэн.

О.О, түүний экс эхнэр Г.С нарыг миний номын бизнесийн мөнгө болон эгчийн байрны мөнгийг зээлснээ буцааж бидэнд өгөхийг л хүссэн. Энэ хооронд эхнэр лүү нь нэг ч удаа утсаар залгаагүй. Хүүхдүүдтэй нь нэг ч удаа таараагүй. Харин О.О, Г.С нар өөрсдөө ярихгүй, намайг залгахад утсаа авцгаахгүй, бичсэн чатыг харахгүй, харсан ч хариу бичихгүй байсан хэрнээ том охин О.Н-ийг 2023 оны 11-р сард нэг л удаа над руу залгуулсан. О.Н-тэй барихдаа би: "Аав, ээжийгээ Г ахаасаа зээлсэн мөнгийг өгөөрэй гэж хэлээрэй. Хөдөө миний ядарсан хөл муутай эгч, чиний дүү нар шиг чинь жоохон хүүхдүүдтэйгээ хамт хөлсөлж байгаа хашаа байшингаасаа хөөгдөөд, орон сууц битгий хэл хашаа байшин ч түрээслэх мөнгөгүй болоод байна шүү. Үүнийг аав, ээждээ дамжуулж хэлээрэй, ахын дүү" гэж л хэлсэн. Өөрөөр би хүүхдүүдтэй нь харилцаагүй, энд тэнд дурдаагүй билээ. Харин өдий болтол тус болсон, одоо ядарч яваа хүмүүсээ эргээд бодооч ээ, зээлсэн мөнгөө өгөөч ээ л гэж хүсэж, шаардсаар байгаа билээ.

Мөн би О.О-ын аав Р.О-д онцгойлон санаа тавьснаа хэлмээр байна. 2018 оны 3 дугаар сард хариуцагч О.О болон экс эхнэр Г.С нар гарч ирээд "Аав О-г асран хамгаалаад өгөөч, тэрээр гадуур хоноод архи уугаад байна, бие хаа нь өвдөх гээд байна, чи л бидэнд тусал, чиний үгэнд л аав орно, чи л чадна, хамт байж асраад санаа тавиад өгөөч гэж ярьж гуйж ирсэн байдаг. Тухайн үед би зөвшөөрч өөрийн гэр орон болон аавынх нь байсан байр хоёрын хооронд гүйж, хамт хэсэг байж, тэдний гуйснаар нь аавыг нь асарч, тус дэм болж байсан болно. 2018 оны 05 дугаар сарын сүүл хүртэл О ахад ийнхүү санаа тавьж байгаад миний бие хилийн чанад руу 1 сарын хугацаагаар явсан. Намайг явахын өмнөхөн буюу 2018 оны 5 дугаар сард О.О СБД-ийн 8-р хорооны цагдаатай ярьж байгаад рүү явуулсан. Би тэр цагдаагийн ажилтантай одоо болтол танилын холбоотой байдаг. Аав нь 60 насны төрсөн өдрөө тэнд угтаад, 60 нас хүрсэн учир цаанаас нь гаргасан. О ах Улаанбаатарт ирснийг мэдээд би Баянхошуун дахь Д.Ч ахлагчтай Христийн сүмийн эрчүүд байлгадаг байранд зохион байгуулж хүнээр олуулж авчруулсан. Намайг Монголд ирэхээс өмнө 7 дугаар сард нь н.О нь өөрөө тус сүмээс зугтааж явсан байсан.

2018 оны 09 дүгээр сард О-н биеийн байдал эрс муудаж, тал цус харвасан байдалтай Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тухайн үед өвчтэй байхад нь 2 эхнэрээс төрсөн таван хүүхдээс нь илүү зориулалт гаргаж, өөрийн биеэр асран хамгаалж, дараа нь асрагчийг өөрийн зардлаар олж асруулан, төлбөрийг нь хүртэл миний зүгээс хийж байсан болно.

О.О нь тухайн үед өөрийн эцгийг асран хамгаалсны төлбөрт орон сууц өгнө гэж ярьж байсан гэдгийг энэ ташрамд дурдмаар байна. Өөрийн эцгийн өмчлөлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах сүмийн үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтад нь "БЗД-ийн Засаг даргын захирамжтай БЗД-ийн Газар зохион байгуулалтын албан"-ны эрх хэмжээгээр сунгагдах газрыг эцгийнхээ өмчлөлөөс ямар журмаар яаж авсан нь тодорхойгүйгээр авч бусдад худалдан борлуулж тухайн газар дээр барилга барих компаниасаа нэг өрөө орон сууц өгнө гэж ам алдан ярьсан ч ярьснаасаа буцаж байсан хүн юм. Гэхдээ би тийм байр хүсэж, огт горьдоогүй, байр өгөөч, эсвэл түр олж өгөөч гэж хэзээ ч гуйж байгаагүй. Харин О.О, Г.С нарын гуйлт болон Р.О-г пастор байсан хүнийх нь хувьд хүндэтгэн харьцаж байсныг энд хэлье.

О.О 2020 оны 8-р сард надаар дамжуулан танилцсан миний найз, эмч С.Т бид хоёртой уулзаад: "Аавыг Шархадны эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэхэд С.Т: "Төрсөн эцэг, эхээ хэзээ ч тийш нь битгий зүглүүл хэмээн болиулсан. Тэр үед Р.О нь 16-р хороололд бага хүүгийнхээ орцонд амьдарч байгааг мэдээд миний бие Баянхошууны сүмийн Д.Ч ахлагчтай дахин холбогдож, О.О-ыг биечлэн танилцуулсан. Улмаар Р.О-г Баянхошуу дахь эрчүүдийн байранд хүү О.О, бэр Г.С нарын хамтаар аваачсан. Харамсалтай нь Р.О нь 2020 оны 8-р сараас 2021 оны 1-р сар хугацаанд Баянхошуунд амьдрах хугацаандаа өвлийн хүйтэнд 3 удаа оргон зугтаж, тухай бүрт нь бидэнд СХД-ийн хорооны цагдаа олж өгч байсан. 2021 оны 1-р сард Р.О-н биеийн байдал нь муудсан тул арга буюу Найдвар Хоспосын эмнэлэгт хүргэж, төлбөрийг нь миний бие төлж хэвтүүлсэн. (Р.О--н ахын хэвтэн эмчлүүлсний төлбөр 600,000 төгрөгийг Найдвар Хоспос эмнэлэгт миний бие Б.Г, Худалдаа Хөгжлийн банк,  тоот данснаас 2021-01-30-ны өдрийн гүйлгээгээр хийж байсан.)

Р.Ой нь 2021 оны 02-р сарын 08-ны өдөр Найдвар Хоспосын эмнэлэгт амьсгал хураасан. Тэр үед миний бие эмч, сувилагч нарын хамт хажууд нь байсан болно.

"Нисдэг ном номын бизнесийн төсөл, "Н ХХК-ийн тухайд: Б.Г миний бие 2017 оны 12-р сараас "Ю" ХХК, "Д" ХХК нарын эхлүүлээд 6 сар болж байсан "Н" төслийн зохицуулагч болсон. Улмаар 2018 оны 05-р сарын 09-ний өдөр Б.Г-ын 70%, "Ю" ХХК-ийн 30%-ийн хувьцаа эзэмшилтэйгээр "Н" ХХК-ийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан.

Миний бие "Н" төслийн зохицуулагч болсноос хойш ажлын шаардлага, эрх, үүргийн дагуу номын зохиолч, зохиогч, хэвлэлийн компаниудтай албан ёсоор гэрээлэн ажилласаар ирсэн. Ингэхдээ 2017 оны 12-р сараас 2018 оны 05-р сарыг хүртэл гэрээнүүдийг ""Д" ХХК"-ийн захирал Г.О-тай хамт, харин 2018 оны 05-р сараас хойш "Н ХХК-аараа өөрийн нэр, гарын үсгээр гэрээлсээр ирсэн. О.О-ын нэхэмжлэхдээ дурдсан шиг бусдаас ном зээлж зардаг байгаагүй. Худалдан авагчаас дансаар авч, гэрээлэгчтэй дансаар дамжуулж тооцоо нийлдэг байсан билээ.

Гэтэл 2018 оны 09-р сард О.О-ын аав Р.О Баянзүрх дүүргийн эмнэлэгт тал цус харваад байна гэх шалтгаанаар О.О над руу цуглааныхаа найзын скайтелын дугаараас залгасан. 2016 оны 04, 05-р сард надад сарын 1 сая төгрөгийн цалин өгнө гэсэн боловч худлаа хэлснээс нь хойш би О.О-ын дугаарыг ч авахаа больсон байсан. Аав нь пастор хүн байсныг нь хүндэлж би БЗД-ийн эмнэлэгт очиж аавыг нь асарч тусалсан.

Ийнхүү О.О ааваараа шалтаглан, мөн Х гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаатайг нь экс эхнэр Г.С мэдэж, гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар дахин, дахин надтай холбогдсоны дараагаас буюу 2019 оны 10-р сараас том том мөнгөн дүнтэй гэрээний саналын и-мэйл үзүүлж, надад худлаа хэлж, мөнгө зээлж эхэлсэн. Ингэхдээ миний "Н" төслийн ном хүргэлтийн мөнгө, номын орлого, номын эргэлтийн мөнгийг зээлж эхэлсэн. Мөн миний эгч Б.Г-ын байрны мөнгийг зээлж авч эхэлсэн билээ.

1. О.О, экс эхнэр Г.С нар 2016 онд 04, 05-р сард намайг 1'000'000.00 төгрөгөөр цалинжуулж ажиллуулна гээд юмаа хийлгэж аваад цалин өгөлгүй худлаа хэлж, луйвардсан. Мөн надтай хамт Г.С-ийн дүү Г.А, О.О-ын хамаатны хүргэн ах О нарыгаа ч 2016 оны намрыг дуустал цалин өгөлгүй ажиллуулсаар мурьсан.

2. О. О-ын талаар миний бичсэн мэдээллийг хараад түүнд хулхидуулсан, залилуулсан, муриулсан, тэр битгий хэл хүчиндүүлсэн гэх хүмүүс надтай холбогдсоныг хэлмээр байна. Бүгд чатаар харилцсан. Тэдгээр хүмүүс өөрсдөө хууль шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй байх гээд би өөрт байхгүй баримт, ер нь баримттайг нь сайн мэдэхгүй зүйлийг дэлгэрэнгүй хэлмээргүй байна.

3. 2021-11-16-ны өдөр О.О: "Хоёр найзтайгаа гурвуулаа нэг хүнээс нэг сая долларын авлагатай байсан юм. Гэтэл мөнгө өгч чадахгүй гэлээ. Оронд нь хоёр байр, хоёр машины алийг авах уу гэхээр нь хоёр шинэ машиныг 850'000'000.00 төгрөгт тооцож авлаа. Нэг нь араб Ланд крузер тул халаагуур хийх шаардлагатай байна. Халаагуургүй явж байгаад даараад ковид хүрээд эдгэлээ. Одоо 4 обуд, өвлийн 4 дугуй хийчихвэл зараад буюу барьцаанд тавиад найз нь чиний мөнгийг бүгдийг нь өгчихмөөр байна" гэж хэлээд 92-06УАС улсын дугаартай, цагаан өнгийн Л машиндаа 4ширхэг дугуйг 1'400'000 төгрөг, 4ширхэг обуд 1'100'000 төгрөг, 229'232 төгрөг болон 71'000 төгрөгийн E92 бензин, 65'000 төгрөгийн 2ширхэг тосол зэргийг надаар, миний данснаас төлүүлж авч байсан. (Б.Г, ХАС банк,  тоот данс)

Эцэст нь хэлэхэд миний бие Б.Г О.О-вын талаар ор үндэсгүй, худал, гүжирдсэн, баримтгүй мэдээлэл огт мэдээлээгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл бүх баримт, зураг, бичлэг, архив болон нотариатын баримтуудыг дэлгэн үзүүлэхэд бэлэн байна.

Түүнчлэн миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээний төлбөрийн үүрэгт 46'701′482 (дөчин зургаан сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөгийг О.О, Г.С нарын хамтран хариуцагч нараас гаргуулах талаар нэхэмжлэх гаргасан байгаа болно.

Иймээс дээрх бүх тайлбар, холбогдох баримтыг үндэслэн О-н О-ын гаргасан нэхэмжлэхийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Э.О дүгнэлтдээ: Нэхэмжлэхийн дагуу постод дурьдаж байгаа үг хэллэг нь нэр төрд халдсан хэрэг болно. Харин өр авлагатай холбоотой, 2 хүний харилцаатай холбоотой асуудал нь нэхэмжлэхэд холбоогүй гэж үзэж байна. Өр авлагыг сошил орчинд пост бичиж шийдэхээс өөр арга замаар шийдэх нь зөв арга зам гэж үзэж байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024.02.15-ны өдрийн 240900545 дугаар тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024.04.16-ны өдрийн 278 дугаар тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023.11.28-ны өдрийн 06/1605 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас 2024.09.30-ны өдрийн М.А-ийн тайлбар, 2024.09.30-ны өдрийн 1252 дугаар итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 0684377 дугаар шийдвэр, Г.Т, Г.А нарын төрсний гэрчилгээ, Б.Г-ын иргэний үнэмлэх, Хас банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Д ХХК-ийн 2014.07.16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоол, 2018.12.24-ний өдрийн 27/9 дүгээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дүгээр гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар 2025.02.05-ны өдрийн Б.Г-ын S гэх фейсбүүк хаягт 2023.11.20-ны өдрөөс 2024.04.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан постуудтай холбоотой хэсэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2024.04.03-ны өдрийн Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, Гэрч Б.Г-ын 2025.02.24-ний өдрийн мэдүүлэг, 2023.12.24-ний өдрийн Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Г-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өөрийн фэйсбүүк болох S гэх хаягаараа тахир дутуугийн группэд байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн байрны мөнгийг авч залилсан гэх агуулга бүхий үндэслэлгүй худал мэдээлэл тараасан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: миний төрсөн эгч Б.Г төрөлхийн түнхний мултралтай төрсөн, 2 удаа хагалганд орсон, группт байдаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, 2018 онд орон сууцаа зараад мөнгө нь сар бүр дансанд нь ордог байсан. 2019 оны 8-р сараас эгч гар дээр бэлэн мөнгө байвал үрэгдэнэ гээд надад байрны мөнгөө хадгалуулах зорилгоор картаа надад хариуцуулж өгсөн. 2019 оны 10-р сараас Б.Г эгчээс сар тутам над руу шилжүүлдэг мөнгийг нь түүний аман зөвшөөрөлтэйгээр О.О, түүний эхнэр Г.С нарт зээлүүлдэг болсон. энэ мөнгийг буцааж төлөөгүй тул мэдээлэл бодит үнэнд нийцсэн гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч Б.Г нь фэйсбүүкийн S нэртэй пэйжийг эзэмшдэг. Фэйсбүүкийн S  хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...Тахир дутуугийн группэд байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн байрны мөнгийг авч хэрэглэчхээд үндсэндээ 4 жил /49 сар/, сүүлийн 2 жилд бүр тоохгүй хаясанд нь, одоо бүр өргүй шүү гээд, жилдээ гуйлгаж, хараалган барин 5 сая төгрөг өгснөө давуулж өгсөн шүү ч гэх шиг цайчихсан, залилангийн үйлдэл гаргасан юм ярьж, хэлж байгаад л зэвүү хүрээд байгаа юм л даа... гэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өнөө B гээд залилангийн, чулуун зүрхтэй, хүн боддоггүй #PLAYBOY төрөлхийн түнхний мултралтай, группэд байдаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйн байрны мөнгийг аваад өгөхгүй хэрнээ ийм автобус, машин унаа авч, тоноглож аялаад яваад байдаг юм биз дээ?... гэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр @B-т байрны мөнгөөрөө тусалсны буянд 4 жил хөлд нь чирэгдэж яваа хөл муутай, группт байдаг, өрх толгойлсон эмэгтэйн 13 настай охины хоолой нь бэржийсэн идээ татаад хоёр хонолоо гэнэ өө. ... Манай залилангийн #PLAYBOY таг. Эхнэрээрээ, том охиноороо яриулж постоо устгаач гэхээс өөр дэвшилгүй. Өчигдөр С ахаар ч залгуулж байх шиг. Түүний оронд өөрт нь тус болсон хүнийг бодсон, сэтгэлтэй, үйлдэлтэй байгаасай гэх мэдээлэл тавигдсан байна. /хавтаст хэргийн 10-12, 125-132 хуудас/

 

4.2. Иргэн Б.Г нь түнхний төрөлхийн мултрал оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт байдаг, 2010 он болон 2015 онд төрсөн 2 охинтой, Өвөрхангай аймагт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 0684377 дугаар шийдвэр, Г.Т, Г.А нарын төрсний гэрчилгээ, Б.Г-ын иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42-45 хуудас/

 

4.3. Иргэн Б.Г нь иргэн Ө.Э-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2719 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр 0 тоот, 60,98 мкв талбай бүхий орон сууцаа 65,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь 2018.12.24-ний өдөр 10,000,000 сая төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2019.03.14-ний өдрөөс 2020.10.14-ний өдөр хүртэл сар бүр 3,000,000 төгрөгийг ХААН банкны 0000 тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 71-73 хуудас/

 

4.4. Иргэн Б.Г-ын ХААН банкны  тоот дансанд 2019.03.07-ноос 2020.08.18-ны өдрийг хүртэл Ө.Э-аас байрны зээл 52,000,000 төгрөг төлсөн, уг данснаас 2019.10.31-ны өдрөөс 2020.08.22-ны өдрийг хүртэл иргэн Б.Г-ын ХААН банкны 0000 тоот данс руу АТМ-ээр 25,070,000 төгрөг шилжүүлсэн болох нь Б.Г-ын ХААН банкны  0000 тоот болон 0000 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 58-63 хуудас/

 

4.5. Хариуцагч Б.Г-ын Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансны 2019.10.14-ний өдрөөс 2021.06.23-ний өдрийг хүртэл хугацааны зарлагын хуулгаар нэхэмжлэгч О-ын ХААН банкны 0000 тоот болон Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансанд мөнгө шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 50-57 хуудас/

 

5. Нэхэмжлэгч О.О-ын гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгах шаардлагын тухайд,

 

5.1. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.4.5-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулах, 9.4.10-д зааснаар хуулиар тогтоосон бусад арга-аар хамгаална. Ийнхүү хамгаалахдаа Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 21.4, 21.5, 21.7-д заасан эрх зөрчих хэлбэрээр тодорхойлжээ.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажилд хэргийн нэр хүндийг хамгаалан, зөрчигдсөн эрхийг эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах аргаар сэргээх зохицуулалттай бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэг болон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т зааснаар эрх зөрчсөн этгээдэд няцаалт хийлгэх үүргийг хуулиар хүлээлгэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар, ... ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг.

 

5.2. Мэдээ тараасан этгээдийн хувьдфэйсбүүкийн өөрийн S нэртэй пэйжээр мэдээлэл тарна гэдгийг мэдсэн болон мэдэх боломжтой байсан идэвхитэй үйлдэл байх учир түүнийг фэйсбүүкийн S пэйжээр /хэлбэрээр/ мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй.

 

5.3. Мэдээллээс үзэхэд О.О нь тахир дутуугийн группт байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн байрны мөнгийг авч 4 жил өгөхгүй залилсан, тэднийг 4 жил хохироосон, амьдралын нөхцөл байдал хүнд байгааг нь тоодоггүй, залилангийн, чулуун зүрхтэй, хүн боддоггүй гэх агуулгатай байхаас гадна нэхэмжлэгчийн фэйсбүүкийн @B хаягт хандан хамаатуулж, түүнийг залилангийн, чулуун зүрхтэй, хүн боддоггүй #PLAYBOY, залилангийн #PLAYBOY гэж тодорхойлон өөрийн дургүйцлийг илэрхийлсэн нь нэхэмжлэгч О.О-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах сөрөг үр дагавар бүхий байна.

 

5.4. Иргэн Б.Г нь 2018 оны 12 дугаар сард орон сууцаа бусдад худалдсан бөгөөд өөрийн ХААН банкны нэг дансаараа мөнгөө авч нөгөө дансандаа шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэрч Б.Г мэдүүлэгтээ: *******, түүний эхнэр Г.С нартай уулзаж байгаагүй, тэдэнд мөнгө зээлдүүлээгүй, данс руу нь мөнгө шилжүүлээгүй, О-с би өөрөө холбогдож мөнгө нэхэж байгаагүй, О-г ер нь бол сайн мэдэхгүй гэжээ. /хавтаст хэргийн 154-158 хуудас/

Хэрэгт авагдсан баримтаар иргэн Б.Г нь нэхэмжлэгч О.О-т мөнгө зээлдүүлээгүй бөгөөд Б.Г-ын орон сууцаа бусдад худалдсан, дүү Б.Г-таа мөнгөө зээлдүүлсэн гэх байдал нь нэхэмжлэгч О.О-тай хамааралгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Г-ын фэйсбүүкийн S пэйж хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн /энэ үндэслэлийн 4.1-д заасан/ мэдээлэл бодит үнэнд нийцээгүй, худал мэдээлэл болох нь тогтоогдож байна.

 

5.5. Хариуцагч Б.Г-ын нэхэмжлэгч О.О-т мөнгө зээлдүүлсэн гэх /энэ үндэслэлийн 4.5-д заасан/ байдал болон гэрч Б.Г-ын дүү Б.Г-таа өөрийн ХААН банкны картаа ашиглуулж байсан, манай дүү Б.Г нь найз О.О-тай хамтарч биенес хийж байгаа гэж ярьдаг байсан. Тэр зорилгоор надаас зээлж авсан, буцааж өгнө төлнө гэж надаас авсан. Б.Г нь надаас авсан мөнгийг О.О таньд төлнө гэж хэлж байгаагүй. О.О нь дүү Б.Г-т мөнгийг чинь бөөн мөнгөтэй болохоороо буцааж өгнө гэж хэлдэг байсан. Б.Г-ын О.О-т зээлдүүлсэн мөнгөний 3/1 нь миний мөнгө байгаа юм гэх мэдүүлэгээр нэхэмжлэгч О.О-ыг иргэн Б.Г-ын орон сууцны мөнгийг авч, залилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Б.Г нь Б.Г-ын ХААН банкны данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банкинд мөнгийг шилжүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй бөгөөд мөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох, төлбөрийн хэрэгсэл тул Б.Г-ын О.О-вт шилжүүлсэн мөнгийг Б.Г-ын орон сууцны мөнгө гэж тодорхойлох боломжгүй.

 

6. Иргэдийн төлөөлөгч Э.О дүгнэлтдээ Нэхэмжлэхийн дагуу постод дурьдаж байгаа үг хэллэг нь нэр төрд халдсан хэрэг болно. Харин өр авлагатай холбоотой, 2 хүний харилцаатай холбоотой асуудал нь нэхэмжлэхэд холбоогүй гэж үзэж байна. Өр авлагыг сошил орчинд пост бичиж шийдэхээс өөр арга замаар шийдэх нь зөв арга зам гэж үзэж байна гэснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.Г нь О.О-т мөнгө шилжүүлсэн байдлаа гуйвуулан ашиглах байдлаар, О.О-г тахир дутуугийн группт байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэй болох Б.Г-ын байрны мөнгийг авч залилсан агуулга бүхий бодит үнэнд нийцээгүй, худал мэдээллийг өөрийн S нэртэй пэйжээр олон нийтэд тараасан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8. Иймээс иргэдийн төлөөлөгчийн ...өр авлагатай холбоотой, 2 хүний харилцаатай холбоотой асуудал нь нэхэмжлэхэд холбоогүй гэж үзэн, постод дурьдаж байгаа мэдээллийн үг хэллэг нь нэр төрд халдсан гэх дүгнэлтийг үндэслээд, хариуцагч Б.Г-рыг өөрийн Фэйсбүүкийн S хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...Тахир дутуугийн группэд байдаг, өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйн байрны мөнгийг авч хэрэглэчхээд үндсэндээ 4 жил /49 сар/, сүүлийн 2 жилд бүр тоохгүй хаясанд нь, одоо бүр өргүй шүү гээд, жилдээ гуйлгаж, хараалган барин 5 сая төгрөг өгснөө давуулж өгсөн шүү ч гэх шиг цайчихсан, залилангийн үйлдэл гаргасан юм ярьж, хэлж байгаад л зэвүү хүрээд байгаа юм л даа... гэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өнөө B гээд залилангийн, чулуун зүрхтэй, хүн боддоггүй #PLAYBOY төрөлхийн түнхний мултралтай, группэд байдаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйн байрны мөнгийг аваад өгөхгүй хэрнээ ийм автобус, машин унаа авч, тоноглож аялаад яваад байдаг юм биз дээ?... гэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр @B-т байрны мөнгөөрөө тусалсны буянд 4 жил хөлд нь чирэгдэж яваа хөл муутай, группт байдаг, өрх толгойлсон эмэгтэйн 13 настай охины хоолой нь бэржийсэн идээ татаад хоёр хонолоо гэнэ өө. ... Манай залилангийн #PLAYBOY таг. Эхнэрээрээ, том охиноороо яриулж постоо устгаач гэхээс өөр дэвшилгүй. Өчигдөр С ахаар ч залгуулж байх шиг. Түүний оронд өөрт нь тус болсон хүнийг бодсон, сэтгэлтэй, үйлдэлтэй байгаасай гэх мэдээллийг олон нийтэд түгээж нэхэмжлэгч О.О-ын нэр төр, алдар хүнд гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9. Харин энэхүү мэдээллээр нэхэмжлэгч О.О-ын ажил хэргийн нэр хүнд-ийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, уг мэдээлэл нь нэхэмжлэгч О.О-ын эрхэлдэг ажилд хамааралгүй буюу ажил үүрэгтэй нь холбоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын ажил хэргийн нэр хүндийг сэргээх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10. Хариуцагч Б.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар дээрх цахим хуудастаа байршуулсан мэдээлэл үнэн зөв гэдгээ баримтаар нотлоогүй учир мөн зүйлийн 497.1, 511.2, 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.О-ын нэр төр, алдар хүндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгаж, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийх үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгч О.О-ын нэр төр, алдар хүндийг сэргээж, хариуцагч Б.*******т нэхэмжлэгч О.О-ын нэр төр, алдар хүндийг сэргээхээр өөрийн фэйсбүүкийн S пэйж хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-т нэхэмжлэгч О.О-н нэр төр, алдар хүндийг сэргээхээр өөрийн фэйсбүүкийн S пэйж хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэлээс ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН

 

 

Н.НАРАНГЭРЭЛ